Шууд

Жон Терри энэ улирлыг дуусгаад “Челси”-г орхино

2017-04-18 12:44:09

Английн “Челси” клубын домогт ахлагч Жон Терри энэ улирлыг буюу 2016/17 оны улирлыг дуусгаад багаа орхино гэдгээ өнөөдөр мэдэгдсэн нь спортын ертөнцийг шуугиулсан үйл явдал боллоо. Энэхүү мэдээг “Челси” клубын удирдлагууд, хэвлэл мэдээллийн албанаас албан ёсоор олон нийтэд зарласан юм.

Анх 14 насандаа буюу 1994 онд Английн нийслэл Лондон хотын “Челси” клубын хүүхдийн академид элссэн тэрбээр тэртээ 1998 онд “Челси”-гийн нэгдүгээр багт анхны тоглолтоо хийсэн байдаг. Үүнээс хойш өнгөсрөн хугацаанд “Челси”-гийн төлөө нийтдээ 713 тоглолтод талбайд гарснаас 578 удаад нь ахлагчийн туузтай тоглосон юм. Тэрээр 2004 онд буюу 24 насандаа Английн алдарт “Челси” клубын ахлагчаар томилогдож байсан түүхтэй. Терри одоогоор “Цэнхэрүүд” буюу “Челси”-гийн төлөө 66 гоолыг оруулаад байгаа юм.
Өнгөрсөн зун Итали мэргэжилтэн Антонио Конте “Будант Альбион”-д газардаж, Английн хамгийн шилдэг багуудын нэг “Челси” клубыг удирдах болсоноос хойш өдгөө 36 настай Англи хамгаалагч талбайд гарах нь эрс багассан. Энэ улиралд л гэхэд ердөө дөрвөн л удаа багийнхаа гарааны бүрэлдэхүүнд багтан гарсан байна. 

“Челси”-гийн хамтаар өнгөрүүлсэн 12 жилийн хугацаанд Терри нийтдээ 16 цомд түрүүлжээ. Эдгээрээс дурьдвал Английн аварга шалгаруулах “Премьер лиг”-ийн тэмцээнд 4 удаа, Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд 4 удаа түрүүлж байсан. Мөн Английн лигийн цомд 3 удаа, “Коммунити Шиелд”-эд 2 удаа, ЕХХ-ны “Аваргуудын лиг” болон “Европа лиг”-ийн тэмцээнүүдэд тус тус нэг удаа авргын цомыг нь хүртэж байсан билээ.

Энэ хугацаанд дэлхийн шилдэг олон тамирчин, дасгалжуулагчидтай хамтран ажиллаж байсан түүний хувьд хамгаалж үзээгүй, урдаас нь тоглож үзээгүй алдартан гэж үгүй. Дэлхийн шилдгүүдийг айлгаж явсан энэ шилдэг хамгаалагч карьерийнхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлж байгаа ч эцэст нь багаа орхих болсон нь Терригийн болон “Челси”-гийн хөгжөөн дэмжигчдийн хувьд тун гунигтай үйл явдал болж байна.

Саяхан л цэнхэр өмсгөлт “Челси” клубыг Дидье Дрогба, Фрэнк Лампард, Петр Чех, Жон Терри наргүйгээр төсөөлөхийн аргагүй байсан. Гэсэн ч тэд одоо бүгд “Челси” клубээ орхин оджээ.

Жон Терри энэ шийдвэрийнхээ дараа “Ирээдүйнхээ талаарх шийдвэрийг би тохиромжтой үед гаргах болно. Одоо бол багийнхан маань энэ улирлыг амжилттай өндөрлүүлэхэд би анхаарна. Зөв цагтаа зөв явах хэрэгтэй гэдгийг би ойлгосоор ирсэн. Тэгээд ч энэ улирлыг өндөрлүүлээд явах нь зөв гэж үзэж байна. Би урьдын адил талбайд гараад тус дэм болж чадна гэдгээ мэдэрч байгаа. Гэвч “Челси”-д байвал миний тоглох хугацаа хязгаартай байх болно гэдгийг ойлгож байна. Би үргэлжлүүлэн тоглохыг хүсч байна. Тиймээс шинэ сорилт рүү тэмүүлнэ” хэмээн өгүүлжээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Жон Терри энэ улирлыг дуусгаад “Челси”-г орхино  
Үзсэн: 693 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй