Шууд

Япон улсын нийт хүн ам 127 саяд хүрчээ

2017-04-19 10:35:59

Япон улсын Дотоод хэргийн яам 2016 оны хүн амын тооллогын судалгааг явуулж, түүнээс гарсан дүгнэлтийг олон нийтэд танилцуулсан байна. Тайлан дүгнэлтээр 2016 оны аравдугаар сарын 1-ний байдлаар Япон улсын хүн ам 127 саяд хүрсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 162 мянгаар буурсан үзүүлэлт аж. Судалгаагаар зөвхөн өнгөрсөн жилд ч биш, тус улсын хүн ам сүүлийн 6 жилийн турш тогтмол буурсан үзүүлэлттэй байгааг жил бүрийн хүн амын тооллогын судалгаанаас харж болохоор байгаа юм. Судалгааг цааш нарийвчлан задалж үзвэл нийт 127 сая иргэний 125 сая нь Япон үндэстэн бөгөөд үлдсэн 2 сая хүн нь Японы иргэн болсон гадны үндэстэн байжээ. 

Харин хүйсийн хувьд авч үзвэл 61.8 сая нь эрэгтэй, 65.2 сая нь эмэгтэй байсан ажээ. Энэ нь хүйсийн харилцаа харьцангуй тэнцвэртэй байгааг харуулж байна.

Япон улс дэлхий дээр насжилт өндөртэй, "хөгшин улс" хэмээн нэрлэгддэг. Судалгаанаас хүн амын насжилтыг авч үзвэл 65-аас дээш насныхан нийт хүн амын дунд эзлэх хувь нь 27.3 хувь байгаа юм. Энэ нь сүүлийн жилүүдийн судалгаатай харьцуулан үзэхэд өссөн үзүүлэлт юм байна. Харин 15-аас доош насны хүүхдүүдийн эзлэх хувь буурч, нийт хүн амын 12.4 хувийг эзэлж байна. Энэ нь нөхөн үржихүйн насны хүмүүсийн төрөлт буурсантай, цаашлаад Япон улсад гэрлэлт буурсантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Сүүлийн үед залуучууд гэрлэх нь ховордож, ганцаараа амьдрахыг илүүд үзэх болсон. Мөн үүнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Судалгаа тайлангаас харахад хэрвээ хүн амын энэ байдал цааш үргэлжилбэл 2065 он гэхэд тус улсын хүн ам 30 хувиар буурч, 88 саяд хүрэх төлөвтэй байна. 



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улсын нийт хүн ам 127 саяд хүрчээ   
Үзсэн: 417 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй