Шууд

Д.Төмөртогтох: Уяхан, сайхан сэтгэлтэй, сайн аавын дүр бүтээмээр байна

2017-01-03 14:36:46

“Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор “Мандухай сэцэн хатан” киноны Минхай, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгийн дүрээр дэлгэцэнд мөнхөрсөн Д.Төмөртогтохыг урилаа.

-Удтал хараагүй уран бүтээлчийгээ “Редакцийн зочин”-ыхоо хойморт залж, уншигч олонтойгоо уулзуулж байгаадаа баяртай байна. Хэзээ нийслэлд ирэв.  Хамгийн сүүлд хэзээ кино пробонд орсон бэ?
-Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон “Ану хатан” киноны Булат жанжны дүрийг бүтээсэн. Түүнээс хойш дүрийн шалгаруулалтад ороогүй байж байгаад хамгийн сүүлд  “Марко Поло” киноны Жаха Хамбугийн дүрд шалгууллаа.

-Таны хувьд ихэвчлэн баатар эрсийн дүрийг бүтээдэг. Тийм ч учраас Жаха Хамбугийн дүрд илүү тохирох байх гэж бодсон болов уу. Дүрдээ хэр оров?
-Насны хувьд яг л миний насны хүн хэрэгтэй байсан юм билээ. Өглөө ирээд бараг хамгийн түрүүнд шалгаруулалтад орох шиг боллоо. Ганц намайг биш олон нэртэй жүжигчдийг урьж кино пробонд оруулсан байна. Пробын хугацаа нэлээд богинохон байна. Богино хугацаанд үгээ харж суулгана гэдэг хэцүү л дээ. Залуу байхад дуртай болоод ч тэр үү үгийг дор нь л цээжлээд пробонд орчихдог байлаа. Одоо үг жаахан хүнд сууж байна. Гэхдээ гайгүй байх аа. Өөрийнхөө хэмжээнд дүрээ гаргасан гэж ойлгож байгаа.

-Жаха Хамбугийн дүр танд хэр ойр санагдаж байна вэ?
-Цаанаас ирсэн зохиолыг үзлээ. Тэр зохиол дээр гардаг бие хаа, дуу хоолой зэрэг нь надад байгаа юм шиг байна. Энэ хүний талаар би нэлээд уншиж, судалж байсан болохоор дүрийг нь амилуулахад ойр байлаа. 

-Таны хувьд малын эмч мэргэжилтэй, мэргэжлийн жүжигчин биш. Хэрхэн кино урлагт хөл тавьж байв. Бидний санаж байгаагаар таны хамгийн анхны дүр Минхайгийн дүр байсан болов уу? 
-Тийм ээ. Би урлагийн ямар ч мэргэжил эзэмшиж байгаагүй, малын эмч хүн. Урлагт орсныг яривал их урт түүх болно л доо. Анх 1985 онд улс орон даяар “Бүх ард түмний урлагийн их наадам” болж байлаа. Би тэр наадамд дүүтэйгээ хамт “Эхийн сургаал” дууг дуулж, алтан медаль авсан юм. Тэгсэн МУГЖ Баяжихын Пүрвээ гэх монхор хамартай хүн надаас “Чи кинонд тоглох сонирхолтой юу” гэж асуудаг юм байна. Би ч “Кинонд дургүй хүн гэж юу байх вэ. Хүн болгон л дуртай байдаг байх” гэж хариулсан. Нөгөө хүн миний зургийг аваад явлаа. Тэр үед би Сант суманд механик хийж байсан юм. Нэг өдөр намайг аймгаас Өвөрхангайн театрт дуучнаар авна гэдэг юм байна. Дуулдагтаа эрдсэн ч юм уу театрт дуучнаар орсон доо. Төдөлгүй “Мандухай сэцэн хатан” киноны пров хийж явна гээд Төрийн соёрхолт зураач Б.Пүрэвсүх ах, Л.Шаравдорж ах, Б.Балжинням багш нар Өвөрхангайд хүрээд ирлээ. Б.Балжинням найруулагч намайг хараад “Өө нөгөө таньдаг хүүхэд байна. Чи Өнөболдод проб хий гэлээ. Тэгээд пробонд орсон юм. Түүнийгээ ч мартчихаж. Тэгсэн нэг өдөр кино пробонд оруулалгүй шууд Минхайд тоглуулна гэдэг юм байна. Тэгж л урлагт анх хөл тавьж байлаа. Би урлагтай амьдралаа холбосон нь Б.Балжинням багшийн маань л ач.

-Анх кинонд тоглох болсноо хэрхэн хүлээж авсан бэ. Минхай баатрын дүрээс сүрдэж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Кинонд тоглох нь битгий хэл жүжиглэж ч байгаагүй хүн чинь самгарддаг юм билээ. Юу ч мэдэхгүй болохоороо Б.Балжинням багшаас яаж кинонд тоглох юм бэ, би одоо яах вэ гээд асуулаа. Тэгсэн Минхай баатар гэдэг чинь Д .Төмөртогтох шүү дээ. Өөр юу ч хэрэггүй чи өөрөөрөө л тогло гэсэн. Тэгээд юу ч мэдэхгүй байсан юм чинь явдал гишгээ нь ямар байх юм, нүүр нь яах ёстой юм бол гээд сүрдэж байсан. Б.Балжинням найруулагч намайг кино зохиолчтой нь ч уулзуулж өгч байлаа шүү дээ.

-Минхай баатрын дүр бол үзэгчдийн сэтгэлд хоногшсон сайхан дүр шүү дээ. Мэдээж үүний дараа кинонд тоглох санал олон ирсэн байх?
-“Мандухай сэцэн хатан” кинонд тоглох болчихоод байж байтал Дамдин найруулагч “Мандах нарны туяа” гэдэг кино хийх гэж байгаа, чамд пров хийнэ гэлээ. Надад Д.Сүхбаатарын дүрд тоглуулах проб хийсэн. Би ч нэг их юм бодолгүй проб хийчихлээ. Тэгсэн нөгөө дүр маань Соёлын яамаар батлагдчихдаг юм байна. Харин “Мандухай сэцэн хатан” Төв хороогоор батлагдаж байсан кино юм. Жанжны дүрд тэнцсэнээ Балжинням найруулагчид хэллээ дээ. Багш “Юу ярьж байгаа юм чи. Юу ч мэдэхгүй чадахгүй байж” гээд загнаж байна. Дамдин найруулагч болохоор “Төмөртогтохоо чи Сүхбаатарт л тогловол энэ л дүрээрээ үлдэнэ шүү дээ” гээд ятгаад байдаг. Нөгөө талаас Балжаа багш “Чи түүхэн кинондоо тогло. Ард түмний дунд Минхайгаараа үлдэнэ шүү дээ” гээд байдаг. Тэгээд би жанжнаас татгалзаж, Минхайг сонгож байлаа.

-Анхны дүр алдаа оноогоор дүүрэн л байсан байх. Анхны удаа жүжиглэж байхын бэрхшээл болоод баяр хөөртэй үйл явдлын талаар дурсаж яривал...?
-Хэцүү зүйлс бараг мэдрээгүй. Хэцүү гэмээр зүйл нь халуун наранд, хүнд хуяг дуулгатай явах л хэцүү байсан. Яг л өөрийнхөөрөө байсан болохоор хэцүү санагдаагүй байх.

-Боорчийн дүрийг үзэгчид Минхайгаар төсөөлчих вий гэж их айж байсан-

-“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчийн дүрийг хэрхэн бүтээж байв? 
-Энэ киног Б.Балжинням найруулагч найруулсан. Мандухайд гайгүй тоглосон юм байлгүй намайг ямар ч пробгүй шууд Боорчийн дүрд авсан. Тэр үед миний айж байсан ганц зүйл дахиад Минхай болж харагдчих вий гэх бодол. Гэхдээ тэгээд л тоглоод дуусгасан даа. Энэ кинонд тоглож байх үед миний санаанаас ердөө гардаггүй нэг зүйл байдаг юм. Гол дүрийн жүжигчин Ж.Сүххуяг, Хасар Жагаа, А.Дашпэлжээ ах, Д.Найдандорж найруулагч, С.Сүхбаатар ах бид тав нэг гэрт амьдарч байлаа. Бид хэдийг хоолондоо гээд л дууддаг байсан. Өдрийн хоол л доо. Тэгээд л хугархай шанага, том том түмпэн бариад явна. Нэг өдөр байлдааны үед хэрэглэгддэг, дэлбэрдэг дарь аваад өдрийн хоолондоо явдаг юм байна. Энэ дэлбэрдэг юм гэнэ лээ. Яахыг нь харъя” гээд оготны нүхэнд хийж байгаад шүдэнз зураад тавьсан чинь ерөөсөө дэлбэрдэггүй. А.Дашпэлжээ “Яахаараа дэлбэрдэггүй юм бэ” гээд дээрээс нь тонгойгоод, Ж.Сүххуяг хажуу дээгүүр нь өнгийгөөд харж байтал өмнөөс нь пүр хийгээд утаа май, тоос шороо татаад явчихдаг юм байна. А.Дашпэлжээ ахын хөмсөг, сормуус, сахал нь хуйхлагдаад юу ч үлдсэнгүй. Бид нар бөөн хөхрөлдөөн болсон доо. Өөрөө ч юу болсныг сайн мэдэхгүй “Яасан бэ, яасан бэ” гэж гүйгээд байсан. Усны машины толинд харж байж л итгэсэн дээ. Харин Ж.Сүххуягийн өрөөсөн тал хуйхлагдсан байсан юм. Дахиад л Бадамсүрэн эгчийг гуйж байгаа юм даа. Бид нарыг загнаж байгаад шөнөжин сууж сахал, үс, хөмсөг сормуусыг нь хийж өгч байлаа.

-Энэ кинонд тоглож байх үед чинь өөр кинонд давхар тоглох хүсэлт ирж байсан гэж сонссон?
-Тэр үед Хишигдож найруулагч “Аянгат цагийн дууль” кино хийж байсан юм. Г.Равдан ахаас Баянак ямар жүжигчин тохирох вэ гэж асуужээ. Тэгсэн Равдан ах Баянак гэдэг бол ерөөсөө Минхай л байгаа юм гэж хэлсэн гэдэг. Намайг кино үйлдвэр дээр явж байтал “Гул Аранжин”-д тоглодог Л.Хишигдорж хүрч ирээд “Би нэг кино хийх гэж байгаа. Чи пробонд ороотохооч” гэлээ. Тэгээд пробонд орлоо. Тэр үед “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалт Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаанд үргэлжилж байсан. Нэг өдөр л Л.Хишигдорж дуудаж байна гэлээ. Тэр үед одоогийнх шиг гар утас гэж байсангүй. Шуудангаар л ир гэсэн захиа явуулжээ. Гэтэл Б.Балжинням багш дуудаж байна. Намайг “Чи хаашаа янзын савсагануур нөхөр вэ. Янз янзын юманд орж явдаг” гээд л загнаж эхэллээ. Би өмнөөс нь “Яасан багш аа” гээд л мэдэн будиллаа. Чи чинь “Аянгат цагийн дууль” гэдэг киноны провонд орсон юм байна шүү дээ. Чи түүнийгээ мэдэж байна уу, үгүй юу гээд л загнаж байна. Би явахгүй гэсэн. Багш жаахан загнаж байгаад “Би чамайг эхний киноноос чинь аваад үлдсэн. Харин одоо явуулна” гэж хэлээд намайг хоёр кинонд тоглохыг маань зөвшөөрч байлаа. Тэгээд явуулахдаа “За чи үс, сахалдаа гар хүрэв ээ” гэж захисан.

-“Аянгат цагийн дууль” дээр та үс, сахалгүй тоглосон байдаг биз дээ?
-Тийм ээ. “Аянгат цагийн дууль”-ийн эхний зураг авалт дээр л үс, сахлаа авахуулчихдаг юм байна. Б.Балжинням найруулагчтай уулзана гэхээс аймаар санагдаж, халгаж байлаа. Ганц захисан юмыг нь биелүүлээгүй болохоор хэцүү байсан. Тэгээд Балжинням багштай уулзаж чаддаггүй ээ. Нүүр хувиргагч Бадамсүрэн эгчид л “Та яг миний үс, сахлыг урьдынх шиг болгоод өгөөч” гэж хэлээд гуйлаа. Намайг жаахан загнаж байгаад л нэг орой сууж, намайг үс сахалтай болгож байлаа. Багш тухайн үед юу ч мэдээгүй байсан. Дараа нь хэлж бөөн инээд болж байсан юм.

-Заримдаа утсаар ярихдаа “Минхай байна аа” гэчих гээд байдаг-

-Таныг хүмүүс нэрээр чинь дуудах нь ховор байх. Бидэнд ч таныг хараад шууд л Минхай гэх нэр орж ирж байна?
-Хүмүүс киноны дүрээр ихэвчлэн нэрлэнэ, дуудна. Уран бүтээлчид ч Д.Төмөртогтох гэдэг нэрийг тэр бүр мэддэггүй. Энд тэнд таарвал үеийнхэн болоод залуучууд Минхай л гэдэг. Би ч энэ нэрэндээ дасчихаж. Заримдаа утсаар ярихдаа “Минхай байна аа” гэж хэлчих гээд байдаг юм. Ард түмэн хайртай байдаг болохоор Минхайгийнхаа дүрд илүү хайртай.

-Сүүлийн үед монгол кинонууд нэлээд гарах боллоо. Танд кинонд тоглох хүсэлт хэр ирдэг вэ?
-Урилга ирнэ. Ажил төрлийнхөө зав зайг харж байгаад шийдвэр гаргадаг. Харин телевизийн олон ангит кинонд тоглооч гэх хүсэлтэд тэр бүр нааштай ханддаггүй. Би өөрөө сонирхдоггүй юм. Яагаад гэдгийг сайн мэдэхгүй. Угаасаа л дургүй.

-Тоглосон киногоо эргээд үзэхэд ямар сэтгэгдэл төрдөг бол. Зарим жүжигчид үзэх дургүй байдаг юм билээ?
-Ер нь өөрийнхөө киног үзэх хэцүү дээ. Эхлээд хүмүүс үзээд чиний бүтээсэн дүр ийм байна, тийм байна гэж хэлснийх нь дараа үздэг. Тэгээд үзэхээр дандаа алдаа харагддаг. Арга байхгүй киноныхоо нээлт дээр бол сууж л байгаа юм даа.

-Олны газар явахад ер нь хэцүү биз?
-Олны газар нэг их танигдахгүй л явахыг хичээнэ дээ. Нөгөө том, том дэлгүүрээр нь явж чадахгүй юм чинь захаас л юмаа цуглуулна. Захын худалдагчид чинь “Минхай ах аа,  манайхаас юм ав” гэнэ шүү дээ.

-Та одоо Өвөрхангай аймагт амьдарч байгаа гэж сонссон. Юу хийж аж төрж байна. Малынхаа эмчийг хийж байна уу? 
-Өвөрхангай аймгийн Баянгол суманд мал эмнэлгийнхээ үйл ажиллагааг явуулаад л байна даа. Эхнэр маань бас малын эмч мэргэжилтэй хүн байдаг. Энэ мэргэжлийг би их сүүлд эзэмшсэн. Нөгөө алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр 2000 онд малын эмчээр төгсөж байлаа.

-Гэр бүлийнхнийхээ талаар яриач? 
-Би дөрвөн хүүхэдтэй. Том охин маань бидний мэргэжлийг өвлөж Нарийнтээл суманд малын эмчээр ажилладаг. Дараагийн хүү маань СУИС-ийг дуулаачаар төгсөж, Дархан-Уул аймагт ажиллаж байгаад сая Өвөрхангай аймагтаа очсон. Удаах охин маань Нийгмийн даатгалын ерөнхий газарт мэргэжилтэн хийж байгаад сая мэргэжил дээшлүүлэхээр БНСУ руу явчихлаа. Бага хүү маань КУДС-ийг зураглаачаар төгсөөд магистрт сурч байгаа. Есөн ач, зээтэй.  

-Ингэхэд та хүүхдүүдээ урлагийн хүн болоход нь хэр дуртай байсан бэ? 
-Урлагийн хүмүүс “Урлаг хэцүү, хүүхдээ урлагийн хүн болгохгүй” гэж их ярьдаг. Би харин тэгдэггүй. Би урлагт хайртай учраас хүүхдүүд маань тэр урлагийг цааш авч явах ёстой гэж боддог. 

-Танай удамд жүжиглэдэг, дуулдаг хүн байсан уу. Авьяас өвлөгддөг гэж ярьдаг?
-Миний ээж их сайхан дуулдаг хүн байсан. Малчин хүн байсан л даа. Хүмүүс найранд урьж дуулуулдаг байсан гэдэг юм. Ээжээсээ л анх дуулахыг сурсан хүн дээ би.  

-“Зүрхэнд шивнэсэн үг” кинонд Дэлэгийн дүрийг бүтээж байсан. Тэр үеийг дурсвал?
-Ер нь би кинонд 10-11 жилийн зайтай тоглоод байдаг. Яагаад гэдгийг мэдэхгүй, тэгж л таараад байдаг юм. Бас дээр нь би чинь хөдөөний хүн болохоор хэцүү шүү дээ. Тэр бүр кинонд тоглоод байдаггүй. Нэг өдөр О.Бат-Өлзий хүрч ирээд “Чи 10 жил кинонд тоглолгүй завсарлачих юм. Ард түмэн чамайг үгүйлээд байна. Найз нь анхны киногоо хийж байгаа юм. Чи тоглоод өгөөч” гэдэг юм байна. Намар цаг байсан болохоор малын угаалга, ариутгалын ажил ид өрнөж байлаа. Хүн гуйж байхад чинь “Найз нь зохиолыг чинь аваад үлдэе” гэж хэлсэн. Ажлынхаа хажуугаар амжуулаад зохиолоо уншсан. Кинонд хамгийн богинохон гардаг дүрийг нь сонгож авсан. Тэр нь Дэлэгийн дүр юм.

-Хүмүүс энэ киног үзээд их уйлдаг гэж ярьдаг юм билээ. Та өөрөө үзэхэд ямар мэдрэмж авдаг вэ?
-Өөрөө үзэхэд ч их хэцүү кино шүү дээ. Би энэ кинонд бараг 40 хүрч байхдаа тоглосон юм байна. 

-Таныг хаанаас нь ч харсан цэргийн хүн гэж андуурмаар...?
-Яахав цэрэг армид нэлээд хэдэн жил байсны зан чанар одоог хүртэл байдаг юм болов уу даа. Найман жил цэрэгт алба хааж байлаа. Барилгын цэргийн 0119 дүгээр 1976 онд анх цэрэгт татагдаад өөрийн хүслээр улирч үлдсэн юм. Тэндээ гэр бүлийн хүнтэйгээ учирсан. Армид үндсэндээ таван жил ажилласан. Дараа нь эхнэр маань сургуулиа төгсөж, орон нутагт ажиллах хувиар авахад нь би дагаж явсан даа. Цэргийн ангиасаа гарах гэж жил шахам хөөцөлдсөн. Олон жил цэрэгт ажилласан болохоор цэргийн дүрэм журам, амьдралыг сайн мэддэг учраас тэр чиглэлийн дүрийг бүтээхэд ч амар санагддаг.


-Би урд насандаа их мундаг баатар байсан байх-

-Баатруудын дүрийг яаж тэгж сэтгэлд буутал гаргадаг байна. Ямар нэгэн нууц байна уу?
-Би урд насандаа их л мундаг баатар эр байсан юм байлгүй. Тэрний сүнс надад ирчихээд тэгээд л найруулагчид намайг баатрын дүрд их дууддаг бололтой. /инээв/ Ямартай ч ямар нэгэн дүр бүтээгээд дараа нь бодож байхад баатрын л дүр бүтээсэн байдаг юм.

-Жүжигчин хүн түүхэн кинонд их ач холбогдол өгдөг. Таны хувьд...?
-Би жинхэнэ малчны монгол хүүхэд. Манай аав, өвөө дандаа л монгол ахуй соёлын ном сэлт хадгалдаг байсан. Өөрсдөө ч тийм ахуйн хүмүүс байсан. Минхайд тоглох үед миний хуучны үг хэллэг, бүдүүн тоймын яриа тэр дүрд их тохирч байсан гэдэг юм. 

-Жүжигчин хүний хувьд ийм дүр бүтээчих юмсан гэх бодол байна биз?
-Тийм дүр бүтээчих юмсан гэсэн санаа нэг их төрөөд байдаггүй. Зохиолч, найруулагчид л надад ийм дүрд тоглох уу гэж санал тавьж байснаас би ийм дүрд тогломоор байна гэж хэлж байгаагүй юм байна. Хааяа уяхан, сайхан сэтгэлтэй сайн аавын дүр бүтээмээр санагддаг болсон.

-Та СТА цол тэмдгээр хэзээ энгэрээ мялаасан билээ?
-Би СТА цол, тэмдгийг 1999 онд авсан. Одоо бол хэн хүнгүй л зүүж байна. Намайг харин ч хожуу авчээ гэдэг юм. Тэгсэн тэр сайхан тэмдэг маань одоо энэ УИХ-ын гишүүдийн халаасанд явдаг сурагтай. Бүртгэл, хяналт гэж байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Ер нь заавал СТА гэлтгүй “Тэргүүн” гэдэг цол тэмдгийн тухай ярих хэрэгтэй юм болов уу. Би 15 жил малын эмч хийсэн. Тэгсэн чинь одоо надад Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан гэх цол тэмдэг байхгүй. Харин манай малчид захаасаа эхлээд авчихсан байдаг юм. Тийм л болчихсон үе ирсэн юм байна. Тэгэхлээр тэрийг авах гээд хүсээд байхын ч хэрэг алга. 

-Та олон ангитай кинонд тоглож үзээгүй, тийм кинонууд сэтгэлд нийцдэггүй гэсэн. Яагаад тэр юм бол..?
-Угаасаа л сонирхолгүй. Миний тоглосон “Аянгат цагийн дууль”-ийн Баянак л гол дүр болохоос бусад дүрүүд дандаа туслах дүр шүү дээ. Тэгэхээр би жаахан дүрийг ч сайхан амилуулчихсан гэж боддог юм. Орой болгон гардаг аахар шаахар юм хөндсөн дүрд тогломооргүй санагддаг. Тэгж “доош ороод” яах билээ.

-Сүүлийн үеийн жүжигчдэд шүүмжлэлтэй хандах зүйл байна уу?
-Нийгэм нь өөр юм даа. Тэр үед өнөөгийн жүжигчид байсан бол бид нарын тоглолтыг гаргаж чадахгүй байсан байж магад. Залуу жүжигчид Солонгосын киног дууриагаад, нүүр, бие хөдөлгөөний тоглолт хийгээд байгаа юм. Дотоод сэтгэл гэж байхгүй. Зохиолд нэг үг ч гэсэн үнэтэй байдаг. Жүжигчин дүрдээ орж тоглох хэрэгтэй. Сүүлийн үед зүгээр л нэг цэмцгэр, гоё хүмүүсийг аваад байх юм. Жүжигчин болгон сайхан байх албагүй. Гоё хувцастай, гоё нүүр царай харуулах гээд байдаг. Яг дүрээ ойлгохгүй байгаа юм шиг санагдах үе олон байдаг шүү.


-Намайг хүмүүс “Талын жүжигчин” гэдэг-

-Та урлагийнхантай хэр ойр харилцаатай вэ?
-Нэг их нэгнийдээ ирж, очоод байдаггүй. Тийм боломж ч ховор юм. Нэг киноны пробнд орох, хаа нэгтээ уран бүтээлийн ажлын сэжмээр л бие биетэйгээ уулздаг даа.

-Олон сайхан монгол баатрын дүр бүтээсэн таниас залуус их зүйлийг сурахыг хүсдэг байх. Шавь болох хүсэлтэй залуус хандаж байна уу?
-Хэн надад хандах вэ дээ. Би ямар мэргэжлийн заавар зөвлөгөө өгч мэдэх биш. Аяндаа л сайн жүжигчин, бүтээл, ард түмнийхээ сэтгэлд мөнхрөөд надтай, надгүй гараад ирэх юм чинь. Би аливаа жүжигчний дамжаа, сургуульд ч ер сурч байгаагүй. Төрмөл жаахан авьяас гэх юм уу даа. Намайг хүмүүс “Талын жүжигчин” гэдэг юм.

-Та кино урлагаа хэр санаж байна?
-Саналгүй яахав. Нэг хэсэг урлагаа их санаж байлаа. Зурагтаар өөрийгөө харахаар их сайхан дурсамжууд сэдэрдэг. 1990 он их хэцүү үе байлаа. Би театраас гараад Хархоринд гахай маллаж байсан юм. 120 гаруй гахай өсгөж, үржүүлнэ гэдэг их хэцүү. Тэр үед зурагтаар өөрийгөө үзээд, бусад хүмүүсийн дуулж, жүжиглэж байгааг хараад дотроо уйлдаг байлаа. Хүн чинь тэгдэг л юм байна билээ. Одоо бол ерөнхийдөө гайгүй болчихсон.

-Хамгийн урт натур ямар кинон дээр байв?
-“Мандухай сэцэн хатан” кинонд л жил гаруй явсан даа. Миний дүр энэ кинонд бага гардаг. Гэхдээ л дүр бүтээж яваа болохоор явчихаж болдоггүй. Энэ үед гэргий маань л ар гэрийг минь авч явлаа. Би чинь эхнэртээ “хайртай шүү, чамдаа баярлалаа” гэж хэлж үзээгүй шахуу хүн. Гэхдээ хэлж баймаар юм билээ. Одоо харин ганц нэг үг цухуйлгадаг болсон шүү. 

-Хүүхдүүд тань ааваараа их бахархаж ярина биз?
-Нэг хөгжилтэй дурсамж ярихад хүүхдүүдийн маань нэг цэцэрлэгтээ очоод “Багш аа, би хоёр аавтай. Нэг нь гэрт байдаг аав, нөгөө нь зурагтан дотор байдаг” гэж хэлээд багшдаа зэмлүүлж байсан гэдэг. Тэгэхээр ааваараа бас бахархдаг л байх даа.

-Манай “Редакцийн зочин”-ы хойморт заларч, халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Дахин нэг баатарлаг жанжны дүрээр, тэр дундаа дэлхийн кино урлагийн дэлгэцнээ харах тэр өдрийг хүлээж суух жаргал бидэнд үлдлээ. Танд сайн сайхныг хүсэн ерөөе? 
-Та бүхэнд мөн баярлалаа. Ерөөл бат орших болтугай. Хонин жилдээ Монголын ард түмний маань амьдрал ахуй нь сайн сайхан, хүн бүр сурсан, мэдсэн ажлаа сайн хийхийг ерөөе. Амжилт хүсье.

MNB.mn сайтын редакци
2015.03.18


Д.Төмөртогтох: Уяхан, сайхан сэтгэлтэй, сайн аавын дүр бүтээмээр байна   
Үзсэн: 1070 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй