Шууд Chart

Д.Даваадулам

МҮОНР-ийн тоймч.


“Өртэйгээ мартаагүй биз”

2017-10-11 15:08:38

“Самурай”  бондын  өртөг  нь  45 хувьд  хүрчээ

Монгол Улсын төр, угтаа 2016 оноос өмнө Засаг барьсан нөхдийн ээлж дараалан авсан  өр зээл сүүлдээ бондоор багцлагдаж,  Их өрүүдийн  уул овоо улам томорсон.  Цаашид ч томрох дүр зурагтай байна.  Их өрийн  нэг хэсэг нь  болох   580 сая америк  долларын бондын  өрийг  бид  арай хийж  аргалаад  хагас жил  болж байна.  Өөрөөр хэлбэл эдийн засаг унасан,  бэлэн мөнгө хомстсон,  баялаг бүтээгчид цалин тавина гэдгийг мартах шахсан  үед  Монгол Улс 580 сая долларын өрөө хэрхэн төлөхөө мэдэхгүй  барьц алдахад хүрч  байлаа.  Харин   өнөөдөр,  яг одоо   900 тэрбум төгрөгөөр давж биелсэн энэ оныхоо  орлогыг  хаанаа  яаж  шингээхээ  УИХ-ын эрхэм нөхөд хэлэлцэж сууна.  Тун  удахгүй, хоёр сар гаруйн  дараа Чингис бондын 500 сая доллар,  харин 5 сарын дараа буюу 2018 оны 6 сард “Дим сам” бондын 1 тэрбум юанийг  төлнө.  Бас л мөнгөний эрэлд гарч өрийг  өрөөр  дарахаас  өөр   зам харагдахгүй  нь.  

Харин 4 жилийн дараа 2022 оны арван хоёрдугаар сард Чингис бондын  үлдсэн 1 тэрбум америк доллар,  нэг жилийн дараа,  буюу 2023 оны сүүлчээр “Самурай” бондын 24.3 тэрбум иений зээлийг төлөх хуваарьтай.  Хоёр  жилийн хойно  буюу  2025 онд  бидний  7-хон сарын өмнө, Хөгжлийн банкны өрийг дарах гэж авсан  “Хуралдай” бондын  өр  нэхэгдэнэ.   Ийм  байдлаар  монголчууд  бид  өрийн  циклд  хэдий  нь  орсон. Дээр нь манай улс тогтсон хугацаандаа зээлийнхээ хүүг төлж байгаа.  Сая хэлсэн валютын зээлүүдийг  жилийн  1-7,5 хувийн хүүтэй авсан.  Харин  Засгийн  газрын  дотооддоо борлуулсан  бондын хүү  энэ онд 17-18 хувьд хүрсэн. Анх 10 хувь дотор эргэлддэг байсан Засгийн газрын үнэт цаасны хүү ингэж  өсөхийн  хэрээр  төлөх  өрийн  хэмжээ ч нэмэгдэж байгаа нь тодорхой.

Зээл, түүний хүүнээс гадна валютын ханшийн зөрүү гол дарамт болдгийг  зээлдэгчид  хэлдэг.  Тухайлбал “Самурай” бондын зээлийг жилийн нэг хувийн хүүтэй, маш хямд  авлаа хэмээн АН-ын Засгийн  газар олзуурхан  сурталчилж  байсан.  Гэвч зээлдэгчид  иений зээлээ долларт  хөрвүүлэх, төгрөгөөр бүтээгдэхүүнээ тооцох гэсээр ханшийн зөрүүнээс 40-45 хувийн алдагдал хүлээв.  Өмнөх  УИХ 1 хувийн хүүтэй иений ард ийм  өндөр өртөг байсныг тухайн үед мэдээгүй юу, мэдсэн ч эс тоосон уу...? 

Ямар ч байсан  Хөгжлийн  банкны гүйцэтгэх захирал  Б.Батбаяр  ажлаа  авсныхаа дараа 40 гаруй хувийн  өртөгтэй  зээлийн  дарамтад Хөгжлийн банк,  төсөл  хэрэгжүүлэгчид  орсныг  дуулгаж  байлаа.

2012-2016 онд зөвхөн төгрөгийн ханшийн уналтаас болж  4,7 их наяд төгрөгийн өр шинээр бий болсон тухай Байгалийн баялагын Засаглалын хүрээлэнгийн мэдээлжээ.

Ингэхэд  монголчууд  бид хэдий хэмжээний өртэй юм бэ? 

Яг өнөөдөр та  ийм асуултын хариуг цахим сүлжээгээр хайгаад үзээрэй. 2016 оны 3 дугаар улирлынхаас  өөр баттай шинэ  мэдээг Сангийн яам, Монгол банк гээд холбогдох байгууллагын  цахим хуудаснаас л лав  олохгүй.  Харин эдийн засагчдын, улс төрчдийн таамаг төдий ганц нэг тоо, сэтгэлийн  хөөрөл, ил далд зорилготой тойм төдий мэдээлэл л  гарч ирнэ.  Тиймээс ч Монголын Үндэсний радио “Хурд” агентлаг монголчууд өнөөдөр яг хэдий хэмжээний  өртэй, хэдийг татвар төлөгчид, хэдийг нь төслийнхөн төлөхийг тодруулахаар Сангийн  яаманд  энэ  сарын 09-нд хандсан ч хариу өгөхөөс татгалзаа.  

Монгол банкны өнгөрсөн жилийн  3 дугаар улирлын дүн мэдээгээр  Монгол Улсын  гадаад өр 23,8  тэрбум америк  доллар буюу өнөөдрийн ханшаар 57 их наяд  төгрөгт хүрчээ.  Энэ оны төсвийн нийт зарлага  8 их наяд 500 тэрбум төгрөг гэж тооцвол өр түүнээс 7 дахин  их  байна. 

Одоо харин  Засгийн газрын нийт  өрийг авч үзье.  Үүнд дотоод, гадаад бонд, төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн зээл, Засгийн газрын баталгаа, концессын гэрээ зэргийг нийлүүлж тооцвол 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 19 их наяд 400 тэрбум  төгрөг болж байна.  Засгийн газар хэдийгээр  энэ оны эхээр  580 сая долларын бондын  өрийг дарсан  гэх ч нэг бондыг нөгөөгөөр сольсон болохоор хүүгийн багахан зөрүүг эс тооцвол өрийн дүнд ямар ч нөлөөгүй юм. Иймээс ч Байгалийн баялагын сангийн хүрээлэн   монголчууд 2030 он хүртэл өрийн дарамтаас гарахааргүй  байгааг  өгүүлжээ.  Өөрөөр хэлбэл, бидний тавьсан өр ойрын 10 жилд ДНБ-ий 80 хувьтай тэнцүү буюу төсвийн тогтвортой байдалд эрсдэл учруулах хэмжээнд байсаар байх нь. 

Би, та, бид, бидний үр хүүхэд  хэдий хэмжээний өртэй вэ гэдэгт ийм  л  хариу өгөхөөр байна.

Бонд  гаргаж  цалин нэмэх тухай яриа ч сонсогдов

Монгол Улсын 2017 оны төсвийг өөрчилж,  нэхэгдсэн зардал, олсон орлогоо хэрхэн  зохицуулахаа  УИХ –ын  гишүүдийг ярьж байх  энэ  цаг үед  өрөө зориуд сануулах гэж  ингэж  ярьж суугаа хэрэг.  Тун удахгүй хууль тогтоогчид  ирэх онд хаанаас ямар  орлого олохоо, хэдий хэмжээний  хөрөнгө хаана, яаж зарахаа хэлэлцэнэ.  Тиймээс ч өнөөдөр нэг талд  хийснээ үнэлүүлж,  орлогоо нэмэх гэсэн,  харин  нөгөө талд  харамласан,  хав дарсан  мэт  дүр зураг  улам ч  тодорч  байна.   Ийм  цаг үед   “өртэй  шүү”  гэдгийг   хэд  ч сануулсан  яахав.  Учир нь дутагдаад байгаа бүхнээ  бондоор олж, үрж  болно гэсэн   сэтгэхүй багш  нарт хүртэл суугаад эхэлчхэж.   Монгол Улсын Засгийн газар  ийм  л сэтгэхүйг, их өрийн  хамт  хамт  иргэддээ  өгч, өвлүүлж   байна.  Зээлээр зээл дардаг   аргадаа  дадчихсан  эрхэм түшээд  иргэдээ  битгий  л ийм  занд  сургаасай.

Улайссан  гэрэл  дундах ногоон гэрэл

Их өрийн мэдээлэлд дунд харин Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээлэл гялайх, гялтайх нь байж болох юм. Өнгөрсөн долоо хоногт тус банкны удирдлагууд хэд хэдэн нааштай мэдээ дуулгасан. “Нэг жилийн өмнө Хөгжлийн банкны хэвийн ангилалтай зээлийн багц 26,7 хувь байсан бол энэ оны 9 сард  74,6 хувьд хүрсэн. Мөн  чанаргүй  зээлийн хэмжээ 5 орчим хувиар буурсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийтдээ 4,6 их наяд төгрөгтэй тэнцэх  төлбөрийг амжилттай гүйцэтгэлээ” гэж тус банкны удирдлагууд мэдэгдэж байна.   4,6 их наяд төгрөгийн төлбөрт евро бондын 580 сая америк доллар гол жин дарж байгаа бол  Оросын банк, Чингис бонд, Кредит свисс банкны долларын зээлүүд удаалж  байна.

Нийт барагдуулсан  төлбөр дотор Монгол Улсын Засгийн газрын  Хөгжлийн банкаар дамжуулан авсан Чингис бондын 2,7 их наяд төгрөгийн зээлийн багцыг  Засгийн газарт   нь шилжүүлсэн нь ч  бас орж байгаа юм.  Ингэснээр Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийг   100 хувь  төслөөс эргэн төлөгдөх зээл бүрдүүлж  эхэллээ.  2012-2016 онд төслөөс эргэн төлөгдөх зээл 40 орчим хувьтай байсан гэж мэдэгдсэн. Одоогоор  Хөгжлийн банканд нийт 1670 төсөлд олгосон 2 их наяд 100 орчим  тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийн үлдэгдэл байгаагаас   9,7 хувь  чанаргүй  зээлд  орж байна. Мөн Хөгжлийн банкны “Эрсдэлийн сан”-ийн хөрөнгө  чанаргүй зээлийн 71 хувийг хаах  хэмжээнд хүрч өссөн зэрэг нь том  ахиц гэж тус банкны удирдлагууд дүгнэж байна.

Д.Даваадулам. МҮОНР-гийн “Хурд” агентлаг

Нийтэлсэн: Д.Даваадулам

“Өртэйгээ мартаагүй биз”  
Үзсэн: 374 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй