Ю.И.Скуратов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав “21-р зууны эрх зүйн технологи“ сангийн захирал ОХУ-ын Ази-Номхон далайн бүсийн улсуудтай хамтын ажиллагааг эрх зүйн хувьд хангах төвийн захирал Ю.И.Скуратов тэргүүтэй төлөөлөгчдийг 2014 оны долоодугаар сарын 2-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав “21-р зууны эрх зүйн технологи“ сангийн захирал ОХУ-ын Ази-Номхон далайн бүсийн улсуудтай хамтын ажиллагааг эрх зүйн хувьд хангах төвийн захирал Ю.И.Скуратов тэргүүтэй төлөөлөгчдийг 2014 оны долоодугаар сарын 2-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Ю.И.Скуратов өмнө нь ОХУ-ын Ерөнхий Прокуророор ажиллаж байсан бөгөөд тэрээр ОХУ-ын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хууль эрх зүйн чиглээр олон тооны бүтээл гаргасан ОХУ-ын нэртэй хуульчдын нэг ажээ.
Уулзалтын явцад Ю.И.Скуратов ОХУ-ын прокурорын байгууллага 100 жилийн түүхтэй бөгөөд хуулийг чанд мөрдүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах, прокуроруудыг сургах, давтан сургах, байгаль орчныг хамгаалах ялангуяа “Байгаль нуур" орчмын байгалийн тогтолцоог хамгаалах энэ талаар эрх зүйн шинэ тогтолцоог бий болгох шаардлага үүсч байна.
Түүнчлэн ОХУ-д 2008 оноос ОХУ, БНХАУ, Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомжийг судлах чиг үүрэгтэй “Харьцуулсан эрх зүйн төв“ байгуулагдан ажиллаж байгаа зэрэг асуудлаар мэдээлж цаашид хамтран ажиллах боломж нөхцөл байгааг тэмдэглэн хэллээ.
Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав “Манай улсад эрх зүйн шинэчлэл явагдаж байна.
Манай хоёр орны прокурорын байгууллага олон чиглэлээр хамтран ажиллаж байсан бөгөөд ялангуяа прокуроруудыг сургах, давтан сургахад зохих хэмжээний туршлага хуримтлуулсан.
Өнөө цагт прокурорын байгууллага эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ нь Прокурорын Сургалт судалгааны төвийг шинээр байгуулсан явдал юм. Та бүхэн энэ байгууллагатай хамтран ажиллах боломжтой. Бидний хувьд прокурорын удирдах ажилтныг бэлтгэх, ОУПХолбоотой хамтран ажиллахад анхаарч байна. Түүнчлэн гэмт хэрэгтэй тэмцэх, шинэ төрлийн зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлага гарч байгаа“ гэдгийг онцлон дурдлаа.
Төлөөлөгчид “Прокурорын Сургалт судалгааны төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон бөгөөд энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүд хүрэлцэн ирж тус төвийн үйл ажиллагаатай мөн танилцсан нь онцлог үйл явдал боллоо.


















