Шууд

Б.Болормаа

Монголын радиогийн редактор


Сэтгэл байхад боломж хаана ч байдаг

2017-03-15 13:51:37

Залуу хүний зорилго, тэмүүлэл тод байх хэрээр амьдрал илүү сонирхолтой, өгөөжтэй өрнөдөг билээ. "Зочин гэр бүл" нэвтрүүлгийнхээ 70 дахь дугаарын зочдоо уншигч танд танилцуулъя. Гэрийн эзэн Болдын Баттулга архитекторч мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч. Харин гэргий Жаргалсүрэнгийн Төгсбилэг нь англи хэлний багш орчуулагч, маркетер мэргэжилтэй. Тэд бие биенээ таньж нөхөрлөөд 3 жил, гал голомтоо бадраан туурга тусгаарлаад жил гаруй болж байгаа залуухан гэр бүл. “Зураач гэхээсээ илүүтэй сонирхогч гэвэл онох байх аа...” хэмээн даруухнаар ярих Б.Баттулга гэргийтэйгээ хамт цэцэрлэгийн талбай, байрны орц, цэцгийн дэлгүүр, бүжгийн клуб... гээд чамгүй олон газарт шинэлэг санаагаар арвин утга төгөлдөр зургууд буулгасан нь хэдийнээ цахим орон зайд түгжээ. Хүмүүсийн хүсэл сонирхлыг будгаар амилуулдаг бүтээлч гэр бүлийн ярилцлагад саатан тухална уу...

-    Урьсан зочдоо зорьж очих зам минь ямагт зорилготой байдаг. Та хоёрын өөдрөг, бүтээлч сэтгэл танай гэр бүлийг зорьж ирэх зам боллоо. Хэзээнээс зурж эхэлсэн бэ?

Б.Баттулга: Багадаа харандаа, цааснаас салдаггүй хүүхэд байлаа. Ээж маань гоё зурдаг болохоор ээжийнхээ авъяасыг өвлөж авсан байх. Зургийн чиглэлээр сургууль дүүргээгүй ч, хоббигоо хөгжүүлж одоо ч зурсаар байна.

Ж.Төгсбилэг: Би ч гэсэн багадаа зурдаг байсан. Гэхдээ нөхөр шигээ мундаг зурдаг биш ээ. Манай гэрийнхэн гоё зурдаг гээд дэмждэг байсан ч, би өөр зүйл сонирхдог байлаа. 2014 онд нөхөртэйгээ танилцсанаас хойш дахин зурж эхэлсэн. Бид хоёр анхныхаа болзоонд бие биенийхээ зургийг зурж бэлэглэж байлаа.

-    Хамтдаа зураг зурж эхэлснээс хойш хичнээн газарт зураг зураад байна вэ?

Ж.Төгсбилэг: Бид хамгийн анх хүүхдийн баяраар хүүхдүүдийн нүүрэнд зураг зурж өгч байсан. Том хэмжээний зураг гэвэл Залуус хорооллын орцонд хүүхэлдэйн баатрууд, цэцгийн дэлгүүрийн хананд Парисын цамхаг, 11-р хорооллын “Говь хангай мебел” дотор, Сансарын тэнд хүүхдийн тоглоомын талбайд... гээд 10 орчим газар том хэмжээний зураг зурсан. Харин манай хүний зурсан хөрөг, хар зураг гэвэл 1000 хол давсан байх аа.

Б.Баттулга: Хамгийн хол очиж зурсан газар гэвэл Багануур дүүрэгт хүүхэд хөгжлийн төвд неон будгаар зураг зурсан. Одоо бид хоёр дуу бичлэгийн студид неон будгаар зураг зурж байгаа. Зураг зурна гэдэг төвлөрөл, тэвчээр, мэдрэмж их шаарддаг ажил. Энэ ажлыг хамт хийж байгаа минь бид хоёрын хувьд давуу тал байдаг. Тиймдээ ч, зурсан зургууд минь хүмүүст илүү хүрдэг ч байж магад.

-    “Уснаас өөр бүхий л зүйл дээр зурж үзсэн...” гэж гэрийн эзэн ярилцлага өгсөн байсан. Хамгийн сонирхолтой зурсан зурагнаасаа манай уншигч сонсогчдод сонирхуулаач?

Б.Баттулга: Хамгийн сонин гадаргуу гэвэл жирэмсэн эхийн гэдэс байсан. Хүүхэд бол энэ амьдралын бэлэг гэсэн агуулга бүхий зураг зурсан юм. Зурахад маш сонирхолтой. Яг зурж байхад хүүхэд хөдлөөд далий зурах жишээтэй. Тэр болгонд зуруулж байгаа ээж нь ч инээнэ, би ч инээнэ. Цаанаа л нэг аз жаргалтай мэдрэмж төрдөг. Үнэхээр гайхамшигтай.

Ж.Төгсбилэг: Бид зурсан зургаараа сайн, сайхан зүйлийг илэрхийлэхийг хүсдэг. Тухайлбал, Монголд анх удаа жирэмсэн эхийн гэдсэн дээр зураг зурсан. Энүүгээрээ гэр бүл салалт, үр хөндүүлэхийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрүүлэхийг зорьсон юм. Хүмүүст баяр хөөр бэлэглэх ажил хийж байгаа учраас чин сэтгэлээсээ зурдаг. Би “Зурсан зураг минь дурсамж болно. Зуруулсан эзэндээ хамгийн нандин бэлэг болог ээ!” гэж хэлэх дуртай.

-    Гэр бүл байна гэдэг өөр нэгэн гэр бүлээс эхлэлтэй байдаг шүү дээ. Аав ээжээсээ авч үлдсэн зан чанар, хүмүүжил та хоёрын өнөөдрийн гэр бүлийг босгож байгаа байх?

Б.Баттулга: Миний хувьд аав минь энэ амьдралын баатар. Аавыг маань Батболдын Болд гэдэг. Хийхгүй юм байхгүй барилгын төрлийн бүхий л ажлыг хийнэ. Нуулгүй хэлэхэд хоолтой, хоолгүй өдрүүд амьдралд байсан. Автобусны мөнгөгүй алхах үе ч гардаг. Энэ болгонд аав л бүхнийг зохицуулж, амьдралаа болгодог байсан /хоолой нь зангирав/. Юу чадах ёстой, яаж хийхийг бидэнд зааж, найз шиг зөвлөдөг. Манай аав одоо болтол ээжид эрхэлдэг. Энэ зан нь их гоё. Манайхан хоорондоо хөзөр их тоглоно. Аав хожигдвол босч очоод л шалаа угаачихдаг. Ээжийг маань Вашкагийн Сумъяажав гэдэг. Тогооч мэргэжилтэй, гоё зурна. “Амжилттай яваа эр хүний ард сайн эзэгтэй байдаг...” гэдэг үг манай ээжид зориулсан юм шиг санагддаг.

Ж.Төгсбилэг: Манай хүний хувьд аав нь бахархал бол, миний хувьд ээж минь бахархал. Ээжийг маань Лхагважавын Сарангэрэл гэдэг. Монгол улсын мастер үсчин. Дүүг нэг настай, намайг 2, эгчийг маань 5 настай байхад ааваас салж байсан. Гурван охиноо боловсролтой, мэргэжилтэй болгож, юугаар ч дутаахгүй өсгөнө гэдэг эмэгтэй хүнд баймгүй тэсвэр тэвчээр бас хариуцлага. Хариуцлагаас бултахыг хүсдэг хүмүүс олон, харин манай ээж тийм байгаагүй. Амьдралынхаа хэцүү хүнд үед бид гурвын төлөө бүхий л зүйлээ зориулсан. Эгч, дүү бид 3 багаасаа ээжийнхээ амьдралыг харж өссөн болохоор яах ч аргагүй хөдөлмөрч зан ямар чухал болохыг, тэсвэр хатуужил гэж юу болохыг сайн ойлгосон.

-    Анх бүжиглэж байгаад бие биенээ олж харсан, анхны болзоондоо бие биенийхээ зургийг зурж бэлэглэсэн, Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийсэн, энэ сардаа багтаад хорвоод ирэх гэж байгаа шинэ хүнээ тосч авна... гээд та хоёрын гэгээн хайрын түүх хуудас хуудсаар эргэсээр, зузаарсаар. Аав ээж боллоо гэдэг анхны тэр мэдрэмж насан туршид мартагддаггүй гэнэ лээ?

Б.Баттулга: Хөлний үзүүрээс авхуулаад толгойн орой хүртэл юм гүйж байгаа юм шиг сонин мэдрэмж төрж байсан. Бид хоёр 13-р хорооллын цэцэрлэгт сууж байхад анх манай хүн “жирэмсэн болчихож” гэж хэлсэн. Би сандраад л, тэр хавиар эмийн сан хайгаад нэлээн гүйсэн санагддаг. Уг нь бид хоёрын сууж байсан газрын ард эмийн сан байсан юм билээ. Тэрийгээ ч анзаараагүй тэгж их сандарсан байгаа юм даа.

Ж.Төгсбилэг: Хоёр зураас гараад ирчихсэн, гайхаад л. Одоо яана аа... гээд л толгой дотор бөөн хариуцлага бодогдоод тэгсэн хэрнээ баяр төрөөд л. Хуримаа хийгээд удаа ч үгүй байхдаа хүүхэдтэй болсноо мэдсэн болохоор хэн хэн маань их тулгамдсан. Гэрийнхэндээ хэлэх гэж бас бөөн дурсамж болсон шүү дээ /инээв/. Одоо өдөр ирэх бүр илүү их хайр мэдэрч, шинэ хүнээ хүлээж байна даа.

-    Алдах нь амархан даа гэж хэлэх нэгэн байна. Зүгээр ээ, алдаанаасаа суралцдаг нь залуу нас юм чинь гэж зарим нь ярина. Залуу гэр бүлийн хувьд харилцаанаасаа юуг сурч байна вэ?

Б.Баттулга: Хамгийн гол нь бие биетэйгээ сайн ярилцах хэрэгтэй юм билээ. Нэг юм боллоо гэхэд дотроо буглуулаад яваад байх хэрэггүй, аль болох нээлттэй байснаар ойлголцоход их амар санагддаг. Үнэнээ хэлэхэд, манай хүн их гүргэр ярих гэхээс илүү дуугаа хураачихдаг. Гэхдээ амархан уур нь гарчихдаг.

Ж.Төгсбилэг: Хүн хүний унаган зан ааш гэж байдаг шүү дээ. Бие биенийхээ тэр занг мэдэж байх хэрэгтэй юм шиг ээ. Би их зөрүүд, дотогшоо, нуугдмал зантай.  Ээжийн маань хэр баргийн зовлон, хэцүү зүйлээ хүнд ярьдаггүй, надаас болж өөр хүн зовох ёсгүй гэсэн зан надад суусан юм шиг байгаа юм. Ганцаараа биш хоёулаа, одоо бүр гурвуулаа болох гэж байгаа үед зөрүүдлэх нь зөв бишийг ойлгодог болсон. Сүүлийн үед харин хэлэх гээд байдаг болсон. Хааяа нэг нэгэндээ хэлэх, хэлэхгүй үг гарна. Хэрэгтэй үгийг нь тусгаад авчихдаг, уурласан үедээ хэлсэн үгийг нь хүндээр тусгаж авалгүй өнгөрөөчихдөг байвал харилцаа их эерэг болдог юм билээ...

Одоохондоо аав ээж, ахан дүүсийнхээ дэргэд өрөө тусгаарлан амьдарч яваа ч, зорилготой, мөрөөдөлтэй амьдарч байхад мөдхөн өөрийн гэсэн орон байртай болно. Аав ээжүүдийнхээ амьдралын арга ухаанаас нь зөв хүмүүжил олж, тэднийхээ үлгэр дууриалаар гэр бүлээ тэгш дүүрэн залж яваа залуу гэр бүлийн сэтгэлийн хойморт уншигч, сонсогч таныг хөтөллөө. “Сэтгэл байхад боломж хаана ч байдаг...” гэсэн зочдынхоо үгийг зүрх сэтгэлд тань зүүлт болгон илгээе...

Нийтэлсэн: Б.Болормаа

Сэтгэл байхад боломж хаана ч байдаг  
Үзсэн: 2298 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.218.xxx] 2017-03-16 16:33
Мундаг залуучууд юмаа. Аз жаргал хүсье
Зочин [202.9.40.xxx] 2017-03-15 23:28
2 nzda az jargal sain saihniig husey TK
навчаа [202.21.106.xxx] 2017-03-15 16:49
та 2 т амжилт, аз жаргалыг хүсье эгч нь санаа зөв явахад амьдрал аяндаа аз жаргалаар бялхаж явнаа дүү нар минь үргэлж урагшаа өөдөө тэмүүлж яваарай бүү шантар 99012253
battulga :) [27.123.214.xxx] 2017-03-15 22:46
bayrlalaa tanid ch bas az jargal sain saian bvhniig hvsyaa :)
зочин [66.181.165.xxx] 2017-03-15 15:34
Яасан сайхан зорилготой ажилч хичээнгүй сайхан залуу хосууд байна та 2 т болон танай гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе
Зочин [27.123.214.xxx] 2017-03-15 22:47
bayrlalaa :)
Зочин [66.181.179.xxx] 2017-03-15 23:05
Амьдрал ямар сайхан гэж . Болон бүтэн чаданаа урагшаа

Бидэнтэй нэгдээрэй