Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар сайдын танилцуулгыг сонсов
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03) хуралдаанаар Засгийн газраас энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн "Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцэв.
Мэдээллийн алба

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03) хуралдаанаар Засгийн газраас энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн "Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцэв. Энэ талаархи танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат хийсэн юм.
УИХ-ын 2015 оны 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 5 бүлгийн хүрээнд 22 зорилт, нийт 158 бодлогын арга хэмжээ тусгагдаж батлагджээ. Эдгээрт Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 29, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 119, бусад бодлогын баримт бичгээс 10 арга хэмжээ тусгагдсан байна. Үндсэн чиглэлд тусгагдсан нийт зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг 2016 оны эцсийн байдлаар тооцож дүгнэхэд 61.2 хувийн хэрэгжилттэй гарсныг сайд танилцуулгадаа дурдав.
Харин Үндэсний аудитын газар Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээ бүрийг үнэлээд нийт 158 зорилт, арга хэмжээнээс 55 нь бүрэн хэрэгжсэн, 72 нь хэрэгжилт дутуу, 31 нь хэрэгжээгүй, үндсэн чиглэлд тусгагдсан нийт зорилт, арга хэмжээний хэрэгжилт дунджаар 58.9 хувийн хэрэгжилттэй байна гэж үнэлсэн байна.
Сайдын танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан жил бүр үндсэн чиглэлийг хэрэгжилтийг хэлэлцдэг хуультай ч сонгуулийн жил таарсан үеийн хэрэгжилтийг дүгнэх, хэлэлцэхэд хүндрэлтэй тал гардаг. Иймээс сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар сонгуулиас хойш ямар ажил хийж ямар ахиц дэвшил гаргав, өмнөх Засгийн газрын бодлогын ямар алдааг яаж засав, залгамж чанарын хувьд давуутай арга хэмжээг нь үргэлжлүүлэв, цаашид хэрхэн яаж ажиллахаар төлөвлөж байгаа талаар Засгийн газрын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм.
Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаархи тайланг сонсож хэлэлцсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


















