Шууд Chart

Хорих ангийн удирдлагууд өмгөөллийн нууцад халддаг уу

2017-01-25 14:28:34

Тухайлбал, цагдан хорих 461-р анги. Энэ ангид өдөрт 700 гаруй сэжигтэн яллагдагч, ар гэрийнхэн болон өмгөөлөгчтэйгөө уулздаг. Уулзах газар нь хааш хаашаа хоёр метр квадрат хүрэхгүй шахам, хоорондоо ханаар тусгаарлагдсан, дундаа торон таславч бүхий хоёр өрөө. Энэ өрөөнд өмгөөлөгч сэжигтэнтэй зөвхөн ярилцах  боломжтой. Ямар нэг бичиг цаас дамжуулах боломжгүй байдаг байна. Хэрэв сэжигтэн өөрийн санал, хүсэлтээ өмгөөлөгчдөө бичгээр өгөхийг хүсвэл хорих ангийн удирдлагуудаар дамжуулж өгдөг журамтай. Өөрөөр хэлбэл, сэжигтний санал гомдлыг хорих ангийн удирдлага уншдаг болж таарах нь.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд “Хуульчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой бүхий л мэдээлэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууцад хамаарна” гэж заасан байна. “Иймээс өмгөөллийн үйл ажиллагаа болон үйлчүүлэгчийн нууц хуулийн хүрээнд нууцлагдсан байх ёстой. Шуудхан хэлэхэд өмгөөлөгч, сэжигтэн хоёрыг шууд бичгээр харилцах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хоёр хүний хоорондоо ярьсан зүйл шүүх хуралд баримт болохгүй. Харин сэжигтний бичгээр үйлдсэн мэдээлэл шүүх хуралдаанд баримт, нотолгоо болно” гэж Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар онцоллоо.

Иймээс өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нар цагдан хорих 461-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Манай улсын хорих анги, цагдан хорих байрын стандарт хаана ч нүүр улайхааргүй болсон. Цаашид өмгөөлөгч, сэжигтэн яллагдагчидтай илүү нээлттэй уулзах орчин нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Үүнийг хорих ангийн удирдлагууд биш бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдын түвшинд ярих асуудал” гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга С.Бямбацогт хэлсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Цагдан хорих байранд хууль зүйн туслалцаа авах асуудал хэвийн байна. Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс өмгөөлөгч сэжигтэнтэй чөлөөтэй уулздаг байх тухай шаардлага тавьж байна. Хэт чөлөөтэй байх нь өмгөөлөгчийн биед халдахаас эхлээд хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй. Харин хоорондоо бичгээр мэдээлэл солилцох тал дээр анхаарна. Энэ мэт засаж сайжруулах зүйл байвал Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа тусгаад явна” гэлээ.

Нийтэлсэн: Г.Батзаяа

Хорих ангийн удирдлагууд өмгөөллийн нууцад халддаг уу  
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй