Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өвөрхангайн уугуул, Эрдэнэтийн суугуул Чойжамцын Баттуяа

Сонирхуулахад, спортын мастер Ч.Баттуяа 1986 онд Эрдэнэтээс ганцаараа аваргалж байсан бол 17 жилийн дараа буюу 2003 онд хүү Батчулуун нь төрсөн нутагтаа түрүүлж Орхончуудыг баярлуулж байсан ховорхон түүх аав, хүү хоёрт бий.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өвөрхангайн уугуул, Эрдэнэтийн суугуул Чойжамцын Баттуяа
Өвөрхангайн уугуул, Эрдэнэтийн суугуул Чойжамцын Баттуяа. Зураг: МҮОНРТ

Орхон аймагт болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүндэтгэлийн суудалд нэгэн хүдэр эр гурван өдөр тухлан сууж, шилдгүүдийн барилдааныг шимтэн үзсэн. Энэхүү эрхэм бол аж үйлдвэрийн гавьяат ажилтан, үндэсний бөхийн аймгийн арслан, чөлөөт бөхийн спортын мастер Чойжамцын Баттуяа юм.

1980-аад оны Монголын чөлөөт бөхийн хүнд жингийн шилдэг хүчтэний нэг тэрбээр 1986 онд Эрдэнэтэд болсон насанд хүрэгчдийн УАШТ-ий 130 кг-ын жинд алтан медаль хүртсэн.

Мөн Ч.Баттуяа 1984, 1988 оны УАШТ-ээс мөнгө, 1987, 1992 онд хүрэл медалийн эзэн болж байв. Ч.Баттуяа ид үедээ хөдөлмөрийн баатар, дархан аварга Д.Цэрэнтогтох, гавьяат тамирчин О.Бахыт, А.Баатархүү, ОУХМ Д.Хишигдорж, Б.Жавхлантөгс, П.Ганбаяр гээд хүнд жингийн “луугарууд”-тай олон жил өрсөлдсөн юм.

Түүний хувьд Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрж өссөн ч сүүлийн 30 гаруй жил ажил, амьдралаа Эрдэнэтэд өнгөрүүлсэн. Орхон аймаг дахь Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д 30 гаруй жил ажиллаж 2017 онд төрдөө үнэлүүлж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон билээ.

Ч.Баттуяа нь 1995 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд болсон Өндөр гэгээн Занабазарын түмэн мэлмий гийсний 360 жилийн ойн даншиг наадмын тавын даваанд даяар дуурсагдах далай даян дархан аварга Ж.Мөнхбатыг өвдөг шороодуулж, улсын начин цолны болзол хангасан.

Гэсэн ч хэдхэн хоногийн дараа цолыг нь хүчингүй болгож байсан юм. Эрдэнэтчүүд одоо ч түүнийг улсын начин хэмээн хүндэтгэдэг. Түүний хүү ОУХМ Б.Батчулуун нь XXI зууны эхэн үед Монголын чөлөөт бөхийн 76 кг-ын жингийн нэг номер байсан бөгөөд 2002, 2003 онд насанд хүрэгчдийн УАШТ, “Монгол говь” ОУТ-д түрүүлж, “Тегеран-2002”, “Нью-Йорк-2003” ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож байсан.

Сонирхуулахад, спортын мастер Ч.Баттуяа 1986 онд Эрдэнэтээс ганцаараа аваргалж байсан бол 17 жилийн дараа буюу 2003 онд хүү Батчулуун нь төрсөн нутагтаа түрүүлж Орхончуудыг баярлуулж байсан ховорхон түүх аав, хүү хоёрт бий.

Хуваалцах