Шууд Chart

Хивс үү, хивсэнцэр үү

2017-02-20 16:20:44

Баримт 1: “Монгол” хивсийг дуурайлгаж хийсэн хивсэнцрийг “Нарантуул” олон улсын худалдааны төвд 2-3 дахин хямд өртгөөр борлуулж байна. Үндэсний үйлдвэрийн барааг  хуулбарлан хилээр оруулж ирсэн нь Зохиогчийн эрхийн тухай хуулийг давхар зөрчиж байна.

МҮОНР-гийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг “Нарантуул” худалдааны төвийн хивс зардаг хэсэгт очиход монгол хивсний загвар, хээг хуулбарласан хивсэнцэр өрөөстэй байлаа. БНХАУ-д үйлдвэрлэж, оруулж ирсэн хивсэнцрүүд дунджаар 120 мянган төгрөгийн үнэтэй. Хилээр нэвтрүүлэхгүй л байвал оруулж ирэхгүй шүү дээ гэх тайлбарыг худалдагч бидэнд хэлсэн юм.

БНХАУ-д үйлдвэрлэж, оруулж ирсэн хивсэнцрүүд дунджаар 120 мянган төгрөгийн үнэтэй.

Худалдагч “Лангуун дээр дэлгээд тавьчихсан хивсний зургийг аваад л Хятадад очоод хуулбарлаад үйлдвэрлэчихдэг.  Хүн болгон монгол хивсээ авч чадахгүй ш дээ. Тийм болохоор хивсэнцэр авна. Хивсэнцэр нь эдэлгээний хувьд яагаад ч монгол хивсийг гүйцэхгүй. Үнэ нь ч хямд. Монгол хивсний  дундаж үнэ 300 мянга орчим байхад хивсэнцэр нь 120 мянган төгрөг. Харахад хээ хуар гээд бүх зүйл нь ижилхэн. Ганцхан материал өөр. Монгол хивсийг ноосоор хийдэг бол хивсэнцрийг нийлэг утсаар  хийдэг. Ялгаж мэддэг хүн байна, мэддэггүй ч хүн байдаг. Хивсэнцэр барьчихаад хивс үү гэж асууж л байдаг шүү дээ. Хэрвээ хил гаалийнхан оруулахгүй бол бид нар ч оруулж ирэхгүй шүү дээ. Мөнгөөрөө авчирчихаад байхад хурааж авбал хэцүү шүү дээ. Тиймээс гааль дээрээ хяналт шалгалтаа чангатгачихвал хүн болгон хилээр нэвтрүүлэхгүй ш дээ” гэж ярилаа.  

Иргэдийн хамгийн их сонгон хэрэглэдэг найман тахилт, өргөө, хурдан морь, чонын зурагтай 29 загварын хивсийг хуулбарлан зарж байсныг “Эрдэнэт хивс” компани Оюуны өмч, улсын бүртгэлийн газартай хамтран шалгалт хийж хураасан. “Эрдэнэт хивс” компани бүтээгдэхүүний загвараа оюуны өмчөөр баталгаажуулсан ч, хуурамч хивсний худалдааг зогсоож чадахгүй байна. Тус компанийн Ахлах менежер н.Байгалмаа “Монгол хивс нь 100 хувь ноосон бүтээгдэхүүн. Гэтэл зураг, загварыг хуулбарлаад урд хөршид синтетик материалаар хийгээд 2-3 дахин хямд өртгөөр оруулж ирээд байна. Синтетик нь хүний биед хортой, байгальд уусч шингэдэггүй. Дотоодын үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн хувьд ч гэсэн хохиролтой байна. Дан ганц “Нарантуул”-ын худалдаачидтай тэмцэхээс гадна хил, гаалийнхантай хамтарч ажиллах шаардлагатай байгаа юм. Ардын уламжлалт хээ хуар, морь, малын зурагтай загваруудыг хуулбарласан байдаг. Эдгээр загварыг хэрэглэгчид хамгийн ихээр авдаг шүү дээ” гэв. “Эндээс хүмүүс захиалга өгч хийлгэж байна уу. Эсвэл урд хөршид зургийг хуулбарлан үйлдвэрлээд байна уу” гэж асуухад “Баттай эх сурвалжийн мэдээлснээр бол хувиараа хивс зардаг хүмүүс урд хөршид захиалга өгч хийлгүүлж байна. Мөн Хятадаас хүмүүс ирж хивсний зураг их авдаг. Манай хивсний каталоги алдагдаж өмнөд хөршид аль хэдийнэ хэвлэгдчихсэн байна. Борлуулагчид “Бид нар мөнгөө төлж бараагаа авсан. Хил гаалийнхандаа хэлэхгүй юу” гэх тайлбар хэлдэг” гэсэн юм.

Хивс, хивсэнцэр импортлохыг хуулиар хориглоогүй. Гэхдээ зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй, олонд танигдсан, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон.  Хилээр нэвтэрсэн хойно нь бид тэмцэх бус оруулж ирэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэйг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагч н.Ганзориг хэлж байна. Тэрбээр “ “Нарантуул” захад худалдаачид “Оюуны өмчийн зөрчилтэй бараа” оруулж болохгүйг мэддэг болчихсон. Мэдсээр байж санаатайгаар оруулж ирж байгаа нь хууль бус үйл ажиллагаа. Үүнд  эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой. Гэхдээ авч байгаа арга хэмжээ их төвөгтэй. Хурааж авахаар хязгаарлагдаж байна. Зарим оюуны өмчийн зөрчилтэй бараа зарсан этгээдүүдийг цагдаа руу шилжүүлж торгуулийн арга хэмжээ авсан. Гэхдээ зөрчилтэй бараа зарж байгаа иргэд тэр бүр биеийн байцаалттайгаа явдаггүй. Явсан ч нэгжих эрх бидэнд байхгүй хүндрэлтэй шүү дээ.  Монгол хивсний загвар дизайныг хуулбарласан нь дотоодын үйлдвэрлэгчдэд хохиролтой, борлуултад ч нөлөөлнө. Загвар ижилхэн юм чинь хэрэглэгчид хямдыг сонгоно” гэж байна.

Хивс, хивсэнцэр импортлохыг хуулиар хориглоогүй. Гэхдээ...

Ийнхүү үндэсний үйлдвэрлэгчид хилээр орж ирэх дуураймал бараанд зах зээлээ алдсаар байна. Брэнд нэрийн дор цэцэглэсэн энэ бизнест хяналт бий юу. Үндэсний бүтээгдэхүүнээ хамгаалах дархлаа бидэнд байна уу.

Баримт 2: “Эрдэнэт хивс” компани Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт 318 төрлийн загвараа бүртгүүлж зохиогчийн эрх авсан байна.  Гэтэл  40-50 загварыг нь хуулбарлан зарж байжээ.

Хонины ноосоор хийсэн монгол хивс хүнд, өнгө үзэмж сайн, зураг нь тод, ар талдаа цартай байдаг. Харин хуурамч хивс нь синтетик материалаар хийгдсэн, нимгэн, хөнгөн, ар талдаа царгүй, зургийг болхи байдлаар дүрсэлсэн, гал авалцахдаа хурдан гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй монгол хивснүүдийн зураг,  загварыг Гаалийн ерөнхий газарт бүртгүүлсэн ч хилээр нэвтэрсээр байна. Уг нь оюуны өмчийн эрхэд хамаарах барааг хилээр нэвтрүүлэх журмыг аль 2009 онд гаргасан байдаг. Тэгвэл яагаад хэрэгжихгүй байна вэ. Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч н.Мөнхзул “Бараа болгоныг хил дээр задалж үзэх боломжгүй. Энэ нь эрсдэлд суурилсан шалгалт юм. Бид ямар нэгэн байдлаар төрийн үйлчилгээг шуурхай хүргэх үүрэгтэй. Нөгөө талаасаа хамгаалалтын зүйлүүд бидэнд дээр  буугаад байдаг. Энэ хоёрын уялдаа холбоог хангаж ажиллахад эрсдэлд суурилсан хяналтыг л нэвтрүүлж байна. Дотоодын хивс үйлдвэрлэгчдийн хувьд гомдоллох нь аргагүй шүү дээ. Үндэсний үйлдвэрлэл ийм хэмжээнд хөгжчихсөн байхад ашиг орлогыг унагаагаад урдаас оруулж ирэх нь хууль бус ажиллагаа. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг тухайн үед шалгаад илрэх юм бол арга хэмжээ авна. Гэхдээ хивс байсаар байтал өөр бараагаар мэдүүлэх зэрэг янз янзын арга хэрэгслээр худлаа мэдүүлж арга заль хэрэглэдэг. Нууж халхавч хийж оруулсан байх магадлалтай л юм. Бид үүнийг илрүүлэх ёстой, үүрэгтэй. Гэхдээ бас алдсан байж магадгүй. Шалтгаан нь энэ л  байна” гэв.  

Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнтэй ижил төстэй импортын бүтээгдэхүүнийг хязгаарлах хууль, дүрэм журам гээд бүгд бүрдсэн. Хэрвээ хуурамч бараа бүтээгдэхүүн авсан бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж гомдол гаргах эрх нь нээлттэй гэж  тус газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга н.Цоодол ярилаа. Тэрбээр “Өмнө нь сурагчийн дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлээд байхад урд хөршид хямдаар хийж оруулж ирсэн тохиолдол гарч байсан. Цаашид энэ төрлийн үйл ажиллагаа, зөрчил дутагдлыг хэрэглэгчид, үйлдвэрлэгчид мэдээд эрх ашиг нь зөрчигдсөн бол манай байгууллагад баримт нотолгоотой нь өгч асуудлаа шийдүүлэх боломжтой. Мэдээж тухайн брэнд бүтээгдэхүүнийг гаргахын тулд цаг хугацаа оюун ухаан, мөнгө зарж байж бүтээгдэхүүн гаргаж байгаа. Зарим нэг олз хайсан, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хэсэг хүмүүс оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээгдэхүүнийг шууд хуулбарлан худалдах нь хуульд харш зүйл. Хэрвээ хууль бус нь тогтоогдвол  10 сая төгрөгөөр торгох, олсон орлогыг хураах хуулийн санкцтай байдаг”  гэлээ.

Дуураймал барааг гаднаас оруулж ирэх нь дотоодын үйлдвэрүүдийн өсөж дэвжих боломж, борлуултад сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Өрсөлдөөний тухай хуулийг шууд зөрчиж байна гэсэн үг. Хэрвээ хуурамч хивсийг дотоодод үйлдвэрлэж байвал хар жагсаалтад оруулах, гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулахгүй байх шаардлагыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас тавьдаг байна. Танхимын Орлогч дарга н.Сарандаваа “Эдийн засаг хумигдсан үед хууль бусаар ашиг олох сонирхол ихэсдэг. Иймэрхүү үйл ажиллагаа даамжирч байгааг үгүйсгэхгүй. “Монголд үйлдвэрлэв” гэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүнд судалгаа хийж өмнөд хөршид үйлдвэрлэсэн байх юм бол дотоод болон олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулахгүй байх, мэргэжлийн холбоодод мэдэгддэг. Үнэхээр Монголын эрх ашигт нөлөөлөөд байвал Хятад талын байгууллагад хэлэх, Хятадын худалдааг дэмжих хороо, Хятадын хөгжил шинэтгэлийн хороонд мэдэгдэл өгдөг. Харин манай монголчууд өөрсдөө хуулбарласан бол хар жагсаалтад оруулж үзэсгэлэн, худалдаанд оруулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна” гэсэн юм.

Хуурамч хивсний зах зээлийг хязгаарлах нэг гарц нь иргэд жинхэнэ үү, хуурамч уу гэдгийг ялгаж сурах.

Хуурамч хивсний зах зээлийг хязгаарлах нэг гарц нь иргэд жинхэнэ үү, хуурамч уу гэдгийг ялгаж сурах. Иргэд хуурамч бүтээгдэхүүнийг ялгаж сурснаар аяндаа зах зээлээс шахагдана гэдгийг ч албаныхан хэлж байсан. Тэгвэл бид монгол хивсээ хэрхэн таньж авах вэ, хивсэнцрээс юугаараа ялгаатай вэ. “Эрдэнэт хивс” компанийн Ахлах менежер н.Байгалмаа “Манайхан хямдхан үнэтэй гэж хивсэнцрийг сонгоод байна.  Монгол хивсний зураг тод, ар талдаа цартай. Харин хуулбар нь ар талдаа царгүй, хөнгөн, гал дэмждэг синтетик материалтай. Хонины ноос бол байгалийн ширхэгт бүтээгдэхүүн. Сул гэсэн хөөвөр шиг зүйл гардаг. Энэ бол хонины ноос гэдгийн баталгаа. Харин синтетик хивснээс бол хөөвөр гарахгүй” гэв.

Хуурамч хивс нь нэг үйлдвэрийн эрх ашгийг хөндөж, орлогыг нь хумиж байгаа мэт боловч давхар хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байна. Япон, Америк зэрэг улсад оюуны өмчийн зөрчилтэй хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцдэг тусгай тасаг, цагдаатай. Гэтэл хуурамч бараа бүтээгдэхүүнтэй дан ганц оюуны өмчийн улсын байцаагчид ажиллаад үр дүнгээ өгөхгүй. Тиймээс хуурамч бүтээгдэхүүнийг авах эсэх нь иргэн та, биднээс шалтгаална.

Нэвтрүүлгийг сонсох бол ЭНД дарна уу.

МҮОНР-гийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Баримт

Хивс үү, хивсэнцэр үү   
Үзсэн: 3798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй