Шууд

"Сэгс цагаан Богд" найраглалын гол баатруудын 44 жилийн дараах түүхэн уулзалт

2013-11-16 08:46:05

Ардын Уран зохиолч, Төрийн шагналт Дэндэвийн Пүрэвдорж агсны “Сэгс цагаан Богд” найраглалыг мэдэхгүй хүн үгүй. Нэгэн үеийнхний зүрхний дуудлага, амны уншлага болсон ч гэж хэлдэг. Тэгвэл тус найраглалын гол баатар сайхан хотын хөөрхөн хархүү Төрийн шагналт, СГЗ, зохиолч Долгорын Нямаа Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй Н.Сүхбаттай 44 жилийн дараа Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт учирчээ.

Тэрхүү найраглалыг олон жил ард түмнийхээ сонорт хүргэсэн СГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа уулзалт, нэвтрүүлгийг санаачилсан бол “Таны зүтгэлийн төлөө” ТББ бүрэн дэмжиж, хэдийнээ олны хүртээл болоход бэлэн болсон аж.  Ингээд “Сэгс Цагаан Богд” найраглалын гол баатруудын уулзалтын сонин хачнаас уншигч танд хүргэж байна.

Гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа мэдлэг, чадвар, туршлагатай ахмадуудын хүчийг нийгмийн хөгжилд татан оролцуулах зорилготой “Таны зүтгэлийн төлөө” ТББ-ын тэргүүн Ш.Батбаяр адал явдалтай аяллынхаа тухай ийнхүү ярьж байна.

-Танай байгууллагын хэвлэл мэдээллийн ахмадын баг олз омог, сонин сайхан үйл явдлаар дүүрэн аялал хийгээд иржээ...?
-Манай ахмадын хэвлэл мэдээллийн багийг СГЗ Д.Амбасэлмаа гуай ахалдаг. УГЗ нэвтрүүлэгч Ж.Бямбаа гуай, сэтгүүлч Р.Чулуунцэцэг, найруулагч Р.Аля нарын хүмүүс бий. Энэ баг маань сард нэг удаа Үндэсний телевиз, Улаанбаатар телевизэд цаг авч нэвтрүүлэг хийхээр болсон. Бид эхний нэвтрүүлгээрээ их сайхан сэдэв сонгосон гэж бодож байгаа. Энэ саналыг анх  Д.Амбасэлмаа гуай гаргаж “10  дугаар сарын 15-нд Д.Пүрэвдорж гуайн төрсөн өдөр болно. Тэрнээс наана нэг нэвтрүүлэг бэлдмээр байна” гэсэн юм. Тэгээд зохион байгуулъя гэсээр байтал 11 сар гарсан, төрсөн өдөр ч өнгөрсөн. Тэгсэн ч гэсэн “Сэгс цагаан богд” мөнхийн бүтээл учраас хийе гэж  шийдсэн. Баг маань надад 1 сая 800 мянган төгрөгний төсөв танилцуулсан. Тэгэхээр нь би өөрийнхөө машинаар өөрөө жолооч хийгээд явбал гээд тооцоод үзсэн чинь сая төгрөгөнд багтахаар байна. Тэгээд л гэнэт шийдээд “хөдөө битий яваарай, цасан шуурга болно” гэж зарласан өдөр  найруулагч, зураглаач, найраглалын нэг дүр болох хэргийн эзэн Долгорын Нямаа, Д.Амбасэлмаа гуай  бид хэд замд гарсан.

-Уншигчид Д.Пүрэвдорж агсныг зохиолын гол дүр гэж ойлгодог. Харин СГЗ, Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаагийн тухайд?
-Д.Пүрэвдорж гуай, Д.Нямаа гуай нарын хэдэн хүмүүс 44 жилийн өмнө зохиолч, уншигчдын уулзалтаар Овоотын хилийн застав орох замдаа Надмид гэдэг айлд бууж цай хоол идээд явсан. Энэ айлын охин Сүхбат 16 настай илгээлтийн эзэн тэмээчин байсан. Тэр үед Сүхбат нэг хулангийн унага тэжээж байсан гэдэг. Аяллын багийнхан тэр хулангийн унагыг өхөөрдөөд амьтны хүрээлэн рүү ярьж тийш нь өгөх арга бодъё гэж ярьцгааж л дээ. Тэд нартай цуг Жүгдэрийн Дамдин гэж партизан зургийн аппараттай явсан учраас Д.Нямаа, Н.Сүхбат, Надмид нарын хулангийн унага тэвэрсэн зургийг авсан юм билээ.

Тэгээд Д.Нямаа гуай унагыг нь өхөөрдөөд толгойг нь нэг илчихээд энгэрийнхээ тэмдгийг унаганы ногтонд зүүж өгөөд хошуун дээр үнссэн юм байх. Тэгээд нөгөө хэд нь замдаа Д.Нямаа Сүхбатыг үнсэх гэж байгаад унага үнссэн гээд наргиан болгоод явж. Тэр үед л Д.Пүрэвдорж гуай найраглалынхаа сэдвийг олж нэг их  удалгүй “Сэгс цагаан богд”-оо  бичсэн гэдэг. Найраглал гарсан даруйдаа хэвлэлд нийтлэгдсэнийг Н.Сүхбат олж үзээд Д.Пүрэвдорж гуайд захидал бичсэн байгаа юм. Н.Сүхбат Д.Пүрэвдорж гуайг өөртөө сайн болчихож гэж ойлгохгүй юу.

Д.Пүрэвдорж гуай захиа ирэнгүүт нь Зохиолчдын хороон дарга С.Удвал гуай дээр “Нөгөө хүүхнээс чинь ийм захиа ирлээ. Одоо яах уу. Андуурсан юм шиг байна” гэжээ. С.Удвал гуай “Хөдөөний хүн  чин сэтгэлээсээ л бичсэн байгаа. Тийм учраас чи ямар ч байсан хариу бич. Яаж бичихээ чи өөрөө мэд” гээд гаргасан гэдэг. Тэгээд Д.Пүрэвдорж гуай “энэ найраглалд гардаг баатар бол би бишээ. Би хоймор  сууж байсан нүдний шилтэй ахимаг настай хүн байна.

Харин энэ найраглалд гардаг баатар бол унаганы хошуун дээр үнсдэг Д.Нямаа юм” хэмээн тайлбарлан бичжээ. Н.Сүхбат дараа нь Д.Нямаад хоёр ч удаа захиа бичсэн гэсэн. Нэг захиан дээрээ  хоёр цэцэг зурсан гэдэг тэр  нь алга болсон гэж байсан. Тэгээд эхний захиаг нь сая уулзахдаа авч очсон.

-Их сонин сайхан түүх юм. Харин аян замынхаа ярианд эргээд оръё?
-Бид нар битүү цасан шуурга дундуур гэлдэрсээр Өвөрхангай орсон. Аймаг дээр манай эхнэртэй цуг наймаанд явдаг хүүхнийд очлоо. Эндээс гарахдаа эхнэрээрээ хэлүүлсэн л дээ. Тэгсэн чинь их сонин. Энэ айл бол “Энэ хүүхнүүд үү” киноны Жамц даргын бодит дүр болох хүний охин нь ээжтэйгээ хамт амьдардаг болж таарсан. Ийм сонин сайхан тохиолдлыг бэлэгшээж хоёр дахь нэвтрүүлгээ хийхээр ярилцаж зураг авсан. Маргааш  өглөө нь зам заалгаж аваад нөгөө Шинэжинст сум руу явлаа даа.

Баянхонгор Улаанбаатараас 700 гаруй км, Шинэжинст сум нь аймгийн төвөөсөө 250 км, гол дүр тэмээчин бүсгүйн байгаа Бамбуу хүртэл 150 км гээд л үнэхээр хол газар юм билээ. Д.Амбасэлмаа гуай дээр үед нэг явсан юм байж. Д.Нямаа найрагч бол 44 жилийн өмнө 29 настай байхдаа явж байсан,  одоо бол ямар газраар явж байгаагаа огт мэдэхгүй гэсэн.

Тэгээд GPS-ээр Шинэжинст сум гэж тавиад л тэрүүгээрээ замаа заалгаад яваад байлаа. Жаахан явж байгаад замаас гарлаа, тийшээ яв л гэх юм. Хэлсэн зүг рүү явахаар буцаад л яв гэх юм. Говьд чинь хүн ерөөсөө таарахгүй. Ёстой нэг хөглөсөн. Хадан дундуур бартаат замын уралдаанд явж байгаа юм шиг л санагдсан. Явсаар байгаад Их богд уулын хавцалд очсон. Тэр хавцал руу ороод том, том хаднууд тулаад зогсчихсон. Ерөөсөөө яах ч арга байхгүй. 

-Тэгээд яаж замдаа орсон хэрэг вэ?
-Би уг нь Ш.Бадамсамбуугийн суртчилаад байдаг GPS-дээ л итгэж байсан юм. Орой ч боллоо. Тэгээд буцаад замгүй газраар яваад байсан чинь уулын хажууд гэрэл харагдахаар нь очлоо. Рашаантай газар гэр бүлийн хоёр жижигхэн буудалтай, сахиул маягаар амьдардаг юм байна. Нөхөр нь буудалдаа хонуулах гээд “та хэд энд хоноод яв” гээд байдаг. Эхнэр нь зам зааж өгөөд л. Тэгсэн чинь нөхөр нь авгайгаа дуугүй байна гээд загнаад л/инээв/. Тэгээд эхнэрийнх нь заасан Оорцог даваа руу хөдөлсөн. Зам мэддэг хүнд бол их сайхан зам юм гээд л давхиад байсан чинь дугуй хагарчихаж. Дугуйгаа сольж аваад өнөө шөнө Шинэжимст сум орж хонох ёстой гээд л давхилаа. Тэгсэн чинь сар миний зүүн гар талд байсан гарчихаад нэг л биш ээ.

Тэгтэл нөгөө GPS “замаас гарлаа” гээд сум заахаар нь нөгөө сумыг нь дагаж явж байгаад нэг анзаарсан чинь сар баруун гар талд гарчихаж. Би нөгөө хэддээ “сар түрүүн зүүн талд байсан чинь одоо баруун талд гарсан байна” гэлээ. Гэтэл Д.Амбасэлмаа гуай “сар чинь явдаг шүү дээ”  гэж байна. Тэгээд би бодохгүй юу. Цаг орчмын дотор ийм хурдан явчихдаг юм байх даа гэж. Харин Д.Нямаа гуай хэсэг дуугүй байж байснаа “нээрэн тийм шүү. Хээр хоносон сар баруун гар талд байдаг гэсэн” гэв. Тэгэхээр зөв л юм байлгүй гээд яваад байсан чинь буцаад нөгөө Оорцогтоо 80 км давхиад хүрээд ирсэн байдаг байгаа.

-Тэгээд хээр хонов уу?
 -Үгүй, тэгээд гайхаад байж байтал фургонтой хүмүүстэй тааралдаад Шинэжинст орно гэхээр нь дагаад давхичихсан. Шөнийн 02 цагт зорьсон сумандаа ирлээ.  Гэрэл цахилгаангүй болохоор хаана юу байгаа нь мэдэгдэх  юм алга. Эхлээд банк тааралдлаа, харуултай нь уулзъя гэсэн түгжээтэй. Цонхыг нь цохьлоо, нүдлээ, хашгирлаа, ерөөсөө хүн гарч ирэх шинжгүй. Цагдаагийн газар нь очсон чинь бас хүн байхгүй. Эмнэлэг нь харин хаалга нь онгорхой байна. Хэд хэдэн өрөөний хаалга татлаа нэг ч хүн байхгүй хов хоосон. Сувилагч байна уу, эмч байна уу гээд хашгирлаа, хариу байдаггүй. Тэгэхээр нь дүүрсэн хэрэг энд хоноё гээд ярилцаж байтал нэг өрөөнөөс сувилагч нойрмог, хөл нүцгэн “юун хүмүүс вэ” гээд гарч ирсэн.

Тэгээд танай сумын засаг даргыг чинь олмоор байна гээд “би уг нь Улаанбаатараас гарахдаа хэлсэн юм” гэтэл “Манай сумын засаг дарга шинэ хүн болсон. Гэр орон байхгүй, айл айлд хоноод явдаг. Иргэдийн хурлын даргынх байгаа тэднийд очъё” гээд дагуулаад явлаа. Очоод цонхыг нь зөндөө нүдлээ, хаалгыг нь цохьлоо гарч ирдэггүй. “Ийм бөх унтдаг иргэдийн хурлын даргатай юм байх даа” гэж бодоод “эмнэлгийн даргынд нь очъё. Би танай салбарын сайд байсан нөхөр байна аа” гэлээ. Тэгсэн би одоо л таныг таньлаа гэж байна. Эмнэлгийн даргынх руу явж байтал буудлын хүнтэй уулзах уу гэж байна.

Тэгтэл буудлын хүүхэн “та нарыг ирэхгүй болохоор гэртээ хүрээд ирсэн юм” гээд биднийг дагуулаад буудал руугаа явлаа. Гэтэл зам дээр  нэг халамцуу нөхөр гараад ирдэг юм байна. Тэр нь сумын тамгын газрын дарга гэнэ. “Яасан бэ” гэж асуутал түймэр гараад гээд буцаад явчихлаа. “Юун түймэр” гэтэл “сургуулийн захирлын гэр шатаад унтраах хүн олддоггүй” гэж байна. Д.Нямаа гуай “галын дөл өөдөө гэдэг юм. Галтай угтаж байна” гээд л. Сургуулийн захирал нь ч эзгүй байх үеэр гаднаас нь шатаасан байна гээд нөгөөдүүл ярьж байна. Өглөө нь сумын засаг даргатай нь уулзлаа. Тэнд АН-ынхан ялж хотоос шинэ дарга ирж. Тэр дарга уг нутгийн хүн, гэхдээ хотоос ирсэн учраас гэр байхгүй. Тэгээд найзындаа хонож байгаа гэнэ.  

-“Сэгс цагаан богд” руу яаж хүрэв дээ. Гол баатар хэрхэн угтав?
-Сумын засаг дарга бидэнд газарчин гаргаж өгсөн. Тэгээд л Сэгс цагаан богд шүлэгт гардаг Бамбуугийн хоёр худаг руу  явлаа даа. Тэр тэмээчин хүүхнийг Н.Сүхбат гэдэг, нэг газраа ерөөсөө тогтдоггүй, хаана явж байгаа нь мэдэгддэггүй, малаа дагаад л яваад байдаг хүн юм байх. Тэгээд сураглаад л яваад байлаа, хүн ч таардаггүй. Гэтэл нэг тэмээтэй хүн ирж явна. Говийн хүүхнүүд чинь нүүрээ сайртуулахгүй гээд банк дээрэмддэг шиг малгай өмсөөд нүд харах нүх ухаад гаргачихдаг аж. Бас дээрээс нь сормуус зурсан./инээв/ Тэр хүн бидний хайж байгаа Н.Сүхбатын бэр нь байсан.

Гэтэл бэр нь ээжийгээ хаана явааг нь мэддэггүй. Говьд утас барьдаггүй юм байна. Тог нь орой 07:00-23-00 цагийн хооронд асаад унтардаг, тэр хооронд нь л утсаар ярьж болдог гэнэ. Харин бүгд богино долгионы станц барьдаг. Нэг айлд болж байгаа юмаа станцаараа ярихаар тэр хавийн бүх айлууд сонсдог. Тэгээд хууч хөөрөхөд их сайхан болсон гэж байна. Хаана юу болж байгааг андахгүй болсон гэнэ. Тэгээд арайхийж Н.Сүхбатынхыг хайж очлоо.

Тэгээд очсон чинь ганц гэр, гаднаа нэг фургонтой. Нэг хүүхэн, жаахан хүүхэдтэй хамт сууж байна. Бас нэг бэр нь гэнэ. “Ээж ямаагаа хариулаад явсан, хаана явж байгааг нь мэдэхгүй” гэснээ ойролцоо байгаа ах дүү нараа хотоос хүмүүс ирсэн гээд станцаараа дуудлаа. Гэтэл нэг хүн “Н.Сүхбат Бамбуугийн тийшээ л явж байгаа юм шиг байна” гэлээ.

Тэгээд бид хойноос нь явсан л даа. Нэг газар очоод мухардаад зогслоо. Гэтэл ашгүй хэдэн хонь гарч ирсэн юм. Тэгсэн чинь “наадах чинь хонь биш ямаа. Манай ээжийн ямаа байна, ээж энэ хавьд л явж байгаа юм байна” гэж бэр нь хэллээ. Тэгсэн тэр Шинэжимст суманд л зөвхөн цагаан ямаа байдаг аж. Эднийх 500-аад цагаан ямаатай, 200 гаруй тэмээтэй айл байна лээ. Тэр үед тэмээ унасан бор авгай л ирж яваа харагдсан. Дурандсан чинь нөгөө Н.Сүхбат.

-Сэтгэл догдлуулсан энэ мөчид Д.Нямаа гуай яаж байх юм?
-44 жилийн дараа уулзах гэж байгаа учраас их юм болсоон. Д.Нямаа костюм пиджактай, бид бүгдээрээ зузаан хувцастай. Д.Нямаа гуай “сэтгэл хөдлөөд нэг л сонин байна, жаахан зориг оръё” гээд 100 грамм татлаа. Тэгээд тэр хоёр уулзсан даа. “Таньж байна уу намайг” гэсэн чинь “танихгүй байна аа” л гэж байна. Аргагүй 30, 40 жилийн өмнө Н.Сүхбат улаан хацартай жаахаан хөөрхөн охин байсан. Д.Нямаа гуай 29 настай гоё залуу байсан гэсэн.

Гэтэл Д.Нямаа гуай “би Сэгс цагаан богд найраглалын нэг баатар байна” л гэж байна. “Өө за таньлаа” гээд л.  Н.Сүхбат “костюм пиджактай хүний хажууд би зурагаа авахуулахгүй. Гэртээ очиж дээлээ өмсчихөөд зурагаа авахуулна” гээд л. Гэхдээ л манай хэд зургийг нь авсан. Тэгээд гэртээ очоод өнгөрсөн дурсамжуудаа ярилцлаа. Д.Нямаа “Энэ бол 44 жилийн өмнө өөрийн чинь надад бичсэн байсан захидал” гээд гаргаж үзүүлж байна лээ. Тэр захидлыг хараад хоёулангийнх нь нүдэнд нь нулимс цийлэгнээд, их сонин болж байсан.

-Та хэд Н.Сүхбатынд хэр удаан саатав. Олон сайхан дурсамж тэнд бүтээсэн байх даа?
-Ер нь бол Д.Нямаа гуай тэнд хонох сонирхолтой байсан. “Хэдүүлээ хоноод явах уу” гэсэн санааг ч цухалзуулж байсан. Тэгээд бид бичлэгээ хийчихээд явъя гэтэл Н.Сүхбат “юу гэсэн үг вэ, холоос ирсэн хүмүүст хонь гаргаж өгнө” гэсэн чинь Д.Нямаа гуай их дуртай “өө тэгэлгүй яахав” гээд л /инээв/. Бас нэг сонин нь тэнд чоно ихтэй гэнэ.

-Тийм үү?
-Тиймээ. Залуучууд нь нийлээд чоноо агнадаг гэнэ. Хэсэг залуус хоёр чоно аллаа гээд ирж байна. Тэгэхээр нь би сонирхоод “та нар ямар буутай юм” гэтэл “буу байхгүй, чулуугаар цохиж алсан” гэнэ. Би эхлээд тоглож байна гэж бодохгүй юу. Гэтэл тэдний дунд ганц буу байх бөгөөд нэөгөөх нь сум нь гацаад буудаж болохоо больсон гэнэ. Тэд бүгд хятад мотоциклтой,  тэгээд нөгөө богино долгионоороо хоорондоо холбогдоод, өртөөлж хөөсөөр байгаад цуцаад ирэнгүүт нь толгой руу  нь чулуугуур цохиж алдаг юм байна. Тэгээд бид хэд бэлэгшээгээд суманд ирэхэд галын дөл угтсан. Хөдөө ирэхэд чонотой угтлаа гээд хөөрч байлаа. Н.Сүхбатынх гурван хүүтэй юм байна. Сумынхан нь түүнийг их ажилтай гэж магтах юм.  Хүүдүүд нь эхнэр авцгаасан гэнэ. Тиймээс Н.Сүхбат ганцаараа байдаг юм билээ.

-Нөхөр нь...?
-Ганц бие юм билээ. Д.Нямааг хүлээгээд л хүнтэй суугаагүй байхгүй юу. /Инээв/ Тэгээд л хонины шөл ууж аваад л буцлаа даа. Нөгөө төөрүүлдэг төхөөрөмжийнхөө заасан зүг рүү нь явсаар байгаад нэг суманд ирсэн нь Баацагаан юм байна. Д.Нямаа гуай их сайн юм боллоо, би энд нэг ажилтай гэж байна. Энэ сум “Хүрэн морь” найраглалын Лхамсүрэн гуайн нутаг аж. 

-Та бүхний адал явдлаар дүүрэн нэвтрүүлэг их сайхан болсон байх?
-Сайхан нэвтрүүлэг болсон. Гэхдээ хүмүүсийг чилээхгүйн тулд сунжирсан зүйл хийгээгүй.

-Та аян замын тэмдэглэл бичих үү?
-Нэвтрүүлэг гарсны дараа бичнэ.

-Ярилцсанд баярлалаа.

* * *

Д.Нямаа: 44 жил өнгөрөхөд Сүхбат бид хоёр “Сэгс цагаан Богд” найраглалын нэрийг сэвтүүлэхээргүй амьдарсан байна

“Сэгс Цагаан Богд” найраглалын гол баатар, сайхан хотын Хөөрхөн хархүү Д.Нямаа гуайн 44 жилийн дараах уулзалтаас төрсөн сэтгэгдлийг хүргэе.
-Сэгс цагаан Богдын шаргал намар ертөнцийн гоо сайхныг бахдах боломжийг үзсэн бүхний мэлмийд олгодог. Чухамдаа тэр нутгийг түмнээ алдаршуулсан мөрс цаг хугацааг гэтэлгэн уншсан бүхний зүрхийг хоёр залуугийн хайрын түүхээр догдлуулдаг. Найраглал бүтсэнээс хойш 44 жилийн дараа Сэгс цагаан Богдыг зориод ирсэн байна. Хуучин цагийн дурсамж, дурдатгал сэдрээсэн л биз дээ?
Д.Н:-Би өнгөрсөн зун зусланд гарчихаад байж байхдаа Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нэг охинтой танилцсан. Танилцсан охиндоо “Сайхан хотын хөөрхөн хархүү гэдэг чинь би шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн нэг л итгэж өгдөггүй. Эргээд бодсон танихгүй байхаас ч аргагүй юм билээ. 44 жилийн өмнөх залуу өнөөдөр өвгөн болчихоор итгэхгүй байх нь аргагүй. 1969 онд хорин хэдэн насандаа хэсэг зохиолчидтой “Уран үгсийн чуулган”-аар Баянхонгор аймагт очсон. Анх энэ “Уран үгсийн чуулган” 1968 онд Өмнөговь аймагт эхлээд удаах нь Баянхонгорт болсон хэрэг. Энэ ажлын цаад үр дүнд “Миний нутаг” хэмээх номыг бүтээх байсан. Ном ч 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор гарч байсан санагдаж байна. Ингээд тэр жил Баянхонгор аймагт болсон “Уран үгсийн чуулган”-д оролцсон зохиолчид дунд насаар ч тэр, уран бүтээлээр ч тэр хамгийн залуу нь би байлаа. С.Удвал гуай, Ч.Чимид гуай, Дашдэндэв гуай, С.Лувсанвандан зэргийн арав гаруй хүмүүс явж байлаа. Ер нь бол Сэгс цагаан Богд орох зорилготой. Тухайн үед Шинэжинст сумын Засаг дарга зохион байгуулж Надмид гуайнх буюу одоогийн Сүхбатынхаар биднийг оруулсан хэрэг. Тэр үед Сүхбат 16 настай тэмээчин охин байсан. Биднийг очихтой зэрэгцэн Сүхбат тэмээ хариулж яваад хулангийн нялх унага бариад авсан юм билээ. Хулангийн унагаа гэртээ авчирч сүүгээр угжин тэжээдэг байсан нь бидний хэдэн зохиолчид тэднийд очих шалтгаан болсон байдаг. Ингээд бид ч Сүхбатынд очлоо, хулангийн унагаа ч ойртуулж авчирлаа. Бид унага тойрч яриа үүсгэн зураг хөргөө татуулж, амьтны хүрээлэнтэй бол тэнд л байлгамаар юм гэж өвөр зуураа хэлцэж байлаа. Тэр өдөр бол 1969 оны аравдугаар сарын 15 байсан. Энэ өдрийг яагаад одоо хэр нь санадаг вэ гэхээр тэр айлд очоод Д.Пүрэвдорж гуай “Өнөөдөр миний төрсөн өдөр шүү дээ” гэдгийг хэлэнгүүт Удвал гуай цүнхээ уудлаад “Тийм бол бэлэг өгнө” гээд алим өгч байсан түүхтэй. Би тухайн үед радиогийн сурвалжлагч байсан. Тийм ч учраас архаг зохиолчид намайг авч явсан хэрэг л дээ. Тэр утгаараа Сүхбаттай ярилцаж, унагаа яаж барьсан, хэрхэн тэжээдэг зэргээр ярилцаж байтал ахмад партизан яруу найрагч Жүгдэрийн Дамдин гэж өвгөн Сүхбат бид хоёрын зургийг дарсан. Эндээс Сэгс цагаан Богд төрөх сэдэл төрсөн хэрэг. Ийм түүхтэй үйл явдлыг гэрчилсэн гэрэл зураг надад үлдсэн байдгийг сая “Сэгс цагаан Богд” орохдоо Сүхбатад дурсгаад ирлээ.

-Найраглал бүтэх сэдэл хоёр залуугийн хайраас урган гарсан гэж хүмүүс ам дамжуулан ярьдаг нь үнэн эсэхийг одоо л таниас шууд асуучихмаар байна?
Д.Н:-Эхлээд “Сэгс цагаан Богд”-ыг найраглал талаас нь харъя. Үнэхээр монголын сонгомол найраглал болчихсон байна. “Сэгс цагаан Богд”, “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг” гэсэн гурван найраглалаар Д.Пүрэвдорж гуай төрийн шагнал хүртсэн. Харин тус найраглал бүтсэн талаар ярихад Сүхбат бид хоёр танилцаад бие биендээ дасалцсан зүйл огт байхгүй. Чухам юу болсон гэхээр Сүхбат хулангийн унагандаа ногт хийчихсэнийг нь би анзаараад ногтны хамар дээр нь нэг гялгар юм хийчихвэл сайхан харагдана даа гэж бодсон юм. Тэгээд өөрийнхөө энгэрт зүүлттэй байсан “Восточны Сибирскы Парада-50” гэсэн тэмдгийг зүүж өгсөн. Энэ тэмдэг бол 1917 онд анх хэвлэгдэж байсан Эрхүү мужийн хэмжээний том сонины нэртэй эд байсан. Ингээд тэр тэмдэгээ зүүж өгмөөр санагдаад хулангийн унаганы ногтноос зүүгээд өгчихсөн. Яг тэр мөчид нар баруун талд гарчихсан, тэр нар руу өнөөх тэмдэг ташаад хөөрхөн харагдаж байсан. Тэмдэгний учрыг сөхвөл Сүхбатынд очихоос сарын өмнө бид Халх голын ялалтын 30 жилийн ойгоор Эрхүү, Алс Дорнодоор аялсан. Аялахдаа салбарынхаа байгууллагуудад хуваарилагдаж би тэр Эрхүүгийн сонинд хуваарилагдсан. Биднийг очиход бидэнд зүүж өгсөн тэмдэг юм. 

Ингээд бид Сүхбатынхаас явахын өмнө ахиад хулангийн унагаа нэг харсан үнэхээр хөөрхөн харагдаад болдоггүй. Хамар дээр нь үнсчихээд, ирсэн том тэрэгнийхээ тэвшин дээр гараад суучихлаа. Ингээд мэдээжийн хэрэг олон зохиолчид болсон хойно егөөдөж, тохуурхсан яриа гаргачихсан хэрэг. “Нямаа Сүхбатад тэмдэг зүүж өгөх гээд биднээс ичээд унаганы хамар дээр зүүчихдэг юм байна. Охины уруул дээр үнсэх гээд бас ичээд унаганы хамар дээр үнсчихдэг юм байна” гэдэг яриа архаг зохиолчдын дунд үүссэнээс үүдэн “Сэгс цагаан Богд” хэмээх найраглалын санаа найрагчийн тархинд ургасан хэрэг. Хожим энэ талаар Д.Пүрэвдорж гуай ярилцлага өгөхдөө “Машины тэвшин дээр үүссэн тэр ярианаас Сайхан хотын хөөрхөн хархүү гэдэг мөр орж ирсэн. Түүний цаана Нямаа байгаа юм” гэж хэлсэн байдаг. Би 44 жилийн дараа хулангийн хамар дээр тэмдэг зүүж, уруул дээр нь үнссэн тэр нутагтаа, тэмээчин охин Сүхбаттай уулзахаар Хонгор нутагт очсон нь энэ. Ирээд энэ тухай түүхийг өөрөө нэхэн дурсахад сайхан байна.

-Дөчин дөрвөн жилийн дараах уулзалт учраас үгээр эвлүүлж хэлэхэд төвөгтэй, сонин содон уулзалт байсан байх даа?
Д.Н:-Сүхбат бид хоёр өнгөрсөн он жилүүдэд нөхөрлөөгүй ч надтай цаг хугацаа нөхөрлөсөн. Сүхбаттай ч нөхөрлөсөн. Цаг хугацаатай нөхөрлөж чадсан учраас Сүхбат бид хоёрт дундын гэхээр зүйл бага үлдсэн байна. Тийм ч учраас бид нэг нэгэнтэйгээ танимхайрч уулзахаасаа илүү нэг нэгнээсээ их бишүүрхлээ. Сүхбат маань очиход гэртээ байсангүй, хониндоо явчихаж. Тэгэхээр нь бид хонины бэлчээрт нь очиж уулзлаа. Тэмээгээ унаад хонио хариулж явна. Уулзаад, “Сайн байна уу, намайг таньж байна уу” гэж асуулаа. “Танихгүй байна” гэх юм. Арга ч үгүй биз дээ. Дөчин дөрвөн жил шүү дээ. Золгоод нэрээ хэлтэл “Даанч нэг их үзсэн хүн байсан юм” гэлээ. Үзсэн гэдэг нь 44 жилийн өмнө таарсан тухай биш байсан. Телевизээр хааяа нэг гарахаар хардаг юм байжээ. Тэгэхдээ нөгөө хүн чинь энэ шүү дээ гэж боддог байж л дээ. Сүхбаттай уулзаад нэг баярласан зүйл нь Сүхбат өөрийгөө “Сэгс цагаан Богд”-ын гол баатар гэдгээ хүлээн зөвшөөрч, хүмүүс хэлэхэд нь хүлээгээд авчихсан байсан. Хөдөлмөрийн баатрын дайтай хүмүүс таньдаг болчихсон учраас Сүхбат маань өөрөө түүгээрээ бахархаж, өөрийнхөө сэтгэл зүйг түүнийг дагуулан зөв хөгжүүлж, урлаг уран бүтээлийг ойлгодог л хүн болжээ. Үр хүүхдүүд нь зөв амьдарч, өвөр зууртаа тустай ёстой л тэнэгэр говийн тэнхлүүн зан араншинтай санагдаж байлаа. Тиймээс 44 жил өнгөрөхөд Сүхбат бид хоёр Сэгс цагаан Богд найраглалын нэрийг сэвтүүлэхээргүй амьдарсан байна гэж бодлоо.  Хэрвээ нэг нь тааруу явсан бол Д.Амбасэлмаа тэргүүтэй уран бүтээлчид нэвтрүүлэг бэлтгэнэ гэж явах ч байсан уу, үгүй ч байсан уу.

-Сайхан түүхийн талаар сэтгэлээ уудалж илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

* * *

Д.Амбасэлмаа: Дэндүү сайхан юманд хүн дуугүй байхаас өөр яах билээ
Нэвтрүүлгийн санаачлагч, ахмад сэтгүүлч, Соёлын Гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа цогц бүтээл туурвих гэж хичээсэн нандин дурсамжаасаа хуваалцлаа.

-Аугаа найраглалын оч аугаа найрагчийн тархинд харвасан тэр өдөр Д.Пүрэвдорж гуайн төрсөн өдөр байсан гэсэн. Тэгвэл энэ жил эрхэм найрагчийн мэндэлсэний 80 насны ой тохиож байгаа. Энэ бүхнээс харахад энэ удаагийн тань нэвтрүүлэг эгэл биш санагдах юм?
Д.А:-Үнэхээр таны хэлсэн шиг эгэл биш түүхийн энгүй сайхныг бахадсан нэвтрүүлэг бэлтгэж байгаа учраас сайхан хотын хөөрхөн хархүүтэй хамт Сэгс цагаан Богдыг зорьж очсон. Энэ ажлыг маань “Таны бүтээлийн төлөө” ТББ-ын тэргүүн Ша.Батбаяр их сайхан дэмжсэн. Миний хувьд энэ ажлыг өнөөдөр л хийх юмсан гэж олон жил бодож, ярьж явсан. Сэгс цагаан Богдын гол баатрын нэг Сүхбаттай 16-тай, 25-тай, дараа нь 35 настай байхад нь Р.Аля найруулагч бид хоёр нэвтрүүлэг хийсэн хүмүүс. Азаар Р.Аля найруулагчийн гарт Д.Пүрэвдорж гуай “Сэгс цагаан Богд” найруулал бий болсон түүхийн талаар өөрөө ярьсан нь хадгалагдан үлдсэн байна. Тийм учраас бидний энэ удаагийн нэвтрүүлэгт “Сэгс цагаан Богд” найраглалын арын хоёр хүн хэн бэ гэдгийг зохиогч нь баталсан бичлэг байна. Арын хоёр хүн нь хэн бэ гэдгийг энэ удаагийн сурвалжлагадаа харуулсан нь байна. Цөм бүрэн гэдэг шиг цогцоор нь түүхийг харуулахуйц болох юм.

-Найраглал харилцан захидал бичсэн байдлаар өрнөдөг. Үнэхээр Сүхбат гуай Д.Нямаа гуайд захидал бичсэн байдаг юм уу. Олон удаа энэ найраглалын мөрөөр сурвалжлага бэлтгэж байсан хүний хувьд та л үүнийг хэлэх байх?
Д.А:-Захиаг бол Сүхбат бичсэн. Одоо хамт Д.Нямаа найрагч нэвтрүүлэгт гарахаас өмнө надад нэг зүйлийг хэлж байсан нь дугтуй дүүрэн Сүхбаттай холбоотой зүйлс хадгалаастай өөрт нь байдаг тухай. Хамгийн сонин, гайхалтай зүйл нь 44 жилийн өмнө Нямаад Сүхбатын бичсэн захидал тэр дунд байсан. Тэр захидлыг сая Сүхбатынд очихдоо өөрт нь үзүүлсэн. Сүхбат юу гээд биччихсэн юм бол гэсэн байдлаар юу ч хэлээгүй. Тэр хэсгийг манай зураглаачид хальсанд мөнхөлж үлдсэн. Дэндүү сайхан юманд хүн дуугүй байхаас өөр яах билээ.

-Тэр нэг өдрийн найрагчийн егөө Д.Нямаа, Сүхбат гэдэг хоёр хүний муу амьдрах эрхийг насан туршид нь хасчихсан байна. Энэ нарийн нандин зүйлийг хальсанд буулгаж, хүний зүрхэнд хүргэнэ гэхээр Д.Амбасэлмаа гуай танд ямар санагдаж байх юм бэ?
Д.А:-Нэвтрүүлэгт гарч байхад Д.Нямаа маань хэлэхдээ “Хүний оюун ухаан, авьяас билигт баярлаж байна” гэсэн. Өөрөөр хэлбэл бичихүйн гайхамшиг гэдгийг жижигхэн үйл явдлаас ургуулж, сийлсэн Д.Пүрэвдорж гэдэг хүнийг шүтэхээс өөрцгүй юм гэдгийг хэлсэн хэрэг. Нөгөө талаасаа Сүхбат, Нямаа хоёр зохиогчийн нүдэнд тусч, таалагдсан байна л даа. Нямаа хүний нүдэнд дулаахан, Сүхбат 16-хан настай гал цогтой охин байгаагүй бол Пүрэвдорж гуайн нүдэнд найраглалын баатрын хэмжээнд тусахгүйгээр барахгүй, “Сэгс Цагаан Богд” гэдэг гайхалтай найраглал төрөхөө хүлээн хэчнээн суутнуудын ухааныг элээх байсныг хэлж мэдэхгүй. Тийм учраас төрсөн цагаасаа эхлэн амьдарсаар байгаа аугаа их ухаан, авьяасын тод илэрхийлэл болсон Сэгс цагаан Богд найраглал болон зохиогчийг, зохиолыг үнэгүйдүүлээгүй хүн шиг хорвоог туулж яваа энэ хоёр гол баатрын өмнө мэхийн ёсолмоор санагдаж байна. Тэр ч утгаараа энэ гайхалтай түүхэд тулгуурлан бэлтгэх нэвтрүүлгийг Р.Аля найруулагчтайгаа амьдруулсан шиг амьдруулж, хөндөх ёстой сэдэв, өнцөг нэг бүрийг нь алдахгүй нээхийг зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа
Аугаа зүйлийн үндэс аугаа байх жамтай. 44 жилийн тэртээ “Сэгс Цагаан Богд”-оос хөвөрч, сэтгэл зүрхтэй хүн бүхний цээжинд үүрээ зассан тэр гайхалтай түүхийн шижмээр бүтэх эрхэм уран бүтээлчдийн маань бүтээл суут найрагч Д.Пүрэвдоржийн 80 насны гэрэлт хөшөө болон сүндэрлэх нь гарцаагүй. Ахмад уран бүтээлчдэдээ уран бүтээлийн өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье.

“Сэгс Цагаан Богд” найраглалыг бүрэн эхээр нь аудио болон унших хэлбэрээр хзргэж байна.

(Тэмээчин бүсгүйн захидал)

Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна
Намар та манай нутагт
Нартай хамт ирсэн юм уу
Сэгс цагаан богд ууланд
Сэрүү унах болоогүй юмуу
Цэлгэр говь минь нараа дэлгээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна
Сар хаяанд хонож салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Нарны элч ус мэт
Газрын хээлэнд шингэж
Намрын говь дулаан байна
Зун намартаа говь ингэж
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үргээн
Цас үүлэндээ хайлдаг юм
Нүдэнд дулаахан хархүү та
Нүүдлийн шувуу байсан юм уу?
Уужим говийн бяцхан бүрд би
Ус нь цалгиж үлдсэн юмуу
Сэм сэмхэн санаа алдаад
Сэтгэл нэг л сүжрээд байна
Намар та манай нутагт
Нартай хамт ирэхдээ
Намайг ганц түлсэн шүү дээ
Батиар биш дээ хүнийг та
Барьж харах шахсан шүү дээ
Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд
Өндөг шиг дуугүй явчихаад
Шувуу бүхэнд үг заагаад
Шуудан бүхэнд захиа дайгаад
Нэгдлийн даргаас ч санаа зовохгүй
Нээрэн та намаржин чадлаа
Уншаад баймаар таны захидлууд
Уулзахын заяа өгөөч гэжээ
Уулзахын заяа өгье гэтэл
Учралын жаргал аваач гэжээ
Учралын жаргал авъя гэтэл
Улаанбаатарт ирээч гэжээ
Сэгс цагаан богдоо орхиод
Сэтгэл юугаа дагая гэвэл
Хонгор таны гэргий болоод
Хот газар сууяа гэвэл
Говь нутгийн хүрэн бүсгүйн
Гоо үзэмж хүрэх болов уу
Онгож гандсан миний царайд
Оо энгэсэг таарах болов уу
Уур гүйсэн байшинд суухаар
Утаагүй галд цай чанахаар
Улаа бутарсан говио орхиод
Улаабаатарт очъёо гэвэл
Буянтай ханийн цалин хүртсэн
Бурхан байлаа ч таарах болов уу
Буурал хангайн цагаан өвөл
Булган дээлтэй ч даарах болов уу
Уучлаарай найз минь
Уурлах хэрэггүй тоглосон юм
Улаабаатар сайхаан
Уулс тийшээ хаяа тэлсэн
Үүлс дээшээ дээвэр тулсан
Улсын минь чандмань эрдэнэ
Улаанбаатар сайхаан
Өдөн дэрнээс
Өглөө өндийж
Өнгийн шаахай
Өлмийд углаад 
Цоохор торгон
Хэвнэг нөмөрч
Цонхны хөшиг
Хэцээр татаж
Халуун ус
Хананаасаа аваад
Цахилгаан зууханд
Цайгаа чанаж
Үеийн тандаа эрхлэн суувал
Үнэхээр нэгэн жаргал бус уу
Гурван талтай толины урд
Дөрвөн талаа толидон засаад
Гурван зүүгийн булган малгай
Төвхөн агаад жишүү тавьчихаад
Өрнө зүгийн шаавай гутлын
Өндөр өсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нөхрөө сугадан алхвал
Аяа бас жаргал бус уу
Ажил тарсны дараагаар
Аав ээжийн ерөөлөөр
Цэцэг шиг хөөрхөн хүүгээ
Цэцэрлэгээс хамт аваад
Цэнгүүн сайхан үдэш
Цэнхэр дэлгэц ширтээд
Хөвсгөр диваанд шигдэжд
Хөгжим дуу чагнан
Сайхан бие эрүүл
Санаа сэтгэл саруул
Бие биенээ хайрлан суувал
Бидэн хоёрын жаргал бус уу
Тэгэвч найз минь би
Тэнгэрийн энэ л хаяандаа
Тэмээчин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хөх асар
Сэгс цагаан богддоо
Сэтгэл хоргодоод болохгүй нь
Сундлан нүүх үүлс шиг
Суварган цэнхэр уулсаа
Сувд шиг бэлд нь гялалзах
Сум нэгдлийн төвөө
Энэ нутагт тулсан
Эцэг өвгийн галаа
Он жилээр нэхэлгүй
Орхиод явж чадахгүй нь
Ай даа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Анагай гурван цоохор
Ажин гурван ширдэг
Ах дүү гурван хаалга
Аман гурван сээр
Ар гурван дэл
Алаг гурван шанд
Задгай гурван хээр
Зах гурван бамбуу ...
Нэр хүртэл шүлэг
Нээрээн сайхан нутаг
Аяа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Солонгын долоон өнгө билээ
Идээний таван амт нь билээ
Ижил нь үгүй үнэртэн билээ
Ид шидийн үзэсгэлэн билээ
Аагтай цай шиг шаргалтан байдаг
Аргалын зоо шиг хиргэлтэн байдаг
Атан тэмээ нь хонгортон байдаг
Алагхан говьдоо хайртай би
Эмээлийн бүүрэг шиг элгэн хад нь
Эсгээд авмаар иртэй ч гэлээ
Ээрэм газрын алаг чулуу нь
Эрхний бөөр шиг элүүн билээ
Их говийг холоос харахад
Ихэмсэг алс нь хүйтэн ч гэлээ
Илчтэй хөрсийг нь алгаар дарахад
Илүүрийн ул шиг халуухан билээ
Хулангийн тоос шингэх бэл нь
Хуурайн ар шиг ширүүн ч гэлээ
Хүйсэн чинээ зүлгэн газраа
Хүүхдийн зулай шиг нимгэн билээ
Голдоо хүртэл хатсан юм шиг
Говийн заг хатуу ч гэлээ
Нарны илчинд ноцтол халсан
Нарийхан мөчир нь ногоон билээ
Цаадах уулс нь зэрэглэн хөвөх
Цагаан далай зэрэглээнд тунах
Өртөө газраас айлын гэр
Өдрийн од шиг цахилнам билээ
Халуун тогооноос бүрхээр авахад
Хамар цоргин бүгчих уур шиг
Таана аагсан хөхөмдөг манан
Талаар дэгдэн хөөрнөм билээ
Хүдэн татсан нутаг юугаа
Хүсэл нь дагаад халуун явдаг
Хүрэн царайтай говийн хүмүүс
Хүний ясаар сайн билээ
Ялаа хальтрам ханан хавцалд
Янгир нь ятаатай ассан байдаг
Асга шаргих хадан хавцалд
Аргаль хоньтой нийлсэн байдаг
Алаг тууз шиг эрээн цайдамд
Адуу нь хулантай уралдан байдаг
Тэнгэрийн хиаз шиг цагаан цээлэнд
Тэмээ хавтгай туйлан байдаг
Өнгө гэрлийн хувилгаан
Өвгөн манхны давалгаан
Говь сайхан нутагт минь
Гоё сайхан болж байна
Цагаан суурин хээр босож
Цахилгаан дэн гэрт асаж
Цэнхэр говьдоо манай нэгдэл
Цэцгийн мандал дэлгэж байна
Хүний санаа алс сууж
Хүсэл бодол нь айл бууж
Эгэл олны амьсгаа нийлсэн
Энэ нэгдэлд амьдрал сайхан байна
Намар та энэ нутгаар
Нартай хамт давхиж явахдаа
Манай нэгдлийн сайхныг биширч
Малчдын хойморт саатаж суухдаа
Уянга модтой цагаан гэрийг нь
Улаабаатарын ганган тавьцыг нь
Машинаа зогсоож гайхсан гэнэлээ
Малгайгаа авч магтсан гэнэлээ
Нээрэн ч энд говь шигээ
Нэгдэл маань өргөн байна
Сэгс Цагаан Богд шигээ
Сэтгэл минь өндөр байна
Үеийн найз нь өөрийн нэгдлийн
Үүднээс сөхөж өрхнөөс татаж
Алсын хүнд хайраа хадгалж
Айлын хүүгээс түүнээ харамлаж
Задгай шаргал хүлгэн говьдоо
Зандан шатар шиг зуун тэмээгээ
Үүрийн туяанаар өрж явна
Үдэш болтол нүүж явна
Хонгор найз минь уулзъя гэвэл
Холын надтай учиръя гэвэл
Нар шиг говьдоо таныг урья
Сар шиг гэрээ энд барья
Эрхэм таныг эргээд ирэхэд
Эгийн голынхоо алимаар дайлъя
Усан үзмийг нь багцыг таваглаж
Ургацын шимээр хүндлэн цайлъя
Хангайн гоёлыг говьд өмсгөх
Хотын соёлыг хөдөө хүргэх
Хувь заяаг та бидэнд
Хувьсгалт буурлууд тавьсан байна
Хот хөдөө адилхан болох
Хойчийн өдрийг ойрхон болгож
Залуу насныхаа хамаг өнгийг
Зах нутагтаа хамаг өгье
Маргад тэнгэрийн чулуун зүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс Цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна
Аяны чинь дөрөөг
Сүү өргөн мялаая
Алсын чинь харгуйг
Сүй болгон хүлээе
Баяртай найз минь
Хариу бичээрэй
Байнгын минь хаяг
"Сэгс Цагаан Богд!"

Энэхүү алдартай найраглалын хариу болгож Т.Очирхүү агсан “Улаанбаатар минь баяртай” хэмээх найраглалыг нэлээд олон жилийн дараа бичиж байжээ. Найраглалыг бүрэн эхээр нь уншигч танд толилуулж байна.

(Д.Пүрэвдоржийн "Сэгс Цагаан Богд" найраглалын баатар тэмээчин бүсгүйн захидлын хариу)

Хөдөө нэгдлийн тэмээчин
Хөөрхөн бүсгүй сайн байна уу?
Холоос чамайгаа мөрөөдсөн
Хотын хархүү сайн байна аа
Сэгс Цагаан Богдод
Сэрүү унах болоогүй нь
Ус нутагтаа хайртай
Уяхан чиний санаа байна аа
"Нартай хамт явсан юм уу?" гэж
Надаас чиний асуудаг нь
Хайр юугаа илгээсэн
Халуун сэтгэлийн чинь үг байна аа
Тиймээ!
Холын чамдаа сэтгэлээ өгсөн
Хотын хархүү би
Нутгийн чинь нууранд хоргодсон
Нугасны нэгэн дэгдээхий байжээ.
Урин хавартаа эргэн ирэх
Усны нэгэн шувуухай байжээ.
Холоо эндээс чамайгаа хүлээж
Долоо хоногийн шуудан тоолж
Амрагийн сэтгэлд хайлан явахад
Өдөрт чи зүрхэнд минь багтах юм
Нар ээсэн говьдоо чи намайг татах соронзон юмуу?
Саран хээрлэх талдаа чи саатан хүлээх хань минь юмуу?
Үе үехэн санаа алдаад
Үнэндээ миний ч сэтгэл сүжрээд байнаа
"Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн" гэнэ шүү
"Батиар биш дээ хүнийг та
Барьж үзэх дөхсөн" гэнэ шүү!
-Өөрөө чи хөөрхөн төрчихөөд
Өөдөөс нь ширтэхээр доошоо харчихаад
Үг хэлэх гэхээр нүүр чинь улайчихаад
Үүд рүүгээ харан яараад байсан шүү дээ!
Мөдхөн тэгээд захиа бичихээр
Мэдээ сураггүй таг болчихоод
Удаж удаж нэг бичихдээ
Улаанбаатараасаа ирээч гэсэн шүү дээ!
Хонгор чинийхээ хүслийг дагаж
Хотоосоо би явъя гэвэл
Дурлал хайрынхаа сэтгэл дагаж
Дуулим талд чинь очъёо гэвэл
Ажилд борогшоогүй цагаан гарын минь
Алга хорсон цэврүүтэх болов уу?
Малд төшөөрсөн найзыг чинь хүн
"Мануухай" гэж шоолох болов уу?
-Санаснаа ингээд нөхдөдөө хэлэхээр
Цаашлуулж тэд маань намайг дөнгөх юм
Ний нуугүй үнэний чинь хэлэхэд
"Нийслэл хүүгийн" үлгэр болно гэлцэх юм
Нээрээ ч бараг үнэн дээ ! гэж дотроо бодовч
Нэг л юм сэтгэлийг минь зовоох юм
Байнгын чинь хаяг
Сэгс Цагаан Богд гэж санахаас
Байж суухын арга олдохгүй юм
Уучлаарай найзаа
Уудам говь нээрээ сайхаан
Зүйдэлгүй хөх тэнгэрийн
Хөмийх тэртээх хаяанд
Зүс цагаан талын
Хязгаар тэртээ холд
Сэтгэл дотор зүмбэрлэсэн
Сэгс цагаан богд уул бий
Итгэл хайрыг минь булаасан
Ээжийн нэгэн охин бий
Тэнгэр тулам бүтээлтэй
Нэгдэлч түмэн идээшсэн
Тэр сайхан нутагтаа
Зандан хүрэн тэмээдээ
Хариулж чи минь байгаа даа!
Захгүй өргөн говьдоо
Дуугаа дуулж яваа даа
Уудам энэ нутагт чинь
Өргөө гэрээ барьж
Ус нутгийн чамаар
Өрхнийхөө оосрыг татуулбал
Хөөрхий хүний үр гэж
Хөгшчүүдийн чинь сэтгэлийг уяраан
Хөөр баяр цалгим
Урам зоригтой амьдарвал
Бие биенээ хайрлаж суусан
Бидэн хоёрын жаргал бус уу?
Нам ардынхаа дуудсанаар
Найз чинийхээ хүссэнээр
Хөдөө нутаг сайхан байна гэж
Дуулж бахдаж явбал
Хөдөөгийн сэхээтэн энэ байна гэж
Дууриал болж явбал
Газрын холд саатаа нь үгүй
Гандашгүй хайрын сэтгэл бус уу?
Учиръяа гэмээн учирсан
Унтрашгүй хайрын жаргал бус уу?
Гэвч найз минь би
Гэгээн тансаг нийслэл хотоо
Гэршиж дассан гудам талбайгаа
Хорин хаврын намтар юугаа
Холбон дурсахгүй байж чадахгүйнээ
Сэгс Цагаан Богдоос явнаа гэхэд
Сэтгэл чинь ямар байлаа?
Учралын сайханд баясаад байвч
Улаанбаатараа орхино гэхээс
Уяхан сэтгэл догдлоод байнаа
"Уулс тийшээ хаяа тэлсэн
Үүлс дээшээ дээвэр тулсан
Улсын маань чандмань эрдэнэ" (чиний хэлдгээр)
Улаанбаатар нээрээ сайхаан
Дурсгал түүхтэй энэ л хотын
... дугаар амаржихын цэлгэр өрөөнд
Уужим орчлонд мэндэлсэн болохоороо
Улаанбаатартаа би хайртай байдаг юм
Аавын минь хэлдгээр хоолоо олохтой болгох
Авьяас ухаан тэлэх номын хуудас дэлгэж
Өлгий сайхан дүүрэгтээ хорин жил бүүвэйлсэн
Өрлөг дотно хотоо би бахдаж явдаг юм
Мандах өглөөний нар нь улаан
Манай хувьсгалын туг нь улаан
Жанжин Сүхийн хөшөө баатар
Жаргалтай түмний нь түүх баатар
Нэр нь хүртэл шүлэг
Нээрээн Улаанбаатар сайхан хотоо
Энэ л хотын хөгжөөнт дүүрэгт
Эрх танхилхан насаа үдэж
Их сургуулийн нь саруул танхимаас
Эрдмийн шим хүртэж гарсан
Унаган хүү нь билээ би
Үзэмж тансаг хотынхоо
Үер шиг хөврөх олны урсгалд
Үеийн найз чинь бүл нэмж
Үүрээр эртлэн ажилдаа явдаг юм
Дөлгөөн Туулын хөвөөнд орших
Дөрвөн давхар нэгэн ордонд
Цагийн зүүтэй уралданхан
Цаас үзэг нийлүүлэнхэн
Буурал профессорын зөвлөгөө сонсож
Буман номын хуудас дэлгэж
Эрдэм шинжилгээний сэдэвт зохиол
"Элсэн далайн хөлөг" -өө бичиж байдаг юм
Домогт өмнийн говийг туулж
Дорнод монголын талыг барж
Тэмээний тухай муугүй судалсан байтлаа
Тэмээчний тухай муухан мэддэг байснаа
Намар танай нутгаар явахдаа
Найз нь үнэндээ ойлгосон юм шүү
Эрдэм шинжилгээний эрэл дундаа
Энхрий чамайгаа олсон юм шүү
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй минь ээ
Ирэхгүй нь дээ! гэж итгэл алдрах
Ийм л хүн байж дээ гэж сэтгэл гутрах болоогүй шүү!
Одоо би чинь, чинийх боллоо
Орон гэр минь танайх боллоо.
Тэнүүн говийн чинь бахдах сэтгэлтэй
Тэмээчин чамтай амьдрах хүсэлтэй
Хөгжөөнт хотын нэгэн хархүү
Хөлгийн жолоог чам руу заллаа.
"Залуу насныхаа хамаг өнгийг
Зах нутгийн чамдаа өгөхөөр"
Загийн галын халуун илчээр
Эцгийн голомтыг үүрд бадраахаар
Холын чамдаа сэтгэлээ өгсөн
Хотын хархүү би
Сүү өргөн мялаасан
Аяны чинь дөрөөнд гишгэж
Сүй болгон хүлээсэн
Алсын чинь харгуйд орлоо
... Ай Улаанбаатар
Аз жаргалтай нийслэл хот минь
Сэтгэлд дотно хотынхоо хөгжөөнт дүүргээс гарч
Сэлүүн талын хөдөө рүү хөлгийн жолоо залахад
Эргэн эргэн хоргодох эцгийн минь гэр шиг санагдаж
Эгэл нэгэн хүү чинь баяртай хэмээн ёсолж байна.
Энхрий дотно хот минь баяртай, баяртай
Тэмээчин бүсгүйтэй амьдарлаа холбож
Тэнгэрийн хаяанаас чамайгаа мөрөөдөхөөр
"Дүү хот" -ыг чинь хөдөөд байгуулалцаж
Дүүжүү холоос тэмүүлэн суухаар
Униар татсан говь тийш хүү чинь явлаа
Улаанбаатар минь баяртай.
Т.Очирхүү

MNB.mn сайт уншигч та бүхэндээ энэхүү нэвтрүүлгийн багийнхны аяллын тухай Олхонууд Шаабарын бичсэн тэмдэглэлийг хүргэх болно. Түүнчлэн МҮОНТ-ээр энэхүү нэвтрүүлэг тун удахгүй цацагдах бөгөөд үзэж амжаагүй хэн бүхэн MNB.mn сайтын архиваас үзэх боломжтой юм.

Ярилцлагыг Б.Чинбат
Гэрэл зураг, дүрс бичлэгийг Олхонууд Шаабар 

Сэгс цагаан богд

Найраглалын баатруудын залуу нас

Найраглалын гол баатар сайхан хотын хөөрхөн хархүү Төрийн шагналт, СГЗ, зохиолч Долгорын Нямаа, найраглалыг олон жил ард түмнийхээ сонорт хүргэсэн СГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа нар Тэнэгэр говийн Тэмээчин бүсгүйтэй уулзахын өмнөхөн...

Аялалын багийнхан зорьсон газартаа ирлээ

"Сэгс цагаан Богд" найраглалын гол баатрууд 44 жилийн дараа уулзлаа..


"Сэгс цагаан Богд" найраглалын гол баатруудын 44 жилийн дараах түүхэн уулзалт  
Үзсэн: 29495 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.27.xxx] 2017-07-01 13:47
Үнэхээрийн суут уран бүтээлчид,мөнх орших уран бүтээл гэж энэ оршвой.Энэ сайхан уран бүтээлийг олонд хүргэсэн Д.Нямаа,СГЗ Амбасэлмаа тэр холын тэмээчин бүсгүй Сүхбат нарт талархал илэрхийлж урт удаан нас удаан жаргал хүсье
Зочин [202.179.27.xxx] 2017-07-01 13:43
Үнэхээр сайхан даанч сайхан сэтгэл сэргэм гоё найраглал шүү,аугаа их Д.Пүрэвдорж Тоомойн Очирхүү эд нар үнэхээр томчууд байжээ эзэн нь байхгүйч бүтээл нь мөнх оршиноо
Зочин [43.228.130.xxx] 2016-10-12 13:54
Сургуульд байхдаа зүгээр л цээжилдэг байсан ийм сайхан хүмүүс энэ найраглалын ард байдагийг мэдээд нулимс нүдэнд цийлэгнээд байх юм. өрөвдмөөр ч юм шиг энэ хайр агуу юмаа
Зочин [103.10.23.xxx] 2016-09-18 16:37
Үнхээр сайхан хүмүүс хүн төрлөгтний сэтгэлийн сайхан үүнд л байна
83.149.48.xxx [83.149.48.xxx] 2014-10-20 23:49
ТАЛАРХАЛАА
83.149.48.xxx [83.149.48.xxx] 2014-10-20 23:44
энэ одрийн амгаланга айлгая унэхээр монхорсон найраг сэтгэл догдлож байна 44 жилийн дараа яруу найрагийн гол баатар тэнэгэр говийн тэмээчин бусгуй н сухбат сгз д нямаа нарт баяр хургэе энэ нэвтэруулэг бэлтгэсэн сгз д амбасэлмаа талархаснаа илэрхийле
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-09-10 06:57
http://mnb.mn/i/14216
202.126.90.xxx [202.126.90.xxx] 2014-09-09 23:29
аудиогоор хаана бгаа юм бэ
2.206.55.xxx [109.40.249.xxx] 2014-04-10 01:29
Маш сайхан гэгээлэг, ариун, сэтгэл хөдөлгөсөн дурсамж байна.
180.149.93.xxx [180.149.93.xxx] 2014-04-03 13:30
Unekheer gaikhamshigtai, khelekh ch ug alga, nulims nuden deer torj baina. Batbayar akhdaa bayarllaa, akhmad zutgeltnuuddee ch bayarlalaa, sanaa ni onovchtoi bugood unekheer saikhan yum, niitleliin aguulgad gargasan ug usgiin aldaa madag ene ter, ner tomiyony unen zuv, hen ni gol baatar hen ni bish zergiig niitleliig shimten unshsan bi anzaarsan ch ugui, ter ni gol ni bish shu dee, ter sumyn zasag darga margyn gergui sogtuu khalamtsuu ni unshigchid ogt padgui, kharin tegj bichsen ni khudoo nutgiin adal yavdlyg bayjuulsan met. Uran buteeliin undor amjil khusey, olon saikhan uran buteel khiikhiig ta bugdeesee khusey.
Munkh Jin [211.23.134.xxx] 2014-04-02 16:22
Сэгс Цагаан Богдын зураг байвал өгөөч Баярлалаа
76.164.234.xxx [76.164.234.xxx] 2014-03-30 17:46
Хөөрхөн юм бэ, маш их таалагдаж байна
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2014-02-11 09:41
алдаа и х байна. Жишээ нь: Эхийн голын алим гэхийг Эгийн голын гээд туужээ. Мөн зохиолын зарим үг хэллэг зөрөөтэй байна шүү. сурвалжлагад тухайн орны нутаг усны байдал, амьдрал ахуй, хүмүүсийн аж амьдралыг харуулсан бол зүгээр байжээ. Нямаа гэхээсээ илүүтэй хамгийн гол нь говь нутгийн амьдрал ахуй, нүүдлийн соёл иргэншил талыг магтсан тэр үеийн л дүр төрх байсандаа. Нямаа бол энд хамаагүй нэгэн л шүүдээ шүлгийн баатар болоод ч байх юм үгүй.
103.26.193.xxx [103.26.194.xxx] 2014-01-15 21:52
уучилаарай Батбаяр гуай та яагаад эрүүл байсан хүнийг халанцуу явж байсан гэж бичсан байгаа юм. 2рт Шинэжинст сумын засаг дарга гэр оронтой хүн энэ хүнийг яагаад ингэж бичиж байгаа юм. энэ нийтлэлийг чинь хүн бүр л уншиж байгаа. чамд хүнийг ингэж хэлэх эрх байхгүй. шинэжинст сумынхан нэр төрөө сэргээлгэх болно. чамайг шүүхэд өгнө.
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-01-03 16:21
VNXEER XAIXAN VILYWAL BOLJEE
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-01-02 11:00
сайхан нэвтрүүлэг болжээ гол баатарууддаа аз жаргал хүсье Сүхбат гуайг бид танина
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2013-12-11 16:43
Ямар сайхан учрал вэ? Бүгдэд нь аз жаргал эрүүлийг хүсье. Баярлалаа
chagdarsuren batbileg [203.194.115.xxx] 2013-11-23 12:05
ene newtruuleg hezee garah ym bol
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-21 15:56
МАШ САЙХАН БАЙНАА ҮНЭХЭЭР СЭТГЭЛД ҮЛДЭХ ЧАНСААТАЙ БОЛЖЭЭ БИ Ч ГЭСЭН ЗАЛУУДАА МЗЭ-ИЙН СОНИНЫ ГАЗАРТ МАТЕРИАЛ ХЭВЛҮҮЛЭХ ГЭЖ ХЭД ХЭД ОЧИХДОО ДОЛГОРЫН НЯМАА НАЙРАГЧИЙГ ЯМАР АЯТАЙХАН ЗАЛУУ ВЭ ГЭЖ ХАРДАГ Л БАЙЛАА ТА БҮХЭНД АЗ ЖАРГАЛ УРТ УДААН НАСЛАХЫГ ХҮСЬЕ
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2013-11-21 15:28
ene hudlaa shaaj baina aa.Eregtei hun ni shaal hugshin barzagar har ym baina sh dee.Zaluugiinh ni zuragan deer.Za boli doo 29-tei hugshintei 16 tai joohon ohin hair ene ter bolood baina gej yu baidag ym.Socializm-iin ued bol bur baihgui.Shuleg bol gaihaltai zohiol l doo.barag dund surguulid buh suragchid tseejildeg baisan.Zugeer iimerhuu hair durlal bol zunduu baisan.Huduunii malchin ilgeeltiin ezen saalchin ohiduud hotiin zaluuchuudtai suuh ybdal zunduu baisan.Odoonii ue shig hot huduugiin ylgaa tiim ih baigaagui.Odoo ueiin huduunii garuud bol gorigui bolson l doo.Shaabar,Ambselmaa guai 2 hudlaa tuuh aa bolimoor ym.Arai uur ym setgebel deer baih
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-11-21 13:52
gaihaltai buur hooloi zangiraad
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2013-11-21 12:50
Сайхан сэдэв. Сайхан нийтлэл бнаа. Гол баатар эмэгтэй маань толиотой сайхан бна шүү. Та нартаа аз жаргал хүсье. Шаабарын ярилцлага, аяллын паянг уншаад сайхан инээлээ. стресс тайлагдлаа. баярлалаа.
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2013-11-21 12:35
Гоё юмаа гоё юм гэхдээ нэг хүний амьдралтай тэнцэх хэмжээний бүтээл юм чинь гоё биш байх эрхгүй бүтээл шүү дээ
122.201.27.xxx [122.201.27.xxx] 2013-11-21 12:25
Гоё нэвтэрүүлэг хийжээ,Энэ шүлгийг уншихад нутаг ус,аав,ээж минь дурсагдаад сайхан байлаа. Шаабар даргадаа баяр хүргэе,та цоглог хэвээрээ л байна шүү,танд сайн сайхныг хүсье.АН-Цэвэлмаа
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-11-21 11:49
mash goe
202.21.116.xxx [202.21.116.xxx] 2013-11-21 11:32
Bayarlalaa ta buhnii zutgeliig unelj bn aa Batbayar saidad bayarlamaar bn
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-11-21 11:23
uneheer goy niitlel bolson bna. manai ahmad uran buteelchid ih mundag humuus shuu. ta buhendee urt udaan naslahiig husie.
124.158.92.xxx [124.158.92.xxx] 2013-11-21 11:15
нээх гоё сонсоод уншаад сэтгэл сайхан болчихлоо
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-11-21 11:14
saihaaan
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-21 10:41
яг үнэндээ бол энэ өвгөн эмэгтэй хүний амьралаар тоглосон байна ш дээ...өрөдчихлөө...хүнтэй ч суугаагүй бна ш дээ...энэ өвөө юундаа онгироод догдлоод байна гэж харин ч санаа зовч өөрөөсөө ичих хэрэгтэй...
Зочин [202.131.229.xxx] 2016-08-22 11:03
ИЙМ ГОЁ ТҮҮХТЭЙ БҮТЭЭЛИЙГ ШҮҮМЖИЛЖ БАЙГАА ДУРААКУУД ТОЛГОЙ ДЭНДҮҮ ХООСОН БОДИТ АМЬДРАЛААС СЭДЭВЛЭСЭН САЙХАН НАЙРАГЛАЛИЙГ ГУТААХ ГЭЖ ОРОЛДООД НЭМЭРГҮЙ Л ДЭЭ
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-11-20 21:18
их найргийн баатарууддаа урт удаан наслахыг ерөөе. их сайхан нийтлэл байна.
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2013-11-20 19:20
үнэхээр гайхалтай сэтгэл хөдөлж байна. зүйрлэшгүй сайхан мэдрэмж найраглалын дотор ороход: энэ уулзах мөч хүртэл хичнээн их цаг хугацааг хүлээж өнгөрүүлсэн бол... цааш нь бичмээр санагдлаа... уншмаар санагдлаа...
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-11-20 14:09
ßàìàð ãîå þì áý òà õîåðò àçæàðãàë õ¿ñå
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2013-11-20 10:55
ШААБАР БАЯРЛАЛАА
122.201.20.xxx [122.201.20.xxx] 2013-11-20 09:57
Энэ бол гайхамшиг, ахмад уран бүтээлчидэд маш их баярлалаа та бүхэн аз жаргал, амьдралд чинь сайн сайхныг хүсье. Нэвтрүүлэг гарах өдрийг сайт-даа урьдчилан мэдээлэхийг хүсье.
180.235.170.xxx [180.235.170.xxx] 2013-11-20 08:35
Яагаад ч юм бэ сэтгэлд гэрэл гэгээ асаасан сайхан найраглал
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-11-19 16:32
az jargal husie ta 2 too
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-11-19 16:31
saihan uymig saihan gej helj baiyl daa humuusee unheer saihan uulzalt boloodoo
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-11-18 17:38
teneger gowiin temeechin busgyi........unheer gaihaltai iim olon baataruudiigsurawljalaasai
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-11-18 17:31
Goyo ayalal boljee ene uulzaltiig sanaachilsan humuusd ix bayarlalaaa.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-11-18 16:48
ХЭЗЭЭ ГАРАХ ЮМ БОЛОО. МАШ ГОЁ НЭВТРҮҮЛЭГ БОЛОХ НЬ ДЭЭ ГОЁ ГОЁ.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-11-18 09:31
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас байж хариуцлагатай, хянамгай баймаар юм. Ийм сайхан уран бүтээл, том ажлын тухай бичиж байж тэр чигээрээ алдаа. Амбасэлмаа гуайн нэрийг хэдэн янзаар бичдэг юм бэ. Бас Дүрэвдорж л гэнэ... Маш их алдаа байна шүү. Редактор гэж байна уу? Богд суманд байдаг Их Богд уулын зургийг тавьчихаад доор нь "Сэгс Цагаан Богд" гэж тайлбар тавьсан байна. Сэгс Цагаан Богд чин Шинэжинст суманд байдаг огт өөр уул. Чинбат гэж нөхөр хийсэн юмандаа хариуцлагатай хандаагүйгээс ийм гоё уран бүтээлийг шууд унагаж байна.
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2013-11-18 08:05
gaixaltai.cetgel dogdolj bna shyy
119.208.108.xxx [119.208.108.xxx] 2013-11-17 16:41
Нэвтрүүлэг хэзээ гарах вэ? Заавал нийтлээрэй!!!!!
119.208.108.xxx [119.208.108.xxx] 2013-11-17 16:40
Нэвтрүүлэг хэзээ гарах вэ? Заавал нийтлээрэй!!!!!
119.208.108.xxx [119.208.108.xxx] 2013-11-17 16:37
Гайхалтай гоё нэвтрүүлэг болж. Үзээд л баймаар... Сэгс цагаан Богд найраглал маш гоё... Уншаад л баймаар найраглал. Дэндэвийн Пүрэвдорж агуу найруулагч.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-11-17 15:41
ямар гоё юм бэ, найрагийн баатрууд минь урт насалж удаан жаргаарай.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-17 09:14
Зугээр л уншихад уг бур нь тостой юм шиг аманд гулгаж, чихр мэт амттай утга нь бур нь маш тод зураг шиг тунгалаг нудэнд харагдаж байна. Шулгийг уншихад 10 жилд цээжилж байсан тэр уеээ саналаа. Энэ эгл мундаг хумуус л жинхэнэ он цагийн шалгуур даван од болсон байна. Гайхамшигтай сайхан уран утга тогс шулгийг зохиосон, зохиолын баатар нь болсон, оноодор утга учрыг нь таниулах уйлсэд зутгэж буй эдгээр бух хумххстээ энэхэн хорвоогийн сайхан бухнийг хусэж, хундлэл узуулье. Амьдрал сайхан зуйлс их байдаг, бид тэрийг олж мэдрэ сайхан байна. Баярлалаа Ахмадууддаа
Аzgii [180.235.165.xxx] 2013-11-17 07:46
Уулны зураг нь Их богдын зураг байна Сэгс цагаан богд чинь өөр уул шүү Зураг нь хэрэгтэй бол надаас аваарай
180.235.165.xxx [180.235.165.xxx] 2013-11-17 07:43
Уулны зураг нь Их богдын зураг байна Сэгс цагаан богд чинь өөр уул шүү
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2013-11-16 20:52
bas l goe ban shuu baga bhad 1993, 94 onii ued nairaglaliin baatar geed odriin sonin deerees unshij bsan nileen delgerengui bolhoor ih goe bna. nevtruuleg hezee boloo uzendee
143.176.33.xxx [143.176.33.xxx] 2013-11-16 20:42
Estoi munadag setgej nevtruuleg beltgejee
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-11-16 20:01
uneheer en ued jinhene humuunii setgeliig tatah saihan uran buteel bolson gedeg itgeltei bna. Bid nar 10 jild ene nairaglaliin gol ugiig avch bagsh maan unshuuldag bsan. odoo l uchriig 30 jiliin daraa oilgoj mash ih setgel hudluj bna.ingej ih setgeliin bayar edelsen much tiim ch olon bish bsan sanagdaj bna. hezee nevtruuleg garah bol uzeh yum...2 baataruud bolon ahmad uran buteelchiddee aldart ih zohiolchiin ur huuhded talarhaj bgaagaa heliye. buyan zaya tani ulam bur budran oroh boltugai,,,,,,uchuuhen unshigch,,,,
182.160.42.xxx [182.160.42.xxx] 2013-11-16 18:13
Миний сэтгэл хөдлөөд өөрийн эрхгүй уйлан байж сэтгэгдлээ бичиж байна.
202.179.18.xxx [202.179.18.xxx] 2013-11-16 16:35
mash shan setgel hudlum hevtruuleg hiijee.ta buhendee bayarlalaa.amjilt husie
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-11-16 15:19
mon ch caihan shvleg shvv caihan curwaljlaga hiijee bayrlalaa
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2013-11-16 15:04
Ямар гоё юм бэ үнэхээр сэтгэл хөдөлж байна
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-11-16 14:52
Сэтгэл маш их хөдөллөө миний амьдрал миний дурсамж миний хайр эн бүгдээ маш их саналаа
103.11.193.xxx [103.11.193.xxx] 2013-11-16 14:04
¿íõýýýð ãàéõàëòàé
103.11.193.xxx [103.11.193.xxx] 2013-11-16 14:03
ìîíãîëûí àðä ò¿ìíèé õàéðòàà çîõèîë ÷ ø¿¿¿ Ï¿ðýâäîðæ ãóàé
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-11-16 11:06
Гайхалтай сайхан сурвалжлага дурсамж бичжээ. Намын ахмад найз чинь Шаабартаа баяр хүргэе.

Бидэнтэй нэгдээрэй