Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим дүүргийн хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт орны зохицуулалт хийх, эмч сувилагчдын тоог нэмэх, шаардлагатай эм тариа захиалах, томуугийн вакцинд эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хамруулах зэрэг олон талын арга хэмжээг авч эхэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Зарим дүүргийн хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Зарим дүүргийн хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт орны зохицуулалт хийх, эмч сувилагчдын тоог нэмэх, шаардлагатай эм тариа захиалах, томуугийн вакцинд эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хамруулах зэрэг олон талын арга хэмжээг авч эхэлсэн билээ. Энэ сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ.

Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж буй бөгөөд нийт өвчлөгсдийн 85,2 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байгаа юм. Тиймээс нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллалаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан 165 ортой ч, өнөөдрийн байдлаар 295 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Энэ талаар тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн “Амьсгалын замын халдварт өвчин ихэссэнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, ор хүрэлцэхгүй болсон. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар дүүргийнхээ I амбулаторийн нэгдүгээр давхрыг чөлөөлж, 70 хүртэлх ортой тасаг шинээр нээж хүүхдүүдээ хэвтүүллээ. Үүнийгээ хүүхдийн III тасаг гэж нэрлээд байгаа. Энэ тасагт Улаан загалмайн нийгэмлэгээс 60 хөнжил, гудасөгсөн. Бид бүхэн өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан нэг тасгийн үйл ажиллагааг энд явуулж байна. Түүнээс гадна өрхийн эмч нар уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн анагаахын сургуулийн төгсөх ангийн оюутнууд, мэргэжил эзэмшиж буй эмч нарыг дайчилж байна. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь уушгины хатгалгаа, багтраа өвчин туссан байгаа юм. Энэ нь агаарын бохирдолтой шууд холбоотой” хэмээн ярилаа.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг амьсгалын замын цочмог халдвар ихэсч томуугийн дэгдэлт гарах үед эмнэлэг дэлгэх зорилгоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж эхэллээ. Хэдийгээр амьсгалын замын цочмог халдварын эзлэх хувь 7.2 буюу харьцангуй бага гэсэн зэрэглэлтэй байгаа ч хүндрэлээс үүдэлтэй уушгины хатгалгаа, ялангуяа амьсгалын замын дутагдал илрэх хандлага ихэссэнийг эмч нар онцлон ярьж байв. Энэ хэрээр хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдэж дүүргийн эмнэлгүүдийн нийт орны ачаалал нь батлагдсан тооноос 28.8 хувь буюу 1871 орон дээр 2410 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ялангуяа хүүхдийн орны ачаалал арванхоёрдугаар сарын 16-ны байдлаар, 99.5 хувиар хэтрэхэд хүрчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр албаны бусад хүмүүс эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хэвтэн эмчлүүлэгч болон тэдний асран хамгаалагч нарын санал сэтгэгдлийг сонслоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан, Хан-Уул нэгдсэн эмнэлэгийн дарга нарт найман сая төгрөгийн үнэ бүхий отсос, дуслын шахуурга, судас тодруулагч, дусал халаагч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэвтэн эмчлүүлэгсдийн орчин нөхцлийг сайжруулах зорилгоор ус цэвэршүүлэх аппарат, агаар чийгшүүлэгч зэргийг олгохоо Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн даргад хэллээ.

Мөн уртасгасан цагаар ажиллаж буй өрхийн эмч нарын хүртээмжийг нэмэгдүүлэх, гэрийн эргэлт үзлэгийг сайжруулахаас гадна эцэг эхчүүдийн бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлуудыг эрчимтэй хийхийг үүрэг болголоо.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг өнгөрсөн сарын 15-наас эхлэн уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-14:00 цагийн хооронд ажиллуулж эхэлсэн. Мөн 0-5 хүртэлх насны хүүхдийг эмч нар гэрээр нь үзэж, эмчилж байгаа хэмээн албаныхан ярьж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Энэ долоо хоногийн эхээр нийслэлийн эрүүл мэндийн газраас цаг үеийн байдлаар мэдээлэл авсан. Дүүргийн эмнэлэгт нөхцөл байдал ямар байгааг биеэрээ явж танилцахыг хүссэн. Өөрийн зүгээс болон салбар яаманд тавих санал юу байгааг эмч мэргэжилтнүүд, өвчтөнөөс сонслоо. Ер нь томуу, томуу төст өвчний тархалт харьцангуй гайгүй ч амьсгалын замын цочмог халдвар ихэсчээ. Тархалт ихэсч магадгүй учраас хотын зүгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж, зарим нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмийн ханган нийлүүлэлтийг сайжруулахаар ажиллаж байна. Сонгинохайрхан бол Улаанбаатарын том дүүргийн нэг.

Өнөөдрийн байдлаар ачаалал нь эрс нэмэгдчихсэн байна. Нийслэлд 150-200 ортой хүүхдийн эмнэлэг барих ажил эхэлсэн бөгөөд тус эмнэлгийг 2018 онд ашиглалтад оруулснаар нийслэлийн хүүхдийн эмнэлгийн одоо байгаа байдал харьцангуй дээрдэнэ. Энэ асуудлыг холбогдох хүмүүстэй нь ярилцаж шийдвэрлэх болно” гэсэн юм. Эмнэлгийн захиргаанаас нярайн хиймэл амьсгалын аппаратын асуудлыг шийдэж өгөхийг хүслээ.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Хуваалцах