Шууд Chart

Саналын хуудсыг цахим хэлбэрт оруулж, архивын нэгж үүсгэж байгаа талаар мэдээлэл өгөв

2017-09-13 13:03:02

УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн цахим архивт хэрхэн бүртгүүлж байгаа талаар өнөөдөр (2017.09.12) хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар энэ үеэр хийсэн мэдээлэлдээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын дэд хэсэг болох УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад талархал илэрхийлсэн юм. Тэрбээр,  “УИХ-ын Байнгын хороодоор ахлуулсан долоон баг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт нийт 63 удаагийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж, энэ ажилд 4705 төрийн албан хаагч, 12797 иргэн оролцсон дүнтэй байна. Мөн бүх сум, баг, хороод, төрийн болон төрийн бус байгууллагуудын хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Нийт 239 600 санал ирснээс 129 258 санал аймгуудаас, 110 000 саналын хуудас нийслэлд ирээд байна.

УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтэс иргэдийн бүх саналыг цахим хэлбэрт оруулах тусгай программ бүтээж, Тамгын газрын ажилтнууд Төрийн тусгай албаны давхар хяналтад байдаг камераар тоноглогдсон танхимд иргэн бүрийн саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалт бүрээр нь цахим хэлбэрт оруулж байна. Хуулийн төсөлд тусгагдаагүй саналуудыг ч мөн бүртгэж, цахим хэлбэрт оруулж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүрэгт иргэдээс ирүүлсэн саналыг тусгай хяналтын дор цахим хэлбэрт оруулах ажил хийгдэж байна. Иргэдийн саналыг цахим хэлбэрт оруулсны дараагаар архивын нэгж үүсгэж мэдээллийн сан бүрдүүлнэ. Ингэснээр иргэн бүр өөрийн саналыг улсын архивын нэгдсэн сангаас үзэх боломж бүрдэнэ” гэлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналыг хэрхэн бүртгэж, цахим хэлбэрт оруулж байгаа талаар УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү нар сэтгүүлчдэд танилцуулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Саналын хуудсыг цахим хэлбэрт оруулж, архивын нэгж үүсгэж байгаа талаар мэдээлэл өгөв  
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй