Шууд Chart

“Малын генетик нөөцийг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж байна

2018-04-17 10:10:58

БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн удирдах газрын Азийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга олон улсын байгууллагын санхүүжилтээр “Малын генетик нөөцийг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх” төслийг 2017–2019 он хүртэл гурван жилийн хугацаатайгаар ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төв хэрэгжүүлж байна.

 

        Уг төсөл нь монгол малын генетик нөөцийг хамгаалах, мал үржлийн ажилд биотехнологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажил, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, Малын удмын сангийн үндэсний төвийн техник, технологийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдсэн. Одоогоор Азийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны газраас цуврал уулзалт зохион байгуулж, бусад улстай туршлага солилцон, эх орондоо бог, бод малын үржлийн чанарыг сайжруулах зэргээр төслийн үр шимийг хүртэж байна. Мөн Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжилтэн Бүгд найрамдах Лаос улсад болсон “Махны чиглэлийн үхрийн генетикийн тухай” уулзалтад оролцон, төслийн хүрээнд хийсэн ажил, түүний үр дүнг танилцуулж, төслийг цаашид үргэлжлүүлэх эрх авсан юм.  

Төслийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Хэрлэн суманд үржүүлж буй тал нутгийн цагаан үүлдрийн хонинд хөврөл шилжүүлэн суулгах технологийн сургалтыг зохиомол хээлтүүлгийн мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулж, нийт 13 хонинд хөврөл шилжүүлэн амжилттай суулгасан бөгөөд энэ 4 дүгээр сард хөврөлийн эхний төлөө хүлээн авлаа.

        2017 онд Махны чиглэлийн үхрийн генийн санг хамгаалах, үр удмаа үлдээх, генетик боломжийг өсгөн нэмэгдүүлэх, улсын хэмжээнд махны чиглэлийн үхрийн тоо толгой, тархалтыг өргөжүүлэх, үржлийн бүтээгдэхүүнийг хувь хүн, фермер, аж ахуйд нийлүүлэх зорилгоор Сэлэнгэ үүлдрийн үхрийн генотипыг судалж, бусад орны махны чиглэлийн үхэртэй харьцуулан, генийн олон талт байдлыг үзэхэд давтагдашгүй генийн бүрдэлтэй болохыг тогтоосон. 
2018 оны хувьд нутгийн монгол тахианы генотипыг судлах, мэргэжилтнүүдийг сургах тал дээр хамтран ажиллахаар төлөвлөн, холбогдох ажлуудыг зохион байгуулж байна гэж Малын удмын сангийн үндэсний төвөөс мэдээллээ. 


“Малын генетик нөөцийг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж байна   
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй