Шууд Chart

Хөвсгөл аймгийн Засаг даргыг хүлээн авч уулзлаа

2017-10-12 17:51:53

Орон нутагт гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг орон нутгийн төсөв, хөрөнгөөр шат дараатайгаар шийдвэрлэж, гамшгаас  урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх,  Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхи санаачлан гарган ажиллаж буй Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, гамшгийн үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах, төлөвлөх, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг хүн амд эзэмшүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гаргах зэрэг үүргийг тухайн шатны Засаг дарга хуулиар хүлээсэн байдаг. Хуулиар хүлээсэн энэхүү үүргээ Засаг дарга Л.Ганболдын хувьд амжилттай сайн биелүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн 04 дүгээр сард тус аймагт зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлыг идэвх зүтгэл гарган амжилттай удирдан зохион байгуулж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг бэхжүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаад Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.



Засаг дарга Л.Ганболд, “Аливаа аюулт үзэгдэл, осол, байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй. Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ Онцгой байдлын албаны алба хаагчид маань нэр төртэй гүйцэтгэн ажиллаж байгаа.  Хүнд, хэцүү цагт хамгийн ойр ажилладаг Онцгой байдлын албаны үйл ажиллагааг үргэлж дэмжин тусалж, хамтдаа зүтгэнэ” хэмээн хэллээ.

Хөвсгөл аймаг нь аялал жуулчлалын бүс нутгийн хувьд дотоод, гадаадын жуулчдын тоо өсөх болсон, томоохон нуур, гол мөрөн ихтэй учраас гол, усны осол голлон тохиолддог, ой, хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарах зэрэг аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай болсон. Тийм ч учраас аймгийн төвөөс алслагдсан сум, суурин газарт гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх зорилгоор өнгөрсөн онд тус аймгийн Тариалан суманд 4 дүгээр зэрэглэлийн Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийг байгуулж байсан. Тус суманд Гал түймэр унтраах, аврах шинэ ангийг байгуулснаар хөрш зэргэлдээ сумдын иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах боломж бүрдсэн юм.



Уулзалтын үеэр ч мөн Мөрөн хотын Хатгал тосгонд шинээр байгуулах Гал түймэр унтраах, аврах анги байгуулах бэлтгэл ажлын явц, ангийн барилгын газрын асуудлыг шийдвэрлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, улмаар аврагчдын гүнийн шумбалтын сургалтын төв байгуулах зэрэг асуудлаар ярилцлаа.

Аймгийн төвөөс алслагдсан сум, суурин газарт гал түймэр гарах, болзошгүй аюул, осол тохиолдоход 200-300 км-ийн холоос аврагчид очиж ажиллахад хугацаа алдаснаас гамшиг, осол, аюулт үзэгдлийн нөхцөл байдал хүндрэн хүний амь нас, эд хөрөнгөнд аюул учрах эрсдэл өндөр болдог.

Тус тосгонд Гал түймэр унтраах, аврах анги байгуулагдсанаар гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орон нутгийн иргэд ажлын байраар хангагдах зэрэг нөхцөл бүрдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хөвсгөл аймгийн Засаг даргыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй