Шууд Chart

Орон нутгийн Универсиад наадам эхэллээ

2017-09-26 18:33:44

Орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн дунд уламжлал болон зохион байгуулагддаг спорт, урлагийн “Универсиад-2017” 20-р их наадам Ховд аймгийн Ховд хотод эхэллээ. Энэ удаагийн наадамд МУИС-ийн Завхан дахь салбар сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Ховд их сургууль, Ховд аймгийн “Хөгжил” политехник коллеж, Увсын Хөдөлмөрийн дээд сургууль, Хүмүүнлэгийн их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон БНХАУ-ын Күнзийн институт, ОХУ-ын Тувагийн их сургууль гээд нийт 8 байгууллагын 250 гаруй төлөөлөгч оролцож, спортын 6, урлагийн 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна. Тэмцээнд манлайлан оролцож, амжилт гаргасан баг хамт олонд "Шилжин явах цом" олгох юм.

“Универсиад-2017” наадмын нээлтийн үйл ажиллагаанд наадамд оролцогч сургуулийн захирал, төлөөлөгч нар болон МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор, дэд профессор В.Сайнбаяр, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайхан, Ховд аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүх нар оролцож наадамд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсэн үг хэлсэн. Мөн энэ үеэр тамирчин, шүүгчийн тангараг өргөх ёслол боллоо. Нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчдөд зориулж Ховд их сургуулийн авьяаслаг оюутнууд Морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэжээ. 

Наадмын эхний өдөр волейболын, шатрын тэмцээнүүд дөрвөн спортын танхимд зэрэг эхлэн, урлагийн төрөл, оюутан миссийн тэмцээн Ховд аймгийн Хөгжимт драмын театрт явагдажээ. Дараагийн өдрүүдэд модон бөмбөг, ширээний теннис, сагсан бөмбөг болон Оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно. Оюутны спорт, урлагийн “Универсиад-2017” уламжлалт 20-р их наадмын хамгийн сонирхотой өрсөлдөөнтэй, гол спортын  төрлүүдийн нэг волейболын тэмцээн Ховд их сургууль, Прогресс бүрэн дунд сургууль, Ховд Хөгжил политехник коллеж, Ховд аймгийн Биеийн тамир спортын газрын спорт цогцолборт тус тус явагдаж байна.

Наадмын эхний өдрийн дүн: 
Волейбол /эрэгтэй/: 
I байр: Ховд их сургууль
II байр: АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль
III байр: Ховд Хөгжил политехник коллеж 
Волейбол  /эмэгтэй/: 
I байр: АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль
II байр: Ховд их сургууль 
III байр: МУИС-ийн Завхан сургууль
Шатар /эрэгтэй/: 
I байр: Т.Энх-Амар /АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль/
II байр: Т.Лхагвасүрэн /МУИС-ийн Завхан сургууль/
III байр: О.Түвшинтөр /Ховд их сургууль/ 
Шатар /эмэгтэй/: 
I байр: Б.Бибигүль /Ховд Хөгжил политехник коллеж/ 
II байр: Э.Болор-Эрдэнэ /Ховд их сургууль/ 
III байр: н.Гулгайм /ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль/ тус тус шалгарчээ. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Орон нутгийн Универсиад наадам эхэллээ  
Үзсэн: 354 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй