Универсиад наадмын 7 дахь өдрийн тойм
Универсиад наадмын 7 дахь өдөр монголын оюутан тамирчид гольф, пүүл бильярд, хөнгөн атлетик, ширээний теннис, таеквондогийн төрлүүдэд өрсөлдлөө.
Мэдээллийн алба

Хөнгөн атлетик:
Монгол улсын тамирчин О.Болдоо Универсиад наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 5.000 метрийн зайд 17 тамирчинтай уралдаж, 15 минут 31.53 секундын хугацаанд замаа дуусгасан амжилт үзүүлж, уралдааны 13 дугаар байранд шалгарлаа.
Гольф:
Гольфийн эмэгтэй тамирчдын ганцаарчилсан төрлийн тоглолтууд 3 дахь дахь өдрөө үргэлжилж, монгол улсын 2 тамирчин ээлжит 18 замын тоглолтоо хийлээ. Универсиад наадамд 2 дахь удаагаа оролцож байгаа А.Энэрэл энэ өдөр 101 оноо (+29), Н.Намуунаа 99 (+27) оноо авч, тус тус 3 дах тойргийн тоглолтоо дуусгасан байна.

Пүүл бильярд:
Универсиад наадмын пүүл бильярдын төрлийн тэмцээн 9 бөмбөгийн дүрмээр явагдаж байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн нэгдүгээр тойргийн тоглолтод монгол улсын тамирчин, спортын мастер Баттулгын Уянга Сингапурын Онг Руйтай тоглож, 9:6-н харьцаатай оноогоор хожиж, зуны 29-р универсиад их наадмын хагас шигшээд Тайваны тамирчин Ку Ченг Чинтай шалгаран өрсөлдөхөөр боллоо.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа манай улсын 2 дахь тамирчин Б.Нарантуяа хагас шигшээд шалгарах эрхийн төлөө БНСУ-ын тамирчин Жанг Ёонтой таарч тоглон 9:3-ын харьцаатай ялсанаар тэмцээний хагас шигшээд шалгарч чадлаа. Тэрээр дараагийн тоглолтоо мөн наадмыг зохион байгуулагч орон Тайваны тамирчин Ву Зи Тинтэй хийх юм.

Ширээний теннис:
Шинрээний теннисний төрөл 5 дахь өдрөө үргэлжилж, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн боллоо. Энэ өдөр манай тамирчдаас А.Билгүүдэй АНУ-ын тамирчин Фен Еижунд 3:0 оноогоор хожигдсон. Г.Чулуудай мөн Францын тамирчин Сеприед Жоетой тоглон 3:0-оор хожигдсоноор ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгалаа. Т.Барсболдын хувьд Ботсвана улсын тамирчин Малобела Боагог 3:2 оноогоор хожиж дараагийн шатанд тоглох эрхтэй боллоо.
Универсиад наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээнд энэ өдөр Г.Индра Тайваны тамирчин Лиу Юу Синд 3:0-оор хожигдсон байна. Мөн Э.Жумдаан Хорватын тамирчин Зажек Жосипатай тоглож 3:0, Б.Урантогос ОХУ-ын тамирчин Блазко Аннад 3:0 гэсэн харьцаатай тус тус ялагдаж, наадмын ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгаж байна.
Таеквондо:
Универсиад наадмын таеквондогийн тэмцээн сүүлийн өдрөө буюу 7 дахь өдрөө үргэлжилж, эрэгтэйчүүдийн багийн тэмцээн боллоо. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ху Ин Ёны удирдлага дор 5 тамирчин энэ наадамд хүрэлцэн ирж оролцсон юм. Монголын тамирчид энэ удаад кёруги буюу тулааны багийн төрөлд эхний тойрогт гоц мөргөн хоёр дахь тойрогтоо Польшийн багтай учрааа тааран тулалдаж, 24:26-н харьцаатай, 2 оноогоор ялагдлаа. Таеквондогийн багийн тэмцээн ийнхүү өндөрлөж байгаа юм.
8-р сарын 27-ны өдрийн тэмцээний хуваарь:
Хөнгөн атлетик: О.Болдоо, Ц.Бямбажав, Д.Гантулга, Н.Мөнхбаяр, Б.Суврага-хайрхан нар 07:50 цагаас хагас марафоны төрөлд ганцаарчилсан болон багийн төрөлд Тайпэй хотын захиргааны өмнөх талбайн 7 км замд 3 удаа тойрч уралдана.
Гольф: Гольфийн эмэгтэй тамирчин А.Энэрэл, Н.Намуунаа нар Санрайс гольфийн талбайд сүүлийн дөрөвдүгээр тойргийн тоглолтоо 06:30 цагаас хийнэ.
Бильярд: Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 9 бөмбөгийн шигшээ тэмцээнд Б.Нарантуяа Тайваны тамирчин Ву Зи Тингтэй, Б.Уянга Тайваны тамирчин Ку Ченг Чинтай тоглоно. Мөн энэ өдөр Б.Нарантуяа Б.Уянга нар, О.Баасандорж С.Мянганбаяр нар 9 бөмбөгийн хосын төрлийн тэмцээнд өрсөлдөнө.
Ширээний теннис: Ширээний теннисчид холимог хос, эрэгтэй, эмэгтэй хосын төрлийн тэмцээн болно. Мөн Тайваны их сургуулийн байранд ОУОСХ-ны “Спортын хөгжлийн тухай” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 8 сарын 27-29-ны өдрүүдэд үргэлжилж, Үндэсний БТДС-ийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан нар оролцоно.


















