Шууд Chart

Жилд дунджаар сая гаруй эмэгтэй хөхөндөө силикон шахуулдаг

2018-01-22 14:20:00

Хүүхнүүд хөхөө сайхан хэлбэртэй, том байлгахын төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг. Гэтэл зарим нь хэтэрхий том хөхнөөсөө болоод хүзүү, сээр нь байнга өвдөх, мөн таарах хөхөвч олдохгүй “ихэр хүүхдийн малгай” адил юм хайх хэрэг гардаг. Тиймээс тэдний зарим нь хэт том хөхөө багасгах,  унжсан бол сойлгох мэс засал хийлгэдэг.

Хөхний хэлбэр болон хэмжээгээ голсноос болж эмэгтэйчүүд өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггүйгээс сексийн амьдралдаа ч тааруу ханддаг болох нь энүүхэнд. Сайхан хөхтэй байснаа хүүхэд төрүүлээд унжсанаас үүдэн уур уцаартай нэгэн болох бөгөөд энэ нь гэр бүлийн хэвийн уур амьсгалд ч сөргөөр нөлөөлж эхэлдэг. Гэхдээ өнөөдөр том хөхгүй, хөх муутай байх нь толгой гашилгаад байх асуудал биш болсон. Энэ тал дээрх судалгааны ажлууд хөгжингүй улс оронд их хийгддэг болсон. Тэдгээр оронд хөхний гоо сайхны мэс заслын эрэлт хэрэгцээ ч их байдаг.

Ер нь бол хөх томруулахад механик арга буюу иллэг, гормон эмчилгээ, тосон түрхлэг, эм, тариа хэрэглэх, гель тарих, имплант суулгах зэрэг хэд хэдэн арга байдаг.

Гэхдээ аппаратын тусламжтай иллэг хийх болон гормон эмчилгээ зэрэг нь эмчилгээний явцад л хөхийг бага зэрэг томруулахаас биш эмчилгээ зогсонгуут хэлбэр хэмжээ нь хуучин байдалдаа орчихдог. Эдгээр эмчилгээ нь хөхний эд эсэд шууд нөлөөлж зарим тохиолдолд булчирхайг ч гэмтээж болох талтай.

Харин хөхний булчирхайг огт хөндөлгүйгээр томруулдаг, хамгийн найдвартай, урт хугацааны үр дүнтэй, олон хүүхнүүдийн хүслийг биелүүлж чаддаг арга бол имплант суулгах юм.

Имплант нь силикон ба физиологийн уусмалаар дүүргэсэн гэж хоёр янз байдаг. Силиконоор дүүргэсэн имплантыг 1992 онд АНУ-д хуулиар хорьсон ч Европын зарим улсад болон өмнөд хөршид өнөөг хүртэл мэр сэр суулгасаар байна. Харин физиологийн уусмалаар дүүргэгдсэн имплант нь аль ч улсын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд дэлхий дээр жилд дунджаар сая гаруй эмэгтэйчүүд ийм хөх суулгуулдаг.

Физиологийн уусмалаар дүүргэдэг имплантыг суга, хөхний нөсөөт хэсэг мөн түүний доогуур аль нэг хэсэгт 1.5-2 см урттай зүслэг хийж тавьдаг. Мэс засал нь 30-40 минут үргэлжилнэ. Анхааруулж хэлэхэд имплант нь гэмтэл болон бусад гадны нөлөөнөөс болж хэдхэн сар цаашлаад тав, арван жилийн дараа ч хагарч болно. Гэхдээ энэ нь зургаан мянгад нэг тохиолдох бөгөөд имплантын доторх нь хүний биед хоргүй физиологийн уусмалаар дүүргэгддэг учраас дуслын тариа адил биед уусч ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Түүнчлэн “хөх” нь хагарсан тохиолдолд үнэгүй солих ёстой.

АНУ, Герман, Япон зэрэг орны компанийн имплантууд тусгай тэмдэг дугаартай байдаг. Өөрөөр хэлбэл, та өөртөө ямар үйлдвэрийн ямар дугаартай имплант тавиулснаа мэдэж байх хэрэгтэй. Гэвч эргүүлээд энэ гелийг биенээс авахдаа зөвхөн хөхтэй нь хамт тайрах л арга байдгийг анхаараарай. Ийм төрлийн имплантыг хүүхэд төрүүлээгүй тэр ч байтугай Европын зарим улсуудад насанд хүрээгүй хүний биед ч тавихыг зөвшөөрдөг.

Мөн янз бүрийн өвчин эмгэг, тэр тусмаа хорт хавдрын улмаас хөхөө тайруулсан эмэгтэйчүүдэд ч суулгуулдаг юм байна. Гадны биет суулгуулахаас татгалзсан нэг хэсэгт нь өөрийнх нь өөхийг сороод хөхөнд нь тарьж болох боловч аяндаа хэмжээ нь багасдаг учраас нэг их сайхан үр дүнтэй болдоггүй. Яагаад гэвэл хэдийгээр өөрийнх нь өөх ч гэсэн хөхний булчирхайн цоргыг бөглөж улмаар өөр өвчин эмгэг үүсгэж болох юм. Харин хэдий ийм “хиймэл хөхтэй” ч гэсэн хүүхдээ хөхүүлж болдог нь сайн мэдээ. Гэсэн ч энэ бүх арга нь тийм ч их хүсүүштэй зүйл биш дээ.

Р.Слава
Стокхольм хот


Жилд дунджаар сая гаруй эмэгтэй хөхөндөө силикон шахуулдаг  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй