Шууд Chart

Нойр хүрдэггүй ээ ...

2018-03-12 13:41:59

/Нэг хүний үглэлт өгүүлэмж/

-Ёох унтмаар алдтал хонх дуугараад сэрээчихлээ. Нэг өрвийсөн юм энэ Сарнайгийнх мөн үү гээд зогсож байх юм. Тэр ер нь хоёр хөл дээрээ биш дөрвөн хөллөөд явбал болох дээрээ тулчихсан байна лээ. Хорь хүрсэн юм уу зайлуул шал согтуу...  Эцэг, эх нь байдаг л баймаар...

Үр хүүхэд нь хүн амьтан унтуулахгүй шөнө дүлээр гишгэх газраа олохгүй явааг нь мэддэг л байгаа даа. Та минь энэ хотын утааг яана аа. Энэ өвөл хүйтэн болох юм болов уу гээд цонхоо байдгаар нь наачихаад шөнө хамар, ам битүүрээд унтаж чадахгүй болохоор форточкоо жаахан онгойлгосон угаартаж үхэх нь ээ. Би ч угийн тамхичин хүн насаараа татлаа. Одоо нас явчихсан болохоор ханиад хүрээд тамхиа дийлэхээ больж. Ханиалгаад унтдаг юм биш. Үгүй энэ жаахан жаахан охидууд хэзээ язааны амандаа янжуур зуугаад зогсчихсон байхыг ээ. Баньд нар ч одоо дүүрч. Яая гэхсэн. Сүүлдээ над шиг мэнгэртэй амьтан хэвтэж унтаж чадахгүй хэцүү дээ хэцүү. Би харин унтахдаа нэг тамхи татчихаад хэвтдэг байсан одоо харин больсон. Харин энэ хотын утаа юу?

Манай хороололд өглөө оройдоо зуухны янданд орчихсон юм шиг мөн ч горьгүй дээ. Энэ хэдэн золбин нохой хүртэл найтаачихсан явах юм. Манайх энэ байранд ороод хорин жил болж байна. Хорин жил утаагаар амьсгаллаа. Хотын хорооллынхны уушги, хоолой ам дөрөвдүгээр станцын яндангаас долоон дор болсон дог оо. Намаржин зурагтаар утаагүй зуух төсөл мөсөл гээд баахан донгоссон. Дүүргийн дарга сайд нар сансрын пуужин хийчихсэн юм шиг хөл, гараа хугалчих гээд гүйлдээд хот утаагүй болсон энэ зуухыг авцгаа гэж баахан рекламдсан. Тэрнийг нь авч дийлдэг айл байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Хоногийн хоолоо яая гэж байхад. Нэгэнт л айл өрхийг зуух яндантай болгох гэж байгаа юм бол зүгээр өгчихгүй. Сайд дарга нар өөрсдөө хотын хаана суудаг юм. Агаараар амьсгалдаг баймаар...

Энэ утаа жил ирэх тусам болохоо байлаа шүү гэж зад загнаж ганц сайн агсам тавих юм сан. Намайг залуу байхад Японы Токио хотод агааргүй болж утаа ихэдсэнээс хүмүүс нь хорт утааны багтай явах боллоо. Энэ бол хөрөнгөтөн орны нүүр царай гээд ухуулдаг байсан. Зуух муух гэж дэмий чалчихын оронд хүн бүрт утааны баг авбал дээр дээ. Зуухыг нь гэртэй айлууд тавьдаг л юм байгаа биз. Байшингийн бид дахиад зуух тавилтай биш. Утааны баггүй явж байгаад нэг орой гудамжинд муурч унах вий. Би нэг хэд хоног Долоон буудалд гэр байшинд суулаа.

Гэвч чийдэн тасраад, ил жорлонтой мөн ч горьгүй ээ. Хүн ер нь муу юманд амархан дасдаг хог юм. Хөгшин хүн шөнө гарч бие засах болохоор байр шиг сайхан юм алга. Бид нар нэг л их байшин барилга хөгжлөө гэх юм. Энэ гэр хорооллоо тохь тутай болгож нэгэнт дийлэхгүйгээс хойш байр савны үнийг нь бодмоор болжээ. Хориннэгдүгээр зуунд гадаа гарч бие засдаг ус цасанд орох газаргүй, ийм нийслэл тэр дайн дажин болж дүрвэж нүүсэн улс оронд л байдаг байх. Жил болгон нэг байшин барилга барьсан пүүс компанид бөөн шагнал олгож бие биеэ хөөрцөглөх юм.

Тэгсэнд орвол гэр хорооллын нэг гудамжийг жорлон усанд орох газартай нүүрс, түлээ хэрэглэхгүй дулааны шугам эсвэл халаагууртай болгосон компанид өгч болдоггүй л юм байх даа. Манийн хөгжих гэж дээ. Хотынхоо утааг зайлуулж чадаагүй хэдэн жилийн дараа толгой дараалж уушгины хортой хавдартай эрэмдэг зэрэмдэг амьтад болох вий. Дээгүүрээ тамхиар бизнесдэж, доогуураа хотын утаанд нь хордож нэг л их утаа залгисан амьтас. За за хэвтэхээс ...

Байз нөгөө сөөвгөр дахиад хаалга балбаж байгаа вий. Энэ лав унтуулахгүй ээ.

ТӨГСӨВ

Нийтэлсэн: Г.Золжаргал

Нойр хүрдэггүй ээ ...  
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй