Унгарын "Гран-При"-г Себастиан Веттел тэргүүлнэ
71 дэх удаагийн "Формула-1" ангиллын ДАШТ-ий 11 дэх гараа маргааш Унгар улсын нийслэл Будапешт хотноо болох гэж байна.
Мэдээллийн алба

71 дэх удаагийн "Формула-1" ангиллын ДАШТ-ий 11 дэх гараа маргааш Унгар улсын нийслэл Будапешт хотноо болох гэж байна. Унгарын "Гран-При"-гийн байрлал тогтоох уралдаан болж, нийлбэр дүнгээрээ ДАШТ-ийг тэргүүлж байгаа Герман нисэгч Себастиан Веттел тэргүүн байрт шалгарчээ. Тэрээр ингэснээр маргаашийн уралдааныг гарааны тэргүүн шугамнаас эхлүүлэх боломжтой болж байгаа юм.
"Феррари" багийн Герман нисэгч, дэлхийн 4 удаагийн аварга, өдгөө 30 настай алдарт тамирчин Себастиан Веттел өнөөдөр 1 минут 16.276 секундын амжилтааар тойргийг дуусгаж, тэргүүн байрлалаас уралдах эрхээ авсан бол удаах байранд түүний багийн хамтрагч, Финландын Кимми Райкконен, 3-р байрлалд "Мерседес" багийн Финланд нисэгч Valtteri Bottas уралдахаар болжээ. Харин дэлхийн 3 удаагийн аварга, Их Британийн алдарт нисэгч Люйс Хэмилтон 4-р байрлалаас уралдаанаа эхлүүлэхээр боллоо. Хэмилтоны хувьд 14 хоногийн өмнө болсон Их Британийн "Гран-При"-д өөрийн нутагтаа тэргүүн байрыг эзэлж, энэ жилийн 4 дэх түрүүгээ авсан. Тэр одоогоор 10 гарааны дараах байдлаар 176 оноотой тэмцээнийг үргэлжлүүлж байгаа бол Себастиан Веттел түүнээс ердөө нэг онооны илүүтэй буюу 177 оноотой 2017 оны "Формула-1" ангиллын ДАШТ-ийг тэргүүлж байгаа юм.


















