Шууд Chart

Таван толгой тойрсон олон толгойт асуудал

2017-05-22 10:27:22

               Сурвалжилсан тэмдэглэл                                    

БОАЖЯ-ны харьяа Өмнөговь аймаг дахь Галба-Өөш, Долоодын сав газрын 05/11-13-ны зөвлөлдөх хуралд оролцох үеэр Ханбогд, Цогтцэций сумаас бэлтгэсэн сурвалжлагаа та бүхэнд хүргэе.  

Таван толгойн зам буюу  жолооч  нарын  эрлэг”                        

Өмнөговь  аймгийн Ханбогд сумыг  зорих сэтгүүлчдийн  унаа  Цогтцэций   сумын нүүрсний зам руу ороод  эрхгүй хурдаа  сааруулав.  Энэ замаар 70-100 тн-ы  даацтай  6000 орчим машин Таван толгойн уурхайгаас Цагаан хад, Гашуунсухайтын  боомт  хүртэл  завсар зайгүй  хөлхөнө.  Орон  нутгийн жижиг  “Таван толгой”,   “Энержи ресурс”,  “Эрдэнэс  Таван” толгой зэрэг Монголын нүүрс  экспортлогч  акулуудын ачаа энэ л замаар дамжин  хил  гардаг.  Гэвч  цөмрөөгүй,  гав  гарч эмтрээгүй  газар  нүүрсний замд ховорджээ.   Тиймээс  ч  хүнд даацын машинууд байтугай суудлын хөнгөн тэрэг 40 км цагийн хурдтай давхих аргагүйг  зорчигч бид биеэрээ мэдрэв.  

Ханбогд орох замд нүүрс ачсан машины тэвш, чиргүүл замын хажуу руу бөөрөөрөө  хэвтчихсэн  байхтай бид  таарав.   Маргааш нь  эргэж харих замд нүүрстэй  өөр нэг тэрэг  хүч,  хурдандаа дийлдэлгүй унасан бололтой онхолдсон байхтай  дахин таарав.  Салхины шил нь юу ч үгүй үйрч, кабин нь хонхойж  хотойсон байхыг бодоход  жолооч нь их л хүнд гэмтсэн  болов уу. 

Таван толгойгоос Гашуунсухайт хүртэл 260 км  замд  өдөр бүр ийм осол гарах нь хэвийн  үзэгдэл болжээ. Замын эвдрэлийг засаагүй удсанаас осол байнга гарах болсон тухай    жолооч,  албаны хүмүүс  сэтгүүлчдэд ингэж ярилаа.  

“Далан гол” компанийн жолооч: Би энд 5 жил тээвэр хийж байна.  Бохироороо 95 тн-ы жинтэй  машин  жолооддог.  Замын эвдрэл их.  Машин нь дэндүү олдсоноос зам ачааллаа дийлэхээ байлаа. Машин, зам аль аль нь байнга эвдэрдэг. Хил мөн ачааллаа дийлэхээ байсан.  Хил дээр очоод заавал нэг хоног хүлээдэг болсон. Монголын хилийн шалган хоёр зэрэг үйлчлээд байхад л хүчрэхгүй, хүлээгдээд байна. Техник  нь удаан байдаг юм болов уу.  Хятадын хил дээр хүлээдэггүй, шууд л нэвтэрчихдэг. 260 км замд 7 хоногт хоёр л  ачилт хийдэг  болсон. 

“Мэргэн сонор” компанийн жолооч: Таван толгойн зам дээр монгол хүн сохор зоосны ч үнэгүй үхэж байна. Хятадууд унасан машинаа чирж аваачиж  янзлуулчихаад  гурав хоногийн дараа жолооч хайгаад явж байдаг.  Гэтэл түүнийг барьж байсан монгол жолооч сохор зоосны үнэгүй амиа алддаг.  Монгол хүнийг гэсэн бодлого, зохицуулалт энд алга. Замын эвдрэл, энэ олон  машинаас болж өдөр болгон нэг хүн амь насаа алдаж байна. Бас дээр нь  эрүүл  бөөр,  нуруутай  жолооч үгүй  боллоо.   

Гуанзны тогооч: Бид Таван толгойн замд гуанз ажиллуулаад 6 жил болж байна. Замын эвдрэлээс болж сард 10 гаруй хүн нас барж байна.  Энэ бүр хэтэрлээ. Тэгсэн мөртлөө  ярьж, санаа тавьж байгаа газар, төр  алга.

Өмнөговь аймгийн Таван толгойгоос Гашуунсухайт хүртэлх 260 км замын 160 км нь Ханбогд сумын нутагт харьяалагддаг. Тиймээс ч бид жолооч нарын эдгээр мэдээлэл  бодитой эсэхийг  Өмнөговь  аймгийн Ханбогд суман дахь  Цагдаагийн  тасгаас тодрууллаа.  Тасгийн дарга, дэд хурандаа Д.Баярбатын мэдэгдсэнээр өнгөрсөн 4 сарын хугацаанд  160 км замд  5  хүн  осолдож, амь  насаа  алджээ.

Таван толгойн нүүрсний замыг “Энержи ресурс” компани 2013 онд “Эрдэнэс Монгол”  ХХК-д худалдсан байдаг.  “Улсад  шилжсэнээс  хойш  Таван толгойн замын засвар арчлалт  тааруу  болсон.  Энэ нь  эргээд  байгаль  орчинд  ч сөргөөр нөлөөлж байна. Замын  эвдрэлээс болж зарим жолооч шороон замаар давхисаар байна” гэж Өмнөговь аймгийн БОАЖ-ын газрын дарга  н.Пүрэвтулга  мэдэгдлээ.

Согтуу  монгол, биеэ үнэлэгч монгол “Ганц мод”-ны “чимэг”  болсон гэв

Таван толгойн нүүрс тээврийг ярихад “мими” хэрэглээ эрхгүй сөхөгдөнө. Ханбогд сумын  цагдаагийн тасаг “мими”-г  хууль бусаар худалдаалж байсан хэд хэдэн цэг илрүүлсэн байна. Мөн олон хоног нойргүй тээвэр хийснээс  хий юм харж,  “би хүн дайрчихлаа”  хэмээн  цагдаад  хандсан  тохиолдол  ч  гарчээ.  Гэхдээ “мими” хэрэглэсэн эсэх  нь  тогтоогдоогүй  гэнэ.  “Мими” гээч нь  цуснаас тийм ч амархан илэрдэггүй юм байна.

Харин зарим жолоочийн аминчхан  ярианаас  “мими”,  биеэ үнэлэгч хүүхнүүд, архи гуравтай нөхөрлөх монгол  олширсоор байгааг сонсов.  Энэ тухай  ахимаг насны нэгэн жолооч сэтгэл зовнин ярихдаа “Манай зарим залуус “мими” гэдгийг тамхи шиг  арай л дэндүү хэрэглэдэг болоод байна. Голдуу урдаас оруулж ирээд байгаа юм.  Түлэнхий үнэртэй тэрний юунд нь болдог байна. Бас “Ганц мод”-ны буудал бүрт монгол биеэ үнэлэгчид орогночихсон, жолооч нарыг хүлээгээд байж байдаг. Буудал болгонд л арав, арваараа бий.  Ер нь манай зарим  залуус  зовж олсон мөнгөө янхан, архи хоёрт өгч байна.  Би урд нэг ч согтуу Хятад хараагүй. Гэтэл “Ганц мод” боомтод  монголчууд  архи ууж, агсам тавьж, гудамжинд нь тасарч унадаг боллоо.  Ялгадас,  бөөлжистэйгээ холилдчихсон хэвтэж байх нь тун хүнд.  Манай зарим залуус их хэцүү шүү дээ. Нэрээ, улсаа бодмоор л байгаа юм” гэлээ.   

Хятадын хил 3-5 секундэд шалгадаг.  Харин  Монголынх...  

Гашуунсухайтын боомтын  хүчин чадал  нүүрсний экспортыг нэмэгдүүлж, орлогоо өсгөх  улсын  төлөвлөгөө, тооноос  хол  хоцорсон  нь  нүүрс тээвэрлэгчдийн гомдол хэлээд өгч байна.  

Өнгөрсөн намар сэтгүүлч миний бие тус боомттой хил залгаа  Хятадын Ганцмод боомтыг сурвалжлахдаа зэс, том тэрэгний жолооч нар машинаасаа буулгүйгээр 3-5 секунтэд картаа уншуулж Хятадын хилийг нэвтрэх боломжтой болсныг нүдээр үзсэн юм. Ийм байдлаар Ганцмод боомтоороо өдөрт 2 мянган машиныг нэвтрүүлэх хүчин чадалтай болсноо Хятадууд  танилцуулж  байлаа.  Мөн  тэд Оюутолгойн зэс, Таван толгойн нүүрс  зэргийг  хил дээр шуурхай шинжлэхийн тулд гааль, үндэсний хорио цээр, хилийн хяналт шалгалтын иж бүрэн барилга байгууламжийг ашиглалтад  оруулсан  байв.

Харин манай улс уул уурхай  сэргэхэд  нүүрсээ зөөх зам,  хил нэвтрүүлэх шалганы чадал  чадамж гээд наад захын хэрэгцээгээ бэлтгээгүйг өнөөдрийн нөхцөл байдал харуулж  байна.  Уул нь хил гаалийн  ийм хүндрэл бэрхшээлийг шийдэх гэж өмнөх УИХ нь  Хилийн боомтын тухай хууль баталж, Засгийн гзар нь хилийн шинэчлэлийн ажлаа Гашуунсухайтын боомтоос эхэлснээ зарлаж байлаа. Гэсэн ч байдал газар дээрээ өөрчлөгдсөнгүй.    

Замын  хураамжнаас Хөгжлийн банкны  өр төлдөг

Таван толгойн замд хийсэн сурвалжлагын мөрөөр бид “Эрдэнэс Монгол” компаниас тус замыг  хэзээ засахыг тодрууллаа.  Тус компанийн удирдлагууд засварын 3, зам арчлалтын 2 компани зам засахаар өнгөрсөн 7 хоногт  ажилдаа гарсан тухай мэдэгдлээ.

Өнгөрсөн жилүүдэд нүүрсний орлого буурсан учраас тухайн замыг ТЭЗҮ-д заасан  хэмжээгээр  засах  боломжгүй  байлаа.  Гэсэн ч жил бүр урсгал засвар  хийж  байсан”  гэж  “Эрдэнэс Таван толгой”  компанийн  удирдах ажилтан  Монголын радиод  мэдээлэв.   Тус компани  энэ замын нүүрсний  тээвэр нэг бүрээс тн тутамд 3200 төгрөг тооцож хураамж авдаг байна.

Энэ мөнгийг замын засвар арчлалт, Хөгжлийн банкны зээл, хүүгийн эргэн төлөлтөд зориулдаг. Хөгжийн банкнаас валютын зээл авч Таван толгойн замыг худалдан авсан байдаг”  гэж  “Эрдэнэс Монгол” компанийн  удирдах ажилтан  хэллээ.  

Сумын дайтай “Цагаан хад”-ныхан  багийн  дайтай  л дэмжлэг хүсэв

Уул уурхайн үйлдвэрлэл, түүнийг дагасан сум суурингийн амьдрал дахин сэргэж эхэлснийг Өмнөговийн Ханбогд, Цогтцэций суман дахь хөл хөдөлгөөн, нутгийнхны ярианаас мэдэрч  болохоор байлаа.  

Сумын  6600-аад иргэнээс гадна уурхайд ажилладаг,  уурхай дагаж амь амьжиргаагаа залгуулдаг түр оршин суугч 9 мянга гаруй, нийт 15 мянган хүн  Ханбогд суманд амьдарч байна.  Тэдний  4000 гаруй  нь Оюутолгойн үндсэн болон туслан гүйцэтгэгч ажилтнууд байдаг гэж Ханбогд сумын  удирдлага мэдээлсэн.  Мөн тус  сумын Цагаан хад  сууринд  хоолны газар, гэр буудал, дугуй засвар  гээд  уурхайн   тээвэр дагасан үйлчилгээ бий болж 3000-4000  гаруй хүн дамжин суурьших  болжээ.  Монгол Улсын сумын дайтай  хүн ам төвлөрч буй газарт хүний наад захын хэрэгцээ хангах орчин нөхцөл байдаггүй, түүнийг төрөөс зохицуулдаггүй хэмээн  Цагаан  хадныхан гомдоллодог байна.   

“Цагаан хад”-нд хамгийн үнэтэй нь ус, гэрэл цахилгаан. “Хувцсаа өнгө оруулж, үсээ угаая гэвэл 50 км-ын цаанаас  ус авах хэрэгтэй болно.  Тиймээс ч 1 литр усыг 40-50 төгрөгөөр худалдаж авдаг болохоор усандаа амь шигээ хайртай.  Гэрэл цахилгаанаа газ, мотороор л залгуулдаг” хэмээн нутгийн  хүн  ярив.  5000 жолоочийн унд хоолыг  залгуулдаг, нүүрс дамжуулан тээвэрлэдэг “Цагаан хад”-нд одоогоор 100 гаруй айл, 20-иод дэлгүүр, мөн тооны хоолны газар ажиллаж байна.  Замгүй газраар явуулахгүй гээд  шуудуу татчихсан болохоор жолооч нар зам дээр машины тавьчихаад түр амардаг гэнэ. Тиймээс ч олон машин зогсох боломжгүй,  зам түгжлээ хэмээн  хөөгддөг  гэлээ.  

Хэлснээ хийх  нь  Таван толгойн тулгамдсан асуудал

Энэ сурвалжлагын дараахан, 05/17-нд  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд үйл ажиллагаагаа УИХ-д танилцуулах үеэрээ Гашуунсухайтын боомтын нөхцөл байдал, уурхайн тээвэрт анхаарч ажиллахаа  УИХ-ын гишүүдэд амласан юм.  “Эрдэнэс Монгол”   ХХК-ийн гүйцэтгэх  захирал  Ц.Түмэнцогт:

Энэ жил  “Эрдэнэс ТТ” компани  Таван толгойн бүлэг ордоос нийт 20.5 сая тн нүүрс олборлоно. Тиймээс энэ зам нилээд ачаалалтай байхаар харагдаж байна. Боомтод ачаа тээвэр гацчихаад байгаа. Иймд Боомтын үндэсний зөвлөл Гашуун сухайтын боомтын хүчин чадлыг нэмэх, ажлын цагийг уртасгах, 24 цагаар ажиллуулах, ОУ-ын боомт болгох чиглэлээр  ажиллаж байна.  Хилийн мэргэжлийн байгууллагуудын ажлыг нэмэхийн тулд орон сууц, ажлын байрны хангамжийн талаар яаралтай хийх ажлууд бий.  Мөн Цагаан хаданд 500-600 машины зогсоол, амрах газар барихаар  зургийг нь хийж байна. Одоо ийм газар байхгүй болохоор бүх машин зам дээр дугаарлаж зогсдог. Энэ нь өөрөө аюулгүй байдалд нөлөөлдөг”.   

Өмнөговь  аймгийн  нүүрсний уурхайн бүс нутаг дахь зарим асуудлыг зам зууртаа сурвалжлан хүргэхэд ийм байна. Өмнөговь аймгийн БОАЖ-ын газрын мэдээгээр   аймгийн хэмжээнд ашиглалтын  80-аад лиценз  олгогдсоноос  өдгөө 13-ыг нь идэвхитэй ашигладаг юм байна.

Лиценз эзэмшигч зарим нь хууль, журмын дагуу ажиллахгүй, байгальд халтай ханддагаас нутгийнхан бэлчээр, газар тариалангийн хөрс шороогоо шинээр дахин онгичуулахгүй  хэмээн  лиценз  эзэмшигч,  ашиглагчидтай  зөрчилдсөөр байгааг албаныхан  хэлж  байлаа.  Нөгөө талд говь нутгийг хөгжүүлье, ахуй амьжиргааг дээшлүүлье гэвэл ус ундны асуудлыг  шийдэх   хэрэгтэйг ч нутгийнхан  сануулав.  Тэд хангайд  усан сан барьж,  говь руу  ус татах  ажил  хэрэгжинэ гэж итгэдгээ хэлж байв.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Таван толгой тойрсон олон толгойт асуудал  
Үзсэн: 3159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
irgen [203.91.115.xxx] 2017-05-25 14:08
Tegeed nuurs achix, puuluulex, boomt bolgonoor shalguulax geed dor doroo xeel xaxuulid idegdsen buun xund surtal, jolooch nariig daramtalj xanaxgui. Mashindaa bainga amidarch bgaa jolooch nariin amidral unexeer xundreltei bgaa. Udurt neg xun uxej bgaag 6000jolooch nar batalna daa. Tur zasag uund mash buruutai
Zochin [66.181.181.xxx] 2017-05-22 19:17
Mongoliin xil gaali shig xund surtaltai gazar baixgui.tegeed barag odoo tomor zamaar teeverlej baix estoi shuu dee tomor zamiin mongii ni idsen x battulgaasaa zovlongoo asuu

Бидэнтэй нэгдээрэй