Шууд Chart

Цэвэр ус уу, нэрмэл ус уу

2016-12-12 12:09:28

Баримт 1: Баримт нэвтрүүлгийн баг худалдаанд байгаа 3 нэр төрлийн савласан цэвэр усыг түүврээр авч ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Гидрохимийн төв лабораторид шинжлүүлсэн. Эрдсийн хэмжээг шинжлэхэд 2-25 мгр гарсан болно.  Энэ нь крантны уснаас 2 дахин бага эрдсийн агууламжтай байна гэсэн үг.  

Тухайн уснууд өнгө, үнэр, амтгүй ч эрдсийн хэмжээ бага байгаа нь унданд тогтмол хэрэглэхэд тохиромжгүй. Савласан цэвэр усанд хүний биед зайлшгүй шаардлагатай эрдсийн агууламж хэт багасч нэрмэл ус төдий болсон байгааг дараах шинжилгээ харуулна.  ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Гидрохимийн төв лабораторийн эрхлэгч Жавзан "Эхний усыг шинжлэе. Цэвэр усны цахилгаан дамжуулах чанарыг үзэхэд 18 мкСм/см байна. Ус эрдэстэй байх тусмаа цахилгааныг сайн дамжуулдаг. Эрдсийн хэмжээ нь 9 мгр. Энэ ус бол эрдэс багатай  хур тунадас, нэрсэн ус шиг байна.

Дараагийн ус: Цахилгаан дамжуулах чанар нь 48 мкСм/см.  Эрдэс нь 25 мгр.

Гуравдахь  ус: Цахилгаан дамжуулах чанар нь 5 мкСм/см. Эрдэс нь 2 мгр.

Хүн тодорхой хэмжээний эрдсийг ууж байгаа уснаасаа нөхөх ёстой. Гэтэл цэвэр ус савладаг үйлдвэрүүд бараг эрдэсгүй болтол шүүгээд байна. Энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй. Саяны шинжилсэн 3 усны эрдсийн хэмжээ 100 мгр руу дөхөж очихгүй байна шүү дээ" гэж ярилаа.

Цэвэр ус үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ ихэвчлэн төвлөрсөн усан хангамжаас авдаг байна. Гүний усаар цэвэр ус үйлдвэрлэх аж ахуйн нэгж цөөн. Харин иргэд шугам хоолойгоор дамжин ирэх усыг зэвтэй, бохирдолтой гэж үзэн ариутгаж шүүсэн цэвэр ус хэрэглэхийг илүүд үзэх болжээ. Ингэж шүүж савласан цэвэр ус нь гүний устай харьцуулахад өндөр үнэтэй. Энэ хэрээр ч савласан ус болгон “сайн ус” гэсэн өрөөсгөл ойлголт байсаар байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Өнөрцэцэг "500 мгр нь 500 төгрөгөөр зарагддаг. Эрдсийн агууламж нь бага байгаад байдаг. Хүний физиологийн норм хэмжээ гэж байдаг. Хоногт авах ёстой эрдсийн 40 хувийг зөвхөн уснаас авах ёстой. Бусдыг мах, сүү, хоол хүнснээс нөхөх боломжтой. Манай судлаач оюутнууд “Савласан усны эрдсийн агууламжийг крантны устай харьцуулах нь” сэдэвт судалгааг хийсэн.  Судалгааны дүнгээс танилцуулахад, нэгдүгээрт савласан ус эрдэс багатай, хоёрдугаарт нянгийн бохирдолтой байсан. Савлаад удаан хугацаагаар хадгалчихдаг. Аливаа юманд хадгалах нөхцөл гэж байдаг. Дэлгүүрүүдэд худалдаалахад энэ нөхцөл байнга зөрчигдөж байна" гэв.

Хүн өдөрт авах ёстой эрдсийнхээ 40 хувийг уснаас авдаг. Савласан цэвэр усыг хоол хүнсэндээ байнга хэрэглэвэл авах ёстой эрдсээ бүрэн нөхөж чаддаггүй байна. Эцэст нь эрсдийн дутагдалд ордог болохыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Өнөрцэцэг тайлбарлалаа. Тэрбээр "Савласан ус нянгийн бохирдолтой, эрдэс багатай, өртөг өндөртэй. Эрдсийн дуталдал өнөөдөр өвчин болохгүй. Дотор нь муухайраад бөөлжихгүй. Шинж тэмдэг удаан хугацаанд илэрнэ. Эрдсийн дутагдалд ахмадууд, жирэмсэн эхчүүд, хүүхдүүд өртдөг. Нөлөөлөл нь илүү аажуу хугацааны дараа ерөнхий шинж тэмдгээр илэрнэ. Дархлалын систем унана, хүүхдүүдийн өсөлтөд нөлөөлнө. Судлаач бид нарын хувьд усны компаниудад шаардлага хүргүүлэхээс илүүтэй үр дүнгээ олон нийтэд таниулах нь чухал байна" гэлээ.

Хэрэглэгчид цэвэр ус худалдан авахдаа савлагаа, шошго зэрэг гадаад байдалд илүү үнэлгээ өгдөг ч найрлагад огт анхаарал хандуулдаггүй. Мөн усыг олон давхар шүүлтүүрээр шүүх тусмаа сайн гэсэн ойлголт манай иргэдийн дунд байгаа юм. Шат дамжлага ихсэх тусам усны үнэт чанар өөрчлөгдөх, тээвэрлэх хадгалахаас өгсүүлээд анхдагч чанараа гээдэг.  Ниймгийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн, анагаах ухааны доктор Болормаа "Савласан цэвэр усыг өдөр 1 литрээс илүү хэрэглээд хэрэггүй. Үүнээс хэтрүүлэхгүй байхад эрдсийн агууламжаа хангалттай авч болно. Тэрнээс биш бүрэн ууж болохгүй гэж хэлээгүй. Хамгийн гол нь ус өөрөө бохир байх нь  асуудал болдог юм. Савласан усанд энэ асуудал гарах боломж ихтэй. Яагаад гэвэл үйлдвэрлэснээс хойш 6 сарын хугацаанд хадгалах ёстой. Нарны гэрэлд байнга байлгах, бүрэн ууж дуусгахгүй машин дотор хадгалах зэрэг эрүүл мэндийн дадал зуршилтай холбоотой бохирдол үүсдэг. Эрдэсжилт ихтэй усыг удаан хадгалах боломжгүй. Тийм учраас л шүүж савлаад байгаа асуудал бий. Нэмэлтээр өөр эрдэс оруулсан ч байгалийн эрдсийг орлож чадахгүй. Гэхдээ хөдөө гадаа явахад савласан цэвэр ус авч явахад хялбар. Уух хэмжээгээ л тохируулах шаардлагатай гэж боддог" гэлээ.

Усны гэх тодотголтой мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид гээд бүхий л салбарынхан үүнд анхаарал хандуулан шинжилсэн, тогтоосон. Тэгвэл савласан цэвэр усанд байх зохистой эрдсийн хэмжээг тогтоож өгсөн үү? Бидэнд стандарт байна уу?

Баримт 2: 21 нэр төрлийн савласан уснаас 258 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулсан. Үүнээс 240 дээжийн эрдсийн хэмжээ “бага” байна гэж дүгнэлт гарсан. Гэхдээ стандартад эрдсийн доод хязгаарыг зааж өгөөгүй байна.

Дээрх дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори гаргасан. Цэвэр усны дээжүүдийг шинжилж найрлагын агууламжийг тогтоосон ч эрдсийн хэмжээ яг ямар хэмжээнд байх ёстойг нарийн тодорхойлж чадаагүй байна.  Лабораторийн ерөнхий захирал Амар "Таглааг нь онгойлгоод шууд ууж болох усыг савласан цэвэр ус гээд байгаа. Тийм учраас энэ ус технологийн шаардлага хангасан хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй байх ёстой. Энэ жил манай лаборатори 21 нэр төрлийн савласан усыг хүнсний зах, дэлгүүрээс түүвэр аргаар худалдан аваад хатуулаг, эрдэсжилт, нянгийн бохирдлыг шинжилсэн. Хатуулаг үзэх 240 дээжээс  6.9 хувь нь хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй, 6.5 хувь нь нянгийн бохирдолтой гарсан. Харин эрдэсжилтийн хэмжээ “бага” байна гэж дүгнэлт гарсан. Яагаад гэвэл эрдэсжилтийг яг тогтоосон үзүүлэлт байхгүй учраас нарийн тодорхойлолт дүгнэлт гаргаж чадахгүй байна. Хатуулаг 0, эрдэсжилт 0 уснууд хүний биед хор хөнөөлтэй. Ямар ч байсан хатуулагтай ус элэгний үйл ажиллагаанд нөлөөлдөг бол эрдэсжилтгүй ус дотор эрхтэн, ходоодыг угаадаг хор нөлөөтэй гэдгийг би тодорхой мэдэж байна" гэж ярив.

Манай улс “Савласан цэвэр усны MNS 5007 стандарт”-ыг 2007 онд шинэчлэн баталсан байдаг. Стандартад цэвэр усны эрдсийн хэмжээг 100 мгр хүртэлх гэж заасан. Харин доод хязгаар хэд байхыг тодорхойлоогүй байна. Тиймээс эрдэс болон бусад элементүүдийн хэмжээг дахиж харах, тохиромжтой хэмжээнд батлах шаардлагатайг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Гидрохимийн төв лабораторийн эрхлэгч Жавзан хэлж байна. Тэрбээр "Цэвэр усны стандарт их асуудал дагуулж байсан. Анхны стандарт 2003 онд батлагдсан. Нэлээн хэл ам дагуулж байгаад 2005 онд шинэчилсэн байдаг. Хамгийн сүүлд 2007 онд дахин шинэчилж баталсан. Би “цэвэр ус” гэж нэрлээд байгаа нэршилд нь хүртэл шүүмжлэлттэй ханддаг. Ууж байгаа ус цэвэр байх ёстой байтал яагаад цэвэр гэж нэрлээд байгаа юм. Тэгвэл эрдэсгүй ус гэж нэрлэчихээч гэхээр хүний бизнес рүү халдаж байна гэдэг. Тиймээс “цэвэр ус” гэдгээ цэвэр гэдгээр нь үйлдвэрлэж эрдэст усны эрдсийн агууламжийг тусад нь тогтоож өгсөн. Эрдэст усны стандартыг 100-400 мгр гэж тогтоож өгсөн. Харин цэвэр усны эрдсийг 100-аас бага хэд байхыг нарийн тодорхойлоогүй. Тиймээс үйлдвэрлэгчдийг стандарт зөрчсөн гэх боломжгүй болоод байгаа юм. Эрдсийг нь бүгдийг шүүчихээд эрдэсгүй ус савлаад байна, хүний биед сөрөг нөлөөтэй гэж яриад байгаа эрдэмтэд байдаг гэдгийг тэд мэдэж л байгаа. Ундны усны зохимжтой хэмжээ PH нь 6.5-8.5 гээд заачихаад байхад ундны усны стандартыг зөрчиж PH-ыг 5.5-аар тогтоосон. Нөгөө талдаа эрдсийг ингээд шүүчихсэн байгааг хянахгүй байна. Шүүгч мембран нь усны PH-ыг давхар багасгаад байна. Энэ стандартыг батлуулахдаа нэгэнт мембран фильтэр аваад тавьчихсан юм чинь PH-ыг багаар батлуулъя гэсэн ашиг сонирхол явж байсан байна. Тиймээс савласан цэвэр усны эрдэс болоод бусад элементүүдийн агууламжийг хянаж зохимжтой хэмжээнд аваачих ёстой гэж боддог" гэлээ.

Савласан цэвэр ус үйлдвэрлэгчид нэг ижил төрлийн мембран технологи хэрэглэдэг. Энэ нь усны эрдэс бодисыг бүгдийг нь шүүдэг шүүгч юм. Ийм аргаар цэвэршүүлсэн усны эрдэс бодис багасдаг. Өөрөөр хэлбэл, ус шүүгч мембраны хүчин чадлаас хамаарч байгаа юм. Усны хатуулаг, нян гээд сонгомол байдлаар шүүхгүй бүх эрдэс бодисыг шүүчихээд байгаа нь тоног төхөөрөмжтэй ч холбоотой.  Тэгвэл үүнд хяналт байна уу? Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Одончимэг "Хэзээ ч нийт эрдэсжилт тэг заадаггүй. Тодорхой хэмжээнд 40-50 доод тал нь 7,5-тай  л гарч байгаа юм. Бид стандартаа л барьж хяналт тавина. Бидний дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг техникийн ерөнхий шаардлага учраас лабораторийн шинжилгээнд үндэслээд сорилтын дүнг стандарт үзүүлэлттэй харьцуулж үзээ л дүгнэлт гаргана" гэв.

Стандартад савласан цэвэр усны эрдсийн хэмжээ 100 мгр хүртэлх байж болно гэж заасан. Тэгэхээр 100-гаас хэд дахин бага  байсан ч стандарт зөрчсөн  үйлдэл болохгүй. Тэгвэл яагаад доод хязгаарыг зааж өгсөнгүй вэ? Стандартчилал хэмжилзүйн газрын мэргэжилтэн Даваасүрэн "Стандартыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зарчимтайгаар гаргадаг. Түүнчлэн олон улсын   стандартад үндэслэсэн байх гэдэг. Бид энэ стандартыг гаргахдаа ДЭМБ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас гаргадаг Хүнсний хууль эрх зүйн хорооны стандартыг жишээ татсан байх. Мөн ДЭМБ-ын Уух усны чанарт тавих шаардлага гэсэн зөвлөмжийг харж үзсэн. Яг цэвэр ус гэвэл төдий хүртэлх хэмжээг цэвэр гэнэ, өөрөөр хэлбэл,  харьцангуй илүү эрдэстэй гэдгийг л зааж өгдөг. Хэтэрхий нарийвчилж зааж өгвөл бүгд болдоггүй. Жишээ нь, эрдэс байхгүй гэвэл нэрмэл ус болчихно. Нэрмэл ус өөр стандарттай. Савласан цэвэр усны эрдсийн агууламж 100 мгр-аас ихгүй гээд хэмжээ заагаад өгчихсөн тохиолдолд 0 байх ямар ч үндэслэлгүй. Магадгүй судалгаа шинжилгээ нарийсаад ирэхээр энэ стандартыг өөрчилж болно. Судлагдаагүй ирсэн зүйлийг судлаад ирсэн бол стандартыг өөрчлөхөд татгалзах зүйл байхгүй. Хэрвээ тэгвэл савласан цэвэр усны эрдсийн агууламжийн  доод хэмжээг заагаад өгч болно" гэлээ.

Эрдсийн хэмжээ 200-400 мгр байх нь эрүүл мэндэд зохистой гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Манай улсын ундны усны стандартад эрдсийн хэмжээ 1000 мгр хүртэл байвал “ундны усны” шаардлагыг хангаж байна гэж үздэг. Улаанбаатар хотын хүн амд түгээж байгаа усны эрдсийн хэмжээ эх үүсвэрээс хамааран 70-300 мгр байдаг. Ийм хэмжээний эрдэстэй усанд шүүлтүүр хэрэглэх нь эрдсийг улам багасгадаг байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар манай улс төвлөрсөн усан хангамжаас ирэх усны зөвхөн зэвийг нь шүүхэд л эрдсийн агууламжтай ус хэрэглэх, савласан усаа түүгээр үйлдвэрлэх боломжтой болно гэлээ.

МҮОНР-гийн Баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг.

Нийтэлсэн: Баримт

Цэвэр ус уу, нэрмэл ус уу   
Үзсэн: 6872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.18.xxx] 2018-02-24 11:22
ХАТАН ТУУЛЫН БАЛЛОНТОЙ БОЛООД ЖИЖИГ УСЫГ ХЭРЭГЛЭДЭГ ИХ ЗӨӨЛӨН ГОЁ УС ӨӨР УС ХЭРЭГЛЭЖ ЧАДХАА БОЛИСООН
Зочин [27.123.214.xxx] 2017-02-23 14:00
Хятадын цэвэр усны мэргэжилтэн монголд ирээд хужирт л ууж бна
Зочин [202.131.242.xxx] 2017-01-02 15:38
эрдэсийн агууламж хамгийн бага нь Bonaqua ус юм байх даа. үргэлж хэрэглээд байсан шүд сийгээд эхэлсэн. Вояж, хатантуул, Вита, Хужирт энэ тэр бол арай шаардлагад нийцсэн байна гэж учир мэдэх нэгэн ярьж байсан. ер нь бол Хужирт монголын номер нэг ус .
Зочин [203.91.118.xxx] 2016-12-12 12:34
Савласан ус хэрэглэмээргүй л юм байна

Бидэнтэй нэгдээрэй