Шууд Chart

Э.Эрдэнэцогт: Бэлэн бүтээгдэхүүнд транс тос, генийн өөрчлөлттэй хүнс их бий

2017-08-05 11:18:41

Наадмын хуушуур сайхан шүү. Ер нь хуурсан, шарсан бүхэн амттай сайхан. Мөн аагим халуунд газтай, сэнгэнсэн ундаа ч янзтай. Таны  аяллын сагсанд эдгээр  хүнс яваа л байх. Бас хүүхэд багачуудынхаа амны зугаа болгож чипс энэ тэр, хурдан түргэнийг нь бодож бэлэн хоол энэ тэр  авсан л байлгүй.  Тийм бол эрүүл мэнддээ ямар нөлөөтэй хоол хүнс сонгосноо энэ ярилцлагаас анзаарахыг зөвлөе.

Нэг жилийн өмнө ярьж байсан хүнсний зохисгүй хэрэглээ /транс тосыг онцлов/ өнөөдөр бас л хэвээрээ. Тиймээс Монголын Үндэсний радиогоор өнгөрсөн онд /2016.07 сард/ нэвтэрсэн НЭМҮТ-ийн Хоол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, анагаах ухааны доктор Э.Эрдэнэцогтын ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэхийг зорив.


- Ер нь  транс гэж хэлээд байгаа энэ тос чухамдаа юу юм бэ? Хүнс  мөн  үү?

- Транс тос буюу бидний хэлж заншсан  маргарин нь ердөө хүчил агуулсан тос. Ургамлын тос нь шингэн байтал зориудаар хатуу байдал руу шилжүүлсэн бүтээгдэхүүнийг хэлээд байгаа юм. Шинжлэх ухааны нэршил нь  арай өөр. Байгальд транс тос бий.  Жишээлбэл малын өөх тосны хоёроос таван хувийг эзэлдэг. Харин үйлдвэрийн аргаар хийсэн бидний яриад байгаа тосонд 40-50 хувьтай байдаг.  

Транс тос нь эрүүл мэндэд их хортой, аюул учруулахыг шинжлэх ухааны олон судалгаагаар нотлогдсон. 100 хувь аюултай. Транс тостой хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр хөхүүл эхчүүдийн тухайд сүүний чанар нь муудаж, хүүхдээ хөхөөр хооллох үед сүүгээр дамжиж хүүхдэд шилжинэ. Ингэснээр бага жинтэй хүүхэд гарах, чихрийн шижин өвчин, бүр хорт хавдар үүсгэж болно. Мөн химийн бодисуудыг саармагжуулах үүрэгтэй цитохромоксидаз гэх ферментийн үйлчилгээ алдагдах, дархлаа сулрах, эр бэлгийн даавар тестостерон буюу үрийн шингэний чанар муудаж хэмжээ нь буурах, эсийн бодисын солилцоог алдагдуулах, зүрхний даралт ихэсгэх аюултай. Мөн атеросклероз өвчинд хүргэх зүрхний титэм судасны өвчин, хорт хавдар, хэт таргалалт, хараа муудах зэрэг эрсдлийн бий болгодог.

Ийм олон өвчин үүсгэдгийг  нотолсон болохоор ДЭМБ 2003 онд транс тосны агууламжийн нийт илчлэгийг нэг хувиас хэтрэхгүй байх зөвлөмж гаргасан. 2009 онд хоолны цэсээс бүрэн хасахыг зөвлөмж болгосон. АНУ-д 2006 онд хууль гарч транс тосны хэмжээг заавал хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр тавьдаг болсон. Энэ онд АНУ хоол хүнснээс транс тосыг бүрэн халахаар төлөвлөсөн байдаг. ДЭМБ европчуудад 2020 он гэхэд уг тосыг бүрэн хориглох зөвлөмж гаргаж байсан. Харин ОХУ Гаалийн холбоо, техникийн дүрэмдээ энэ онд /2018 онд/ транс тосны хэмжээгээ хоёр хувь хүртэл бууруулахаар оруулж өгсөн.

Манай улс маргарин маш ихээр импортолдог. Ихэнхийг нь ОХУ-аас импортолж байна.  Импортолж байгаа маргарин дотор транс тос хорин хувь хүртэл байгаа. Хорин хувь бол их өндөр тоо. Тэгэхээр бид их эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байна гэсэн үг.

- ОХУ-аас масло, ургамлын тос зэрэг нь төрөл бүрээр орж ирж байгаа. Яг ургамлын тосон дотор транс тос хэдэн хувийг эзэлдэг юм бол? Кг нь 3000 төгрөгөөс эхлээд янз бүрийн масло зарагддаг шүү дээ. Энэ тосонд транс  хэдэн хувийг эзэлж байна вэ?

ОХУ-аас ирж байгаа масло дотор транс тос таван хувь хүртэл байгаа болов уу? гэсэн таамаг бидэнд бий. ОХУ-ын хууль дүрэмд тав орчим хувь, зарим бүтээгдэхүүнд хорь орчим хувь байхаар хязгаар заасан байдаг. Ургамлын тос бол шингэн хэлбэрээрээ байх үед транс тос агуулагдахгүй. Ургамлын тосыг хатуу байдалд оруулах үед транс тос агуулагдана. Бас ургамлын тосыг олон дахин, хоёр, гурав дахин  шарж хэрэглэхээр тухайн тос транс болж хувирна. Бид олон дахин хуурсан хуушуур,  элдэв шарсан бүтээгдэхүүнийг иддэг шүү дээ. Ер нь монголчууд транс тосыг ихээр хэрэглэдэг ард түмэн. Гол нь ургамлын тосыг зөв хэрэглэх нь чухал. Ер нь  өнөөдөр ургамлын тосыг дагнан судлах нь биеэ даасан их том асуудал болж байна.  Хатуу байдалтай тосон дээр “ургамлын  тос” гэж бичсэн байвал транс тос байх магадлалтай. Харин сүүнээс гаргаж авсан уламжлалт цөцгийн тосонд транс тос өчүүхэн бага хэмжээгээр агуулагддаг.

- Манайхан цөцгийг машиндаж давтаж хатуу байдалд оруулж хэрэглэдэг.  Энэ эрүүл хүнс мөн биз дээ?

- Түүнийг чинь л хэрэглэх ёстой юм. Даанч цөцгийн тос үнэтэй байдгаас үйлдвэрлэгчид түүнийг хэрэглэж чаддаггүй. Хоёрт энэ бүтээгдэхүүн амархан мууддаг. Ер нь байгалийн органик бүтээгдэхүүн амархан мууддаг. Бид сүү гашиллаа л гэдэг. Гашлалгүй яахав. Органик бүтээгдэхүүн гашлах ёстой. Бид муудахаас нь өмнө л  хэрэглэх нь зүйтэй. Гэтэл транс тос мууддаггүй. Маш удаан хадгалдаг, их хямд үнэтэй байдаг. Тиймээс үйлдвэрлэгчид боов, боорцогондоо ихээр хэрэглэдэг.

- Урд хөрш, Герман зэрэг орноос ч масло орж ирдэг. Тэдгээрт транс тос хир хэмжээтэй байдаг бол?

- Бидний гол анхаарч байгаа асуудал энэ байна. Европчууд өөрсдөө эхлээд үүнийг хорьж эхэлсэн. Европын өндөр хөгжилтэй Дани, Голланд зэрэг орон транс тосны хэмжээг эрс багасгасан. Гэтэл тэндээс оруулж ирж байгаа бүтээгдэхүүн нь шинээр гарсан европийн стандартын бүтээгдэхүүн мөн үү, эсвэл зах зээлээс хаягдаж, шахагдсан бүтээгдэхүүнүүд нь манайд орж ирж байна уу гэдэг нь судлах асуудал. Манай эрдэм шинжилгээний байгууллагууд үүнийг судлая л даа. Ямар хүнсний бүтээгдэхүүн орж ирээд байна, түүнд транс тос байна уу, үгүй юу гэдгийг бид судалж, нэгдсэн нэг ойлголт, дүрэм журамтай болмоор байна. Бид ШУТИС-ийн лаборатори зэрэг транс тосыг илрүүлж чадах лабораториудыг чадавхжуулъя гэж ярилцсан. Ийм  шаардлага тулгараад байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд хамтарч судлая.

- Өнөөдрийг хүртэл ер нь судалж байсан уу? Монголчууд бид транс тосыг ямар хувь хэмжээгээр хэрэглэж байдаг юм бол?

- Бид өнөөдрийг хүртэл ОУ-ын, гадны судалсан материалууд дээр ажиллаж байсан болохоос бие дааж судлаагүй. Өнөөдөр монголын зах зээлд транс тос хэр их байгаа, ямар хэмжээтэй хэрэглэж байгааг хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ бид  ярьж эхэллээ. Цаашид судалж, хэрэглээг зохицуулсан хууль дүрэмтэй болох зорилготой байна.

- Тэгвэл бидний хэрэглээнээсээ халахад хүрээд байгаа өөхөн тосыг ямар гэх бол?

- Яагаад гадны юм хямдхан байна вэ? Гадны бүтээгдэхүүнд ургамлын тос, хямдхан бүтээгдэхүүн холилдсон учир хямд байгаа юм. Гэтэл литр сүүнээс хэдий хэмжээний цөцгий гарах вэ? Бараг арваад литр сүүнээс ч нэг киллограмм цөцгийн тос гарахгүй дээ. Тиймээс тэр бүтээгдэхүүн үнэтэй байх нь аргагүй. Бид эртнээс хэрэглэж ирсэн энэ уламжлалт бүтээгдэхүүнээ л хэрэглэх нь зөв юм. Хамгийн гол нь хольцгүй  байх хэрэгтэй. Өөхөн тосны хувьд нэг хэсэг амьтны гаралтай өөх тос аюултай гэж сурталчилж байгаад саяхнаас транс тосыг бодоход тийм их аюултай биш. Үүнийг хэрэглэх нь зөв гэсэн зөвлөмж гарч байна. Энэ нь аюул багатай. Та нар мэднэ өөхөн тосонд нэг удаа юм шарахад дотор нь хөр өнгөтэй тунадас үүсдэг. Яг тийм  байдал ургамлын тосонд үүсдэг ч харагддаггүй.  Ургамлын тосыг хэд дахин  хэрэглэсний дараа хар өнгөтэй тунадас үүсдэг. Гэтэл өөхөн тосыг нэг хэрэглэхэд л  түлэгдэлтийн хаягдлууд ялгарна. Тэр илүүдэл түлэгдсэн бодисууд чинь хүний биед хамгийн аюултай. Хорт хавдар үүсгэгчүүд нь тэнд байгаа юм. Би хувьдаа эргээд өөхөн тосоо хэрэглэхийг зөвлөдөг.

- Хямдхан маргарин, маслын оронд өөхөн тосоо хэрэглэ гэж та зөвлөж байгаа юм байна. Гэхдээ олон дахин ашиглаж болохгүй биз дээ?

- Бидний хамгийн аюул нь юмыг хэтрүүлээд байдагт байгаа юм. Ямар ч хүнсний бүтээгдэхүүнд зохистой хэрэглэх хэр хэмжээ гэж бий. Харин транс тосонд аюулгүй хэрэглээ гэж байдаггүй.  1 гр тос ч хортой. Тиймээс л транс тосонд бүтээгдэхүүн хуурч шарснаас малын гаралтай өөхөн тосоо хэрэглэх нь илүү аюул багатай байна гэж би зөвлөдөг.

- Ажиглаад байхад бид бэлэн бүтээгдэхүүн рүү хошуурдаг боллоо. Наад зах нь гурилаа зуурч, боорцгоо хайрч идэхээ больж. Цаашилбал дандаа л амттай шарсан, хуурсан хоол хүнс сонгох гээд байдаг болжээ. Энэ ер нь  хэр хэрэглээ вэ?

Буруу хэрэглээ. Мэдээж цаг зав байхгүйн улмаас бэлэн хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэж байна. Бэлэн бүтээгдэхүүн гэх энэ нэрийн дор транс тос, генийн өөрчлөлттэй хүнс маш ихээр агуулагдаж байдаг. Мөн хүнд ямар ч ашиггүй юмыг маш гоё савлаад, их хэмжээгээр борлуулж байна.  Тухайлбал монголын “Янзага” печень байна. Яг түүн шиг адилхан найрлагатай мөртлөө сав баглаа боодол нь тун гоё  печенийг арав, хорь дахин үнэтэй зардаг. Бид түүний өнгөнд нь хууртаад худалдан авдаг. 

Хоёрдугаарт бидний бас нэг асуудал нь хүнсний супермаркетуудад ороход нэг том сагс, тэрэг өгчихдөг. Ингэж хүмүүст аль болохоор их бараа зарах нь тэр дэлгүүрүүдийн маркетинг. Талх нь дэлгүүрийн хамгийн цаад талд байдаг. Бид талх авах гэж тэр мухар луу очоод буцах замдаа аргагүй эрхэнд тэргээ дүүргэж ирдэг. Талхан дээрээ цөцгийн тосоо түрхээд идэхийн оронд янз бүрийн хэрэггүй хүнс цуглуулаад гарч ирдэг.  Нэг хэрэглэгчийн  эсрэг дэлгүүрийн бүхэл бүтэн том команд ингэж л ажиллаж байдаг. 

Гэтэл хамаг мөнгөө зарлагдсан бараан дотор чинь танд, таны хүүхдэд  ашигтай хүнс хэд байгаа бол...?  Африк зэрэг бусад орныг бодвол монголчуудын  нэг давуу тал нь сонголт хийх боломж бий. Хөөрхий тэдэнд сонголт байхгүй. Тэд энэ хүнсийг идэхгүй л бол өлбөрч үхнэ. Монголд бол органик жаран сая мал байна. Монголын хөрсөнд ургасан улаан буудайн гурил байна.  Хүнсний гол хоёр хэрэглээ мах, гурил нь бидэнд бий.  Тэгтэл бид хажуугаар нь маш олон илүү юм авч хэрэглэж дадаж байна.

- Бэлэн бүтээгдэхүүн, амтлаг хүнсэнд хошуурахад нөлөөлдөг бас нэг зүйл нь сурталчилгаа болов уу. Хүүхэлдэйн кинотой уралдаад л шарсан хайрсан, амтлаг хүнс, ундааг бяцхан хүүхдүүдэд маань “эрүүл, хачин сайхан, идээгүй бол харамсалтай” гэх утгаар сурталчлах нь хэр байдаг юм бол? 

- Бид хамгийн гол нь мэдлэгтэй, сурталчилгаанд  хууртахгүй байх ёстой. Хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсролын хичээл чухал байна. ОХУ, Япон зэрэг оронд хүүхдүүдэд ийм хичээл ороод багаас нь, бүр цэцэрлэгийн наснаас нь зөв дадал хэрэглээг сургадаг. Хүүхдүүд “Энэ аюултай хүнс. Манай багш тэгсэн” гээд багшийнхаа үгийг дагадаг.  Японы цэцэрлэгт цэвэрлэгч байдаггүй. Хүүхдүүдээр өөрсдөөр нь цэвэрлүүлдэг. Ингээд сурсан хүн чинь том болох тусам нэ чинь бидний л юм, бидний л тарьсан балаг гээд  орчноо цэвэрлэдэг, цэмцгэр байлгадаг хүн болж хүмүүждэг юм байна. Гэтэл манайд тийм юм алга. Одоо дөч, тавь гарсан хүмүүст хичнээн юм яриад яах билээ дээ. Энэ залуучууд, хүүхдүүдээс л зөв дадал хэрэглээг хэвшүүлье.

Бэлэн бүтээгдэхүүний хэрэглээнд яах аргагүй бэлэн гоймон дээгүүр орох болов уу. Учир нь гоймонгийн газар, цэгүүд олширсоор л байна. Мөн оюутнууд хаа ч голдуу хуушуур, гоймонгоор хооллож байгаа нь харагддаг. Бэлэн гоймон бол хамгийн аюултай хоол. Тиймээс ч  хөгжилтэй орнуудад  сургуулийн ойролцоо зарахыг хориглосон байдаг. Бэлэн гоймонд органик юм гэж байхгүй. Юу ч байхгүй. Гоймонг ургамлын тос, шар буурцагны гурилаар хийдэг. Баахан амтлагч бий. Бүгд маш их давстай.  Мөн гоймонд генийн өөрчлөлттэй хүнс ихээр  ордог. Бидний яриад байгаа транс тос их хэмжээгээр агуулагдаж байгаа. Түр зуур ходоод дүүргэх л үүрэгтэй. Эрүүл мэндээ боддог хүн хэрэглэж болохооргүй эд л дээ.

- Нэг идэхээр дахиад идмээр санагдаад байдаг учир нь?

- Тэр амтлагчууд л хүнийг татаж байгаа юм. Хориглосон амтлагчууд их бий. ОУ-д хориглосон “E” гээд хүнсний нэмэлтүүд их агуулагддаг. Бэлэн гоймонгоос гадна ундаа гэж юм байна. Хийжүүлсэн хийжүүлээгүй бүх ундаанууд. Хийжүүлсэн ундаанууд бас их аюултай. Сахар, чихэр маш их хэмжээтэй ордог. Бүх ундаанууд чихэр ихээр агуулдаг. Ийм хэрэглээ яваандаа хүнд өөх болж  хуримтлагдана, таргалуулна л гэсэн үг. Таргалах нь өөрөө өвчний эх үндэс шүү дээ.

Ундаан  дотор элсэн чихэр биш сахар орлуулагч хийдэг. Ямар сахар орлуулагч хийж байна гэдэг нь ч бас аюултай. Зөвшөөрөгдсөн үү эсвэл... Ер нь сахар орлуулагч хүний биед  ямар ч ашиггүй. Бидний энэ хэрэглэж байгаа чихэр сахрууд шиг биш. Түүнээс ч  аюултай юм ч байж мэдэх юм. Энэ бол  биеэ даасан бас нэг  том асуудал. Сахар,  бэлэн гоймон, хийжүүлсэн ундаа, бас чипс гээд. Чипсэнд хүүхдүүд тун дуртай ч тэдэнд аюултай бүтээгдэхүүний нэг нь.  Хүмүүс төмс байгаа гэж боддог. Төмс байдаг ч ихэнх нь төмсийг орлуулаад янз бүрийн орлуулагч. Тэрийгээ маш их шарна,  транс тос гэдэг чинь тэнд бий.  Бас маш их давс агуулсан бензоперрил гээд хортой бодис ч ихээр агуулагддаг ийм л бүтээгдэхүүн болчихоод байгаа юм.

- Тэгээд яагаад хүнсний зохисгүй хэрэглээг хэрэглээг сааруулж, хязгаарлаж  болохгүй гэж?

- Манай улс чинь ОУ-ын худалдааны байгууллагад элчихсэн чөлөөтэй худалдаж авах эрхтэй орон.

- Ингээд ярихаар мэргэжлийн хүмүүс, төр нь энэ талаар юу хийж байна вэ гээд эрхгүй бухимдал төрөх юм.  Үүнд та  ямар тайлбар өгөх бол?

- Бид мэдээллээ ард түмэнд хүргэхэд л учир байна. Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаар өндөр төлбөртэй. Бидэнд тэр  төсөв нь байдаггүй. Бид хүрээлэн дээрээ янз бүрийн хичээл,  сургалтуудыг зохион байгуулж яриа таниулга хийдэг. Би түрүүн хэлсэн. Боловсролын байгууллагаар дамжуулаад сурталчилбал илүү үр дүнтэй. Хоёрдугаарт сурталчилгааны бүлэг байгуулж ажиллуулъя гэсэн санал гарсан. Санхүүжилт орхигдоод байна.

- Та НЭҮТ-д хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

- Би энэ хүрээлэнд 20 гаруй жил ажиллаж байна.

- Гол төлөв аль чиглэлээр судалгаагаа хийдэг вэ?

- Манайх ер нь хоол судлалын чиглэлээр судалгаануудыг хийдэг. Би биологийн идэвхт бүтээгдэхүүний чиглэлээр ажилладаг.

- Энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа гэж байна. Сүүлийн үед хүнсний бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэрэглээ өргөжиж  байна. Тэр хирээр та бүхний  судалгаа хэр хүрээгээ тэлж  байгаа бол? Та энэ салбарын ажил яаж ахиж байна гэж боддог вэ?

- ШУ-ны байгууллагуудын зарцуулах төсөв багасаад байдаг. Бидэнд  цалин л арай чүү өгдөг болохоос цаасаа авах төсөв ч байдаггүй. ШУ-ны байгууллагууд хамгийн бага төсөвтэй. Ийм төсвөөр юу хийж чадах вэ? ОУ-ын байгууллагуудаас зарласан төсөлд оролцож тэдний мөнгөөр өөрсдийн сонирхсон судалгаануудаа хамруулж хийх аргаар л амьдарч байна. Хүнсний аюулгүй байдлыг судлахад хөрөнгө мөнгөндөө гацаад л зогсчхож байгаа юм.

- Танд баярлалаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Э.Эрдэнэцогт: Бэлэн бүтээгдэхүүнд транс тос, генийн өөрчлөлттэй хүнс их бий  
Үзсэн: 1817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй