Шууд

Н.Хоролсүрэн

Монголын радиогийн редактор


Цаг улиралдаа хэрхэн тохируулж хооллох вэ

2017-03-10 10:50:12

Уламжлалт арга ухаанаас....

Монголчууд эртнээс  4 улиралдаа зохицуулан идээ ундаагаа хэрэглэсээр ирсэн. Хаврын улиралд  бүх зүйл урган өсч, уур амьсгал  дулаарч  цаг агаар хувьсамтгай байдаг.  Энэ цаг үед хоол ундаа нарийн тохируулан хэрэглэх ёстой. Монголчууд эрт үеэс малаас гарах бүтээгдэхүүнээ  шар идээ хэмээн нэрлэж  хаврын улиралд хэрэглэж ирсэн.  Үүнд  шар тос, цагаан тос, арвайн гурил, шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, баяслаг, өрөм, хайлмаг зэрэг орно.   Шар идээ нь шингэц сайтай, ходоодны галын илчийг сэлбэж илч үүсгэдэг тул  хаврын хавсрагатай өдрүүдийг давахад тустай гэнэ.

Эртний монголчууд  зуны улиралд   сүү цагаан идээгээ  түлхүү хэрэглэдэг байсан.   Цагаан идээ идэж мацаг барьж, биеэ цэвэршүүлэх нь   дулааны улиралд шар хөөрөхөөс сэргийлэх гол арга ажээ. 

Намрын улиралд хүний биеийн  бодисын солилцоо түргэсэж, уушигны үйл ажиллагаа идэвхждэг тул жимс жимсгэнэ, үр тариа,  ногоон идээгээ  түлхүү хэрэглэдэг. Өвлийн улиралд хүн намар, хавар, зуны улиралд нөөцөлсөн энергиэ ашиглан  бодисын солилцоогоо зохицуулдаг.  Энэ улирал хүйтэн байдаг учраас голчлон улаан идээ буюу мал амьтны мах түлхүү хэрэглэдэг.      Ялангуяа хонины мах, хонины шөлөөр биеэ тэнхрүүлэх нь зүйтэй.  Мөн   адуу, тэмээний махыг түлхүү хэрэглэх бөгөөд,  хээрийн анчид   гөрөөс, зээр, тарвага, хөх ямааны махыг  түлхүү хэрэглэдэг байсан.

Хоол хүнсийг хооронд нь хэрхэн тохируулах вэ?

Уламжлалт анагаах ухаанд “Идээ ундааны хэмжээг тэнцүүлж чадсанаар сайн тариалангийн газар мэт ходоодны галын илч хэвийн үүсч,  хоол боловсруулалт хэвийн явагдаж, амь нас бөх оршиж, архаг өвчин бүгдийн үндэс болсон эс шингэсэн өвчин үүсэхгүй”  гэсэн үг бий. Эс шингэсэн өвчин гэдэг нь хоол ходоодонд буруу,  дутуу  боловсорсноос болж өвчин үүсэхийг хэлнэ.  Хоол унд зөв шингэж байвал шинэ цус үүсч, эрхтэн  системийг дэмжиж, биеийг  хэвийн үйл ажиллаагаатай болгодог. Хэрвээ буруу шингэсэн тохиолдолд муу цус,  шар ус гэдэг зүйлийг бий болгодог. Энэ нь өвчин үүсэх эхлэл  болдог. Тиймээс хоолныхоо хэмжээг зөв барих хэрэгтэй ажээ.

Уламжлалт анагаах ухаанд  “Бурхан багш өдөрт нэг хоолтой, ерийн хүн өдөрт хоёр хоолтой, араатан  өдөрт гурав хоолтой байна” хэмээн үздэг. Энэ нь хоолныхоо хэмжээг маш сайн барих хэрэгтэй   гэсэн үг.  Хоол хүнсийг идэж   хэрэглэхдээ “нэг  битүү”  буюу хоёр алганы хооронд нийлүүж барьсантай адил хэмжээтэй  хоол хэрэглэх ёстой гэнэ.  Өөрөөр хэлбэл   ходоодыг дөрөв хуваасаны хоёрт нь идээ, нэг хувьд нь ундаа байвал зохино гэж үздэг.

Хоол хүнсийг идэж хэрэглэхдээ анхаарах нэг зүйл нь хоорондоо  үл  зохицолдох идээ ундаа гэж байдаг.  Үүнд бүрэлдээгүй таргийг  архитай  хамт хэрэглэж болохгүй.  Загасны мах сүүтэй, шувууны өндөр, засагсны мах, сүү зэргийг хольж хэрэглэж болохгүй. Мөөгийг  тосонд хуурч  шарж идвэл  хор болдог, зөгийн балтай  тос хольвол   хор болно.  Ямар ч махыг уурыг нь гаргалгүй халуунаар нь идвэл хортой. Мах махан бүтээгдэхүүнийг удаан хадгалах нь хүний биед хор болдог.  Өмнөх идсэн хоол   ходоодонд шингээгүй байхад араас нь хоол идвэл хор болдог. Яагаад гэвэл шөнө идсэн хоол өглөө шингэдэг, өглөө идсэн хоол үдэд шингэдэг ажээ.   Хоолыг   бага бага хэмжээтэй, дасгаж идвэл хор болохгүй.

Нийтэлсэн: Н.Хоролсүрэн

Цаг улиралдаа хэрхэн тохируулж хооллох вэ  
Үзсэн: 1275 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй