Шууд Chart

Нүүдлийн амбулатори эхний ээлжид 5000 гаруй иргэнд үйлчилжээ

2018-04-16 15:48:32

Хүн ардад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх зорилгоор нүүдлийн амбулаторийн үзлэгийг Төв аймагт 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна Эхний ээлжид 5000 гаруй иргэдэд хүрч үйлчилжээ.

Нүүдлийн амбулаторийн үзлэг оношилгоог сумдад ажиллуулах замаар алслагдсан хөдөө, орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор Нүүдлийн амбулаторийн үзлэгийг 26 суманд зохион байгуулах шийдвэр гарсан. Тус зорилтын хүрээнд Нүүдлийн амбулаторийн эхний ээлжийн баг 4 дүгээр сарын 3-12-ны хооронд Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Заамар, Лүн сумдад ажиллаа. Энэ удаагийн Нүүдлийн амбулаторийн үзлэг нь төрийн үйлчилгээг сумдад нэг дороос түргэн шуурхай хүргэх зорилгоор нийгмийн салбарын байгууллагуудын нээлттэй өдөрлөгтэй зэрэг зохион байгуулагдсан байна.  

Нүүдлийн амбулаторийн үзлэгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн 6 их эмч 7 төрлийн үзлэг шинжилгээ хийж  эхний ээлжийн 5 суманд ажиллах хугацаандаа давхардсан тоогоор 3646, лабораторийн шинжилгээнд 2790 хүнийг тус тус хамруулсан байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ удаагийн үзлэгээр “Эрүүл хүүхэд, эрүүл шүд” аяны хүрээнд сумдын цэцэрлэгийн насны хүүхдүүдийг шүд, арьс харшил, мэс заслын эмчийн үзлэгт хамруулжээ.

Мөн үзлэгийн үеэр аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх “Эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн нээлтийг хийлээ.. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн төсвөөс 85.2 сая төгрөг зарцуулахаар баталсан нөхөн үржихүйн /15-49/ насны эмэгтэйчүүдийг 8 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамруулах, аймгийн хэмжээнд бүртгэлтэй 0-5 насны 11 мянга орчим хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилт тавиад байгаа юм. Тус хөтөлбөр хэрэгжсэнээрээ нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн суурь өвчлөл багасах, мэдээллийн сан бий болж эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх нөхцөл боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нүүдлийн амбулатори эхний ээлжид 5000 гаруй иргэнд үйлчилжээ  
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй