Шууд Chart

Г.Батцэнгэл: "Болд хэрхэн хатаагдсан нь" гэдэг шиг л явж ирлээ

2018-04-27 09:00:00

Уул уурхайн салбарынхны сэргэлтийн үе ирж буй. Нүүрс, зэсээр тэжээлгэдэг монголчуудын амсхийлтийн үе ч гэж хэлж болох юм.  Өмнө нь бид ийм цаг үеэр туучихдаа ёроолгүй орлогын далайгаар насан туршдаа сэлэх юм шиг санаж, толгойтой болгон уул уурхайгаар цэц булаалдан, эрх мэдэлтэй болгон хууль дүрмээр нь тоглож, суудал сандал мөрөөдөгчид орд уурхайг барьцаалан байж мөнгө тараасан. Өнөөдөр харин юутай хоцорсноо та бид харж сууна. Тэгвэл хувийн хэвшлийнхэн уул уурхайн “уналт”-ын цаг үеийг хэрхэн туулж, өнөөдөртэй золгов. Сэргэлтийн цаг үеийг тэд хэр удаан үргэлжилнэ гэж тооцож, юуг  амжуулахаар төлөвлөж байгаа юм бол. МУУК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийг  МҮОНР ”Асуулт байна” нэвтрүүлэгтээ урив. 

1.2 их наяд төгрөгийн орлого эх орондоо оруулсан

-Сая та Хонгконгд очиж хөрөнгө оруулагчдадаа компанийнхаа өнгөрсөн оны тайланг танилцуулаад ирсэн гэсэн. Чухам ямар мэдээ дуулгав? 

-Манай  Монголын Уул уурхайн корпораци /МУУК/ Хонгконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, энгийн хувьцаагаа арилжаалдаг. Тиймээс хагас жил тутмын санхүүгийн тайлангаа хөрөнгө оруулагчдадаа танилцуулдаг. Бид сая 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа танилцууллаа.

Сүүлийн 3-4 жилд өрнөсөн нүүрсний салбарын уналт, үнийн уналт  өнгөрсөн оноос өөрчлөгдөж эхэлсэн. Борлуулалт хумигдаж, санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан хүнд хэцүү үеийг уул уурхайн компаниуд давж гараад байна. Тухайлбал, манай компани 2016 онд 1.6 сая тн нүүрс борлуулж байсан бол өнгөрсөн онд гурав дахин өсч, 4.4 сая тн баяжуулсан нүүрс экспортлолоо. Нүүрсний үнэ бараг 70 хувиар өссөнөөр өнгөрсөн жилийн ханшаар 1.2 их наяд төгрөгийн орлого эх орондоо татаж оруулж ирлээ. Борлуулалтын орлогоо 4 дахин өсгөлөө.

-Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа гэсэн үг үү?  

-Нүүрсний салбарт эерэг үзүүлэлт гарч байгаа гэдгийг тэд ойлгож, нааштай хүлээж авлаа. Гэхдээ итгэл нь бүрэн сэргэхгүй л байна. Ер нь бусад компаниудын хувьцааг харсан ч тэр идэвхитэй хөрөнгө оруулдаг түвшинд хүрээгүй байна. Азнасан, харзнасан байдалтай байгаа нь ажиглагдсан. Тэд Монголоос гадна Канад, Австрали, Индонези гээд олон улсад, олон салбарт хөрөнгө оруулдаг. Мөн криптовалют, биткойн гэх мэтийн хөрөнгө оруулалтын шинэ хэрэгслүүдийг ч сонирхдо болсон байна.

-Амаргүй жилүүдийг давж ард нь гарч байгаа тухай нүүрсний салбарынхан ярьж байна. Үндэсний, бас хувийн хэвшлийн уул уурхайн компанийн тухайд ямар арга замаар хямралыг давж туулсан нь сонирхол татлаа. Магадгүй танайд энэ бэрхшээл боломж олгосон ч байж болох юм? 

-Тийм л дээ. "Болд хэрхэн хатаагдсан нь" гэдэг шиг л явж ирлээ шүү дээ. Мэдээж үйл ажиллагааны зардлуудаа хамгийн оновчтой болгох шаардлага тулгарсан. 2015 оны сүүлч, 2016 оны эхээр нүүрсний үнэ хамгийн доод цэгтээ тулж, тартагтаа тулна гэдэг л болж байлаа. Тэр үед манай компани баяжуулсан коксжсон нүүрсээ 40 ам.доллароор  борлуулъя гэхэд авах газар олдохгүй байсан. Гэтэл өнөөдөр 130 ам.доллар даваад явж байна. Ийм нөхцөлд бүх зардлаа танахаас өөр аргагүй болсон. Бүтцийн өөрчлөлт ч хийсэн. Хамгийн гол ажил бол уурхайн оновчтой төлөвлөлт. Хэцүү үед нүүрсээ сорчлохгүйгээр бүх нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал байсан. Үнэ буулаа гээд хамгийн сайныг нь борлуулаад, чанар багатайг нь хаяад яваад байвал ордын үнэ цэнийг устгана гэсэн үг.   

-Бүтцийн өөрчлөлтөөр хэр олон хүнийг ажлаас халсан бол?

-Төмөр замын төсөл, авто замын арчилгаа хариуцах гээд олон төслийг авч явах үед “Энержи ресурс” компанийн үндсэн ажилчид 2500, дээр нь манай гэрээт компаниудын ажилчид нийлээд 5000 давж байлаа. Олборлолт, борлуулалт буурч, хямрах үед яах аргагүй бүтцийн өөрчлөлт хийсэн. Тиймээс ч компанийн шууд ажилчин 1500 болтлоо буурсан. Эргээд 2016 оны сүүлчээс уул уурхай сэргэснээр ажлын байр шинээр бий болгож, өнөөдрийн байдлаар 2000 орчим ажилтантай болоод байна. Дээр нь гэрээлэгч компаниудыг нэмвэл, дахиад 500 гаруй гээд нэг жил гаруй хугацаанд 1000 гаруй ажлын байр бий болголоо.   

“Ухаа худаг” Олон улсад жишиг төсөл болж чадсан

-Монголчуудын бие даан хэрэгжүүлсэн “Ухаа худаг” төсөл 2008 онд эхэлж, 2014 онд дууссан. Нийтдээ гадны хөрөнгө оруулагчдаас нэг тэрбум доллар босгож хэрэгжүүлсэн гэдэг.  Хөрөнгө оруулалтын өгөөж хэзээнээс гарах бол?  

-Мэдээж үүнийг тооцвол уул уурхайн салбар өөрөө амаргүй тоглоом гэдэг нь харагддаг. Ийм том төсөл хэрэгжүүлээд явах Монголын үндэсний компаниуд цөөхөн гэж бодож байна. Олон улсын зах зээлээс нэг тэрбум доллар босгоод, төслийг цаг хугацаанд нь, төсөвлөсөн өртөгт нь багтааж хэрэгжүүлж дуусгаснаараа “Ухаа худаг” Монголд төдийгүй олон улсад жишиг төсөл болсон гэж олон улсын шинжээчид дүгнэдэг.

Яг арван жилийн өмнө нарийвчилсан хайгуул, усны хайгуул гэх мэт төслийг боловсруулж эхэлж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагчдадаа ямар нэг байдлаар үр өгөөжөө өгөөгүй л байна. Уул уурхайн төслүүд маш их хөрөнгө шаарддаг хэрнээ урт хугацаанд  эргэн төлөгддөг гэдэг нь  “Ухаа худаг”-аас  тод харагддаг. 

Гэхдээ улс оронд нийгэм, эдийн засгийн үр өгөөжөө төсөл эхэлсэн өдрөөсөө л өгөөд явдаг. Татвар, рояалти, улс, орон нутагт төлөх татвар, ажилчдын цалин, бараа үйлчилгээний төлбөр энэ бүгд эхний өдрөөсөө л ороод явна. Жишээлбэл, өнгөрсөн жил  “Энержи ресурс” компани 50 орчим тэрбум төгрөгийн цалин олгосон байдаг. Энэ мөнгө Монголын эдийн засагт цус нь болж эргэлдэж байгаа. 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл 2700 гаруй аж ахуйн нэгж “Ухаа худаг” төслийн ажилд оролцож, 2.7 их наяд төгрөгийн худалдаа, үйлчилгээг борлуулсан байдаг. Үүнд уул уурхайн болоод бусад импортын тоног төхөөрөмж ороогүй. 

-Тэгвэл цаасан дээрх тооцоогоор хөрөнгө оруулалтын үр ашиг хэзээнээс орох бол. Оюутолгойн төслөөс эхлээд уул уурхайн томоохон төслийг жишиж харьцуулахад  тустай юм болов уу гэсэндээ асуугаад байгаа хэрэг?   

-Мэдээж зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна. Уул уурхайн үнэ ханш, борлуулалт өнөөдрийнх шиг байвал гайгүй. Унаж, уруудвал хөрөнгө оруулалтаа олж авахгүй ч байж мэднэ. Энэ эрсдэлийг хөрөнгө оруулагчид л үүрдэг. Ажилчид цалингаа, ханган нийлүүлэгчид хөлсөө, улс татвараа авдгаараа аваад явна. Хөрөнгө оруулагчдын эрсдэл гэж яриад байдаг зүйл нь энэ. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад “Ухаа худаг” төсөл хөрөнгө оруулалтаа хамгийн багаар тооцоход 10 гаруй жилийн дараагаас нөхөх тооцоо гарч байна. Ер нь уул уурхайн салбарт хамгийн багаар тооцоход 10 жил болж байж зардлаа нөхдөг.   

-Танайх нүүрсээ Хятадын "Ганц мод" боомтоос цааш тээвэрлэж борлуулдаг билүү?

-Бид бүх тээврээ өөрсдөө хийдэг. Өнгөрсөн онд 3.6 сая тн баяжуулсан нүүрс борлуулсан. Түүний 3 сая тн-ыг нь Хятадын "Ганц мод" боомт дээр худалдсан. Үлдсэнийг нь Хятадын нутагт төмөр зам, машинаар тээвэрлэж Хэбей, Тяньжинь боомтын харилцагчдадаа хүргэж  өгсөн.

10 жилд “Энержи ресурс”-ыг нэг хүн, ЭТТ-г 10 хүн удирдсан

-“Ухаа худаг” нь нүүрсээ олборлож, боловсруулаад, тээвэрлээд, хил гаргаж худалдаалдаг, мөн хотхон суурин байгуулсан цогц төсөл. Харин нэг ижил бүлэг орд дээр ажилладаг “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит ХХК-ийн тухайд нүүрсээ зөвхөн олборлож, уурхайн амнаасаа борлуулдаг. Ингээд дэнслэхээр бүхий л үйл ажиллагаагаараа танайх жин дардаг л даа? 

-Үүний шалтгааныг бүх шатанд л ойлгоод байх шиг байгаа юм. УИХ-ын 2014 онд баталсан “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”, Ашигт малтмалын  болоод бусад хууль тогтоомж, үе үеийн ЗГ-ын баримт бичигт Монголд нэмүү өртөг шингэсэн, ажлын байр бий болгосон, шинэ техник, технологи нутагшуулсан уул уурхайн салбарыг дэмжинэ гэж байдаг. Бүх дарга, цэрэг л тэгж ярьдаг. Тийм бол бид өөрсдийнхөө үйл ажиллагааг төрийн энэ бодлогод нийцүүлж явуулж байгаа гэж харж байгаа. Нүүрсээ баяжуулж, нэмүү өртөг шингээж байна. Өөрсдөө тээвэрлэж байна. Нүүрсний хувьд борлуулалтын салшгүй нэг хэсэг нь тээвэр. Овор ихтэй учраас зардал их гардаг. Тиймээс өөрсдөө тээвэрлэж байж тодорхой хэмжээний ашиг гаргадаг. Нэг үгээр хэлбэл, бид өөрсдөө бүтээгдэхүүнээ олборлож, баяжуулж, тээвэрлэж, зах зээлд хүргэж өгч байж ашгаа өсгөдөг.

-Нэг бүлэг орд дээр ажиллаж, нэг ижил үйл ажиллагаа эрхэлдэг хоёр компанийн улсынх нь өнөөдөр л дөнгөж 1 тэрбум доллар мөрөөдөж, бүтээж босгох тухай ярьж байна. Харин нөгөөх нь ийм мөнгөөр бүтээж босгоод 10 жил болж байна. Таныхаар төрийн компанийн энэ чөдөр тушаа юунд байдаг юм бол?  

-Менежментийн тогтвортой байдалтай л холбоотой байх. Сүүлийн 10 жилд хичнээн Засгийн газар солигдов. Тэр болгонд төрийн компанийн удирдлага солигддог. Би 2008 оноос “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаад яг 10 жил болж байна. Бид хөрш зэргэлдээ байгаа учраас хоорондоо зовлон, жаргалаа ярилцана л даа. 2008 онд “Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдаж, улмаар “Эрдэнэс-Таван толгой” ХХК-ийн удирдлага нэг байх үеэс анх Д.Зоригт, дараа нь Б.Энэбиш, Я.Батсуурь, дараа нь Б.Батбилиг, н.Билигээ, Ч.Сайнбилиг дараа нь Д.Ариунболд, одоо Б.Ганхуяг гээд тоолвол ЭТТ компанийг бараг арваад хүн удирдлаа. Ийм байдлаар ЭТТ ХХК-ийн менежмент тогтворгүй болохоор ажил тууштай явахад мэдээж бэрхшээлтэй. Бодлого нь тууштай биш байна гэсэн үг. Энэ бол төрийн өмчит бүх компаниудад гардаг нийтлэг зовлон.  Өмнө нь улс төрчдийн шийдвэрээр Хятадын “Чалько” компаниас 350 сая ам.доллар зээлж тараачихсан. Энэ өрөө  дарах гэж  ЭТТ компани бараг 6 жил ноцолдлоо. Өнгөрсөн онд нүүрсний үнэ өссөн боломжийг ашиглаад өрүүдээ дарсан гэсэн. Энэ байдал нь цаашид үйл ажиллагаагаа тогтвортой явуулж чадах, эсэхийн суурь болох байх. Одоо ЭТТ компани нь өмнөх алдаанаасаа суралцаад зөв шийдэр гаргаж, хэрэгтэй хөрөнгө оруулалтаа хийгээд явах уу, эсвэл 2011-2012 оны алдаагаа давтах уу гэдэг сонголтын өмнө байна. Төр л шийдвэр гаргах байх. Уул нь зөв шийдвэр гаргах боломж бий.

Бас л алдаад дуусах  нь

-Дэлхийн зах зээлд уул уурхайн ойрын ирээдүйн төлөв хандлагыг та хэрхэн төсөөлж байна?

-Одоо уул уурхайн эерэг мөчлөг эхэлж байна. Ийм таатай байдал байнга үргэлжилдэггүй гэдгийг бид маш сайн ойлгож авсан. 2012-2016 онд маш хэцүү байдалтай байлаа шүү дээ. Тиймээс өмнөх туршлагаасаа сургамж авч зөв ажиллах л шаардлагатай. Нэг зүйлд харамсаж байна. Олон улсад 2017 онд хайгуулын зардал ихээр өссөн нь судалгаанаас харагдлаа. Гэтэл манайд алга. Дээр нь лицензээ олгох үйл явц нь ойлгомжгүй. Хөрөнгө оруулалт татна, дэмжинэ гээд яриад байгаа ч тэр ажлууд нь хийгдэхгүй. Нэг хууль батлачихаад зургаан сар болоод өөрчилчихдөг. Энэ нь үл ойлголцол бий болгодог. Хайгуул өөрөө маш өндөр эрсдэлтэй. Мэргэжилтнүүдийн хэлдгээр мянган газарт хайж байж нэг орд илрүүлвэл их юм. Мянганы нэг дээр тулгуурласан эрсдэлтэй бизнесийг тогтворгүй хуультай орчинд хэн хийх юм бэ?...  Монголд ингэж байхаар Чили, Перу, Африк хүртэл яваад хайгуул хийсэн нь дээр гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Ийм байдлаар уул уурхайн эерэг мөчлөгөө алдаад байна. 2017 оныг алдсан. Мөн энэ оныг алдаад дуусах юм шиг байна. Шийдвэрүүд хэдийнэ гарчихсан, хөрөнгө оруулалтууд нь батлагдаад хайгуулын ажил хаврын энэ дулаан цагт эхэлж байх ёстой. Гэтэл төсөв, төлөвлөгөө нь батлагдаагүй ямар ч ажил эхлээгүй байна. 2019 он гарахаар сонгуулиар амьсгалаад явчих байх л даа.

-Та өнгөрсөн намар твиттертээ “Улс  төрчид гэж амьдралдаа юм хийж бүтээж үзээгүй юмнууд  бусдад саад болоод...” гэх байдлаар ихэд бухимдсанаа илэрхийлсэн байсан. Энэ бухимдлаа тээсээр л явна уу?

-Би Монголын гурван сая иргэний л нэг. Бусадтай л адил санаа бодлоо илэрхийлсэн. Монгол Улсад боломж их байгаа ч улс төрийн тогтворгүй байдал, хувь хүмүүсийн амбицаас болж байнга алдсаар ирлээ. Бүгд л мэддэг ш дээ. Улсын эрх ашиг нэгд, намынх хоёрт, хувь хүнийх гуравт гэж С.Зориг агсан хэлсэн шиг тэр эрэмбээ улс төрчид мартчихдаг юм байлгүй дээ. Тэр нь намайг иргэн хүний хувьд бухимдуулдаг. Бид ардчилсан нийгэмтэй улс. Яахав бид л тэднийг сонгож байгаа. Сонголтынхоо шанг ч хүртсээр л байна. Болж л гэхээс.

Цүнх баригч,  ул долоогчдод дургүй

-Та Чехословакт сурч, тэндээсээ ажлын гараагаа эхэлсэн юм билээ. Монголдоо ирэхээсээ өмнө Германд амьдарч байсан. Судалгааны ажил хийж байсан гэсэн үү?  

-Би 1990 онд 10-р ангиа төгсөөд химээр конкурсдээд хамгийн өндөр оноо авч, Чехословакийн Братиславын их сургуульд элссэн. Тэгээд төгсөх үед багш маань санал тавьж, докторантурт сурч, хажуугаар нь багшилж байгаад 1999 онд докторынхоо ажлыг дүүргэсэн. 2000 онд Германы Коленийн их сургуульд “Humboldt foundation”-ий дэмжлэгээр хоёр жил эрдэм шинжилгээний ажил хийсэн. Тус сан залуу, ирээдүйтэй, гадаадын эрдэм шинжилгээний ажилтнуудыг дэмждэг сан л даа. Дараа нь үйлдвэрт ажиллаж үзье гэж шийдээд Франкфуртэд Германы химийн том компанид нэг жил гаруй шинэ төсөл дээр эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллалаа. Гэтэл нэг бодсон нас бие 31 хүрчихсэн байсан. Хувь хүний хувьд яг сонголтын өмнө ирдэг юм билээ. Залуу байхад сураад, эрдэм шинжилгээний ажлаа хийгээд, Монголд байхгүй цалин хөлс авчихна. Зун амралтаараа Монголдоо ирчихнэ. Найз нөхөдтэйгээ хамт, сайхан орчинд амьдарч, ажиллаад байвал болоод л байх юм билээ. Гэхдээ монгол хүний хувьд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Монголдоо ажиллаж амьдрах ёстой гэсэн бодол чангаадаг юм билээ. Ингээд Монголдоо ажиллаад үзье, болохгүй бол буцаад явна даа гэсэн бодолтой 2003 онд ирлээ. Дараа жил нь санаандгүй явж байгаад “Эм Си Эс” группийн “Кока Кола” компанид ажилд ордог юм байна. Ажиллаж үзээд буцдаг ч юм билүү гэсэн бодол эргэлдэж байтал “Эм Си Эс” компани дахин санал тавьж “Спирт бал бурам” компанийн дэд захирлаар ажилласан. Тухайн үед “Эм Си Эс” “Хайникен”-тай хамтран “Тайгер” шар айрагны үйлдвэр ашиглалтад оруулж байсан. Тэр компанийн дэд захирлаар томилогдоод ажиллаж байтал Ж.Оджаргал захирал 2008 оны тавдугаар сард хэлдэг юм байна. “Энержи ресурс” компанийн гол хөрөнгө оруулагч нь “Эм Си Эс” компани боллоо. “Петровис”, “Шунхлай”, “Моннис”  зэрэг үндэсний компаниудын хамтарсан компанийн гүйцэтгэх захирлын ажлыг чамд даалгая гэж бодож байна” гэлээ. Ингэж л уул уурхайн салбарт орж байлаа. Нэг мэдэхэд 10 жил болчихсон байх юм.

-Химийн мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтанд уул уурхайн салбар хэрхэн багтаж байсан бол?

-Гол нь итгэл ш дээ. Та өөрөө бод л доо. “Эм Си Эс” группийн Ж.Оджаргал захирал, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл, “Шунхлай”-н П.Батсайхан, “Моннис”-ийн Б.Чулуунбат гээд бизнесийн том том акулууд ТУЗ-д нь сууж байгаа компанийн гүйцэтгэх захирал болж бизнесийг нь удирдаад, өмнө нь тайлагнаад, бас итгэлийг нь хүлээгээд явна гэдэг хүн бүрт олдоод байхгүй завшаан болов уу. Тэр үед 36 настай байсан. Нөгөө талд үндэсний компани гэдгээрээ монголчууд юу хийж чаддаг юм бэ гэдгээ манай хамт олон харуулахыг зорьж, зүтгэж явдаг. Сайн, муугаар хэлэгдсэн ч Монголын л нэр гарна.

Би дотроо боддог юм. Олон улсын биржээр бонд, хувьцаа гаргах гээд энэ бүх үйл явц Монголыг ОУ-ын зах зээлд таниулж байгаа хэрэг. Энэ утгаараа бид монголчууддаа, монгол компанид жим гаргаж өгсөн байх. Бидний араас явж байгаа компани одоогоор алга ч тун удахгүй гарч ирнэ байх. 

-Таны хамгийн дургүй хувь хүний зан чанар юу вэ?

-Бялдууч занд л хамгийн дургүй. Хүн байгаагаараа л байх сайхан. Залуучууд улс төрийн талбар руу орчихоод цүнх барьж гүйдэг, долоогч хийдэг. Дарга нар нь ч гэсэн вакумжлагдчихсан. “Та шүү” гээд байхаар албан тасалгааны цонхоор амьдрал өөр харагдаад байдаг юм шиг байгаа юм. Яг газар дээр нь тулаад шороотой ноцолдохгүй болохоор амьдралыг, бодит байдлыг мэдрэх мэдрэмжгүй болчихдог юм шиг санагддаг. Зөвхөн хэвлэлээр, сошиалоор гоё харагдах нь чухал болчихдог юм шиг байгаа юм.

-Тэгвэл Монгол залуучуудын хамгийн сайн чанар нь?

-Бүгд л хэлдэг л дээ. Монголчууд юмыг маш хурдан сурдаг. Компанийнхаа залуусаас ч энэ чанарыг их олж харсан. Дөнгөж сургууль төгсч байгаа залуучуудыг олноор нь ажилд авч анхнаас нь сургаж заагаад явсан. Гадны мэргэжилтнүүд ч гэсэн хэлдэг. Тиймээс ч өнөөдөр гадныхны хийдэг бүхий л нарийн мэргэжлийн ажлыг монгол залуус хийж байна. Манай компанид гадны мэргэжилтэн ажиллахаа байсан.

-Танд баярлалаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Г.Батцэнгэл: "Болд хэрхэн хатаагдсан нь" гэдэг шиг л явж ирлээ   
Үзсэн: 15329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Дурак [103.26.194.xxx] 2018-05-03 18:12
600 сая ам дрллар зээлсэн өр төлбөрөө төлөх чадваргүй, ногдол ашиг тараасан түүх байхгүй, хувьцаа нь $7 гаргасан өнөөдөр $0.30 цент тэгсэн атлаа төрийн болон орон нутгийн Таван толгой ингэх ёстой гэх мэт заах дуртай нөхөр. Наад дампуу Энержи Ресурс гэж өрөнд ороод өт болсон компани өргүй болгочоод донгос!!!
Зочин [202.70.34.xxx] 2018-05-02 12:49
дан монголчуудын авч яваа, монголчууд дангаараа дэлхийн хөрөнгийн зах зээлд гарсан, монголчууд санаачилсан гээд гадныхны гар хөлгүй компани юм даа.
Хувьцаагаа хар [66.181.179.xxx] 2018-05-01 18:31
9 доллар байхад хувьцааг чинь авсан монголчуудад юу гэж хэлэх вэ. Одоо 15 цент.
Zochin [202.21.116.xxx] 2018-05-01 10:07
Мундаг залуу даа, амжилт хүсье
ааа [80.42.136.xxx] 2018-04-30 21:00
Нээрээ л бялдууч маягийн харьцаа монголд түгээмэл болсон байна лээ. Би ч гэсэн бас Монгол буцаад монголын нэг томоохон компанийг удирдаж үзсэн. Миний удирдлагад байх хурган дарга нар бүгд надтай илт бялдуучилж харьцаад байсан даа. Санаа зовмоор. Тэр эвгүй байдлыг нь ойлгуулах гэж эвтэйхэн байдлаар хэд хэдэн удаа хэлж байж арай намсан уу гэвэл үгүй. Ийм байгаагүй юм. Гэхдээ нийтээр ийм болчихсон, орчин нь ийм болчихоор хүн өөрөө тэрийгээ мэддэггүй юм шиг байна лээ.
Зочин [66.181.165.xxx] 2018-04-30 18:04
Mundag zaluu daa. Oor hun mani eriin orond ali deer halshiraad ajilaa ogoh baisan getel guriiseer baigaad uurhaigaa avch yavna shuu. Respect!
зочин [202.131.245.xxx] 2018-04-30 17:42
Болд хэрхэн хатаагдсан адил явж ирсэн.. Их онож хэлсэн санагдана
Зочин [66.181.185.xxx] 2018-04-30 17:15
Миний санахад "Баруунш зорчсон үлгэр"-тэй л адил шиг санагдана. "Одоо судраа залах цаг болсон биш үү, их багша аа?" гэхэд "Үгүй, арай болоогүй, 9, 9-өөр тоолоход дахиад нэг зовлон дутна аа" гэж хэлээд л буцаачихдаг шиг.
Ажлаа [27.123.212.xxx] 2018-04-30 09:14
500 сая $ өр төлбөр, хувьцаа нь авах юм байхгүй.
Хуц [27.123.212.xxx] 2018-04-30 09:13
Энержи Ресурс орлогоороо 3-т жагсаалтад тэгсэн мөртлөө татвар төлдөгөөр 26-д.
Зочин [66.181.180.xxx] 2018-04-30 12:23
2t l bsan da ene jiliin tatvar tulugchdiin jagsaaltaar. Yun atsnii yum hudlaa yaridiin
Зочин [64.119.22.xxx] 2018-04-28 15:31
Олон олон Г.Батцэнгэлийг төрд гаргах юмсан,хэрүүл хийхээс өөр чадах юмгүй,хор найруулах хов зөөх аргаар эрх мэдэл эд хөрөнгөнд шунасан,өөрөө өөрийгөө улс төрч хэмээн цоллож,орон тоо бөглөн гай болохоор зай болмоор төгцөг эмээ нарыг төрөөс холдуулаж чадалтай-сэтгэлтэй Г.Батцэнгэл шиг хүмүүсээ залуучуудаа төрд нэг хоногын өмнө ч гэсэн авмаар байна,олон түмэн нэгдэж шаардаач шавдуулаач.
зочин [128.199.75.xxx] 2018-04-27 11:45
Энержи ресурс ч нээрээ их зовлон жаргал туулсан байх шүү хэхэ
За [202.179.31.xxx] 2018-04-30 18:11
Эх орноо худалдагсдын гар хөл төрийн мөнгөөр чехд сурсанаа улсдаа төл ммс-д төлөх хэрэггүй дээ
zochin [202.170.68.xxx] 2018-05-01 12:17
ulsin munguur surdaa ergeed eh orondoo irj buteen baiguulalt hiij bgaam bish uu?

Бидэнтэй нэгдээрэй