Шууд Chart

Цагт 1120 км хурдлах чадалтай тээврийн хэрэгсэл 2019 онд ашиглалтад орно

2017-03-01 16:00:00

Орчин үед ашиглагдаж байгаатай харьцуулахад хэд дахин илүү хурдтай шинэ төрлийн тээврийн хэрэгсэл бүтээхээр АНУ-ын "Hyperloop 1" компани ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд бүтээгдсэн өндөр хурдны тийрэлтэт системийг өнгөрсөн лхагва гарагт Лас-Вегас хотын хойд хэсэгт туршиж, олон нийтийг тийрэлтэт системийн хүчин чадалтай танилцуулсан байна. Энэхүү систем туршилтын үеэр ердөө 1.1 секундэд 187 км/цагийн хурд авч тээврийн хэрэгслийн ирээдүйд шинэ эрин ирэх цаг ойрхон байгааг нотлон харууллаа.

"Hyperloop 1" компанийн зохион бүтээж байгаа "Hyperloop" гэх тээврийн хэрэгслийн гол бүрдэл болох энэ тийрэлтэт систем цагт 1120 км буюу дууны хурдтай бараг ижил хурдаар хүн, ачаа бараа тээвэрлэх хүчин чадалтай. Энэ тийрэлтэт системээр тоноглосон "Hyperloop"-ээр Улаанбаатар хотоос Бээжин хүрэхэд ердөө 1 цаг зарцуулах юм. 2019 оноос ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа "Hyperloop" өндөр хурдны тээврийн хэрэгслийн ажиллах горимыг үзэгчид маань сонирхож байгаа байх. Тэгвэл юун түрүүнд томоохон хотуудыг газар доорх металл хонгилуудаар холбож, хонгилд байрлуулсан бортого хэлбэрийн хэрэгслээр зорчигчдыг тээвэрлэнэ.

Өндөр хурд авах боломж бүрдүүлэхийн тулд хонгилуудыг төгс вакумтай дөхөх хэмжээнд агааргүй битүүмжлэх юм байна. Мөн үрэлтийн хүч хамгийн бага байхаар бортого, хонгилуудыг тохируулж, үүний дараа соронзын хүчийг ашиглан хүн, ачаа тээвэрлэсэн бортогууд цагт 1120 км хүртэл хурдлах боломж бүрдэнэ. Тесла корпорацийн үүсгэн байгуулагч Илон Маск ийм тээврийн хэрэгслийн санааг 2013 онд цаасан дээр буулгажээ.

Жирийн хүнд хийсвэр сонсогдож байгаа ч энэ төслийг хэрэгжүүлэгчид 80 сая долларын санхүүжилт цуглуулж, Женерал Электрик, Францын төмөр замын үндэсний компанитай хамтран ажиллаж байгаа юм. Тэд 3 жилийн дараа гэхэд ачаа тээвэрт, 5 жилийн дараа хүн тээвэрлэхэд "Hyperloop"-ийг ашиглаж эхлэхээр зорьж буй. Энэ технологийг Европ тивд нэн түрүүнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагт 1120 км хурдлах чадалтай тээврийн хэрэгсэл 2019 онд ашиглалтад орно   
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй