Өрөөлд бус өөртөө л найд
Өвлийн эхэн сар гарсантай зэрэгцэн их хэмжээний цас орсноор гудамж, талбай мөсөнд дарагдаж, халтиргаа гулгаа үүсээд байна. Энэ хэрээр бэртэж, гэмтсэн хүний тоо өссөөр байгаа юм. Бид Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Мэдээллийн алба

-Гэмтэл согог судлалын үндэсний төв ачааллаа дийлдэггүй-
Өвлийн эхэн сар гарсантай зэрэгцэн их хэмжээний цас орсноор гудамж, талбай мөсөнд дарагдаж, халтиргаа гулгаа үүсээд байна. Энэ хэрээр бэртэж, гэмтсэн хүний тоо өссөөр байгаа юм. Бид Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Өглөө 9 цагийн үед тус төвд очиход Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбай машин тавих зайгүй шахам байв. Хүлээлгийн зааланд бэртэж, гэмтсэн цөөнгүй иргэн дараалал үүсгэн зогсчээ. Зарим нь суга таяг тулсан, гар, хөл, толгойгоо боосон гээд бүгд л их, бага хэмжээгээр гэмтэж бэртжээ.
Олны хөлөөс зайдуухан ёолон зогсох эмээгээс ямар тусламж авахаар тус төвийг зорьж ирсэн тухай нь асуулаа. Тэрбээр “Ач хүүгээ өглөө сургуульд нь хүргэж өгөх гээд зам гарч явахдаа мөсөн дээр халтирч унасан. Уг нь гэрийн нөхцөлд хар цайгаар боож хэд хоносон ч хавдаад гишгэж болдоггүй. Тэгээд энд үзүүлэх гээд хүлээж байна” гэсэн юм.
Энэ өдөр “Хүлээн авах”-д яаралтай түргэн тусламжийн төвийн их эмч С.Эрдэнэ ажиллаж байлаа. Өглөөний 10 цаг хүртэл хүлээн авсан 20 хүний найм нь явганаас бэртсэн тухай эмч бидэнд хэлсэн. Тэд зам, талбайд зорчиж яваад халтирч унажээ.

Их ажлынх нь хажуугаар бид их эмч С.Эрдэнээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Халтиргаа, гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн хүний тоог хэлэх боломж бий юу?
-Хэд хоног хүйтэрч, цас их орсон учраас манайд ирэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Яаралтай түргэн тусламжийн төвөөр өдөрт 200-250 хүн оношлуулдаг. Сүүлийн үед ирж байгаа иргэдийн 50-60 хувь нь халтиргаа, гулгаанаас бэртэл гэмтэл авсан байна.
-Халтирч унахад гар, хөл хугарчихаагүй бол зарим хүн тоодоггүй. Энэ тохиолдолд битүү гэмтэл үүсэх магадлалтай байдаг гэж ярьдаг юм билээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Тийм шүү. Хүмүүс халтирч унаад тоохгүй явж байснаа хүндрэнгүүт нь эмнэлэгт ханддаг. Халтиргаа, гулгаанаас бэртэл авч ирэх хүний тоо үдээс хойш хэд дахин нэмэгддэг. Харин бэртэл гэмтлийн хувьд харилцан адилгүй. Ихэвчлэн хөл, гарны хугарал, цөөн тохиолдолд тархины гэмтэл авсан хүн ирдэг.
-Дийлэнхдээ хэдэн насныхан гэмтэж ирж байна?
-Хүүхэд болон ахмадууд ирэх нь их байна. Тэр дундаа хүүхэд илүү олон байдаг. Тэд хичээлдээ явж байх замдаа халтирч унасан гэдэг. Хүүхдүүд гэмтсэн даруйдаа эмнэлэгт ирдэггүй, хайхралгүй явсаар хүндэрчихээд ирэх тохиолдол их.
-Боловсон хүчний хувьд ямар байна. Нэг эмч, сувилагч өдөрт хэдэн өвчтөнд үйлчилж байна вэ?
-Манай ээлжинд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Эмч, сувилагч нийлээд дөрөв гэсэн үг л дээ. Зорин ирэх хүний тоо өдөр болгон янз бүр байдаг. Ойролцоогоор нэг эмч, сувилагчид 20-30 өвчтөн ноогддог гэж болно. Оройн цагаар ачааллаа дийлэхгүй тохиолдол цөөнгүй гардаг гэсэн юм.

Улсдаа ганцхан байдаг тус төвийн эмч, сувилагчид өвлийн улиралд ачааллаа дийлэхгүйд хүрдэг тухай бараг бүгд л ярьж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэгдүгээр давхарт Тандалт судалгааны алба байрладаг аж. Энэ алба тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн лавлагаа мэдээлэл болон ямар төрлийн бэртэл авсан зэргийг баримтжуулан авдаг юм байна. Энэ газраас бид 2015 оны нэгдүгээр сараас 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд халтиргаа, гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн хүний тоон мэдээллийг авлаа. Нийт 5238 хүн энэ албанд хандсанаас 313 нь зам, талбайн халтиргаа гулгааны улмаас бэртжээ. Хүйсийн хувьд ангилж үзвэл 148 нь эмэгтэй, 165 нь эрэгтэй аж.

Албаны хүний хэлж байгаагаар энэ өвөл нийслэлд 575 тонн цас хайлуулагч бодис нөөцөлсөн байна. Мөн ТҮК-ийн ажилчид өдөр, шөнөгүй зам талбай цэвэрлэсэн ч иргэд л өөрсдөө болгоомжтой байх хэрэгтэй юм. Ингэж байж эрүүл мэнд, амь насаа хамгаалж чадна.
Э.Ариунзаяа


















