Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүн муутай байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанд "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн талаар Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн мэдээлэл, дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 10 минут
Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүн муутай байна
Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүн муутай байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн талаар Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн мэдээлэл, дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэе.

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ.

2012 оны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам УИХ-д олон суудал авч, "Шударга ёс" эвсэл, ИЗНН-тай хамтран шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан цагаас хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Улсын Их Хурал анхдугаар болон ээлжит бус чуулганыг оролцуулаад тав дахь чуулганыхаа нүүрийг үзэж, Засгийн газраас өргөн барьсан төсвийн хууль болон төсвийн тодотголын төслийг тус тус хоёр дахь удаагаа хэлэлцэн батлах гэж байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ыг бүрдүүлж буй олонхи маань шинэчлэлийн хэмээн нэрлэгдсэн Засгийн газарт бүрэн итгэл өгч, УИХ дахь цөөнхөө сонсолгүйгээр хүссэн бүх шийдвэрийг нь баталгаажуулан, дэмжиж нэг жилийг өнгөрөөлөө. Ард олон ч шинэчлэлийн Засгийн газрыг өөрчлөх байх, шинэчлэх байх, бидний амьдрал сайжрах байх гэсэн нүдээр горьдлого дүүрэн ширтсээр нэг жилийг ардаа орхиж байна.

Гэвч шинэчлэлийн Засгийн газраас хууль зүйн салбарт хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, "Чингис" бондын зээлээр хэрэгжүүлж буй “Гудамж” төслийг эс тооцвол шинэ гэх зүйл гарсангүй. Харин ч юм л бол хянана, шалгана, хураана, хална, солино, гэх зэргээр иргэд, аж ахуйн нэгжүүдээ айлган сүрдүүлэх, ялгаварлах, өнгөрснөө үгүйсгэх, бурууг бусдад тохох байдлаар татвар төлөгчид, жирийн иргэдийн итгэлийг мөхөөх байдал газар авлаа.

Өнөөдөр энэ чуулганы танхимд энэ тухай ярих гэж индэрт гарсангүй. Гэхдээ хэлж ярихгүй бол болохоо больсон, ард иргэдийн дунд нийтлэг яригдаж буй, бодит байдлын талаар цухас дурдаж, эрх баригчдад, шинэчлэлийн Засгийн газарт, Ерөнхий сайдад нийгмийн бодит уур амьсгалыг хүргэж, нөхцөл байдалд дүгнэлт хийгээсэй, хөрсөн дээрээ бууж ажиллаасай, өөрсдийгөө хэт хаацайлахаа зогсоогоосой гэсэндээ энэ үгийг хэлж байна.

Эрх баригчид хүч түрж цөөнхийн дуу хоолойг боомилж, аль болох ажиллах нөхцөл боломжийг нь хаахыг оролдож байгаа ч гэсэн ард иргэдийн төлөөлөл болон сонгогдсон сөрөг хүчний хувьд эрх баригчдын алдааг залруулж, улс орон, ард иргэдийнхээ аж амьдралыг дэвжин дээшлүүлэхийн тулд ажиллах нь бидний үүрэг юм.

Өнөөдрийн чуулганы хуралдаанд танилцуулсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн талаархи Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Монгол Ардын Намын бүлгийн зүгээс дараах дүгнэлтийг хийж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүссэн төсвөө өөрсдөө баталж, 7 их наядын орлого олно хэмээн төлөвлөж, Их эзэн Чингисийн нэрийг барьж 1,5 тэрбум ам.долларын зээл авч, өмнөх Засгийн газраас гаргасан Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн 3 их наяд төгрөг, Засгийн газрын үнэт цаас арилжаалан 1,4 их наяд төгрөг гээд урьд хожид байгаагүй их хөрөнгийг бүтээн байгуулалт, үнэ тогтворжуулах, шинэчлэх нэрийн дор зарцууллаа. Үр дүнг нь ард иргэд, улс төрчид дор бүрнээ дүгнэж буй биз ээ.

Одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтарсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэж, үнэ тогтворжуулах зориулалтаар 3 их наяд төгрөг зарцуулахаар болсон.

1. Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум,

2. Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум,

3. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум

4. Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум

5. Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар болсон.

Гэтэл энэ нь үнэ тогворжуулах биш үнийн өсөлтийн хурдыг сааруулах хөтөлбөр байсан бололтой. Гэвч үнийн өсөлтийн хурд саарсан уу гэвэл бас л эргэлзээтэй.

Бид социализмын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, үнийг хатуу барих бодлого барьж үзсэн. Гэвч тэсээгүй тэсэрсэн. Өнөөдөр түүнтэй адил бензин, шатахууны импортын болон онцгой албан татварыг тэглэж, шатахуун импортлогчдод 1700 төгрөгтэй тэнцэж байгаа долларыг 1400 төгрөгөөр зарж, жижиглэнгийн үнийг хатуу барьж, бөөний үнээс ашгаа ол хэмээн тулгаж, үнийг хүчээр барьж байгаа нь зөв үү, хэзээ болтол тэсэх вэ, хэзээ тэсрэх вэ?

1. Шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн тухайд:

Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэлдээ газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны үнийн өөрчлөлтийг тогтворжуулах арга хэмжээ үр дүнгээ өгсөн гэж танилцууллаа. Гэтэл шатахууны бөөний үнэ жижиглэнгээсээ өндөр болж, дэлхийд байхгүй жишиг тогтож, 1 л шатахууны бөөний үнэ 170 төгрөгөөр нэмэгдлээ.

Шатахууны үнийг валютын ханшийн эрсдлээс хамгаалах зорилгоор 13 компанид 192 тэрбум төгрөгийн зээлийг 3,8 хувь буюу маш бага хүүтэй олгосон, мөн үүн дээрээ нэмээд 703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийж шатахуун импортлогчдыг дэмжсэн. Гэтэл сүүлийн хэдэн сард үүссэн гадаад валютын ханшийн өсөлтөөс үүссэн форвард хэлцлийн асар их алдагдлыг төр буюу татвар төлөгчид нуруундаа үүрэхээр боллоо. Энэ нь үнийн өсөлтийг арилгах гэхээсээ илүүтэй олигополь зах зээл дээр ажиллаж байгаа цөөн хэдэн компаний үйл ажиллагааг дэмжсэн арга хэмжээ байв. Энэ нь ч үр дүнгээ өгсөнгүй. Харин ч эсрэгээр дээрхи компаниуд санхүү, төлбөрийн хувьд хүнд байдалд орж байгаа мэдээлэл гарах боллоо. Бөөний өндөр үнээр шатахуунаа авч байгаа газар тариалангий компаниуд үнийн өсөлтөө бүтээгдэхүүндээ суулгаж л таарна.

2. Өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн тухайд:

Өмнөх Засгийн газрын үед Атрын гуравдугаар аяныг өрнүүлж, үүний үр дүнд хөл дээрээ боссон газар тариалангийн салбар бодлогогүй засгийн харгайгаар эргэж сөхөрхөд хүрлээ. Хүчээр гурилын үнийг барих гэж оролдон 48,7 тэрбум төгрөг зарцуулсан ч атар талхны үнэ 620 төгрөгөөс 820 болж өсөв. Гурилын үнэ 20 хувиар өсөв.

Махны үнийг тогтворжуулах гэж 87 тэрбум төгрөг зарцуулж 3 компанид хувааж олгов. Зарим нь зээлээ ашиглаж чадалгүй эргүүлэн төлжээ. Ерөнхий сайдын мэдээлж байгаагаар махны үнийн өсөлт өмнөх жилүүдээс 2-3 дахин бага байгаа аж. Гэвч хөтөлбөр хэрэгжээд байхад ард иргэд 10000 төгрөгрөөр кг махыг авахад хүрсэн нь үр дүн гэх үү? 15 хувиар махны үнэ өссөнийг амжилт гэх үү?

3. Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах:

Хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын нийлүүлэлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар барилгын материалын үнийг хямдруулж, орон сууцны үнийг 1 м.кв-ийг 1 сая төгрөгт барина гэсэн. Цемент, арматур зэрэг гол материалын нийлүүлэлт нэмэгдэж, үнэ тогтвортой байсан хэдий ч орон сууцны м.кв-ын үнэ нь хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө 1 сая төгрөг байсан бол өнөөдөр 2 сая төгрөг болж 2 дахин өслөө. Орон сууцны үнийг өсгөхгүй, тогтмол барина гэж зах зээлд нийлүүлсэн 1,2 их наяд төгрөгийн санхүүжилт харин ч орон сууцны үнийг хамгийн тогтворгүй болгох, өсгөх харалган бодлого болж хувирчээ.

4. Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулах хөтөлбөрийн тухайд:

Түлш эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулах хөтөлбөрийг долдугаар сараас эхлүүлсэн. Үр дүнд нь цахилгааны үнэ 22, халаалт 27 хувиар өсчээ.

5. Өргөн хэрэглээний импортын бүтээгдэхүүний өртгийг бууруулах хөтөлбөрийн тухайд:

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ачаа эргэлтийг нэмэгдүүлж, хурдасгах зорилт 100 хувь, ачаа тээврийн өртгийг бууруулах зорилт 90 хувь биелэлттэй байна гэж хэллээ. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд импортын ямар нэр төрлийн барааны үнэ, өртөг хэдэн хувиар буурав гэж асуумаар байна.

· Ийнхүү гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах нэрийн дор 3 их наяд төгрөгийг төсвөөс гадуур тодорхой улс төрийн бодлогын хүрээнд зарцуулсан боловч шатахуун, мах, гурил, барилгын материал, орон сууцны үнэ бодит байдал дээр ямар байгааг хүн бүр мэдэж байгаа. Худлыг үнэн болгох гэж, үнэнийг худал болгох гэж мянга хичээх хэрэггүй болов уу.

Тэгвэл одоо микро асуудал руу оръё. Долоон буудлын Должин эмээгийн бүтнээр нь биш, граммаар нь худалдан авдаг ургамлын тос 100 гр нь 220 төгрөг байсан бол 350 болсон. Атар талх 630 байснаа 850 төгрөг болж нэмэгдэв. Цагаан будаа 1кг нь 600 төгрөгөөр өсөв. Энэ юуных вэ? Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3 их наяд валютын ханш чангаруулсных. Монгол Улс үйлдвэрлэгч биш, түүхий эд баялгаа түүхийгээр нь экспортолдог, өргөн хэрэглээний дийлэнх бараа бүтээгдэхүүнээ импортолдог улс. Эрээн хаагдвал бид яанаа хэмээн битүүхэн эмээдэг улс. Доллар, юанийн ханш өссөн нь үйлдвэрлэж чаддаггүй, хэрэглэдэг, хэрэглэдэг бүтээгдэхүүний дийлэнхийг импортлодог улсад инфляцийг давхар импортлохоос өөр аргагүй байдалд хүргэлээ. Ингэж нөгөө үнэ тогтворжуулах 3 их наяд төгрөг маань Долоон буудлын Должин эмээгийн граммын ургамлын тос, кг будаа, талхнаас нь хороож амьдралыг нь доройтуулж байна. Статистикийн судалгаагаар хэрэглээний сагсны индекс тогтоодог гурил 20%, атар талх 24,1%, сүү 20%, мах 15 %, цагаанбудаа 34%, давс 42%, өндөг 27%, сургалтын төлбөр 37 %, валютын ханш 1384-1705, орон сууцны метр кв-ын үнэ 1 саяас 2 сая, цемент 130-260%, цахилгааны үнэ 22,3%, дулааны үнэ 27,1%, байрны түрээс 17%, нефтийн бөөний үнэ 1630-1800 гэх мэтээр өссөн байхад инфляц яагаад нэг оронтой тоонд байж, үнэ тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжлээ гээд байна вэ?

· Дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд бодитой хяналт үнэлгээ хийлгээгүй, мэргэжлийн судлаачдаар дүгнэлт гаргуулаагүй байж гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулна гэсэн үндсэн зорилгодоо хүрчихсэн, хүрч байгаа мэтээр Ерөнхий сайд ухуулж байна.

· Үнэ тогтворжуулах гэж төсвөөс гадуур зах зээлд нийлүүлсэн /хууль зөрчсөн, зөрчөөгүй, танилдаа өгсөн, өгөөгүй гэж ярихаа больё/ 3 их наяд төгрөгийн үр нөлөөгөөр 1400 байсан доллар 1700-д хүрч, долларын ханш бага байх үед шатахуун импортлогчидтой байгуулсан форвард хэлцлүүдийн ханшийн зөрөөнөөс үүсэх их хэмжээний алдагдлыг ард иргэд, бизнес эрхлэгчдийн татварын мөнгөөр барагдуулах нь тодорхой байна.

· Төгрөгийн ханш 20 орчим хувиар суларч, дэлхий дээр хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй улс маань, дэлхий дээрх үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш хамгийн ихээр суларсан улсын нэг болов. BB+ зэрэглэл маань хамгийн хурдан буурч, BBB- болов.

· Үнэ тогтворжуулах нэрийн дор олгож байгаа шууд зээл нь эцсийн дүндээ эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмснээр өргөн хэрэглээний барааны үнийг өсгөжээ. Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийг бууруулах гэж оролдохдоо эрэлтээс үүдэлтэй инфляцийг хөөрөгджээ.

· Чөлөөт зах зээл, шударга өрсөлдөөний зарчимтай зөрчилдсөн Үнэ тогтворжуулах хөтөлбөр бүхэлдээ үр дүнгүй болж байгааг өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа гол нэрийн барааны үнийн өсөлт тодорхой харуулж байна. Үнэ бол эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтдог гэдэг анхны ойлголтыг Засгийн газар мэдэхгүй байгаа нь харамсалтай байна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг төрөөс зохицуулдаг, үнийг төрөөс тогтоож өгөх гэсэн оролдлогууд мухардаж, чөлөөт зах зээлийн системийг 1992 онд сонгосноо АН-ын Засгийн газар мартсан нь харамсалтай байна.

· Гадаад худалдааны алдагдал 1,7 тэрбум ам.долларт хүрсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурсан, төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр тасрах төлөвтэй, зардлын гүйцэтгэл (эхний 9 сарын байдалаар) дөнгөж 55 хувьтай байхад 2013 оны эдийн засгийн өсөлт өндөр гарахаар байна гэж өөрсдийгөө болон ард иргэдийг хуурах нь зохимжгүй юм. Бодит эдийн засгийн өсөлт ард иргэдийн аж амьдрал, орлого дээшилснээр мэдрэгдэх учиртай. Гэтэл өнөөдөр бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 20-30 хувиар өсссөн, аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үйл ажиллагаа доголдсон / 2013 оны эхний 9 сарын байдлаар банкны системийн нийт хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хувь хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31,5 % болон 75,4 %-иар тус тус өссөн / байгаа нь эдийн засгийн бодит нөхцөл байдал хүндхэн байгаагийн тод илрэл юм.

· Эрх баригч хүчин АН, түүний Засгийн газар цаг аргацаасан, өнөөдөр болж байвал маргааш яахав гэсэн бодлогоо өөрчилж, улс орныг авч явах хэмжээнд хүрсэн томоохон улс төрийн хүчин гэдгээ ухамсарлаж, цөөнхийнхөө дуу хоолойг сонсож ажилламаар байна. Аливаа асуудлыг олноороо хүч түрж, дарангуйлж шийднэ гэсэн бодлогоосоо татгалзаж, улс орны хөгжил дэвшил, ард иргэдийн аж амьдралын төлөө, бусад улс төрийн хүчин, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа ойлголцож зөвшилцөх зарчим барьж ажиллахыг шаардаж байна.

· Ардчилал, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хэрэглээний эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засагт шилжих, хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийг дэмжсэн бодлого явуулах, улс орныг удирдаж засгийн эрх барихдаа аргацаасан, иргэдийн нүдийг гурилаар хуурсан, бодлогоос татгалзаж улс орныг хөгжүүлэх богино, дунд, урт хугацааны харилцан уялдаа бүхий бодлогыг яаралтай боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж батлуулахыг шаардаж байна.

Хэдийгээр Ерөнхий сайд мэдээлэлдээ “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт сайн байна гэж байгаа боловч бидний дүгнэлтээр энэхүү хөтөлбөр үр дүн муутай хэрэгжиж байна гэж дүгнэж байна.

Түлхүүр үг:МАН Бямбацогт
Хуваалцах