Шууд Chart

Д.Даваадулам

МҮОНР-ийн тоймч.


“Зөв монгол хүн байх сайн жорын эрэлд”

2017-11-14 14:37:15

Охиноо “Манай сургууль сүнсний /Halloween/ баяр хийнэ гэсэн.  Аймшгийн баг, хувцас авч өгөөрэй” гэхэд нь Монголоороо омогшдог, монгол  үйл, урлалыг сурталчилдаг эзэнтэй сургууль ийм юм зохионо чинээ бодоогүй явсан надад  гэнэтийн  санагдаж, дургүйцэв. “Монгол хүн ийм баяр тэмдэглэдэггүй юм. Муу ёр” гэж учирлахыг  наймхан настай охин минь яаж ч ойлгох билээ. Хүүхдүүдэд сүнсний ч бай,  үхэгсдийн,  аймшгийн ч бай  баяр л бол  баяр. Харийнхны юуны ч билэгдэлтэйг бүү мэд  “баяр” гээч нэртэй ийм үйлдлийг манайд цөөнгүй сургууль, багш нар даган дуурайж шавь нараа “баясгаж” буйг  нийгмийн  сүлжээнээс  олж  харлаа.

Ингэхэд бид чинь хүүхэд багачуудаа хүчирхийллээс хэрхэн сэргийлэх, ирээдүйгээ айдас түгшүүргүй өсгөх тухай 5 настай охины гашуун сургамж дээр дөрөөлөн дээр доргүй яриа гүйсэн билүү. Үүнтэй хамааралгүй юм гэхэд аймшиг, айдсаар монголчууд бид чинь баяр хийдэг билүү. Тэнгэрт одсон нэгнийхээ сүнс сүлдээр  зугаацаж  баярладаг гэж үү?

Үр хүүхдээ бид өөрсдөөсөө, Монголоосоо энэ мэт зан үйлээр холдуулаад байгаа юм биш биз. Энэ бодол минь явсаар  үр хүүхдээ  “Зөв монгол хүн” болгон төлөвшүүлэх  арга ухааны багахан эрэлд  мордуулав.


Нобелийн шагналт, ОУ-ын химийн зэвсгийн шинжээч Д.Эрдэнэцогт: “Монгол ахуй, монгол  ухаан  ОУ-д  урдаа барьдаг шинжээчийн  нэг  хэмээн  үнэлэгдэхэд  хүргэсэн”

НҮБ орон орны шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн химийн зэвсгийн 200-аад шинжээчтэй. Тэднээс 30-аад нь химийн зэвсэг дээр яг гардан ажилладаг. Нэг мэргэжилтэн нь  одоо эх орондоо амьдарч буй Монгол Улсын иргэн Д.Эрдэнэцогт. Тэр хүнд хортой нөхцөлд хамгийн олон цаг ажилладаг, багийнхаа урдаа барьдаг шинжээчийн нэг болоход “Монголын” бүхэн тусалсан гэж ярих дуртай. Магадгүй тиймээс ч нөхдөдөө  “Монгол хурандаа”,  “Монгол дайчин”  гэж  хүндлэгддэг болсон байх.

Нобелийн шагналт, ОУ-ын химийн зэвсгийн шинжээч Д.Эрдэнэцогт “Африкийн ширэнгэнд, Сирийн цөлд, Сибирийн тайгад олон аавын хүүтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэхдээ монгол хүн болж, монгол өвгөдийн ухаанаар хүмүүжсэндээ би бахархаж  байсан.  Мэргэжил нэгтэй ч нутаг өөр  нөхөд маань  хүртэл  “Монгол”-оор бахархдагийг мэдэрсэн. Энгийн жишээ хэлье л  дээ. Бусад орны шинжээчид нарнаас хамгаалах, харшлаас сэргийлэх тос энэ тэр байнга хэрэглэнэ. Миний хувьд багаасаа чармай нүцгэн гүйж, боргошуу болсных ч юм уу ийм шаардлага гардаггүй байлаа. Цагаан идээн дээр өссөнийх шүд өвдөх зовлонгүй. Африкт халдварт өвчнөөс сэргийлэх эм уулгадаг ч  би бас л хэрэглэдэггүй байсан. Бага залуудаа ганцаараа эзгүй хээр малын эрэлд  хонон өнжин  явж  байсан минь хүртэл сэтгэл зүйн  бэлтгэл болж байв. Өдөр бүр хонь тоолдог байсны  хэрэг ч гарсан. Газар доорх агуулахын хэдэн мянган зэвсэг ангилж ялгаад төвөггүйхэн шалмаг  тоолчихно. Гэр орноо санаж, сэтгэл санааны дарамтад орсноос няцах, буцах  нөхөд бас л цөөнгүй байсан.  Над  шиг  ОУ-ын байгууллагад зэвсгийн шинжээчээр 11 жил ажилласан  хүн  ховор.  “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Бага унтаж их хөдөлмөрлө” гэсэн  эцэг эхийн минь сургаал хэчнээн үнэтэй байж вэ гэдгийг  энэ л үед ойлгосон.

Энэ бүхэн миний, хувь хүний  гавьяа биш  л дээ.  Монгол ахуй өөрөө ингэж л  ажилд  сургаж,  хүмүүжүүлж, хүнийг хүн болгодог юм байна. Нүүдэлчин монгол ахуй сонгодог хэв шинжээ цор ганцаар хадгалж үлдлээ гэж дэлхий нийт зүгээр нэг онилоогүйг би харийн нутагт, хүнд хэцүү бэрхшээл дунд л ойлгосон гэдэг нь ийм учиртай. Гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн монгол ахуйдаа мөнхөд сүслэх минь” хэмээн  хуучилсныг уншигчид даа хүргэмээр санагдлаа.

Дэлхийд данслагдсан Монгол  эрийн энэ яриа  монгол ахуй, монгол иргэншил хүнийг хүмүүжүүлдэг, хүн болгодог   нууц нь  юм уу даа гэсэн бодол  төрүүлэв.   Өнөөдөр даяаршлын,  хөгжлийн  давлагаанд   монгол ахуй  өөрчлөгдөн  хумигдаж   буй.   Энэ цаг үед  бид үр хойчоо хэрхэн  “Зөв  монгол  хүн”  болгон хүмүүжүүлэх   вэ?   Эрлээс олсон   хариултууд  үргэлжилсээр...  


Монгол Улсын гавьяат багш, хүүхэд, гэр бүл судлаач Ц,Түвшинтөгс: “Монгол хэлээ зөв эзэмшиж, зөв хэрэглэдэг байхад аяндаа монгол арга ухаан  сууна.  Монгол хүн байхын том шалгуур нь энэ” хэмээн яриагаа эхэллээ.

“Хүүхэд бол дэлхий дээр шинээр ирсэн зочин. Тэр зочинд юу үзүүлж, юу сургах вэ,  ямар  арга ухааныг төлөвшүүлэх вэ гэдэг нь эцэг эхээс л  шалтгаална.  Ер нь гэр бүлийн сурган хүмүүжүүлэх ухааныг таван “Ү”-ээр томьёолж хэлж болох юм. Үр хүүхдэдээ үг хэллэгээрээ,  үйл хэргээрээ үлгэрлэн  үзүүлнэ.  Дээр нь тэдний үүсгэл санаачлагыг дэмжиж, үзэл санааг нь төлөвшүүлдэг”  гэлээ.   


Харь хэлийг хар багаас нь сургах нь  монгол төрх, хүмүүжлээ  алдах шалтгаан гэж үздэг хүмүүсийн бас нэг төлөөлөл нь  СГЗ, сэтгүүлч зохиолч Д.Шагдарсүрэн юм. Тэрээр “Хэл сэтгэхүй хоёр нэг" гээд зүгээр хэлчихсэн үг  биш.

Дэлхийн шинжлэх ухаан тогтоочихсон зүйл. Тэгэхээр өнөөдөр хамгийн эхлээд Монголоор ярьж сургамаар байна” хэмээн  ярив.  “Яг үнэндээ би “хараал идсэн” англи гэж ярьдаг. 5 дугаар ангиас доош харь хэл үзүүлмээргүй байна. Бага сургуулийн төвшинд заавал монгол хэлээр сургалт явуулж,  Монголоор ярьдаг, Монголоор сэтгэдэг болгож байж  дараа нь гадаад хэл үзүүлмээр байна. Бид хөөрхий  орос хэлийг 5-р ангиас үздэг байсан шүү дээ.  Тэгж байж бид Монголоороо ярьж үлдсэн хэрэг.

Хүүхэд өсөхөөсөө ямар хэл дээр ертөнцийг ойлгож, ертөнцийг таньж мэднэ, тэрчигээрээ л цаашаа явдаг.  Харин монгол ахуй бол дараачийн асуудал. Уучлаарай, “хараал идсэн” англи хэл мэддэг болсон нөхөд гадны юмыг тэр чигээр нь хуулж авчраад Монголыг монгол ахуйгаас нь салгаад байна. Малаа хайрладаг, малтай харьцдаг, нүүдлийн соёл иргэншил чинь хөл нүцгэн шавхай туучаад гүйж байхаасаа эхэлдэг. Монгол гэдэг чинь бие даасан соёлтой, иргэншилтэй, ахуйтай улс шүү дээ” хэмээснийг энд дайя. 


Тэгвэл харь хэлийг эх хэл шигээ эзэмшсэн, харь оронд амьдарч байсан  зарим нэг нь ямар хариулт өгөх бол?

Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуун: “Аливаа хүний амьдрал гэрээс, гэр бүлээс эхэлдэг. Гэрийн хүмүүжил хамгийн чухал. Удаад нь боловсрол орно. Өнөөдөр хэчнээн сайхан боловсролтой хүн хүмүүжилгүй байхыг алийг тэр гэхэв.

Хэчнээн өндөр боловсролтой байгаад  улсынхаа мөнгийг идээд байх юм бол яана аа. Ялангуяа өнөөдрийн  хувьд ингэж хэлмээр байна. Тиймээс гэрийн хүмүүжил чухал. Сайхан хүмүүжилтэй хүн сайн боловсролтой байхад хэзээ ч алддаггүй. Яагаад өнөөдөр Монгол Улсад ардчилал хөгжөөд, хүний эрхийг дээдлээд 27 жил болж байхад яагаад гэмт хэрэг өсөөд байна вэ? Хүмүүсийн хүмүүжил,  нийгмийн  асуудалтай л холбоотой. Тиймээс ч төр засаг, иргэд нь өнөөдөр ямар монгол хүн төлөвшүүлж байна вэ? гэдэг дээр анхаарах  ёстой.  Эх оронч сэтгэлийг бий болгоход  төр засаг  анхаарахгүй байна”


“Монгол хүн Монголоо, монгол ахуйгаа  хайрлах, уламжлах, суралцах үйл явц  хэрэглээ дадлаар л дамжин төлөвшдөг хэмээн үздэг нөхдийн төлөөлөл нь  боловсрол судлалын доктор, багш  Х.Баавгай юм.

“Өнөөдөр Монголоороо байхыг  ярьж ухуулаад, хичээлээр заагаад ч үр дүн бага байна.  Харин  Монголоор амьдрах арга ухаанаа биетээр үзүүлж,  амьдрал дээр хэрэглэх нь хамгийн сайн арга болж байна. Чи монгол хүн юм бол монгол хүн ямар соёлтой, ямар уламжлалтай, амьдрах ямар арга ухаантай юм бэ гэдгийг биеэрээ хэрэгжүүлж, үр хүүхдэдээ дадал хэвшил болгохгүй л юм  бол Монголоороо байх  гэдэг  алдагдана. Монгол уламжлалаа хагас дутуу авч үлдсэн бидний үеийнхэн  энэ жаахан мэдлэгээ  цааш нь өвлүүлж үлдээхгүй л юм бол дараагийн үед  бүр  хоосон зай үүсэх гээд байна. Энэ үед улс үндэстэн мөн чанараа алдах болов уу гэж эмзэглэж байна.  Ийм болохгүйн тулд бусад  улс орнууд тусгай хөтөлбөр  гаргаж хэрэгжүүлдэг.

Үр хүүхдээ монгол хүн болгож төлөвшүүлэхийн тулд эцэг эхчүүд наад зах нь  удам судрынхаа үүх түүхийг хүүхдэдээ ярьж өгдөг, төрөл садангаа  танилцуулдаг баймаар байна. Цагаан сар, хурим найр, насны ой, сэвлэг үргээх  ёслол гээд олон  зан үйл, баяраар ах дүү нартайгаа танилцах, үр удмаа мэдэх боломж бий. Ингэж ах дүүсээ сайхан танилцуулах нь үр хүүхдэдээ Монголын нэг том овог, удмын үр үндэс юм  байна гэдгийг ойлгуулна. Удам судраа мэдээд ирвэл ахмадаасаа  түүх, ёс заншил, соёлоо сурна. Ах дүүсээрээ бахархах,  өөрөөрөө бахархах, бусдыг хүндлэх  гээд  нийгэмд бие авч явах байдал нь ч дээшлэнэ.”  хэмээсэн Х.Баавгай багшийн саналтай  нэг уншигчид  цөөн биш  болов уу. 


Ёс зүйгүй, хүнлэг бус мэдлэг, боловсрол өнөөдөр бусдад тус биш ус болж   мэдэхийг дэлхий дахинаа гарч буй зарим зүй бус үйлдлүүдээс бид харах болсон. Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц  ч үүнийг сануулна лээ.

“Мэдлэгийг уламжлалт соёл, зан заншилтай хослуулснаар бид хүмүүнлэг байдлыг цогцлооно.  Ёс зүйтэй, эвтэй, мэдлэгтэй байж чадвал монгол хүний гайхамшиг энэ юм.  Ингэж л бид хойч үеэ сургаж хүмүүжүүлж, боловсруулах хэрэгтэй болов уу”  хэмээв. Түүний ярьсан  бас нэг жишээг орхимгүй.  “Богд хаант Монгол Улс байгуулагдахад Хаанд ирсэн нэгэн захианд олон зууны турш бурхны шашин шүтсэн монголчууд зориг зүрхгүй болсон гэсэн утгатай зүйл бичсэн байж. Богд хаан хариуд нь  “бидэнд  эзэн Чингисийн үеийн эр зориг бий.  Бөх, морь гээд  уламжлалт зан үйлд нь эр зориг бий гэж бичиж байсан юм гэнэ лээ.  Монголчуудад бөх, морь  нь эр зоригийг суулгаж байсан  тэмцлийн  зан  үйл.  Үүн дээр шашныг нэммээр санагддаг юм”

Үр хүүхдээ “Зөв монгол хүн” болгон  төлөвшүүлэх  арга ухааны богинохон эрлээр олсон   хариултын зарим нь  энэ.  Аливаад сайн жор байхаас ягштал таарсан жор гэж үгүй гэдгийг та бид мэднэ.  Тиймээс ч сайныг нь олохын тулд өнгөрснөө тунгааж,  өмнөхөө төлөвлөж, бусдыг сонсож, олноор хэлэлцэх аргыг хүмүүс бид хэрэглэж  иржээ.  Ингэж  бодоод  уншигч авхай танд дээрхийг хүргэв. Авах гээхийн ухаанаар хандана биз ээ.  

Д.Даваадулам

Нийтэлсэн: Д.Даваадулам

“Зөв монгол хүн байх сайн жорын эрэлд”  
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй