Шууд

П.Алтанцэцэг

Сэтгүүлч


Тал дээр унасан жавар салхи нь ташуур алдам хүйтэн байна аа...

2017-01-09 18:04:38

Хэнтий аймгийн Бэрх тосгоноос ...

Хүйтэн байна аа, хүйтэн байна. Балчир гурван ес дундаа орчихсон Дорнод Монголын уудам тал битүү цасанд хучигдан дүнсийнэ. Зундаа хур бороо багатай, өвс ногоо тачирхан, гандуу байсан болохоор их цасыг “Эрийн сайн“-аар нэвтэлж гарсан ганц нэг дэрсэн толгой энэ хатуу цагийг яаж давж, хаврын урьтай золгоно доо гэж зүрхшээх шиг салхины аясаар бөхөлзөн байх нь тун уйтай. Болдоо жолоочийн хичээл зүтгэл, машины чадлаар бүхээг дотроо дулаан бас тухтай... Сүүлчийн авсан “Цагаан заан“ маань хүчтэй, чадалтай байна. Харин талдаа бол ташуур алдам хүйтэн, тасхийгээд л алгадаж байна. Камер царцаж, цантаж, дуу хураагуурын утас мод болтлоо хөлдөх энүүхэнд. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нэрийн хуудас болсон барга хонины хөшөөн дээр нэвтрүүлгийн эхлэлээ хийх гэсэн чинь уруул эвлэж өгөхгүй, хоолой руу хүйтэн салхи үлээгээд арай гэж хэдэн өгүүлбэр хэллээ.

Хүүхдийн “бурхан” эмч

Бэрхэд жоншны томоохон үйлдвэр ажиллаж, Орос, Монголын уурхайчид “Найрамдал-Дружба“  гэж бие биенээ элгэмсэн тэврэлдэж, ажил амьдрал буцалж байсан цаг саяхан. Одоо ч Оросууд амьдарч байсны ул мөр саглагар бүдүүн модод тосгоны гудамжийг чимж харагдана. Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Батжаргал, хүүхдийн эмч Я.Дарьбазар гэж гэр бүлийн энэ хоёр эмч энд 32 жилийн өмнө хөтлөлцөөд ирсэн түүхтэй. Хүний нутагт хүнийрхэлгүй сууж, хүүхдийн “бурхан” эмч болтлоо Я.Дарьбазар эмч хичээл зүтгэлтэй ажиллаж ирсэн нэгэн аж. Я.Дарьбазар эмчийг анх ирэхэд Бэрхийн хүүхдийн эндэгдэл одоогийн Афганистан шиг байж. Хүүхдийн мэргэжлээр АУДС-ийг төгсөөгүй залуу бүсгүйг “Нам“ шууд л хүүхдийн эмчээр томилчихож.

Ингэж Я.Дарьбазар эмч яг тэр томилолтын дагуу, яг хуваарилсан газарт нь 32 дахь жилдээ хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Тэр үед нам тийм хүчтэй, намын удирдлагууд нь жинхэнэ “ХҮН“ бас “ДАРГА“ байсан юм . Хэлсэн үг нь ийм жинтэй байлаа. Нийслэлийн нэгдүгээр сургууль төгссөн, айлын ганц охин ийнхүү Сүхбаатар нутгийн хүү, нөхөр Батжаргалыгаа дагаж Монголын зүүн хязгаарыг зорьсон түүхтэй. Анх “Баянзүрхийн товчоо” руу орж ирэхэд аав, ээжээ санасан сэтгэлээр ивлэдэг байсан Я.Дарьбазарын нулимс одоо огт үгүй болж, “Баянзүрхийн товчоо”-гоор гараад Бэрх рүү зүглэхэд сэтгэл нь баяр хөөрөөр дүүрдэг болжээ.

Хүн өөрийгөө хөглөж, хөгжүүлж чадвал хөдөө хөхөрч, гадаа гандана гэдэг худлаа болохыг Монгол Улсын зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч, АУ-ны магистр, Клиникийн профессор болтлоо сумын эмнэлгээс өсөж өндийсөн эмч Я.Дарьбазарын бодит амьдрал залуучуудад үлгэр дууриал болох биз ээ.  Хүүхдийн Сүүний газрын дамждаг өрөөнд цагаан ороо зэрэгцүүлж тавиад  айл болж байсан  Д.Батжаргал, Я.Дарьбазар хоёр Бэрх тосгоны уугуул болтлоо суурьшжээ.

... Хажуу газар ургана гэдэг нь
Хайлаас модны жам юмаа хө
Хадмын газар очноо гэдэг нь
Бүсгүй хүний заяа юм даа...  

Бэрх тосгоны хүүхдийн эмч Дарьбазарын тухай “Ээлийн цагаан мөр“ нэвтрүүлгийг Монголын мэдээ“ сувгаар хүлээн авч үзээрэй.

Алтангарьд нэртэй “хүүтэй” болов

Бэрхийн эмнэлэг дээр ажиллаад дуусч байтал нэгэн ээж төрөхөөр ирсэн. Нэвтрүүлгээ баяжуулж зураг нэмж авах санаатай жаахан саатъя, гэхдээ мөд төрөхгүй бол явъя гэсэн бодолтой хүлээж байтал  Өнөрчимэгийн өвдөлтийн хугацаа ойртсоор нэгдүгээр сарын 4-ний өдөр дунд  37ОО грамм жинтэй хүү төрөв. Бэрхийн шинэ оны анхны хүүхэд гэнэ. Хүүг Бэрх тосгоны сум дундын эмнэлгийн ахлах зэрэгтэй эх баригч  Г.Энхмаа, МУ-ын зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч, АУ-ны магистр, Клиникийн профессор Я.Дарьбазар тэргүүтэй багийн халуун гартай хамт олон шинэ хүнээ хүлээж авлаа. Дээр нь төрөх өрөөнд манай залуу зураглаач Алтангарьд ажилласан. Төрөх үйл явцыг нэгд нэгэнгүй аваагүй ч төрөлтийн бүхий л үйл явцыг тэр мэдэрч байсан. Зураглаачаа гарч ирэхээр нь юм асуусан чинь огт дуугардаггүй. Тэгснээ хэсэг уйллаа. Их юм бодогдоо биз, бодвол  муу ижийгээ өрөвдөө байлгүй... 

Алтан дэлхийд анх хүн болж унахад зураг дүрсийг нь авсан манай зураглаачийн нэрийг ээж нь хүүдээ өгч баруун чихэнд нь “Алтангарьд “ гэж шивнэснээр энэ үйл явдал өндөрлөв. “Алтангарьд“  үнэхээр ч хүчтэй, сүртэй сайхан нэр юм даа... Хөвгүүн, хүн төрсөн бэлэгтэй сайхан үйл явдал ч бидний сэтгэлийг хөдөлгөж, хөглөв.  

Барга Төмөрийнд

Цас их, зам хаагдсан учир Баян-Овоогоор Хөлөнбуйр руу очих нөхцөл байсангүй. Эргэж Өндөрхаан орж байж Дорнод аймгийн Хөлөнбуйр руу гарлаа. 194О-өөд оны үед Монгол нутгаа тэмцэж ирсэн баргуудын төв нутаг, барга хонины өлгий Хөлөнбуйр сум цас ихтэй, хүйтэн байна.

... Могой шинжийн Оршуунаар
Модон гүүрээр гарлаа даа
Мунхагтаа манайхан нүүгээгүй
Монгол угсаатнаа дагалаа даа ...

гэж дотогшоо гүн гунигтай дуулсаар Ар Халхаа зорьсон Баргуудын аж амьдрал, ёс уламжлал тун сонирхолтой. Яг ингэж дуулсаар Монголдоо Монголоороо амьдаръя гээд ӨМӨЗО-оос Хөлөнбуйр сумын нутагт нүүж ирсэн Барга Монгол айлд хэдэн цаг ажиллалаа. Баргын биет соёлын өвийг яг тэр чигээр нь хадгалж ирсэн Ж.Төмөр, Б.Улаантуяа  хоёр барга гэрээ, чингэлэгүүдээ, гэрийн дотор тавилга энэ бүгдээ ачаад л Баяннуур аймгаас ирсэн байна. Цай чанах, дээл хийх, зоог шүүс  бэлтгэх, гэрийн соёлоо яг хэвээр нь хадгалсан нь гайхалтай. Малын бэлчээр хомс учир бэлчээрийн малаа хариулж, нүүдэлчин Монголын амьдралаараа амьдаръя гээд гарсан гэнэ. Тэднийх таван жилийн гэрээтэй. 1995 онд нутагтаа мянгат малчин болсон тэрбээр одоо туслах малчинтай, Хөлөнбуйр суманд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Туслах малчнаа малтай болгож бас гэрэл тогтой байшинд суулгасан байна.

Урд гүрний ард түмний ажилсаг чанарыг шингээсэн гэрийн эзэгтэй Улаантуяа Монголд тарьсан хүнсний болон зэрлэг ургамлуудыг амталж дарна гэдгийг ёстой  үзүүлээд өгчээ. Монголчуудын нохойд хаяад өгчихдөг үхрийн тагалцгаар исдүүжин хийжээ. “Монголчууд дэндүү баян байна, толгой, цувдайг бөөн бөөнөөр нь хаяж байна. Хятадад гүзээний шөл гэхэд ямар өндөр үнэтэй билээ, ухаантай, бас гамнаж амьдрах хэрэгтэй“ гэж тэд ярьсан.   Барга дээлээ гараар хавж оёдог ёс заншил, хоол ундаа дээдлэн хэрэглэж байгаа, барга монгол гэрийн уламжлал, хэл яриа, ёс заншлыг бид биш, түм, буман Хятадын дунд ажиллаж амьдарч байгаа Өвөрмонголын баргууд авч үлджээ. Бидэнд бусдаас суралцах, өөрийгөө цэнэх ухаан дутаж байна. Дээр нь ардчилал, эрх чөлөөгөөр хэтэрхий их “гулгиж“ байгаа нь биднийг мөхөл рүү ойртуулаад байх шиг...

Барга Төмөрийнхөөс  хийсэн сурвалжлагыг “Нэг өдөр“, “Эргэх 4 цаг” нэвтрүүлгээр “Монголын мэдээ” сувгаар хүлээн авч үзээрэй. 

...ХААН МЭТ ТАХИХ 0-З НАС
ХАТАН МЭТ ТОЙГЛОХ З-6 НАС
ХАРЦ МЭТ СУРГАХ 8- 13 НАС
ХАНЬ МЭТ ЗӨВЛӨХ 14-25 НАС  ...
... ИДЭШ УУШ ИХТЭЙ ГАЗАР ХҮҮХЭД СӨӨМ ӨСДӨГ
ИНЭЭД БАЯСАЛ ДУНД ХҮҮХЭД ТӨӨ ӨСДӨГ

ИТГЭЛ ХАЙР ДУНД ХҮҮХЭД ТОХОЙ ӨСДӨГ
ЭРДЭМ АЖИЛ ДУНД ХҮҮХЭД АЛД ӨСДӨГ ...

Хэнтий аймгийн Бэрх тосгоны эмнэлгийн хананд ингэж бичжээ. Санаж явахад илүүдэхгүй үг шүү, хүмүүс ээ.

Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг. 2017 он. 1-р сарын 9. Дорнод Хөлөнбуйр









Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Тал дээр унасан жавар салхи нь ташуур алдам хүйтэн байна аа...   
Үзсэн: 3764 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [176.153.0.xxx] 2017-01-12 23:40
Ягаан малгайтай босоо улаан црглог байна сайхан бмчсэн байна амжилт төрөө
Зочин [202.70.34.xxx] 2017-01-12 18:33
nudend hargadaal ybchihlaa....
zochin [202.9.41.xxx] 2017-01-10 19:04
saihan niitlel baina bayarlalaa
Зочин [202.70.34.xxx] 2017-01-10 16:07
Яасан ч олз омогтой, эрэл хайгуултай, аз жаргалтай, сонирхол дүүрэн өнгөрөөв дээ. Бүр атаархчихлаа. Сайхан байна
Зочин [202.70.34.xxx] 2017-01-10 16:07
Wow, Пөөөөөх л дөө сайхан томилолт байна даа
Зочин [202.70.34.xxx] 2017-01-10 15:16
Àëòàà ñýòã¿¿ë÷èéí áè÷ñýí òýìäýãëýëèéã óíøèõ èõ äóðòàé, óíøèõàä óðàìòàé ñàéõàí áàéäàã þì. Ýíý óäààãèéíõ ÷ òèéì ë ñàéõàí áàéëàà. Òàíä óëàì èõ àìæèëò õ¿ñüå.

Бидэнтэй нэгдээрэй