Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам сунавал ухаан сунадаг

Хар шар, тарган туранхай, хөгшин залуу ер нь энд бүх хүмүүс эрх тэгш. Хөдөөний салхи үнэртүүлсэн эгэл борхон сэтгүүлч би хосгүй мэргэжлийнхээ буянаар Обомагийн цагаан ордны өмнө дэлхийн бүх үндэстэн ястан бужигнасан энэ газарт телевизийн хамт олонтойгоо дурсгалын патиараа татуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Зам сунавал ухаан сунадаг
Зам сунавал ухаан сунадаг. Зураг: МҮОНРТ

Хар шар, тарган туранхай, хөгшин залуу ер нь энд бүх хүмүүс эрх тэгш. Хөдөөний салхи үнэртүүлсэн эгэл борхон сэтгүүлч би хосгүй мэргэжлийнхээ буянаар Обомагийн цагаан ордны өмнө дэлхийн бүх үндэстэн ястан бужигнасан энэ газарт телевизийн хамт олонтойгоо дурсгалын патиараа татуулав. Инчоны нисэх буудлаас бүтэн 14 цаг (нэг талдаа) онгоцоор аялана гэдэг машинаар Баян-Өлгий аймаг руу машинаар хэд дахин явж нэвтрүүлэг бэлтгэхээс “чанга” юм байна. Онгоц хичнээн тохилог, үйлчилгээ нь дээд зэргийн ч сэвэлзэх салхигүй бүгчим, дээр нь нойлын өрөөнөөс өөр сатаарах газаргүй унаанд “Хүрээ гэдэг хол юм, хүний амь бөх юм” гээд яваад л байлаа. Ирэх очих 28 цаг, дээр нь Солонгосоос Монгол хүртэл (6 цаг) нийт бүтэн хоног хагас өдрийг онгоцон дотор өнгөрөөв.

Бидний эхний очсон монгол айл бол Өлзий хэмээх балетийн жүжигчнийх. Гахайн шарсан мах, борш маягийн шөлөөр дайлж ядарсан биднийг тэнхрүүлэв. Аян замын урт цагийн зөрүүд бид ихэд алжаасан бололтой. Цагийн зөрүү урт замын ядаргааг ч тайлалгүй С.Отгонжаргал, Т.Амармэнд нар шууд л зургандаа гарав. Үлдсэн нь “INNS of VERGINA” хэмээх авсаархан буудалд байрлаж дэлгүүрээс ойр зуурын ус ундаагаа авч төвхнөв. Тэгсэн Б.Мөнхзул, Т.Нямбаяр хоёр “Бид чинь юу хэрэглэж, юу идэж уудаг юм бэ?” гээд дуу алдаж байна. Бодвол тэндхийн бүх бараа, хүнс “ориг” байсныг хэлж байгаа бололтой. Манай монголын бололцоотой ихэнх айлууд Америкаас өргөн хэрэглээний бараагаа ачуулдаг гэсэн. Харин бид мэт нь яг арав хоног л “ориг” барааг хэрэглэсэн бололтой.

Дараагийн орой бид Монгол дууны караокед оров. “Монголоо санахаараа дуулах гэж бас уйлах гэж энд орж ирдэг юм” гэж Америк дахь тэд ярьж байна. М.Наранбаатар захирал орос монголоор, Ё.Батбаяр захирал англиар тун ч эвлэгхэн дуулж, тэнд байгаа монголчуудад өндөр “кок” авав.

“Хэлтэй бол хөлтэй гэдэг”. Захирал Ё.Батбаяр англи хэлтэй тул хэзээ хаашаа явах, унаа тэрэг бүхнийг зохицуулж байлаа. Цагаа яс барьдаг, хэлсэндээ хүрдэг удирдлага бололтой. Бидэнд цаг бүхэн үнэтэй байсан. Боловсролын талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл, “Би монгол хүн” хөрөг найруулал, “Амьдралын үргэлжлэл”, “Дөрвөн урилга” “Соёл-Эрдэнэ” телесэтгүүл гээд МҮОНТ-ийн томоохон нэвтрүүлгүүдийн зураг авч байхад, Монголын радио, МNB сайтаар мэдээ мэдээлэл Монгол руу хөвөрч байлаа. Тэнд хамгийн олон цаг ихээхэн ачаалалтай ажилласан уран бүтээлч бол С.Отгонжаргал зураглаач маань. Ачааны хүндийг үүрч сурсан Монголын телевизийн унаган боловсон хүчний тэнхээ тамирыг тэр харуулж чадсан. Хэзээ ч хаана ч буцах эрхгүй алба гэдэг ер нь зураглаачийн мэргэжил байдаг юм даг. Америкт байгаа монголчуудын санал бодол ажил амьдралыг тав хоногт сурвалжилж бас Монголоо төлөөлж их гүрэнд суугаа элчин сайдтай нүүр тулан ярилцав.

Миний уулзсан “Би монгол хүн” хөрөг найрууллын гол баатар Маналжавын Дэлгэрцогт. 20 гаруй жилийн өмнө Монголоос гарч, аяга угаагчаар амьдралаа эхэлсэн энэ залуу өнөөдөр АНУ-ын Вашингтон хотны тэргүүлэх таван том үйлдвэрийн эзний нэг. “Хаус” хороолол хөгжсөн энэ газарт Дэлгэрцогтын эрхэлдэг байгалийн чулууны үйлдвэрийн худалдаа ихээхэн эрэлт хэрэгцээтэй аж. Эхнэр нь Сэргэлэн гэж өндөр цагаан хүүхэн, тэднийх хоёр хүүхэдтэй. Буддын шашныг дээдэлж, өвөө эмээгийн хайр энхрийлэлд өссөн түүний ярих нь монгол, элэг нь монгол, сэтгэл нь монгол нэгэн билээ. Олны дотор Америк ч биш, Монгол ч биш болчихсон, ахар ядуухан сэтгэлгээтэй нэгэн байхыг харж л явлаа.

Бас “Өглөө” хөтөлбөрийн сэтгүүлч АНУ-д ажиллаж байгаа Адилзаяа, Мижиддорж нар хаа холын Чикаго хотоос ирж телевизийн шторкны зураг авч “Өглөө” хөтөлбөрийг бэлтгэв. Цомхон бүрэлдэхүүнээр богино хугацаанд, бүтэн өдрийн эфир бэлтгэнэ гэдэг ямар яггүй даваа байсныг мэргэжил нэгт нөхөд минь эрхбиш ойлгох бизээ. Гэвч бид давааг давж, үүргээ биелүүлж чадсан. Эрвийх дэрвийхээрээ, итгэл сэтгэлээрээ ажиллав. Нэг өдөр дэлхийн дээвэр болсон Нью-Йорк хотод аялж, өндөр байшингийн өмнө өвдөг сөгдөх шахав.

“Нохойтой дөрвөн танкчин” үзүүлж телевизийн урлагийг мэдрүүлж байсан үндэсний хэмжээний телевизийн баг хамт олныг Америкт байгаа монголчууд элгэмсэг дотноор хүлээн авч, уран бүтээлийн найдвартай ар тал байж чадсан юм. Аливаа томилолтын үр дүн гэж том тайлан хамт олны өмнө, үзэгчийн өмнө харагдах ёстой.

- Холливудын кино студийн “PARAMOUNT PICTURES”, “DISNEY PICTURES”-тэй гэрээ хийж 150 кино авч, үзэгч олондоо хүргэх болов. Киноны талд айх юмгүй боллоо.
- Энэ өдөрлөг нь Монголчууд олноор ажиллаж, амьдарч байгаа Солонгос, Япон, Орос зэрэг улсад Үндэсний радио телевизийн бүтэн өдрийн программ бэлтгэхийн эх суурийг тавилаа.
- АНУ-д МҮОНРТ-ийн Төлөөлөгчийн газар бий болох асуудлаар Төрийн департаментын Олон улсын хэвлэл мэдээллийн албатай зөвшилцөлд хүрэв. Энэ мэтчилэн Монгол улсын бас МҮОНРТ-ийн түүхийн хуудсанд шинээр бичигдэх, шийдвэр гаргасан, шийдэлд хүрсэн сайхан өдрүүд боллоо. Зам сунавал ухаан сунахын учир энэ ажгуу.
Алаг махны минь тасархай, алтан ясны минь хэлтэрхий Монголчууд Америкт хэдийгээр боломжийн ажил амьдралтай яваа ч харьд суугаа тэдний сэтгэл зүрхэнд “Салхи нь хүртэл үнсээд угтах Сайхан монгол орон” нь мөнхөд уяатай юм билээ. Аав ээж, алаг үр, амраг хань элгэн нутгаа санаж эгшсэн зүрх сэтгэлийнх нь бичлэг, нулимс унаган ярьсан үг бүхнийг бид тээж бас шингээж ирсэн. Үнэнийг нүдээр үзтүгэй. Тавин жил навчтай нь хагдарч, тавин жил яргуйтай нь ургасан талын Монгол нутагтаа би ч гэсэн хөл тавилаа. Хуурай ширүүн ч гэлээ салхи нь хүртэл нээрэн үнсээд угтаж байна. Үнэн хэлжээ, Гүрээ найрагч!


Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг
АНУ Вашингтон DC 2014.04.18

Хуваалцах