Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнгөрсөн дайны тухай өчих өвст талын “суурингууд”-II

МҮОНРТ, Оросын “Звезда” телевиз болоод Хил хамгаалах байгууллагын хамтарсан төслийг хэрэгжүүлэгчдийн дараагийн зорьсон газар нь Дорнод аймаг. Мэдээжийн хэрэг Халхын гол биз хэмээн уншигч та бодож байна уу? Үгүй дээ. Дорнод аймгийн Баян-Уул сум. Халхын голын дайнтай бүхий л талаараа холбоо бүхий ч чу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Өнгөрсөн дайны тухай өчих өвст талын “суурингууд”-II
Өнгөрсөн дайны тухай өчих өвст талын “суурингууд”-II. Зураг: МҮОНРТ

“Бүхээгтэй ногоон машинууд бүрэнхий үдшээр...”

МҮОНРТ, Оросын “Звезда” телевиз болоод Хил хамгаалах байгууллагын хамтарсан төслийг хэрэгжүүлэгчдийн дараагийн зорьсон газар нь Дорнод аймаг. Мэдээжийн хэрэг Халхын гол биз хэмээн уншигч та бодож байна уу? Үгүй дээ. Дорнод аймгийн Баян-Уул сум. Халхын голын дайнтай бүхий л талаараа холбоо бүхий ч чухам ямар сэжмээр, яаж гэдгийг нь тэр бүр хүмүүс мэддэггүй учраас тэр л дээ. Бид ч бас тэдний нэг нь. Ульхан боомтоос Чойбалсан хүртэлх замыг Халхын голын дайны үед тавьсан юм гэнэ билээ гэсэн бүүр түүр, сураг төдий л мэдээлэлтэй явлаа шүү дээ.

Замыг хэн, хэрхэн тавьсан түүхээс нь эхэлье. Мөн л дайны бэлтгэл ажлын хүрээнд 1936 оноос энэ замыг тавьж эхэлсэн бөгөөд стратегийн хувьд маш чухал хэмээн үзсэн бололтой. Уг нь ирээдүйн дайн Халхын голын орчим болно гэж үзэж байсан бол цэрэг зэвсгээ Эрээнцаваас төмөр замаар татах нь хамаагүй ойр дөт байх хэдий ч хэтэрхий эрсдэлтэй гэж үзсэн энэ замыг тавьсан гэж учир мэдэх нэгэн хүүрнэсэн юм. Тийм байх талтай. Тэгээд л аль аль талаа буюу нууцлалаа бодсон ч Чойбалсан хотын эгц хойноос зам тавин орж ирэхийг чухалд үзсэн байхыг үгүйсгэхийн аргагүй. Энэ бол зөвхөн миний бодол шүү.

Ер нь энэ хэсгээр эртнээс үүдэлтэй жим байсан бололтой түүх байдаг. Нэгэн цагт хувьсгалаас зугтаасан Колчак болоод Романовынхон чухамхүү энэ замаар Оросоос гарч, Хөлөнбуйраар дамжин Япон руу дүрвэх төлөвлөгөөтэй байсан тухай ярьдаг юм. Үнэн худлыг мэдэх аргагүй ч, тэр донсолгоонт цаг үеэс нэлээд хожуу буюу 1930-аад оны сүүлээр улстөрийн хоригдлуудаар хийлгэх ажилгүй учраас эзэнгүй шахам газрыг сонгон энэ замыг тавиулаагүй байлгүй дээ.

Эдүгээ үүгээр хэн, хэзээ, хэдэн удаа зорчиж, бас юу ачиж тээвэрлэснийг тооцох нь тэнгэрийн одыг тоолох гэж оролдсонтой адил байх биз. Ямартай ч өнөөдөр 2019 он гэхээр 83 жилийн турш хүн мал, машин тэрэгний хөл лав энэ замаар тасарсангүй. Мөн энэ замын шороонд 83 жилийн өмнө хэлмэгдэж зовсон хэчнээн орос эрийн хөлс цус, амь амьдрал шингэснийг албин чөтгөр л мэдэх буй заа.

1939 он. Ульханы анир чимээгүй байсан зам гэнэт амь орж, зургадугаар сараас эхлэн орос цэргүүдийн жигдхэн алхах хөлийн чимээ бөглүүхэн дуугарч эхлэн, бахиалын нь ороор цагаан тоос босох болов. Мөн бүхээгтэй ногоон машинууд бүрэнхий үдшээр урагш чиглэн хөвөрч эхэлжээ.

Тэр үед жаахан пацаанууд байсан Баян-Уулын өвгөд, энэ замаар өдөр шөнөгүй цуваа хөвөрч байсан тухай эдүгээ хуучилж сууна. Ойн захад танкуудаа нууж байсан нуувчуудыг зааж өгөн, тэр үед өдөрт өнгө өнгийн палааж угаагаад өлгүүрт хатааж буй харагддаг байсан, тэгэхээр зайлуул, дарга нар нь гэр бүлээрээ л явдаг байсан болов уу хэмээн өгүүллээ. Оросууд ингэхэд өдөр бараг хөдөлгөөн үйлддэггүй, зөвхөн шөнө явдаг тул машин тэрэгнүүдийн нь гэрлийг харах гэж Баян-Уулын жаалууд хажуугийнхаа уулын орой дээр хонодог байсан ажээ.

Ингэхэд стратегийн хувьд маш чухал зам байсныг гэрчлэх олон баримт бий. Хилээр дөнгөж орсон даруйд машин техникт нь засвар үйлчилгээ хийх маш том засварын завод байсан ор мөр аварга том чулуун барилга одоо ч хэвээрээ шахам байна. Ханаар нь тэр үеийн уриа лоозон дүүрэн. Худалч хүнд төмөр зордог, тайрдаг машинууд нь хүнгэнэж, тос масло ханхлан хүчит техникүүдийн хүржигнэх чимээ сонсогдох шиг болно. Эндээс эд өлгийн сонирхолтой зүйлс ч их олддог гэж дэргэд нь амьдрах айлуудын хүмүүс өгүүлж, зарим нэгээс нь сонирхуулсан юм. Хамгийн сонирхолтой нь цэрэг суран бүсний толь байсан бөгөөд морины дүрстэй юм билээ. Тэгэхээр бас морин цэргүүд ч орж ирсэн юм болов уу хэмээн бодогдмоор.

Энэ замд ихээхэн ач холбогдол өгч байсны хамгийн тод гэрч нь Баян-уулын төв дээр зөвхөн тус замыг арчилж тордон хамгаалах зориулалт бүхий “Зүүн Сибирийн замын анги” гэсэн нэртэй маш том байгууллага байжээ. Мөн энэ замыг түшиглээд Зөвлөлтийн цэргийн хангалтын анги энд байрласан бөгөөд түүний харьяанд “Военный совхоз” нэртэй Сангийн аж ахуй байсан төдийгүй өөрсдөө будаагаа тарьж бүхэл бүтэн армийг гурилаар хангадаг байсан гээд бод доо. Гахай, тахиа ч олонтой байж. Хүүхдүүд нь сурдаг долоон жилийн сургуультай байсан гэнэ.

Ульханаас хурдан унаатай гарсан бид зургаахан цаг давхиад хуучин Баянтүмэн буюу Чойбалсан орлоо. Тэгвэл тэртээ нэгэн цагт орос цэргүүд энэ замаар өдөрт 15 орчим километр явган марш үйлдээд хоноглодог байсан газар, 50 орчим километр бүрт шатахуун түгээгүүрийн газар байсны гэрч жижигхэн байшингуудын тууриуд бий. Бид энэ замыг хөвөрдсөөр шөнөдөө Чойбалсан орж, маргааш өглөө нь Халхын голыг зорьсон билээ.

Бид ихэвчлэн яг дайн болсон газраар аялж, хэн хэрхэн яаж тулалдсаныг өгүүлдэг байсан тул энэ удаа үндсэн сэдвээсээ үл ялиг хазайж, зарлаагүй энэ дайны эхлэл хаанаас тавигдаж, оршил хэсэг нь Монголын газар нутаг дээр чухам хаана өрнөж асныг тодруулах гэж чадан ядан хичээсэн нь энэ. Халхын голын үйл явдлыг эдүгээ дайн, үгүй ээ, байлдаан байсан хэмээн хааяа бид маргах нь байдаг. Зодоон л зодоон байдаг болохоор эгэл жирийн цэрэг эрсийн цус асгарч, амь эрсэдсэн л бол тэр дайн, эсвэл байлдаан байх огт хамаагүй хэмээн бодож байна. Тиймээс өмнө өгүүлсэн эхлэл нь ийм байсан юм чинь өрнөл нь ямар байсан талаар энд дурдах нь илүүц биз ээ.Гэхдээ төгсгөлийн тухайд хожим өгүүлсү.

Хилчин, бэлтгэл хурандаа, Д.Баасанжаргал

Хуваалцах