Шууд Chart

Шекспирийн хөргийн нууц тайлагдашгүй оньсого хэвээр байх уу

2018-04-02 15:54:57

Хөшөө дурсгал дайн тулаанд балран нурна
Хот балгад үймээн самуунд эвдрэн сүйднэ
Ой ухаанд нэгэнт шингэсэн уран үгс л
Олон үе өнгөрөн өнгөрөвч уйдахгүй үлдэнэ

                                      Уильям Шекспир

Уильям Шекспирийн Стратфорд дахь Холи Тринитийн сүмд байрлуулсан булшийг судалсан эрдэмтэд түүний гавлын ясыг хулгайлсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгааг Уильям Шекспирийн нас барсны 400 жилийн ойд зориулан хийсэн байна.

Энэхүү нээлт нь Английн хэвлэлд 1879 онд онд гарсан “Эрдэнэс хайгчид 1794 онд Шекспирийн гавлыг тийм ч гүн биш ухаж байрлуулсан булшнаас хулгайлсан” гэсэн мэдээллийг баталж буй юм. Судлаачид Холи Тринитийн сүмд орших бунхныг хөрсний давхаргыг нэвтэлж харах радарын тусламжтайгаар ажигласан байна. Энэ бол Шекспирийн бунханд хийсэн археологийн анхны судалгаа бөгөөд бунхныг гэмтээлгүйгээр доторхийг нь ажиглах боломжтой шалгарсан арга байжээ. Геофизикч Эрика Утситэй хамт судалгаа явуулсан Стаффордширийн их сургуулийн археологич Кевин Коллс “Бидэнд огт хөндөөгүй гэх Шекспирийн бунхан байна. Бас түүхэн аль нэг цаг үед хэн нэгэн ирээд Шекспирийн гавлын ясыг авсан гэх таамаг түүх бий. Миний хувьд Холи Тринитийн сүмд гавлын яс байхгүй гэсэн дүгнэлт маш үнэмшилтэй сонсогдож байна” гэж мэдэгджээ. Шинжлэх ухааны ололт судалгааг түрүүлэн дүгнэн үзүүлэх боломжгүй хойно гурван жилийн өмнөх таамаг баримтаа зоригтой дэлгэе.


Английн нэрт жүжгийн зохиолч Уильям Шекспир чухам ямар төрхтэй хүн байсан болон түүний үхлийн шалтгаан одоо хүртэл “оршихуй, эс оршихуй” гэсэн мөнхийн асуулттай адил эрдэмтэн, судлаачдын тайлагдашгүй оньсого хэвээр байгаа юм. Хэдийгээр түүний хөрөг зургууд, цээж баримал хадгалагдан үлдсэн ч жинхэнэ Шекспир  мөн эсэхэд олон эрдэмтэд эргэлзсээр ирсэн юм. Саяхан урлаг судлаачид Елизавета хатан хааны гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүсийн хөргийн  дунд /1610/ Шекспир байсныг олж тогтоосон бөгөөд хэрвээ энэ таамаг нотлогдвол суут жүжгийн зохиолчийн амьд сэрүүн үеийн цорын ганц хөрөг болох юм.

Германы Англи хэл, уран зохиолын багш  Майнца Хильдеград Хаммершмидт-Хуммель гэгч эмэгтэй эрдэмтэн нэгэн сонирхолтой ном бичсэн байдаг. Энэхүү номонд орсон олон арван таамаг дүгнэлтүүд байсан ч тэрээр Шекспирийн хоёр зургийг сайтар ажиглаад  хэний ч олж хараагүй нэгэн зүйлийг гярхай анзаарсан байна. Тэрээр суут жүжгийн зохиолчийн зүүн талын нүдний зовхи нь зузаан байгаа нь хавдартайн шинж байж болохыг тогтоогоод энэхүү зоримог нээлтээ нотлохын тулд эрүүгийн гэмт хэргийн эрэн сурвалжлах албаны нарийн мэргэшсэн шинжээчийг хамтран ажиллахыг хүсчээ. Хуммель улмаар  Шекспирийн жинхэнэ хөрөг мөн эсэхийг үнэн зөв тогтоох, зовхинд буй хавдраар дамжуулан түүний үхлийн шалтгааныг тодруулахыг эрмэлзжээ. Шекспирийн үнэн зөв дүр төрхийг тогтоож болох таван иш хөрөг байдаг байна.

Энэ нь түүнийг нас барсны дараа нэлээн хэдэн жилийн хойно буюу 1623 онд Голланд гаралтай зураач Дросхоутийн бүтээсэн бар зураг болон одоо эзэмшигчийнхээ нэрээр нэрлэгдэх болсон Чандис, Тлоберийн хөргүүд, жүжгийн зохиолчийн гэр бүлийнхэн нь шарил дээр нь хүндэтгэн босгосон цээж баримал, нас барсных нь дараа авсан хэв зэрэг юм.

Шинжилгээнд хамтран ажилласан шинжээчдийн нэгдсэн дүгнэлт болон Висбадений нүдний профессор Вальтер Лерхений онош бие биенээсээ хамааралгүй тусдаа хийгдсэн ч хэл судлаач бүсгүйн ажигласан гурван зургийн нэгд нь хавдар байхгүй байгааг санал нэгтэй баталсан юм. Энэ нээлт нь Шекспирийн хөрөг ердөө ганцхан байсан. Бусад нь Дросхоутийн бүтээсэн бар зурагнаас /гравюра/ хуулбарласан гэсэн таамагт няцаалт өгч чаджээ. Үүнээс үүдэн ажилсаг нямбай Германы эмч нар их зохиолчийн үхлийн шалтгаанд  хорт хавдар нөлөөтэй эсэхэд бодит үнэлэлт  өгөхийг чармайжээ. Энэ баримт мэдээж өчүүхэн зүйл мэт боловч асар их үр дүн агуулсан мэт байлаа.

Шекспирээс авсан нүүрний хэвний ард тэмдэглэсэн 1616 он гэсэн бичээсийг тайлан уншихад энэ нээлтийн ач холбогдол оршдог. Английн Шекспир судлалын хүрээлэнгийн профессор Стэнли Уэллс энэхүү хэвийг Герман язгууртных болохыг шууд  нотлохыг хичээдэг. Хэргийн учир уг хэв нь 1842 онд 738 дахь Майнц хотын дуудлага худалдааны ээлжит арилжаагаар Кессельштаттагийн өв хэмээн бүртгэгдсэнтэй холбоотойгоор тайлбарладаг юм. Энэхүү хэв хэдэн хүний гар дамжсаныг эс дурдаад дэлхийн хоёрдугаар  дайны хүнд  өдрүүдэд эвдэрч нурсан балгасан дундаас Беккер гэгч хүний төмөр шүүгээнээс олдсон юм. Төмөр шүүгээ үнсэн товрогонд битүү дарагдсан ч азаар одоогоор “Шекспирийн” гэх нүүрний хэв бүрэн бүтэн олджээ. Хөнөөлт дайны дараа хотын амбан захирагч 52 000 маркаар худалдан авч “аравнайлсан” их зохиолчийн нүүрний хэв Драмштадтийн номын санд хадгалагдаж байгаа юм. Хэл шинжээч бүсгүй таамгаа нотлохын тулд “барьцаа лавшруулж” их зохиолчийн хэвэнд наалдан үлдсэн цөөхөн хэдэн ширхэг сахлын үсийг ч зуун, зуун дамжин нотлоод үзэхийг зөвлөж байна.

“Итгэ гэвч шалга” гэж Ленин багш хэлдэг биз дээ... Гэхдээ одоо бид түр амсхийе.


Шекспирийн хөргийн нууц тайлагдашгүй оньсого хэвээр байх уу   
Үзсэн: 2000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [219.255.58.xxx] 2018-04-02 23:19
tragedy bichdeg baisan yum chin ih muuhai deer n namhan baisan baij taaraa

Бидэнтэй нэгдээрэй