Шууд Chart

Амгалан төрийн ажнай шаргын өвөг эцэг манай улсад бэлгэнд ирсэн

2018-01-24 14:37:52

1966 онд хуучин ЗХУ-ын Дон-Ростов хотын нэгдүгээр морин заводоос нөхөрсөг уулзалт уралдаан хийхээр хязаалан, соёолон, хавчиг насны зургаан хурдан азаргатай баг ирээд байв.  

Тэдгээр азарга улсдаа уралдаж түрүүлж, айрагдаж байсан нэр алдартай юм. Тэрхүү нөхөрсөг уралдаанд Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөл эртнээс бэлтгэж, Чүлтэмсүрэнгийн хээр морь, Готовын саарал азарга, Хайдавын бор, Гүргэнжавын бор гээд улсын баяр наадамд уралдаж байсан мундаг адуу худалдаж аван цуглуулж уялаа.

Тийнхүү 1200, 1400, 1600, 2400, 3200 метрийн зайд уралдахад Оросоос ирсэн зургаан азарга уралдсан зай болгондоо түрүүлж, манайхны адуу ойрын зайд хаана нь ч хүрэхгүй гэдгийг харуулав. Нөхөрсөг уулзалт уралдаан дууссаны дараа Оросын тал нөгөө зургаан азаргаа Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах туслах нийгэмлэгт бэлэглэчхээд буцсан юм.

Нөгөө зургаагийн нэг Индекс гэдэг байв. Түүний төл Буденнигийн нэгдүгээр үеийн эрлийз, Морин тойруулгын алдарт Тогоруу халтар азарганы эцэг аж.

Тогоруу халтар нь улсын их баяр наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан. Тодруулбал 1979 оны Ардын хувьсгалын 58 жилийн ойгоор зургаан настай хавчиг азарга түрүүлж, 1980 оны 59 жилийн ойгоор долоон настайдаа айргийн гуравт хурдалсан билээ.

Улмаар 1983, 1984 оны Ардын хувьсгалын 62, 63 жилийн ойн наадмаар тус, тус түрүүлсэн юм.
Өнгөрсөн зууны тэргүүн хурднуудын нэг болох энэхүү алдарт азарганы үр төл нь үе дамжин хурдалж тогоруу хэмээх угшлыг бий болгосон нь өнөөгийн олон хурдан адууны алдрын өмнө ёс мэт дуудагдсаар байдаг.

Тогоруу халтар нь ХХ зууны нэрт хурдан хүлэг бол түүний төлийн төл болох Амгалан төрийн ажнай шарга азарга нь Монгол төрийн наадамд зургаа түрүүлж, хоёр айрагдсанаас гадна шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан энэ цагийн цуут хурдан буян билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Амгалан төрийн ажнай шаргын өвөг эцэг манай улсад бэлгэнд ирсэн  
Үзсэн: 1328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй