Шууд Chart

Цамхагийн гэрэл цацарсаар...

2017-09-27 06:30:02

Саяхан болсон явдал. Би дандаа л яарч явдаг хүн. Хотын төв орчихоод буцах замдаа гар өргөж унаа бариад телевиз рүүгээ давхилаа. Давхих гэж дээ тэр их түгжрээнд зүгээр л гэлдэрч явсан хэрэг. Тэгсээр явтал ашгүй тасганы овоо өнгөрч телевиз рүү өгслөө. Жолоо барьж яваа хүн нь 30 хүрээгүй залуу. Дэргэд нь бас төдий насны эрэгтэй сууна. Бодвол найз нь бололтой. Тэгтэл гэнэт антеннын тухай ярьж эхлэв. Олигтой ч юм ярьсангүй. Гэхдээ хэдэн үг солилоо. 
-Энэ одоо тээн, зда хэдэн метр бол..
-Мэдэхгүй
-Нөгөө юу билээ Францад байдаг. Тэр лаг тээн.
-Энэ одоо чийдэн мийдэн асаад байгаа маа, зда
-Ах аа /над руу хандав/. Энэ одоо хэдэн метр бол зуу хүрэх болов уу?
-192 гэсэн байх аа.
-Өөх овоо юм. Энийгээ буулгаач “зда” шог юм. Өөр аймаар гоёыг баривал тээн. Дээрээ тавцан мавцантай ресторантай.
- Манайх дандаа ийм хошин юм хийж байх юм. Зда, айн.
- Та телевизэд байдаг юм уу?
-Тийм ээ. 32 жил болж байна.
-Хөөх аймаар хөгшин юм. Гэхдээ гоё харагджийна. 
-Та гоё кино гаргаач
-Ямар ?
-Өө ямарч яадгийн гоё кино. Нөгөө хэн билээ нэг даргыг хусна гээд л яриад байсан ..здаа ...Халцан уу . Зда баахан мөнгө шаасан даа айн...
-За ах аа, гурван мянга... ирчихлээ. Гэснээ нэг сүрхий харснаа нээрэн та зурагтаар гардагч бил үү гэсээр бидний яриа өндөрлөж билээ.

Би ч төлбөрөө төлөөд ажлынхаа үүдэн дээр буухдаа антенн руугаа харж билээ. 1996 оны цагаан сар. Амьтан хүн золгож хот, хөдөөгүй хөл хөөрцөг болж байсан шинийн нэгний өглөө би гэртээ золгочихоод антенн дээрээ гарч хадаг уяхаар очиж авирч байлаа. Яагаад ч тэгж бодсон юм бүү мэд. Гэхдээ нэг санаа байсан. 1994-1995 онд манай телевизээс олон хүн ээлж дараалан бурхны оронд явсан бөгөөд вестбюлийн хана эмгэнэлийн мэдэгдлээс салахаа байж билээ. Их л эвгүй байсан. Тэгээд л дотроо сайхан он гараасай ер нь энэ байр савандаа сүсэглэж л явах хэрэгтэй юм байна даа гэж бодон УКВ-гийн өрөөгөөр дамжин антенн холбосон гүүрээр явж шат хүрээд антенныхаа эхний хэдэн залгаас өнгөртөл өгсөж билээ. Нэг их хол яваагүй ээ.

Жараад метр л дээр гарсан. Айгаад хол авирч чадаагүй юм. Тэгээд нэг жижигхэн тавцан дээр зогсож эргэн тойрныг харав. Нэг хадаг уячихаад буув. Надад антенн их сайхан санагдсаар явдаг юм. Тэрнээс хойш 2006 онд телевизийнхээ залуу редактор Д.Туулд хэлж антенныг барьсан Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тухай хорь бил үү гучин минутын нэвтрүүлэг хийлгэж билээ. Энэ антенн манай улсад цорын ганц юм гэж бодохоор бас л бахархал. Энэ тухай цөөн хэдэн юм яръя. Өнөөдөр телевизийн антенн өнгө, өнгийн гэрэл чийдэн цацруулаад сайхан харагддаг. Үнэндээ бол манай хотын нэг гайхалтай чимэг юм. Бүр цаашилбал хөгжил дэвшлийн маань түүхийн нэг чухал гэрч болно оо. Яагаад....Энэ тухай товчхон өгүүлье.

Улаанбаатар хотод Зурагт радиогийн төв байгуулах зураг төслийн ажил хийх даалгавар авсан хүмүүс гэвэл анхны төлөвлөгөө бичиг баримтыг боловсруулж ажил хэрэг болгосон инженер Ц.Мятав гуай инженер Балдандорж зэрэг хүмүүс. Телевизийн антен буюу цамхаг /Оросоор мачта/ гэнэ анх Зайсан толгойд байрлуулах санал гаргажээ. Бас Богд уулын нэг оргил Ширээтэд байрлуулах ч санал байж. Зайсан толгой руу инженерийн ямар ч шугам очоогүй болохоор бүтэшгүй санаа гээд орхиж. Дараа нь бас Гандантэгчинлэн хийдийн дэргэд, Офицерүүдийн ордны хажууд, мөн Тасганы овоонд ч байрлуулах саналууд боловсруулагдсан юм билээ. Анхны зураг төсөлд 60 орчим метрийн өндөртэй нарийн турь муутай антеннын зураг байв. Тэр үед Төв хороо Засгийн газарт барилгын асуудал хариуцаж байсан Майдар дарга хотын төвд тун үзэмжтэйгээр барих зураг төслийн даалгавар өгчээ.

Хүмүүс дээр гараад хотоо харчихдаг, бас ресторантай ч байж болох цамхаг хэрэгтэй. Хэрэв үзэмжгүй сэрзгэр төмөр юм бол хотоос зайлуулж бариарай гэсэн байна. 1964-1965 онд Зөвлөлт улсаас антенныг барих газар сонгох хайгуулын ажил хийхээр нарийн мэргэжлийн дөрвөн хүн иржээ. Хайгуул ангийн ажлын үр дүн муугүй байлаа. Тасганы овооны баруун хойд дэнж хүүхдийн больницын /Одоогийн Эх нялхсын төв /ард задгай талбайг олж харав. Тэнд хөрсний болон бусад судалгаа хийжээ. Би бас нэг юм санадаг юм. Манайх хашаанд өвөлждөг байсан тэр жилийн хавар гараа хадаасанд урж удалгүй бохирын халдвар орсноор суганы булчирхай цочин жигтэйхэн халуурахад ээж намайг хүүхдийн больницад хэвтүүлсэн билээ. Би тэгэхэд 6 нас хүрэх гэж байх. Эмнэлэгт тариагаа хийлгэж хоолоо идсэн хүүхдүүдэд хийх юм юу байх билээ. Хойшоо л цонхоороо харах. Тэгэхэд л аварга том цамхгийн доод хэсгүүдийг угсарч байсан нөр их ажил цонхоор харагддаг байсан юм. Өдөржин хараад зогсдог байлаа. Их л сонин санагдаж байсан юм.

Гээд бодоход яах аргагүй 1966 он юм даг. Антеннын “матч- цамхаг” маш хурдан хугацаанд угсрагдсан. За энэ ч яахав. Үүнээс өмнө юу болсон бэ гэвэл Зурагтын шинэ техник тоног төхөөрөмж эзэмших боловсон хүчин бэлтгэхээр 1965 онд Ленинград хот руу хорь орчим залууг курст сургахаар явуулав. Энэ залуусыг явахаас өмнө ахмад инженер Г.Балдандорж гэж хүн залуучуудад хоёр сар хичээл заажээ. Антенн байгаа дов дээр тэр үед цагдаагийн нохойн сургууль гэж байсан байв. Хайгуул ангийн инженерүүд хотын хэд хэдэн газар судалж үзээд эцэстээ энэ газрыг товлосон байна. Харин шийдвэр яг таг гаргахын өмнө бас өөр өөр саналууд хүчтэй орж иржээ. Заримдаа Улс Төрийн товчоон дээр ч маргаан үүсч байв. Хайгуулын ангийнхныг мухардлаас гаргасан хүн нь Ю.Цэдэнбал дарга юм. “Ерөнхий” яарч байлаа. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойн өмнө өөрийн гэх зурагттай болох нь аль аль талдаа улс төрийн том ач холбогдол бүхий үйл явдал болох байв. Хоёрт Брежнэв дарга 1966 онд айлчлахад хоёр удирдагч Дархан хот руу явах замд архидаж “Бр”е дарга танай зурагттай болгох ажлыг хурдлуулна, Октябрийн баярын парад үзүүлнэ гэж ам алдсаныг нь шүүрч шуурхай шийдвэр гаргуулсан байв. Энэ тухай би бүр 1984 онд ахмад хүмүүсийн ярианаас сонсож байсан.

Дожоодорж гуай ярьсан санагдана. Ю.Цэдэнбал дарга Зурагтын барилгын суурь тавих болон цамхаг босгох газрыг ирж үзчихээд - Энэ их саруул өргөн талбайтай газар байна. Эндээ л шан татъя гэсэн гэдэг. Хожим Ц.Мятав дарга дурсамждаа тэгж бичжээ. Сүүлд 1980-аад оны дундуур үүнийг бичигч миний бие Бадрууган найруулагчтай Ж.Бадраа /Эрдэмтэн зохиолч, урлаг судлаач / гуайтай уулзаж суухад “Танай энэ телевизийн буурин дээр хувьсгалын өмнө гамин цэргийн харуул хороо байсан. Энэ өндөрлөгөөс Богдын өргөөг дурандаад л харж суудаг байж” гэсэн юм. Харин зүүн жалганд чинь гамингууд хүн буудаж алдаг байсан. Тэр үед Хүрээнээс хол, хойд зах нь шүү дээ гэж байв. Сүүлд олон хүний яриа хөөрөө сонсоход тийм л юм шиг байна билээ. Харин 1950-иад оноос хойш айл хунарт дарагдаж, дэнж дээр нохойн сургууль гэж байгууллагын контор хашаа нь төвлөрч эхэлжээ. Антенн барихад хайгуул ангийн судалгааны гол анхаарсан зүйл нь салхины хурдны өөрчлөлт, хур тундас уналтын дундаж, халуун хүйтний хэлбэлзэл, цас, борооны хэмжээ, төмөр хийцийн цанталт, газар хөдлөлт зэргийг маш богино хугацаанд нарийн тооцож гаргасан байна.

Ямарч байсан газар хөдлөлтийн хамгийн идэвхгүй бүс байсан нь энэ газрыг сонгоход их нөлөөлжээ. Улаанбаатарт газар хөдөлбөл манай зурагтын байр хамгийн сүүлд нурах юм л гэж ойлгогддог. Ингээд 1965 оны 10 сард Их хурлын дарга Ж.Самбуу гуай ирж 35 метрийн өргөн, урттай, 4 метрийн гүнтэй талбайд барилга угсралтын ажлыг ёслол төгөлдөр эхлүүлжээ. Антенн баригдсаны дараахан 1970-аад онд тээр дээр байдаг толийг нь тусгай хүн гарч арчдаг юм гэнэ лээ гэсэн яриа хотоор нэг тарсан байсан даа. Антенн 180 метрийн өндөртэй, дээр нь 12 метрийн цацах антенн байрлуулснаар манай улсын хамгийн өндөр бүтээн байгуулалт болсон юм даг. Антеннын эд, ангиудыг Зөвлөлтөөс ачиж ирэхэд суурь бэхэлгээний төмөр, эрэг боолт, чангалагчийн будаг ихээр ховхорсон байжээ.

Үүнийг олон хүн дайчилж дахин зүлгүүрдүүлж, хусаж зузаан будаг тавьсан бөгөөд их л ярвигтай ажил байсан юм шүү гэж ярьцгаадаг. Яагаад гэвэл будаггүй газар эрхий хурууны дарам чинээ үлдэхэд л /коррозод / зэвэнд баригдан антеннын суурийн боолтууд муудах аюултай байв. Дүрс, дуу цацах хүчин чадлын дээд радиус нь 140-160 км байлаа. Ер нь олон хүний дурсамжаас харж байхад Монгол Улс телевизтэй болоход инженер техникийн ажилтан талаасаа Д.Гарам-Очир дарга, Ц.Мятав гуай Г.Балдандорж, Д.Сэр-Од И.Норовжав, Р.Дэчинлхүндэв нарын техникийн ажилтнууд онцгой үүрэг гүйцэтгэсэн. 1965 оны 10 дугаар сарын 27-ны тэр өдөр Их хурлын дарга Ж.Самбуу гуай хадаг, цай, мөнгөн ембүүг антеннын суурьт монгол заншлаар байрлуулсан энэ их ажил өрнөжээ.

Антеннын барилга угсралтын ажлыг Зөвлөлтийн барилгын трестийн мэргэжилтнүүд угсрав. Зөвлөлт Холбоот улсаас сургууль төгсөж ирснээр Н.Тогоонтөмөр, М.Дорж, Ж.Батчулуун нар хамт маш эрчимтэй ажиллажээ. Телевиз гэхээр олон зуун нэртэй, нэргүй уран бүтээлчдийн нэр хэлдэг. Энэ нь зөв зүйтэй ч нэвтрүүлэг хийх техник тоног төхөөрөмжийг анх угсарч суурилуулсан хүмүүсийг онцлохгүй бол уран бүтээлчид дан ганц үзэг цаас барьж телевизийг босгохгүй. Манай телевизийн их хойморт олон алдартнуудын зураг залаатай байдаг. Гэвч инженер хүний хөрөг зураг хоёр, гуравхан байдаг нь “ариун ёсонд” нийцэмгүй санагдана. Яагаад гэвэл тэр их махруун хөдөлмөр, дайчин шаргуу ажиллаж байсан олон арван инженер техникийн хүмүүс түрүүлж гавьяагаа байгуулсныг одоо улам бүр мартсаар байна. Энэ миний бодол оо. 1965 оноос эхэлсэн ажил маш эрчимтэй урагшилсан. Телевизийн урлаг үүсч хөгжихөд тулгын чулуу, өргөө гэр болох байр сав антенн зэрэг цогцолбор ажилд тэр үед “3 сая” орчим шилжих рубль зарцуулжээ. Их мөнгө юм аа.

Манай ахмад сэтгүүлч Т.Галдан гуайн дурсамжаас их сонин мэдээ олж уншиж байлаа. Юу гэвэл: Телевиз байгуулахад мэдээж боловсон хүчин чухал хэрэгтэй байж. Тэгээд Кино болон Театраас бас сонин хэвлэл Радиогоос хүмүүс дайчлах шаардлага гарах. Соёлын Яамныхан үүнд жаахан дургүй байж. Тэр байтугай хэрэв Зурагт, радиотой болчихвол энэ олон урлагийн байгууллагууд хийх ажилгүй, орлого ч үгүй, юу юу ч үгүй болно гэж тэрүүхэндээ шүүмжлэлтэй хандаж байсан байна. 1960-аад оны эхэн үе, аргагүй шүү дээ. Байшингийн хувьд Телевизийн гол орох хаалгыг хойш нь харуулж барьжээ. Зуны цагийн халуун наранд ялаа шумуул ихэддэг. Хойшоо сүүдэр талдаа орох хаалгатай байвал студид ялаа орох нь бага гэсэн дүгнэлтээр гол хаалгаа ардаа гаргасан гэж ярьдаг юм. Энэ тухай Жалан-Аажав дарга болон Ц.Мятав гуайн бичсэн дурсамжид байгаа. Сонирхолтой л хэрэг.

Бүх ажлыг Октябрийн Их хувьсгалын 50 жилийн ойн өмнө дуусгахаар шамдацгааж товлосон хугацаандаа амжуулсан. Өмнө нь жинхэнэ биш туршилтын нэвтрүүлгүүд байн байн цацаж эхэлсэн нь бараг 1966 оны наадмаас хойш юм. Тэр үед айлууд зурагтгүй байсан болохоор мэдээгүй. Төв цэнгэлдэх хүрээлэнд 1967 оны наадмаар туршилт хийхээр ПТС /Передвижная телевизионная Станция гэсэн орос үгийн товч/ аваачжээ. Дөрвөн камертай. Нэг камерын жин 57, хөлнийх нь 34 кг гэж бодоход 100 гаруй жилийн юм. Маш хүнд юм аа. Телевизийн антенн маань хэзээ гэрэлтэй болсон гэвэл 1972 оны зун наадмын өмнө гэрэлтүүлэгтэй болсноор шөнө орой болоход хаанаас ч харахад гэрэлтэн жавхлантай болсон билээ. Гэхдээ одоогийнх шиг ийм гоё өнгө алагласан гэрэл арай байсангүй.

Инженерүүдийн яриа дурсамжаас нэлээн юм уншиж фидер гэдэг нэрийг 1980-аад онд мартахааргүй цээжилсэн билээ. Юу гэвэл УКВ-гийн өрөөнөөс Телевизийн антеннын дээд орой хүртэл 10 см-ийн голчтой зэс яндан хоолой явдаг бөгөөд түүгээр дуу дүрс тээвэрлэгч цахилгаан соронзон энергийн урсгал яг л хоолойгоор ус гүйж байгаа мэт хүрдэг гэдгийг сонсож их л гайхаж байсан. Үнэхээр тийм юм билээ. Одоо ч тийм байгаа байх. 1980-аад онд манай телевиз шинэ байшинд нүүж ороогүй анхны хуучин барилгадаа байхад бидний залуус цайны цагаар гарч тамхилахдаа антеннынхаа дор зогсон дээшээ өлийж хараад янз бүрийн л юм ярихад манай инженерүүд бидний мэдэхгүй олон сонин юм хэлж өгч байсан.

Манай энэ телевизийн цамхаг бол нийт 192 метрийн өндөртэй манай улсдаа инженерийн хамгийн өндөр бүтээн байгуулалт яах аргагүй мөн юм. Одоо Үндэсний телевизийнхээс гадна өөр олон телевиз болоод “FM” радиогийн антеннуудыг мөрөн дээрээ тээн зогсох аварга хүчтэн юм аа. Удахгүй бид дэлхийн хөгжлийн жишгээр илүү тод дүрстэй нэвтрүүлэг үздэг болно. Үүнийг тоон систем гэж байгаа. Ангиар нь HD гэж ярьж байх шиг байна. Бас кабелийн шугам нэвтэрснээр агаараар дамжуулдаг нь ингэсгээд бүрмөсөн болино. Тэр үед Монгол оронд телевизийн урлаг мэндэлсэн жараад оны их бүтээн байгуулалтын дурсгал болох антенн маань ялимгүй гунигтай зогсож мэднэ. Гэхдээ Майдар даргын зөгнөж байсан шиг хотын хүмүүс болон зочин гийчин дээр нь гарч Азийн цагаан дагина гэгддэг Улаанбаатар нийслэлээ тольдон хардаг, амарч тухлан цайлдаг илүү үзэмжтэй үзэсгэлэнт цамхаг ч болох бил үү, хэн мэдлээ. Манай цамхаг сайхан шүү.

Сэтгүүлч Г.Золжаргал /СГЗ/

2015 он.

Нийтэлсэн: Г.Золжаргал

Цамхагийн гэрэл цацарсаар...  
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Түмэн [202.9.41.xxx] 2017-10-02 06:33
МТ-ийн түүхийн талаар өмнө нь уншиж байгаагүй сонин зүйл бичсэнд тань баярлалаа. Танд оройтсон ч гэсэн МТ байгуулагдсаны 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бие тань сайн болсонд, нийт үзэгчдийнхээ өмнөөс үнэхээр их баярлаж байна.

Бидэнтэй нэгдээрэй