Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Өнөр бүл” төвд 174 хүүхэд амьдарч байна

“Өнөр бүл” асрамжийн төвийн хүүхдүүд олон жил ажилласан туршлагатай, ахмад багш нараар хичээл заалгаж, зөвлөгөө авах боломжтой болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өнөр бүл” төвд  174 хүүхэд амьдарч байна
“Өнөр бүл” төвд 174 хүүхэд амьдарч байна. Зураг: МҮОНРТ

“Өнөр бүл” асрамжийн төвийн хүүхдүүд олон жил ажилласан туршлагатай, ахмад багш нараар хичээл заалгаж, зөвлөгөө авах боломжтой болж байна. Тухайлбал, Улаанбаатар дахь Өвөрхангай аймгийн ахмад багш нарын холбооны багш нар олон жил ажилласан арвин их туршлагаасаа тус төвийнхөнтэй хуваалцаж, хүүхдүүдэд давтлага, багш нарт заавар зөвлөгөө өгч хамтран ажиллах боломжтой гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Хамтын ажиллагааны эхлэл болгож ахмад багш нар өнөөдөр хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг барьжээ.

Ахмад багш нар бэлгэндээ тэдний хичээл сургуульд хэрэгтэй ном товхимолуудаас гадна чөлөөт цагаа зөв ашиглаж өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж оньсон тоглоомуудыг багтаасан байна. Сайн хүн болж, сайхан амьдрахын тулд хүүхэд наснаасаа л хичээж сурах нь чухал гэдгийг тэд хүүхдүүдэд захиж байлаа.

Улаанбаатар дахь Өвөрхангай аймгийн ахмад багш нарын холбоонд өнөөдрийн байдлаар тус аймгаас тэтгэвэртээ гарч, хотод ирж суурьшсан 200 гаруй ахмад багш гишүүнчлэлтэй. Тэд “Өнөр бүл” төвийнхөнтэй хамтран ажиллахад бэлэн. Ялангуяа төгсөх ангийн сурагчдад эссе бичих, мэргэжлээ сонгох гээд олон талаар зөвлөгөө өгөх боломжтой гэдгийг тус холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын гавьяат багш Г.Нарантуяа онцоллоо.

1974 онд байгуулагдсан “Өнөр бүл” төвд өнөөдөр 174 хүүхэд амьдарч байна. Өнгөрсөн жил тус төвийн 5 сурагч дунд сургуулиа төгсөж, их, дээд сургуульд элссэн бол энэ жил хоёр сурагч элсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа юм байна.

Хуваалцах