Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний дээд лиг 200 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулагдана

Лигийн тэмцээн болохоос долоон хоногийн өмнө буюу өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбоо, “Андууд сити клуб” ХХК, “Нисдэг мазала” ХХК-тай хамтран 2018 оноос 2022 оныг хүртэл нэг тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний дээд лиг 200 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулагдана
Үндэсний дээд лиг 200 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийн тэмцээн энэ жил “Мазала” нэрийн дор зохион байгуулагдах гэж байна.

Лигийн тэмцээн болохоос долоон хоногийн өмнө буюу өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбоо, “Андууд сити клуб” ХХК, “Нисдэг мазала” ХХК-тай хамтран 2018 оноос 2022 оныг хүртэл нэг тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ.

Гэрээ байгуулснаар Үндэсний дээд лиг энэ жилээс эхлэн 200 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулагдахаар болж байна. Тиймээс энэ удаагийн “Мазала” лигийн тэмцээн Монголын спортын түүхэнд дэх хамгийн өндөр шагналын сантай гэрээ гэдгээрээ нэгэн түүхэн амжилтыг бичлээ.

Энэхүү арга хэмжээ Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болсон юм. Тус холбоо 2015 онд “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гэрээ байгуулж, дээд лигийн тэмцээний шагналын санг 100 сая төгрөг болгож байсан. Тэгвэл гурван жилийн дараа шагналын сангаа дахин 100 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хөлбөмбөгийн спортын хөгжлийн түвшин хурдацтай урагшилж байгааг харуулсан үйл явдал болж байна.

“Мазала” дээд лиг дөрөвдүгээр сарын 28-аас эхлэх бөгөөд “Атлетик 220”, “Арвис”, “Гоёо Эф Си”, “Дэрэн”, “Сэлэнгэпресс”, “Улаанбаатар сити”, “Хангарьд”, “Жипро”, “Эф Си Улаанбаатар”, “Эрчим” гэсэн 10 багийн ширүүн өрсөлдөөн дунд өрнөнө.

Харин ирэх тавдугаар сард эхлэх “Мазала” нэгдүгээр лигт анх удаа 12 баг тоглох учраас сонирхолтой тоглолтууд олон гарч хөлбөмбөгийн спортын хөгжил ахих боломжийг бүрдүүлнэ гэж мэргэжилтнүүд харж байна.

Өнгөрсөн гурван жилд Үндэсний дээд лигийг ивээн тэтгэсэн “Алтан жолоо” группт тус холбооны зүгээс нийт хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс талархал илэрхийлэн Хөлбөмбөгийн холбооны “Гавьяаны одон”-оор шагнажээ. “Алтан жолоо” группын хийсэн ажлыг үргэлжлүүлэн авч, хөлбөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар зориглосон “Андууд сити, клуб” ХХК, “Нисдэг мазала” ХХК-ий хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Хуваалцах