Шууд Chart

2020 он гэхэд БНХАУ дэлхийн хамгийн том эдийн засгийн төв болох хандлагатай гэжээ

2017-11-14 15:08:53

Олон Улсын Валютын Сангаас дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланг гаргажээ. Үүнд дэлхийн эдийн засгийн төсөөллийг нэмэгдүүлж, дэлхийн эдийн засгийг энэ онд 3.4 хувиар өснө хэмээн таамаглаж байсан бол сүүлийн тайлангаар 3.6 хувь болгон дээшлүүлжээ.

Ийнхүү 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бол ирэх оныхыг 3.5 хувь байхаар төсөөлжээ. Дээрх өссөн хандлагад БНХАУ-ын эдийн засаг ихээр нөлөөсөн гэдгийг онцолсон байна.

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдал 2020 оноос эхлэн тогтворжиж эхлэх агаад БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, АНУ-ын эдийн засгийг давж, дэлхийн хамгийн том эдийн засгийн төв болох хандлагатай байх болов уу гэж шинжээчид үзэж байна.

Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 10 жилийн хугацаанд зургаа гаруй хувиар өссөн байна.

Эдийн засгийн 2016 оны төсөөллийг 6.5 хувь болгож, 0.2 хувиар нэмэгдүүлж байсан бол энэ оны өсөлтийг 6.8 хувь байхаар төсөөлжээ. Тэгвэл 2015 оны эдийн засгийн өсөлт 6.9 хувь байжээ.

БНХАУ цаашид эдийн засгаа үйлдвэрлэлд бус үйлчилгээ, хэрэглээнд тулгуурлан хөгжүүлэхээр зорьж байгаа юм.

Дээрх улсын эдийн засаг хэмжээгээрээ дэлхийд хоёр дахь том эдийн засаг буюу дэлхий дахины металлын сангийн бараг тал хувийг бүрдүүлдэг.

Иймээс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд буурах нь түүхий эдийн үнэд шууд нөлөөлдөг байна.

ОУВС-гийн тайланд Олон улсын зах зээл дэх металлын үнэ энэ онд 14, ирэх 2018 онд нэг хувиар буурна. Энэ маягаар үргэлжилвэл металлын бууралт, болон эрэлт, нийлүүлэлт өөрчилөгдөх магадлалтай хэмээн таамаглажээ.

Харин 2015 онд Энэтхэг Улс эдийн засгаараа аравдугаар байранд орж байсан бол, 2020 он гэхэд гуравдугаар байранд ирэх төлөвтэй. Энэтхэгийн эдийн засаг өнгөрсөн онд 7.3 хувиар өсч байсан. ОУВС-д энэ онд тус улсын эдийн засгийн өсөлтийг 7.5 хувь байхаар төсөөлсөн байна.

Манай улсын хувьд ОУВС-гийн тайланд 2017 оны эдийн засгийн өсөлтийг 2.5 хувь байхаар төсөөлжээ. Харин 2021 онд харьцангуй өндөр буюу 7.2 хувь хүрнэ гэжээ.

Ойрын жилүүдийн эдийн засгийн өсөлтийг багаар харж байгаа нь түүхий эдийн үнийн уналт болон эдийн засгийн агшилттай холбон тайлбарласан юм.

Ер нь ОУВС-гийнхан энэ удаа өөдрөг төсөөлөл гаргасныг шинжээчид дүгнэж буй. Гэвч богино хугацаанд улс орны эдийн засаг сэргэхээр байгаа ч урт хугацаанд хүндхэн сорилттой тулгарахыг анхууруулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

2020 он гэхэд БНХАУ дэлхийн хамгийн том эдийн засгийн төв болох хандлагатай гэжээ  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй