Шууд Chart

АНУ, Мексик хар тамхины эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

2017-07-08 15:00:00

АНУ болон Мексикийн Дотоод хэргийн сайд нар хууль бус хар тамхины асуудлыг өчигдөр Мехико хотноо хэлэлцсэн байна. Хоёр орны Засгийн газар хоорондын уулзалтын үеэр АНУ-ын Дотоод хэргийн сайд Жонн Келли хууль бус хар тамхины хор хөнөөлийг арилгахын тулд хамтран ажиллаж ирсэн АНУ болон Мексик цаашид хар тамхины эсрэг хамтын ажиллагаагаа тэлэх нь зүйтэй гэдгийг онцолсон байна.

Мөн тэрээр хоёр орны аль алинд олон мянган хүний амь насыг хохироосон хууль бус хар тамхины урсгалд онцгой анхаарал хандуулж ирсэн, цаашид ч энэ чиглэлд илүү анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. АНУ дахь хар тамхины эрэлт хэрэгцээнээс үүдээд хоёр орны хилд хүчирхийлэл газар авахад нөлөөлсөн гэдгийг Жонн Келли нотолсон байна.

Үүний зэрэгцээ АНУ болон Мексик улс зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлнэ гэдгээ ч албан ёсоор мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр өнгөрсөн онд л гэхэд АНУ-д хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 60 гаруй мянган хүн амь насаа алдаж, Мексикийн аюулаас хамгаалах хүчнийхэн хар тамхины хууль бус наймаатай тэмцэх явцдаа багагүй хор хохирол амсчээ.

Мексик улс 2006 оны 12 дугаар  сард хар тамхины эсрэг дайн зарласнаас хойш тус улсад хар тамхитай холбоотойгоор 100 гаруй мянган хүн амь насаа алдаж, 30 гаруй мянган хүн сураггүй алга болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Мексик хар тамхины эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ   
Үзсэн: 509 Mongolian National Broadcast  

Бидэнтэй нэгдээрэй