Шууд Chart

Н.Баяртсайхан: Монголбанк хуримтлагдсан алдагдлаа буурууллаа

2018-04-03 14:55:33

Монголбанкны үйл ажиллагааны үзүүлэлт сүүлийн таван жилийн турш алдагдал зааж байсан ч өнгөрсөн онд ашигтай гараад байгаа билээ. Энэ талаар тодруулахаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцсанаа уншигч танд толилуулж байна.

- Сүүлийн таван жилийн турш алдагдал хүлээж байсан Монголбанк нэг жилийн дотор яаж ашигтай ажиллав, бодлогын ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн бэ?

Монголбанкны үйл ажиллагааны үзүүлэлт 2012-2016 онд тасралтгүй алдагдалтай гарч байсан нь үнэн. Гэвч хуримтлагдсан алдагдлыг нэмэгдүүлэхгүйн тулд сүүлийн хоёр жилд эрчимтэй  арга хэмжээ авч ажилласнаар 2017 оны үйл ажиллагааны үр дүнгээр 176.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Ингэснээр өмнөх онуудад хуримтлагдсан алдагдлын хэмжээ буурч байгаа юм. Үүнд юу нөлөөлсөн бэ? гэхээр гадаад валютын улсын албан нөөцийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүргэж, өмнөх оны мөн үеэс 3 дахин өсгөсөн. Үүний тулд бид нэгдүгээрт, алт, мөнгө худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлэх шийдвэрийг гаргаснаар нийт худалдан авсан алт мөн онд 20.0 тоннд хүрэв. Энэ бол Монголбанк анх удаа ийм хэмжээний алт худалдаж авсан түүхэн өндөр үзүүлэлт шүү дээ. Алтны биет хэмжээний өсөлтөөс гадна дэлхийн зах зээл дээрх алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь алтны орлого нэмэгдэх, цаашилбал нөөц өсөхөд эерэг нөлөөллөө. Хоёрдугаарт,  Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай” болон “Гэрэгэ” бондыг гаргахад Монголбанк хамтран оролцож амжилттай гаргасан нь нөлөөлсөн. Гуравдугаарт, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС болон донор орнуудаас 700 сая гаруй ам.долларын санхүүжилт орж ирсэн. Энэ бүхний үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, хувийн секторт гадаадын хөрөнгө оруулалт ч бас нэмэгдэв. Цаашдаа Монголбанк үйл ажиллагаанаас олох ашгаараа хуримтлагдсан алдагдлыг хааж, Төв банкны бие даасан хараат бус байдлыг сэргээхэд дэмжлэг болон ажиллана.

- Тэгвэл үүнээс өмнө яагаад алдагдалтай ажиллаж байсан юм бэ?

Монголбанкны алдагдлыг сүүлийн жилүүдэд ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж, хуримтлагдахад хүргэсэн суурь шалтгаан нь валютын орох урсгал татарсан үед түүнтэй уялдуулан валютын гарах урсгалыг бууруулаагүй буюу валютын нөөцөө гамнаж хэмнээгүй явдал байсан. Түүхий эдийн үнийн уналт, макро эдийн засаг дахь гадаад сөрөг шоктой нийцүүлэн валютын ханшийг уян хатан тогтоохын оронд ханшийн сулралтыг удаашруулах, үр ашиггүй оролдлого (интервенц)-ыг Монголбанк хийсэн нь гадаад валютын нөөцийн хэмжээг хурдацтай бууруулж, улмаар гүйлгээнд байгаа Монгол төгрөгийн валютын баталгаа эрс буурсан. Бас нэг гол шалтгаан нь төсвийн шинжтэй үйл ажиллагаанд Монголбанк оролцож хэт өндөр зардал гаргасантай холбоотой. Монголбанкнаас төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулж, төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь урсгал дансны алдагдал өндөр байх, гадаад валютын хүрэлцээ алдагдах шалтгаан болсон.

- Энэ алдагдал Төв банкны хараат бус байдлыг алдагдуулахад хүргэсэн үү?

Тийм ээ. Олон жил дараалан алдагдалтай ажилласан Төв банк Засгийн газраас хараат бус, бие даасан байдлаа алдаж, өөрийн гол үүргүүдийн нэг болох инфляцийг тогтвортой нам дор барих чадвараа алддаг. Нэгэнт инфляцийг тогтвортой нам дор барих чадвараа алдвал Монголбанк үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрдэг. Иймээс бид Монголбанкны алдагдлыг бууруулах, хараат бус байдлаа бэхжүүлэх, инфляцыг тогтворжуулах, төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө тууштай ажиллах болно.

- Олон улсын туршлагаас харахад төв банкууд алдагдлаасаа яаж гарсан байдаг юм бол?

Тухайлбал, Бразил, Чили, Чех, Унгар, Өмнөд Солонгос болон Тайланд улсын төв банкуудын алдагдалд орсон байдал нь янз бүр байдаг.  Алдагдлыг арилгахад авч хэрэгжүүлсэн нийтлэг арга хэмжээнүүдийг авч үзвэл, тухайн улсын засгийн газраас үнэт цаас гаргах замаар санхүүжүүлсэн эсвэл тухайн улсын төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээ зогсоож, өөрөө алдагдлыг хариуцан арилгасан байдаг.

- Манай улсын төсвөөс Төв банкны алдагдлыг бууруулахад санхүүжилт хийсэн тохиолдол бий эсэх талаар мэдээлэл дуулдаж байгаагүй юм байна шүү?

ОУВС-гийн зүгээс аливаа Төв банк алдагдалтай ажилласан тохиолдолд Засгийн газрын үнэт цаас гаргах замаар алдагдлыг санхүүжүүлэхийг зөвлөдөг. Гэвч төсвийн алдагдал өндөр, хүндрэлтэй хэвээр, Засгийн газрын өрийн тааз  тулсан байгаа тул өндөр дүнгээр нэмж үнэт цаас гаргах орон зай байхгүй байгаа юм. Иймд макро эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд Монголбанкны алдагдлыг ийм байдлаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд, цаашид алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх, одоогийн хуримтлагдсан алдагдлыг урт хугацааны туршид тогтвортойгоор бууруулахын тулд хэд хэдэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

- Тухайлбал, ямар арга хэмжээнүүд авч болохоор байгаа талаар тодруулж өгөөч.

Юуны өмнө, Төв банкны чиг үүргээс давсан төсвийн шинжтэй бодлогын үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхгүй байх хэрэгтэй. Бид энэ ажлыг эхлүүлж Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, дээрх нөхцөл байдлыг бүрдүүлж чадсан. Үүний хамт гадаад зээлийг барагдуулах замаар Төв банкны гадаад өглөгийг бууруулж, балансын бүтцийг эрүүлжүүлэх шаардлагатай. Мөн валютын ханшийн макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй байдлыг хадгалж, ханш уян хатан тогтох зарчмыг тууштай баримтлах, зах зээлд ажиллах боломж олгох хэрэгтэй. Мэдээжийн хэрэг, гадаад валютын нөөцийг хуримтлуулах бодлогыг үргэлжлүүлэн баримталж, гадаад валютын цэвэр нөөцийг эерэг түвшинд аваачих юм. Эдгээрээс гадна  Төв банкны үнэт цаасаар дамжуулан арилжааны банкуудын илүүдэл нөөцийг татдаг тогтолцооноос аажмаар татгалзаж, Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захад оролцох сонгодог хэлбэрт шилжих явдал. Эдгээр хүчин зүйлсийг бүрдүүлж чадаж байж алдагдалгүй байх боломж бүрдэнэ.

Ярилцсанд баярлалаа.


Н.Баяртсайхан: Монголбанк хуримтлагдсан алдагдлаа буурууллаа  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй