Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, “Их тэнгэр” цогцолборт Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов.
Мэдээллийн алба

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, “Их тэнгэр” цогцолборт Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов. Энэ үеэр тэргүүн хатагтай Х.Болормаа Японы Ерөнхий сайдын гэргий Акиэ Абэ-г тусгайлан хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэрт зочилсон анхны гадаад улсын Төрийн тэргүүн болж байсан бол ийнхүү ноён Шинзо Абэ гэр бүлийн хамт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочилсон анхны гадаад орны Засгийн газрын тэргүүн болсноороо онцлог болов.
Төв Азийн орнуудад хийх айлчлалынхаа өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад зочилсон нь хоёр орны харилцаанд онцгой ач холбогдол өгч буйн илрэл хэмээн энэ удаагийн айлчлалыг үзэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт богино хугацаанд болсон ч олон чухал асуудлаар санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Япон Улстай харилцах харилцааны талаар нэгдмэл байр суурьтай байгааг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв. Монгол Улс, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь хоёр орны эдийн засгийн харилцааг агуулгын хувьд шинэ шатанд гаргасан билээ.
Уулзалтын үеэр хатагтай Х.Болормаа өөрийн санаачлан үүсгэн байгуулсан “Болор сан”, “Халамжит гэр бүл” төв болон “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан ТББ-ын үйл ажиллаагааны талаар танилцуулав. Түүнчлэн хатагтай Акиэ Абэ “Болор сан”-гийн хүүхдүүдийн бэсрэг тоглолт үзэж сонирхов.


















