Шууд

Б.Эрдэнэцэцэг

Монголын радиогийн редактор


Нөхрөө хүндэлж хайрлах нь...

2017-03-14 13:06:45

Монголын радиогийн Даваа гарагийн Тэнхлэг хөтөлбөр

“ Гэр бүлийн цаг” нэвтрүүлэг

“Сэтгэл зүйчийн цаг” нэвтрүүлэг гэр бүлд тулгамдаж байгаа асуудлууд болон, гэр бүлийн гишүүн бүрт хэрэгтэй мэдлэг мэдээллийг сонсогч, уншигч танд хүргэхийг зорьдог. “Сэтгэл зүйчийн цаг” нэвтрүүлэг долоо хоног бүрийн даваа гарагт Монголын радиогийн 1-р сувгаар 16.05 минутаас 16 цаг 55 минут хүртэл шууд нэвтэрдэг.

Гуравдугаар сарын 6-ны дугаарт “Эхнэрээ ойлгож, хайрлах нь” сэдвээр ярилцсан бол энэ сарын 10-ны дугаарт “Нөхрөө хүндэлж хайрлах нь” сэдвээр “Гэр бүлийн боловсрол” сэтгүүлийн эрхлэгч, гэр бүл судлаач, доктор, дэд профессор Болдухайн Оюун-Эрдэнийг урьж, оролцууллаа.  

Нөхрөө хүндэлж хайрлах нь...

-Манай уламжлалт сэтгэлгээнд нөхрөө хүндлэх, гэрийн эзнээ дээдлэх ёс давамгайлдаг. Сүүлийн үед эхнэр, нөхөр тэгш эрхтэй байх хэрэгтэй гэсэн ойлголттой болж байна? 

-Энэ асуултад хамааруулж хэлэхэд, эрчүүд эхнэрээ ээж шигээ халамж анхааралтай байгаасай гэж хүсдэг. Манай уламжлалт гэр бүлийн  харилцаанд эхнэр цайныхаа дээжийг хоёр гардаж бариад, нөхрөө  та гэж хүндлээд өгдөг байлаа. Энэ нь манай уламжлалын үнэтэй нандин харилцаа. Энэ үед нөхөр нь жинхэнэ утгаараа гэр бүлээ дангаараа авч явж, эхнэр нь зөвхөн гэрийн ажилтай байсан үе. Харин орчин үед хоёулаа адилхан хөдөлмөрлөж мөнгө хуримтлуулдаг болсон. Эмэгтэйчүүд эрчүүдийн адил хөдөлмөр эрхэлж, гэр бүлдээ тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд уламжлалт харилцааг мөрдөх нь залууст төвөгтэй юм шиг ойлгогдож байгаа. Тэгэхээр үүнийг арай өөр өнцгөөс ойлгох ёстой.

Орчин үеийн шинэ эрин зуунд заавал эрэгтэй хүний хийх ёстой ажил, эмэгтэй хүний хий ёстой ажил гэж гэрийн ажлыг хувааж үзэх нь зохистой биш. Тэгш эрхэт гэр бүлийн үнэт чанар нь үүрэг, хариуцлага, ажлынхаа ачааллыг тэнцвэржүүлэх ёстой. Мэдээж гүйцэтгэх үүрэг ялгаатай байлгүй яах вэ. Гэхдээ юм болгон дээр жишээ нь, аяга угаах, юм угаах, индүүдэх эмэгтэй хүний ажил гэж суулгүйгээр хэн завтай, боломжтой байгаа нь ажлаа хийдэг байх нь гэр бүлийн уур амьсгал эерэг таатай байхад чухал нөлөө үзүүлнэ.

-Эрэгтэй, эмэгтэй хүний хийх ёстой ажилд нарийн зааг байх ёстой юу гэсэн асуултад судалгаанд хамрагдсан хүний 84 хувь “Үгүй”  гэж  хариулсан байсан? 

-Нөхрүүд эхнэрээсээ хүсдэг таван чухал хэрэгцээний гуравдугаарт нөхөрлөх боломж олгоосой, найз нөхдийг минь хүлээн зөвшөөрөөсэй гэсэн хэрэгцээ байдаг. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг үг эрчүүдийн нөхөрлөлөөс үүдэлтэй. Эхнэр авсан ч гэсэн эрчүүд найз нөхдөө орхидоггүй. Харин эмэтэйчүүд нөхөртэй болоод, хүүхэд төрүүлсэн үедээ хэсэг хугацаанд найз нөхдөөсөө хөндийрдөг. Эмэгтэй хүнд гэртээ байх нь таатай сайхан байдаг. Үүнтэйгээ адилхан нөхрийгөө гэртээ байлгах гэж зүтгэдэг. Гэтэл нөхрийн хувьд гадуур гарч найз нөхөдтэйгээ уулзах нь сэтгэл зүйн хувьд таашаал авдаг гол зүйл нь юм. Тэгэхээр эхнэр, нөхөр хоёр нэг нэгнээ маш сайн ойлгодог байх хэрэгтэй.

Эрэгтэйчүүдэд нөхөрлөх хэрэгцээ гэж байдаг

-Нөхрийнхөө юуг нь илүү ойлговол гэр бүл илүү аз жаргалтай, тогтвортой байх вэ?

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс сэтгэл зүйн хувьд ялгаатай. Нийгэмд эр хүн гэж ямар байх вэ гэсэн үнэлэмж байдаг. Монголчууд эр хүнийг “Гүндүүгүй”, “Сайхан монгол эр хүн”  гэж ярьдаг. Тэгвэл “Гүндүүгүй” эр хүн гэж ямар эр хүнийг хэлдэг вэ гэхээр холч ухаантай, алсын хараатай, тэсвэр тэвчээртэй, тайван амгалан, хүлээцтэй хүнийг “Гүндүүгүй монгол эр хүн” гэж хэлдэг. Харин сэтгэл зүйн шинжлэх ухаанд эрэгтэй хүнийг “Үйлдлийн хүн” гэж тодорхойлдог. Энэ нь хэл яриа гэхээсээ илүү үйлдлээр өөрийнхөө дотоод сэтгэлийг бусдад ойлгуулдаг. Мөн бусдын хандлага дотоод сэтгэлийг ч тэр хүний үйлдлээс харж, уншиж байдаг онцлогтой. Тэгэхээр эхнэрүүд нөхрөө ойлгохын тулд нөхрийнхөө үйлдлийг уншиж сурах хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүн сэтгэл зүйн хувьд өөр учраас ижилхэн асуудлыг ч өөр өөрөөр хүлээж авдаг. Жишээ нь, эрчүүд асуудлыг товч, тоймлож хүлээж авдаг бол эмэгтэйчүүд нарийвчилж, задалж хүлээж авдаг. Нөхөртөө аливаа зүйлийг ойлгуулах гэж байгаа бол тойрч, задалж, дахин дахин ярихгүйгээр товч бөгөөд тодорхой ойлгуулах хэрэгтэй.

 Халамж гэдэг нь ханийнхаа сэтгэлийг ойлгохыг хэлнэ

 -Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгаатай байдал нь гэр бүлд хэрхэн нөлөөлөх вэ?

-Монголчууд ярьдаг даа, бөх хүн бүдүүн өвсөнд гэж. Эрчүүд харахад бие том, хүчтэй боловч сэтгэл зүйн хувьд маш эмзэг уяхан байдаг. Байгалийн өгөгдөл нь эрчүүд хайрлуулах өгөгдөлтэй хүмүүс. Харин эмэгтэйчүүд хайрлах, энэрэх өгөгдөлтэй хүмүүс. Гэтэл нийгмээс өгч байгаа өгөгдөл нь эр хүн гэдэг бол бүхнийг хайрлах ёстой, эмэгтэй хүнийг хүртэл хайрлах ёстой, эмэгтэй хүн харин хайрлуулах ёстой гээд нийгэм нь байгалийн өгөгдлийн эсрэг өгөгдлийг тулгадаг. Тэгэхээр эрчүүд хайрлах тусам улам зөөлөрч, жижиг зүйлд урам авдаг хүмүүс юм.

-Нөхөр эхнэрээсээ юуг хүсч, юуг ойлгоосой гэж боддог юм бол?

  1. Эр хүний хувьд хүлээж аваасай, бие физиологийн хувьд эхнэр нөхрийн дотно харилцааг татгалзаж цааргалахгүй хүлээж аваасай гэж хүсдэг.
  2. Хүндэтгэл, хайр халамж, талархал, хүлээн зөвшөөрөлтийг хүсдэг.
  3. Эрэгтэйчүүдийн харах эрхтэн илүү хөгжсөн байдаг учраас эхнэрээ гоё сайхан байгаасай гэж хүсдэг.
  4. Нөхөрлөх хэрэгцээг минь хангаж, нөхөрлөлд минь саад бололгүй найзуудыг минь хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсдэг.
  5. Бие даасан хараат бус байх гэсэн хүслийг минь хүлээж аваасай гэж хүсдэг. Эр хүйстэнд байгалиасаа заяасан зөн билиг байдаг. Тэр нь давуу байдлаа мэдэрч байх буюу эр хүйстний төрөлх араншин. Өөрөөр хэлбэл, юм болгонд зааж зааварлах, эсвэл өөрөөс нь асуулгүйгээр шийдвэр гаргах зэрэг нь эрчүүдэд хүнд тусдаг. Намайг үгүйсгэж байна, үнэлдэггүй юм байна, өрхийн тэргүүн гэж үзэхгүй байна гэх зэргээр буруугаар ойлгодог байна.

Нөхрүүд эдгээр зүйлсийг эхнэрээсээ хүсдэг. Энэ бүхэн нь хэр биелж байгаагаар гэрлэлтийн сэтгэл ханамж нь бас хэмжигдэж байдаг байна.

Дараагийн нэвтрүүлгээр “Гэр бүлийн аз жаргалтай нээлттэй харилцааг хэрхэн бий болгох вэ” сэдвээр ярилцах болно. Нэвтрүүлгээ гуравдугаар сарын 20-ны даваа гарагийн 16 цаг 05 минутаас Монголын радио 106.0 долгионоор хүлээн авч сонсоорой.

Нийтэлсэн: Б.Эрдэнэцэцэг

Нөхрөө хүндэлж хайрлах нь...   
Үзсэн: 1711 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
baba [103.57.93.xxx] 2017-03-17 21:04
ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ
mnn [150.129.143.xxx] 2017-03-14 17:10
il zadgai sheesen teneg bohir
Зочин [27.123.214.xxx] 2017-03-14 16:24
Yag unen mgl erchuud bugd teneg
nn [112.72.8.xxx] 2017-03-14 14:20
mongol erchvvd bvgd teneg

Бидэнтэй нэгдээрэй