Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро шууд эфирээр үг хэллээ
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мягмар гарагийн өглөөнөөс эхэлсэн төрийн эргэлт хийх оролдлогын дараа анх удаа шууд эфирээр үг хэллээ.
Мэдээллийн алба

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мягмар гарагийн өглөөнөөс эхэлсэн төрийн эргэлт хийх оролдлогын дараа анх удаа шууд эфирээр үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ "Эмх замбараагүй байдлын улмаас цэргийн таван алба хаагч шархадсан. Хоёрынх нь биеийн байдал хүнд байна" гэжээ.
Түүнчлэн төрийн эргэлт хийх оролдлогыг мөрдөн шалгах даалгавар өгсөн гээд хэд хэдэн сэжигтнээс байцаалт авсан гэж мэдэгдсэн байна. Төр эргүүлэхээр зэвсэгтэй гарч ирсэн бүх хүнийг олж, шүүхэд өгсөн тухай тэрбээр нэмж хэлсэн юм.
Үүнээс гадна Венесуэлийн төрийн тэргүүн генерал Густаво Гонсалес Лопесыг Боливарын тагнуулын албаны даргаар томилсноо зарлажээ. Өчигдөр Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагах “Эрх чөлөө” ажиллагааны эцсийн үе шат эхэлснийг зарласан. Түүнийг АНУ-ын засаг захиргаа дэмжиж, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Венесуэлийн армийг Гуайдогийн талд ажиллахыг уриалсан юм.
Гуайдогийн төрийн эргэлт хийх тухай мэдэгдэлтэй зэрэгцээд нийслэл Каракасын Чакао дүүрэгт жагсагчид эмх замбараагүй байдал дэгдээсэн. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд жагсагчдыг тараах зорилгоор хий цацсан байна. Мөргөлдөөний үеэр 69 хүн гэмтэж, бэртжээ.


















