Шууд Chart

Робот-гагнуурчин төмөр материалаар явган хүний гүүрэн гарц барьжээ

2018-04-09 15:27:54

Орчин үед үйлдвэрлэлийн салбарт робот төхөөрөмжийн бүтээлүүд ихээр нэвтрэн орж ирсээр байна. Энэ удаад бид 3D хэвлэгч төхөөрөмжийн технологийн зарчмаар ажилладаг робот-гагнуурчин төхөөрөмжийг онцолж байна. Энэ робот-гагнуурчин анх удаа бие даан явган хүний гүүрэн гарцыг барьжээ. 

“MX3D” нэртэй Голландын технологийн компанийн инженерүүд тус төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. Явган хүний гүүрэн гарцыг төмөр материал ашиглан хүний оролцоогүйгээр барьж, босгоно гэдэг амаргүй ч үүнийг хийж, хөгжүүлж чаджээ. Амстердам хотын гудамжинд суурилуулахаар төлөвлөж байгаа энэ гүүрний бүтэц, бүхэлдээ шинэлэг болжээ. Гагнуурын төхөөрөмж металл гадаргууг гагнаж байхдаа бага багаар хэмжээг нь улам тэлж, томруулж өгдөг байна. Яг л 3D хэвлэгч төхөөрөмжийн үйлдлийн системийн ажиллах зарчимтай адил.

Ийм төрлийн хэд хэдэн гагнуурчин робот бүхий төхөөрөмж хоорондоо уялдаа холбоотойгоор ажлаа гүйцэтгэдэг байна. Уран, сайхан хийцтэй гүүрэн гарц, байгууламжийг хүний гараар босгон, сүндэрлүүлдэг байсан бол ирээдүйд зам, талбай, гүүр гээд барилга байгууламжийг ямар ч материалыг ашиглан хэвлэж үйлдвэрлэн гаргаж ирэх технологи орлох болно гэж зохион бүтээгчид нь онцолжээ.

Төмөр гүүрэн гарцыг “MX3D-Metal” нэртэй дөрвөн робот гагнуурчин хамтран хийсэн юм байна. Төмөр материалыг өндөр халуун хэмээр хайлуулж, түүнийгээ гагнуурын аппаратаар дахин халааж, хатаах зарчмаар нийтдээ 6 сар гаруйн хугацааг зарцуулж энэ гүүрийг босгосон байна. Явган хүний гүүрэн гарцын урт нь 12 метр, өргөн нь 6.3 метр. Нийт жин нь 4500 кг юм байна.

Төмөр материал бүхэлдээ зэвэрдэггүй ган материал хэмээн онцолсон байна. Дараагийн ээлжинд чанарын шаардлага, бат бөх байдал болон даацын хүчин чадал гээд бусад төрлийн туршилтуудыг хийхээр болж байгаа гэжээ. Цаашид робот гагнуурчин төхөөрөмжийн хөгжил улам сайжирч,  шинэчлэгдэх боломж, бололцоо байна гэж үзэж буй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Робот-гагнуурчин төмөр материалаар явган хүний гүүрэн гарц барьжээ   
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй