Шууд Chart

Монголын баг медалийн тавцанд зогслоо

2018-05-02 10:49:21

FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо) 3x3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шинжэн хотод болж, өндөрлөлөө.

Эрэгтэй 21 баг өрсөлдсөнөөс Австралийн шигшээ баг түрүүлж, Монгол, Японы баг мөнгө, хүрэл медалийн эзэн болов.

Монголын баг хоёрдугаар тойргоос тоглолтыг эхлүүлж, Катар, Тайваны багтай “А” хэсэгт багтсан. Хэсэгтээ Тайваныг 15-14-өөр хожин, Катарт 21-19-р хожигдин хоёрдугаар байраар шалгарч шөвгийн наймд үлдсэн юм.

Шөвгийн наймд Монгол-Йорданы багууд учраа таарсан. Гэхдээ энэ тоглолтод манай сагсчид 21:12 онооны харьцаагаар илүүрхэн тоглолтыг өндөрлүүлж, хагас шигшээ буюу медалийн төлөө өрсөлдөх эрхийг авсан юм. Улмаар зохион байгуулагч орны багийг хожсон Шинэ Зиландын баг манай залуустай тоглох болсон. Мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Монголын залуус илүү байж 21:16 онооны харьцаагаар ялалтыг авснаар финалд үлдсэн юм. Австрали-Монголын залуус аваргын төлөө тоглож, манай сагсчид нэг онооны зөрүүгээр (17-16) ялагдал хүлээлээ.

Монголын багт Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтав.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг багууд өрсөлдсөнөөс Австрали түрүүлж, Монгол, Японы баг тамирчид удаалав.

Шөвгийн наймд БНСУ-ын баг Австралид, БНХАУ-ын баг Шинэ Зиландад хожигдож медалийн төлөө өрсөлдөх эрхийг авч чадаагүй.

Эрчүүдээс гадна эмэгтэйчүүд тивийн аваргаа тодруулсан.

Эмэгтэй 18 баг өрсөлдсөнөөс Шинэ Зиланд түрүүлж, БНХАУ, Австралийн бүсгүйчүүд мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Манай эмэгтэй шигшээ баг хэсэгтээ Хонгконг (18-14), Вануату (21-3) багуудыг хожин Узбекистанд (17-16) ганцхан оноогоор ялагдсан. Энэ хэсгийг Узбекистан тэргүүлж, Индонез, Йорданы багуудтай дахин нэг зоонд өрсөлдөн шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө үлдсэн. Гэхдээ Узбекистаны бүсгүйчүүд энэ хэсгээс хожигдолгүйгээр шалгарч шилдэг найман багийн нэгээр үлдсэн. Харин тэднийг Японы баг зогсоож, цааш медалийн төлөө өрсөлдөх боломжийг олгоогүй байна.

FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй баг хоёр жил дараалан медалийн тавцанд зогслоо. Өнгөрсөн онд Улаанбаатарт болсон тэмцээнд түрүүлсэн бол энэ жил БНХАУ-аас мөнгөн медалийн эзэд боллоо.

3x3 шигшээ багийн тамирчдыг энэ онд олон тэмцээн хүлээж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын баг медалийн тавцанд зогслоо  
Үзсэн: 360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.127.xxx] 2018-05-02 17:37
зиланд зеланд
Зочин [202.21.127.xxx] 2018-05-02 17:37
шинэ зеланд

Бидэнтэй нэгдээрэй