Шууд Chart

Бичил сансарт нэвтрэх шинэ түлхүүр

2016-11-30 14:56:21

("Фолдскоп" хэмээх хосгүй дуран авайн тухай)

Микроскоп хэмээх, үлэмж бичил зүйлсийг томруулан өсгөж хардаг дуран авайг бид сайн мэдэх билээ. Тэгвэл Фолдскоп бол алгын чинээхэн цаас, шар будаан чинээ томруулагч дуран (линз) бүхий, жирийн микроскопноос дутахгуй хүчин чадалтай, зарим талаарaa түүнээс илүү, олон боломж бүхий төхөөрөмж юм. Фолдскоп нь халаасанд юмуу аяны богцондоо хийгээд авч явахад авсаархан мөртлөө бичил биетийг 140, 400, бүр цаашдаа 2000 дахин томруулах чадалтай.

Өнөөгийн лабораторит ашиглаж буй микроскопоос давуутай нь томруулсан биетийн дүрсээ утасныхаа камераар авч болохоос гадна дүрс бичлэг хийх боломжтой. Гар утасны гэрэлтүүлгийг ашиглан харах гэж буй дүрсээ дэлгэцэнд буюу ердийн хананд тусгаж томруулан үзэж ч болно.

Энэхүү авсаархан мөртлөө гайхалтай, ямар ч нөхцөлд ашиглаж болох фолдскопыг АНУ-ын Станфордын их сургуулийн профессор Ману Пракаш хэмээх эрдэмтэн зохион бүтээгээд байгаа бөгөөд үүнийгээ дэлхий дахины эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид, мөн сониуч түмэнд зориулж бүтээсэн бөгөөд өргөн олны хэрэглээнд түгээх зорилготой ажээ.

Тэрбээр эхний удаа 50,000 ширхэг фолдскопыг дэлхийн 130 оронд үнэ төлбөргүй илгээсэн юм. Mиний бие өнгөрсөн зуны оюутны амралтаараа профессор Ману Пракаш гуайтай уулзаж цөөн ширхэгийг авчирч Монголдоо тарааж, туршиж үзсэн юм. Мөн "Сувдан сондор" соёл, эрдэм шинжилгээний багийнхантай хамт явж Ганга нуурын усан дахь бичил амьд биетийн дүрс бичлэгийг судалгааны зорилгоор фолдскоп микроскопоор дүрсэлж авсан юм. Энэхүү авсан зураг, бичлэг, мөн түүнээс гаргаж авсан дүгнэлтээ цуглуулан, тун удахгүй илтгэл тавих болно.

Фолдскоп нь ялангуяа өргөн уудам нутагтай, нүүдлийн мал аж ахуйтай Монгол оронд ашиглахад илүү тохиромжтой санагдлаа. Манай дунд сургуулиудын сургалтын танхимуудад микроскоп ховор байдаг шүү дээ. Тэрчлэн эмнэлэг, сувилал, цэцэрлэг, зоогийн газар, хүнсний агуулах гээд лаборторын шинжилгээ хийх шаардлагатай байгууллагууд олон бий. Хөдөө хоньчин хүү малаа услангаа усныхаа нян бактерийг үзэж байгаль орчноо сонирхон, өөрийн нүдээр судлана. Байгаль хамгаалагч хийгээд хүрээлэн буй орчноо сонирхогч хэн боловч микроскоптой болтлоо хүлээх хэрэггүй, ус, хөрс, ургамалынхаа бүтэц чанар, хэрэгтэй мэдээллээ газар дээрээ хараад тэмдэглэж болно. Хөдөөгийн, хүн малын эмч нар дуудлагаар очсон газар дээрээ анхны яаралтай онош шинжилгээг хийчихнэ. Ер нь хэн боловч гэр ахуй, хүнс хэрэглээндээ фолдскопыг ашиглах бүрэн боломжтой юм.

Алгын чинээ цаасанд хавчуулагдсан фолдскоп хэмээх шидэт дуран авайг санаанд багтамгүй хямд зардлаар бүтээж байгаа бөгөөд зөвхөн материалын зардал нь нэг доллар (1$) аж. Профессор Ману Пракаш уг фолдскопныхоо үнийг одоогоор тогтоогүй байна. Тэр эхлээд нэг сая хувь үйлдвэрлэх зардлаа дэлхий даяарх хэрэглэгчдийн захиалгаар шийдвэрлэх бодолтой гэнэ.

https://www.kickstarter.com/…/foldscope-the-origami-paper-m… линкээр хөрөнгө оруулалтын ажиллагаагаа 2016/12/21 хүртэл явуулна. Одоогоор хамгийн хямд үнээр хорин доллароор (20$) хорин ширхэг 140X линзтэй фолдскоп авах боломжтой. Энэхүү кикстартерээр болон миний цахим хаягаар сонирхол, эрэлт захиалгаа илэрхийлж болно.

Фолдскопоор томруулж авсан зураг, дүрсийг сонирхоё гэвэл та бүхэн https://microcosmos.foldscope.com гэсэн линкээр орж анхан шатны 50000 фолдскоп хэрэглэсэн хүмүүсийн зураг, бичлэгийг сонирхож болно.

Мөн Профессор Ману Пракашын фолдскопын анх танилцуулсан илтгэлийг https://www.youtube.com/watch?v=h8cF5QPPmWU линкээр орж үзэж болно.
Орчин үеийн шинжлэх ухааны шинэ дэвшилтэт ололтыг эрдэм боловсрол, судалгаа шинжилгээ, ахуй амьдралдаа хэрэглэх энэхүү боломжийг ашиглаарай.

АНУ-ын Лос Анжелос хотын Калифорнын Их сургуулийн Молекулын Биологийн салбарын оюутан Н.Билгүүдэй


Бичил сансарт нэвтрэх шинэ түлхүүр   
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.214.xxx] 2016-11-30 21:48
ЭНЭ бол гайхалтай шийдэл. Монголл бүүр ч их хэрэгтэй зүйл байна

Бидэнтэй нэгдээрэй