Шууд Chart

Зүүн зүгийн нутгаар зүсэр цагаан бороо ороосой

2017-05-11 17:49:15

"Төл таван эрдэнэ" нэвтрүүлгийн сурвалжлах баг Зүүн аймгууд буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнодод ажиллалаа. Яндан хонгинуулсан хуурай, хүйтэн салхи өдөр өнжихгүй тавина. Хэнтийн Батноров, Бэрх, Баян-Овоо, Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан сумын малчин айлуудаар орж, хаваржилт, төл хүлээн авалт, төл бойжилт, малчдын аж байдлыг сурвалжиллаа.

Өнгөрсөн жилийн эрт орсон цасны чийгэнд газрын хөрс дэвтэж, яргуй цэнхэртэж, борог өвс алаглан үзэгдэнэ. Бог малаа эрт төллүүлж, төлөө зээр гөрөөс шиг эхтэй нь хамт хээр талдаа дураар нь өсгөдөг талынхан өнөө жил ч ялгаагүй ингэж л бойжуулж байна. Энэ аргыг хөрвөөр бойжуулах арга гэнэ. Мал ногоонд цадаж, төл сайхан бойжсон болохоор одоо ямар ч хавсарганд сэнсрэхгүй гэж хашир малчид ярьж байна. Одоохондоо явсан газар бүхэнд ногоон зүлгэн дээр ёстой л сул асгасан сувд  мэт хонь, хурга цайран харагдана.

Харин энэ хуурай хавсарга газрын чийгийг хатаах вий, нэг зүсэр цагаан бороо хэд хоног ордог болоосой гэж малчид тэнгэр бурхандаа залбирна. Хаагуур л бол хаагуур салхи сийгэнэ. Салхи, дуу хураагуур хоёр хэзээ ч бие биеэ  “Хүлээн зөвшөөрдөггүй“. Их холын зам туулж ижилхэн орчин, ижилхэн асуулт тавьдаг “Төл таван эрдэнэ“ нэвтрүүлгийн таван дугаарыг бэлтгэх тийм ч амар биш. Машинаараа, багаараа, гэрээр нь халхалж, бас нэгийг нь төлийн пүнзэнд нь, хорооны мухарт нь шахаж байж яриа авлаа. Арайтай л машины бүхээгт авсангүй. Худаг усан дээр нь, задгай тавиу бэлчээрт нь ярилцлага авах боломж ер нь л гарсангүй.

Дорнод Монголын задгай хөх салхийг яалтай ч билээ...  Дээр нь малчид маань Их хурлын гишүүд, эрдэмтэн мэргэд, урлаг, соёлынхон шиг микрофон  харангуутаа “онгод нь ордог” хүмүүс биш л дээ. Насандаа ганц л орж байгаа болохоор тэд маань хачин бүрэг. Гэвч
... Таван бүлээн зүс
Таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн
Амьд таван эрдэнэ ...
гэсэн сайхан дуугаар эхэлдэг “Төл таван эрдэнэ“ нэвтрүүлэгт Монголын Цагаан сарын баяраар НЭЗНА-ны уран бүтээлчдээс бэлтгэн хүргэдэг "Малчин түмний мэнд" зураг нэвтрүүлэгт малчид оролцохыг хүсдэг, үзэх дуртай нэвтрүүлэг болжээ. Ярилцахад амаргүй хэдэр яхир буриад өвгөн, захиалгат нэвтрүүлгээ хийлгэж байгаа мэт дураараа аашилдаг авгай, хүүхний аль алинтай нь таарч явлаа.

Ер нь нүүдэлчин Монголын ааш аяг ч их өөрчлөгдөж байгаа бололтой. Дараагийн долоо хоногоос  өөрийн гэсэн өнгө аястай цуврал таван нэвтрүүлэг маань гарч эхэлнэ. Алжаал ядралаа умартан урт холын замд уран бүтээлийн ганзага дөрөө нийлүүлсэн найруулагч Д.Дуламсүрэн, зураглаач Д.Ганхуяг, жолооч Н.Болдбаатар нартаа баярлалаа.

Усны шувуудын ганганаа, нялх төлийн дуу, хавар эртийн цэнхэр яргуй... Энэ бүхэн уран зураг мэт тансаг, найрал хөгжим мэт уянгалаг. Гурван аймгийн долоохон сумын нутгаар явахад долоон бүтэн өдөр хаана ч үгүй. Миний эх орон мөн ч уудам юм даа...

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Зүүн зүгийн нутгаар зүсэр цагаан бороо ороосой   
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй