Шууд Chart

Европын аваргын шилдэг тав

2017-09-18 16:55:05

2017 оны сагсан бөмбөгийн ЕАШТ-ий билгэдлийн багийн шилдэг 5 тамирчнаар Испанийн шигшээ багийн төвийн тоглогч Пау Газоль, Словенийн Лука Дончич, Горан Драгич, ОХУ-ын шигшээ багийн холбон тоглогч Алексей Швед, Сербийн шигшээ багийн Богдан Богданович нар нэрлэгдсэн байна.

Жижиг довтлогчийн байрлалд тоглодог Словенийн шигшээ багийн 18 настай залуу од Лука Дончич энэ жилийн ЕАШТ-ийг 14.3 оноо, 8.1 удаа самбараас бөмбөг авч, 3.6 удаа оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлттэй дуусгажээ. Словенийн шигшээ багийн ирээдүйн супер од Лука Дончич NBA-н ирэх жилийн буюу 2018 оны драфтын тэргүүн сонголт болно гэж олон нийт таамаглаж байна. Тэрээр энэ оны европын аваргын шигшээ тоглолтод оролцож, 8 оноо, 7 самбар авч, 2 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлттэй тоглолтыг үргэлжлүүлж байсан ч 3-р үед шагайгаа бэртээж, талбайг орхисон.

Тэрээр 2.01 метр өндөртэй, 99 кг жинтэй. 2015 оноос хойш Испанийн “Реал Мадрид” багт тоглож байгаа юм. Лука Дончич 2017 онд Испанийн лигийн оны шилдэг залуу тоглогчоор тодорч, “Евро лиг”-ийн тэмцээний шинэ залуу шилдэг тамирчнаар тодорчсон. Мөн испанийн лигийн АШТ-д 2 удаа, Испанийн эзэн хааны цомын тэмцээнд 2 удаа түрүүлээд байгаа юм.

2016 оны 9-р сарын 22-ны өдөр Словенийн шигшээ багийн төлөөх анхны тоглолтоо хийж байсан тэрээр ийнхүү 2017 онд ЕАШТ-д шигшээ багийнхаа хамтаар анхны цом, анхны медалиа хүртэхийн зэрэгцээ билгэдлийн багийн 5 тамирчны нэгээр буюу өөрийн байрлалын хамгийн шилдэг тамирчнаар тодорсон.

Сербийн шигшээ багийн тамирчин Богдан Богданович энэ жилийн Европын аваргын тэмцээнд нэг тоглолтод дундаж үзүүлэлтээр 20.4 оноо авч, 5 оновчтой дамжуулалт өгч байсан юм. Тэрээр шигшээ тоглолтод л гэхэд 22 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлсэн билээ.

ОХУ-ын шигшээ багийн шилдэг тамирчин, энэ багийн лидер Алексей Швед энэ жилийн европын аваргад 24.3 оноо, 5.9 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлтийг дунджилсан юм. Гэсэн ч баг нь 4-р байрт шалгарсан. Алексей Швед мөн хагас шигшээ шатанд Сербийн багийн эсрэг 33 оноо авсан нь түүний энэ тэмцээн дэх хувийн дээд амжилт болсон юм.

Испанийн шигшээ багийн ахлагч Пау Газоль энэ жилийн Европын аваргад 17.8 оноо, 7.8 самбар авч, 1.5 хаалт хийсэн үзүүлэлтийг дунджилсан юм. Тэрээр хүрэл медалийн төлөөх тоглолтод Оросын багийн эсрэг  26 оноо, 10 самбар, 3 хаалт хийж багаа тэргүүлж, хүрэл медаль хүртэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. ЕАШТ-ий 2 удаагийн үнэ цэнэтэй тоглогч Пау Газоль сүүлийн 6 европын аваргаас дараалан медаль хүртлээ.

2017 оны Европ тивийн аварга Словенийн шигшээ багийн ахлагч, багийн супер од Горан Драгич энэ оны тэмцээний гарааны багийн 5 тамирчны нэгээр тодорсон байна. Тэрээр мөн анх удаа ЕАШТ-ий хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон юм. Горан Драгич энэ жилийн Европын аваргад 22.6 оноо, 5.1 оновчтой дамжуулалт өгч, шигшээ тоглолтод 35 оноо аван багаа аваргын цом хүртэхэд хамгийн гол үүрэгтэй байсан. 2003 оноос энэ тэмцээнд оролцсон Слонвеничуудын түүхэнд тэрээр Европын аваргын үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон анхны тамирчин боллоо. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Европын аваргын шилдэг тав  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй