Шууд Chart

Монголын 13 настай хүү Их Британийн тайзнаа хийлийн гайхамшгийг үзүүлжээ

2018-04-16 11:34:39

Их Британийн Труро хотын катедралд энэ сарын 13-нд Корнвалл мужийн залуучуудын чуулгын Улаан өндөгний баярт зориулсан "From Darkness to Light" тоглолт болжээ.

Тус тоглолтод 13 настай Монгол хийлч Л.Билэгтөгс алдарт Дмитрий Шостаковичийн хийл, найрал хөгжмийн 1-р концертийн 3, 4 дүгээр анги болон каденцийг хөгжимдөн ур чадвараа харуулж, үзэгчдийн халуун алга ташилтаар шагнуулжээ. Энэ зохиол нь мэргэжлийн хийлчийн ур чадварыг шаардсан томоохон бүтээл төдийгүй тэр тусмаа 13 настай хүүхэд тоглоогүй аж.

Л.Билэгтөгс өнгөрсөн онд Пензанс хотын захиргааны холлд "Виртуоз хийлч" тоглолтод дан хийлд зориулсан гоцлол бүтээлүүдээс Паганинийн каприс вариац, Бахийн партита зэргээс хөгжимдсөн ба тоглолт гурван цаг гаруй үргэлжилж бүтэн рецитал тоглож мэргэжлийн хүнээс "Ур чадвараараа насандаа дэлхийн шилдэг тавд багтсан хөгжимчин" гэсэн үнэлгээ авчээ.

"Виртуоз хийлч" тоглолтын үеэр бэлэг задалж хийлээр Монгол аялгууны найруулга хөгжимдөж бяцхан хөөмий үзүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээж, тэрбээр олон фэнтэй болоод амжсан байна. 

Түүний тухай товчхон танилцууахад, Л.Билэгтөгс нь зургаан настайгаасаа сонгодог хөгжмөөр хичээллэж эхэлсэн бөгөөд Хөгжим Бүжгийн Консерваторт T.Сарантуяа болон Ч.Түмэнжаргал багш нарын удирдлагад суралцаж байжээ. Одоогоор Их Британын Корнвалл мужид амьдарч байна.

Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:

  • 8 настайдаа Олон улсын Крешендо уралдаанд 1-р байр эзэлж Нью Иорк хотын Карнеги-Холлд очиж тоглосон;
  • 2016 онд Япон-ХонгКонг хөгжмийн уралдаанд 1-р байр;
  • 2015 онд Бельгийн Артур Гримьо нэрэмжит хийлийн уралдаан,
  • 3 байр/шүүгчийн нэрэмжит шагнал, Чехийн Косианы нэрэмжит хийлийн уралдаан,
  • 3-р байр тус тус эзэлж; ИМКА, "eMuse", "American Protege" зэрэг интэрнэт уралдаануудад амжиттай оролцож байр эзэлсэн буюу олон улсын олон хөгжмийн фестивалиудад олон удаа эх орноо төлөөлж оролцсон арвин туршлагатай;
  • 2014 онд Чайковскийн нэрэмжит өсвөрийн хийлчдийн уралдаанд Монголоос оролцсон анхны залуу хийлч бас хамгийн бага оролцогч болж байжээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын 13 настай хүү Их Британийн тайзнаа хийлийн гайхамшгийг үзүүлжээ   
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй